Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 393

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Батбаярын Бөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805005520373 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух,урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Батбаярын Б

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фамили” сауны гадна зогсоолд байрлуулсан иргэн Г.Нямжавын эзэмшлийн 03-26 УНЧ улсын дугаартай  Тоёота Приус 20 маркийн автомашины хаалга, хаалганы шил, хавтас, усны хаялага, крыло, дэлгэцний товч иргэн Б.Батгэрэлийн эзэмшлийн 66-89 УНӨ улсын дугаартай Киа маркийн автомашины толь, хаалганы нугас, шилний хажуу багана зэрэг эд хөрөнгийг тус тус хууль бусаар гэмтээсний улмаас нийт 704.000 төгрөгний бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Б.Б нь иргэн Г.Нямжавын эзэмшлийн 03-26 УНЧ улсын дугаартай  Тоёота Приус 20 маркийн автомашины хаалга, хаалганы шил, хавтас, усны хаялага, крыло, дэлгэцний товч иргэн Б.Батгэрэлийн эзэмшлийн 66-89 УНӨ улсын дугаартай Киа маркийн автомашины толь, хаалганы нугас, шилний хажуу багана зэрэг эд хөрөнгийг тус тус хууль бусаар гэмтээсний улмаас нийт 704.000 төгрөгний бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Батгэрэлийн “2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө миний утас дугарсан. Утсаа аваад ярьтал Нямжав гэх хүн над руу яриад хоёр залуу  зодолдоод машины чинь толийг хугалж, хагалчихлаа гараад ир гэхээр нь би гараад очсон. Гарч өөрийнхөө машин дээр очиход /машинаа 3 дугаар эмнэлэгийн урд талын автобусны буудлын хажууд байх гэрлэн дохионы урд талын супермаркетын хажуу талын караокены үүдэнд тавьсан байсан/ миний эзэмшлийн 6689 УНӨ улсын дугаартай  Киа К5 маркийн автомашины жолооч талын толийг сууриар нь бүтэн хугалсан, хаалга гажаатай болж, хаалгыг онгойлгоход борооны хаалт нь тээгэлж, өргөхөөр зүгээр онгойж байсан. ...Тэгээд тэр залуугийн эхнэр дээр нь очоод миний машиныг яагаад ингэчихсэн юм бэ гэхэд тэр эгч миний дүү тайван байж бай, хохирлыг нь эгч нь барагдуулна, маргалдаад дэмий шүү, эгч нь өөрөө ч ойртож дийлэхгүй байна, цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал нөгөө Б гэх залуу саун дотроос цус нөж болсон байдалтай орилж гарч ирээд над руу зодох гэж дайрахаар нь би тойроод зугтчихсан ба хол зугтаахаар миний машины шилийг чулуугаар хагална гэж сүрдүүлээд байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд тэр залууг аваад явсан. Харин би Нямжавтай, Бийн эхнэрийн хамт Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн ба намайг үнэлгээгээ хийлгэчих тэгээд маргааш ирээрэй гэж хэлсэний дагуу үнэлгээ хийлгэж маргааш нь цагдаад хандсан. ...Надад учирсан хохирлыг барагдуулаад өгчихвөл өөр ямар нэг гомдол санал байхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

“...Надад одоо гомдол, санал байхгүй байна. Би өөрийн нэхэмжилж байсан 292.000 төгрөгийг энэ хүнээс барагдуулж авсан тул миний зүгээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би шүүх хуралд суух шаардлагагүй юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

Хохирогч Г.Нямжавын “... Тэгсэн чинь араас нь удалгүй дээгүүрээ шалдан нэг залуу гарч ирээд миний машины урд зүүн талын хаалга руу өшиглөж, хаалга онгойлгон савж өшиглөөд байхаар нь би бууж очоод чи яагаад байгаа юм бэ гэхэд пизда минь би чамайг ална гээд орилоод байхаар нь бууж очоод шилний дээр байдаг борооны усны хаалтыг хагалчихаар нь чи одоо яагаад байгаа юм бэ гээд яваад очиход намайг хавсарч унагаад дээрээс дарж уначихаад гараараа шанаа руу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би мултарч гүйгээд машиндаа суугаад хөдөлгөх гэхэд машины зүүн талын урд хаалгыг онгойлгож чирэгдэж гүйгээд хаалга байрны хажууд хайлсархуу төмөрөнд зурагдаад байхаар нь би машинаа зогсоосон чинь нөгөө Б гэх залуу газраас чулуу авч байгаад миний машины зүүн талын урд болон хойд талын хаалганы шилнүүдийг хага цохисон. Тэгээд би цаашаа гүйж байгаад утсаараа цагдаа дуудчихаад хараад зогсож байтал машин дотор суучихаад хаалга руу дотор талаас нь өшиглөж, урд хянах руу цохиод байхаар нь би дахиж очоод зууралдаж машинаас  буулгахад би өөрөө халтирч унасан чинь дээрээс өшиглөж цохисон ба би зугтаж холдоод холоос харж зогссон. Тэгээд байж байтал Бийн эхнэр нь саунаас гарч ирэхээр нь наадах чинь ямар учиртай юм бэ, машин тэрэг эвдэлчихлээ, яагаад байгаа юм бэ гэхэд нөгөө Б чи муу юу гээд байгаа юм бэ гээд миний элэг рүү цохиод чамайг ална гээд намайг зугтаж гүйж байхад чулуу авч шидсэн ба шидсэн чулуу нь оноогүй. Харин эхнэр нь би болилдоо гээд орилоод байсан ба би зугтаад автобусны буудлын орчим руу гүйсэн. Тэгтэл Б хойноос хөөж явж байгаад зогсоол дээр байсан цагаан өнгийн Киа К5 маркийн автомашины толийг гараараа хагалаад доороос нь өшиглөж хугалж унжуулсан, машин руу нь ч бас өшиглөөд байх шиг байсан. Тэгээд эхнэр нь араас нь гарч ирээд чи хүний юм болиоч яаж байгаа юм гэхэд эхнэрээ газар унагаж цохиод зууралдаад байсан ба юм яриад зогсож байхад нь би нөгөө толийг нь эвдэлсэн машины эзэн рүү утасдаж залгаж машиныг чинь нэг согтуу хүн толийг нь хугалчихлаа гэж хэлсэн. ...Миний машинд учирсан хохирлыг төлүүлмээр байна. Би 412.000 төгрөг л нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

“...Надад одоо гомдол санал байхгүй байна. Би өөрийн нэхэмжилж байсан 412.000 төгрөгийг энэ хүнээс барагдуулж авсан тул миний зүгээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би шүүх хуралд суух шаардлагагүй. Мөн завгүй би хөдөө ажлаар явах гэж байгаа юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

Гэрч Б.Алтанчимэгийн “ ... Би ирээд таксигаа автобусны буудