Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/03

 

Б.М*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

      Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.О******* /цахимаар/,

Яллагдагч Б.М*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө******* /цахимаар/

Яллагдагчийн өмгөөлөгч Р.Ц*******,

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Ж******* /цахимаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Б /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нарыг оролцуулан,  Б аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуугийн даргалж хийсэн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.М*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, А******* овогт Бийн М*******, Х аймгийн суманд 1975 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Х аймгийн сумын 8 дугаар баг, 45-2 тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, кино видео техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: УС,

 

Яллагдагч Б.М******* нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “”-н (нүүрсний уурхай) амрах байранд хохирогч С.Чтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний биед шар өнгийн нийт ажлын хэсэг нь 26 см урттай, хүрэн шар өнгө орсон хуванцар бариултай хутгаар цээжинд 1, хэвлийн урд хананд 2, хоёр талын хонго, гуянд 13 удаа, нийт 16 удаа хутгалж, хэвлийн өмнөд ханын нэвтэрсэн 3 ширхэг шарх (нарийн гэдэсний 2 ханыг нэвт хатгасан шарх), хоёр талын хонго, гуянд 13 ширхэг хатгасан шарх (баруун гуяны дотор ар гадаргууд 2.5х0.1 см ойртуулагч урт булчин /adductor longus muscle/ нэвт хатгаж ажлын хэсгийн урт 11 см гүн орж, femoral artery-аас салаалж гарсан deep femoral artery-ыг 0.5х0.1 см дагуу хойд хана, зүсэгдэж урд талыг нэвтрээгүй) гэмтэл учруулж алсан, хүнийг алах гэмт хэргийг амь хохирогчийн биед олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

  Нийслэлийн прокурорын газраас: Яллагдагч Б.М******* нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “”-н (нүүрсний уурхай) амрах байранд амь хохирогч С.Чтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний биед шар өнгийн нийт ажлын хэсэг нь 26 см урттай, хүрэн шар өнгө орсон хуванцар бариултай хутгаар цээжинд 1, хэвлийн урд хананд 2, хоёр талын хонго, гуянд 13 удаа, нийт 16 удаа хутгалж, хэвлийн өмнөд ханын нэвтэрсэн 3 ширхэг шарх (нарийн гэдэсний 2 ханыг нэвт хатгасан шарх), хоёр талын хонго, гуянд 13 ширхэг хатгасан шарх (баруун гуяны дотор ар гадаргууд 2.5х0.1 см ойртуулагч урт булчин /adductor longus muscle/ нэвт хатгаж ажлын хэсгийн урт 11 см гүн орж, femoral artery-аас салаалж гарсан deep femoral artery-ыг 0.5х0.1 см дагуу хойд хана, зүсэгдэж урд талыг нэвтрээгүй) гэмтэл учруулж алсан, хүнийг алах гэмт хэргийг амь хохирогчийн биед олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

  Б аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн ******* дугаартай яллагдагч Бийн М*******д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтэст буцааж,

 

Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.М*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

          Хэргийн хамт шүүхэд ирүүлсэн:

          -нийт 26 см уртай хүрэн шар өнгө орсон хуванцар бариултай 1 ширхэг хутга,

          -“Agar vodka” нэртэй 1 ширхэг архины шил,

          -“EDEN vodka” нэртэй 1 ширхэг архины шил,

          -“” гэсэн нэртэй 2 ширхэг архины шил,

          -Хар өнгийн 1 ширхэг өмд,

          -Нэлэнхийдээ улаан өнгийн зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг,

          -Хар өнгийн урт ханцуйтай цамц 1 ширхэг,

          -Хагас түрийтэй хос гутал 1 ширхэг,

          -Шаргал өнгийн 45.5х45 см нэлэнхийдээ улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ширхэг алчуур 1 ширхэг,

          -Шаргал өнгийн 31х49 см нэлэнхийдээ улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг алчуур,

          -Ногоон өнгийн нэлэнхийдээ улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон урт нь 1,22 см өргөн нь 3.7 см хэмжээтэй даавууны эмжээр,

          -Хэргийн газрын үзлэгээр биологийн ул мөр шингээсэн хөвөн 2 ширхэг,

          -Контейнерын дотор урд хананд байрлуулж тавьсан 2 давхар төмөр орны тавцан дээрээс 2 дугаараар тэмдэглэн хурааж авсан ногоон өнгийн алчуур,

          -Контейнерын дотор хойд хананд байрлуулж тавьсан модон тавцантай ширээн дээрээс 3 дугаараар тэмдэглэн хурааж авсан ногоон өнгийн алчуур,

          -Контейнерын дотор урд хана болон баруун хананд байрлуулж тавьсан төмөр орны 1 давхрын цагаан матраснаас хайчилж авсан 2 ширхэг цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон даавуу,

          -Контейнерын дотор хаалганы хажууд байх хогийн савнаас илрүүлж, бэхжүүлж авсан, цус мэт зүйлээр бохирлогдсон 17 ширхэг ариун цэврийн цаас болон салфетка,

          -Хэргийн газрын үзлэгээр биологийн ул мөр бэхжүүлж авсан хөвөн бамбар 1 ширхэг,

-Контейнерын гадна хойд талын суурь төмрийн доод хэсэгт газарт байсан 2 ширхэг цагаан өнгийн хуванцар хоолой зэрэг зүйлсийг хэргийн хамт прокурорт хүргүүлж,

  Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 Прокурор Б.О******* шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Б.О******* би, эрүүгийн ******* дугаартай яллагдагч Б.М*******д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг Б аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Б аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр яллагдагч Б.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд,

 Шүүгч захирамждаа хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг дурдаж ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу мэргэжлийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй багаар дахин шинжилгээ хийлгэн амь хохирогч С.Чт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, эмчилгээ хийсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь түүний биед учирсан олон тооны гэмтэл, шарх тус бүрийг хэрхэн оношилж, эмчилгээ хийсэн талаар шарх, гэмтэл тус бүрээр нарийвчилсан дүгнэлт гаргуулах шаардлагатай... гэсэн үндэслэлээр ******* дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

 Шүүгчийн захирамжийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаж шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй, нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэн эс зөвшөөрч байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтаас 6.17 дахь заалтад заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

 Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

 Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дурдан агуулгыг шүүгч үнэлж 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй" гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, хэрэв шүүхээс анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалж, шинжээчийг оролцуулан тодруулсан ч дээрх зөрөө арилах боломжгүй, зайлшгүй дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд талуудын зөвшөөрснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дахин шинжилгээ хийлгэх боломжийг хуульд заасан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн талаар нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад нотолж болохоор зохицуулсан тул мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.

 Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах байтал ийнхүү хэргийг прокурорт буцаасан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

 Прокурорын зүгээс шүүх яллагдагчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай бөгөөд, хүрэлцээтэй гэж үзэж байна.

 Иймд Б аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтийн хувьд зөрүүтэй байгаад байгаа тул мэргэшсэн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж байж энэ асуудлыг нэг талдаа гаргасан нь зүйтэй байна. Би урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр туршилт хийлгэх хүсэлтийг гаргаж байсан ба шүүгчийн захирамжид энэ талаар дүгнэсэн дүгнэлтүүд нь тодорхойгүй, ойлгомжгүй бичигдсэн байсан. Баруун, зүүн хонгондоо олон тооны шархыг ямар байдлаар авсан байх боломжтой вэ? гэдгийг тодруулах шаардлагатай байгаа. Энэ нөхцөл байдлыг тодруулах нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц нөхцөл байдал гэдгийг тодорхой тайлбарлаж хэлсэн. Энэ агуулгыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Дараагийн дугаарт амь хохирогчийн дотор шарх гэмтлийг оёх, мэс ажилбараа эмч нар дүрэм журмынхаа дагуу зөв зүйтэй хийсэн эсэхийг бас шалгах шаардлагатай байна. Ийм учраас дээрх агуулгаар гарсан шүүгчийн захирамж үндэслэл бүхий болсон гэж үзэж байна” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Р.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуульд нийцсэн, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл огт байхгүй, үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Амь хохирогчийн баруун, зүүн хонгонд 13 удаагийн шарх гэмтэл гарсан. Энэ талаар прокурор, бусад өмгөөлөгч нар дурдаж ярилаа. Хамгийн гол нь амь хохирогч нас барсан явдалд эмч нар, эмнэлгийн байгууллага зохих дүрэм журам, стандартын дагуу эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн эсэхэд анхаарал хандуулахуйц нөхцөл байдал байдал энэ хэрэг дээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл амь хохирогчид нийтдээ 16 удаагийн шарх гэмтлүүд илэрсэн ба үүнээс гуя, хонгонд 13 удаагийн хатгагдсан шарх байдаг. Хэвлийн хөндийн нэвтэрсэн шархыг бүгдийг нь шалгаад мэс ажилбарын үйл ажиллагаа хийгээд бүх шархнуудыг оёж битүүлээд цус алдахгүй хэмжээнд хүргэсэн, мөн гуя, хонгоны 13 шархыг оёж цусыг тогтоосон байдаг. Гэтэл задлан шинжилгээний 96 дугаартай дүгнэлтэд амь хохирогчийн баруун гуяны дотор талд ар гадаргуу дахь баруунаас зүүн чиглэлтэй гуяны дотор талын ойртуулагч урт булчин буюу дунд чөмөгний тараагуур судасны салаа хатгагдаж зүсэгдсэн шарх байсан. Тараагуур судас буюу артерийн судас гэмтчихсэн байхад эмч нар оношлоогүй, энэ шархыг зөвхөн гаднаас нь битүүлээд оёчихсон байсан. Гэтэл энэ шархнаас болж дотуур цус алдалт явагдаж байсан. Амь хохирогч нь цус алдалтын шоконд орж нас барсан байдаг. Цус алдалтын улмаас нас барсан гэж оношилдог боловч яг хаанаас цус алдаад байгааг нь олж тогтоож чадаагүй. Цус сэлбэх зорилгоор зүүн гуяны венийн судсанд гуурс тавьсан байдаг ба баруун гуяны тараагуур судсаар цус алдаад байсан. Хэрвээ дээрх гуяны тараагуур судсыг олж тогтоон оёж мэс засал хийж цус алдалтыг зогсоосон байсан бол амь хохирогч амьд мэнд байх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эмчилгээ үйлчилгээ үнэхээр стандартын дагуу явагдсан уу гэдэг дээр эргэлзээ төрж байна. Цус алдалтыг оношлон тогтоох үйл ажиллагаан дээр алдаа гарсан уу? үгүй гэдэг нь хэрэгт их ач холбогдолтой болоод байна. Баруун гуяны тараагуур судсыг олж тогтоон оёсон бол амь хохирогч амь аврагдах боломжтой байсан эсэх дээр шинжээчийн дүгнэлт гаргуулж өгөөч гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд прокурорт удаа дараа гаргасан. Гэтэл үүн дээр ерөөсөө анхаарлаа хандуулаагүйд үнэхээр харамсалтай байна. ... Прокурор эсэргүүцэлдээ саяны миний ярьсан зүйлүүдийг гэм буруугийн асуудал яриад байна гэж тайлбарладаг. Энэ бол гэм буруугийн асуудал биш юм. Шинжээчийн дүгнэлтийн асуудал яригдаж байгаа юм. Мөн түүнчлэн шүүгчийн захирамжид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн асуудал мөн байна гэж дүгнэсэн байдаг. Энэ дүгнэлтийг дэмжиж байна. Тийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн нотолж тогтоогоогүй. Мөрдөгч, прокурор нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн нөхцөл байдлуудыг тогтоох үүрэгтэй. Энэ үүргээ мөрдөгч, прокурор нар биелүүлээгүй байсан тул буцаасан нь үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн ажиллагаа, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Тодруулбал мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс удаа дараа ач холбогдол бүхий хүсэлтүүдийг гаргаж байсан. Тэр хүсэлтүүд нь юу байна вэ? гэхээр энэ хэргийг М******* гэх хүн дангаараа үйлдсэн юм уу? эсхүл хамтран оролцоо байгаа эсэхийг шалгуулах тухай юм. Гэрчүүдийн мэдүүлгүүд маш их зөрүүтэй байдаг тул эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Энэ мэдүүлгүүдийн зөрүүг арилгаж эцэслэх үүрэгтэй байна. Эдгээр мэдүүлгүүдийн зөрүүг арилгаснаар аливаа нэг этгээдийг ял завшихаас сэргийлэх ач холбогдолтой юм. Прокурор миний гаргасан хүсэлтийг хангасан боловч мөрдөн шалгах ажиллагаанд хүсэлтэд дурдсан ажиллагаануудыг хагас дутуу хийсэн байсан” гэв.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хэлэх зүйл байхгүй” гэв.

 

 Яллагдагч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хоёр өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Давж заалдах шатны шүүх яллагдагч Б.М*******д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

 3.2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилсон байх бөгөөд тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шинжээчид ... амь хохирогч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан эсэх, хэрэв эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь нас аврагдах эсэх, ... эмнэлгийн эмч зөв оношилж, зөв эмчилгээ хийсэн эсэх, эмнэлгийн эмч хийгдсэн гэх эмчилгээ нь тухайн өвчинд тохирсон эсэх зэрэг асуултыг асуусан байтал 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлтэд амь хохирогчид үзүүлсэн тусламж үйлчилгээ эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт эмчилгээ оношилгооны гардан үйлдлийн эмхтгэл эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлийн MNS:4621-2008 стандартаар явагдсан, оношлогоо эмчилгээний дүрэм, журам зөрчөөгүй байна гэж мөрдөгчийн асуултанд ерөнхий байдлаар буюу эмнэлгээс хийгдсэн эмчилгээний талаар дэлгэрэнгүй бичээгүй байна.

 4.Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Шинжээчийн дүгнэлтэд дараах зүйлийг тусгана. Тухайлбал шинжилгээний объектын талаархи мэдээлэл, шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл, тоон болон чанарын үзүүлэлтийг заавал тусгахаар хуульчилсан. Мөн 4 дүгээр хавтаст хэргийн 83-92 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтэд  шинжээчид тавьсан асуулт тухай бүрт хариулт өгч үндэслэл бичээгүй хуулийн шаардлага хангаагүй дүгнэлтүүд хэрэгт авагдсан байх тул анхан шатны шүүх Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар мэргэжлийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй багаар дахин шинжилгээ хийлгэн хохирогч С.Чт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, эмчилгээ хийсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь түүний биед учирсан олон тооны гэмтэл, шарх тус бүрийг хэрхэн оношилж, эмчилгээ хийсэн талаар шарх, гэмтэл тус бүрээр нарийвчилсан дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 5.Хэргийн талаар гэрч Б.Огийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгт “...Цгаас асуухад тус өдрийн орой 23 цагийн үед Ж захирлын гэрт зөндөө хүмүүс шуугилдаад маргалдаад байсан, үүрээр би гал түлэх гээд захирлын гэрт ороход гэрээ цэвэрлэчихсэн, гал түлэх хэрэггүй гэсэн. Ингээд өглөө нь Ж захирлыг явсны дараа гал түлэх гээд зуухыг онгойлгож үзэхэд дотор нь дутуу шатсан даавуу байсан гэж ярьсан…”, “...Миний үзэж байгаагаар хэрэг гарсан газар нь Б.Жы байрлах монгол гэр кемп дээр гарсан байх магадлалтай...” гэх /4 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “...тухайн үед “”-д Ц гэдэг галч хүний нэрийг андуурч Цэрэнвандан гэж өмнө мэдүүлэгтээ хэлсэн байна…” гэх агуулга бүхий мэдүүлэг дахин өгчээ /4 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/.

 

 6.Гэрч Б.Огийн мэдүүлэгт дурдсан зүйлийг нэг бүрчлэн шалгаж тодруулах, мэдүүлгийн эх сурвалж болгон нэр заан дурдсан хүмүүсээс энэ талаар мэдүүлэг авах, шаардлагатай тохиолдолд хуульд заасан журмын дагуу нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг ажиллагаа явуулан гэмт хэрэг үйлдэгдсэн газар, бусад хэрэгт ач холбогдолтой зүйлийн талаар шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгч, прокурорын хүлээсэн үүрэг бөгөөд энэ  талаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Б.2ын  2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр прокурорт гаргасан хүсэлтэд /5 дугаар хавтаст хэргийн 31-34 дэх тал/ дурдсан байна.

 

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахи сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, 1.4.”бүх насаар хорих ял оногдуулж болох” гэж хуульчилсан. Яллагдагч Б.Мөнх-Эрдэнийн холбогдсон хэрэг нь бүх насаар нь хорих ялын хариуцлагатай байх тул түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа заавал өмгөөлөгчтэй оролцуулахаар байна. Гэтэл Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 487 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг өмгөөлөгч оруулахгүйгээр танилцуулж, тэмдэглэл үйлдсэн мөн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 94-99 дэх тал/ авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

 8.Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хохирогч С.Чт учруулсан гэмтлийг яллагдагч Б.М******* ганцаараа учруулсан эсэх, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд түүнд учирсан олон тооны гэмтэл, шарх тус бүрийг хэрхэн оношилж, эмчилгээ хийсэн талаар шарх, гэмтэл тус бүрээр нарийвчлан шалгаж тодруулах  ёстой зайлшгүй ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангагдах боломжтой.

 Энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журамд нийцнэ.

 

 9.Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдээгүй ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Б аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/431 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

   2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ

 

 

                               ШҮҮГЧИД                                Л.АРИУНЦЭЦЭГ  

 

 

                                                                               Л.ХИШИГДЭЛГЭР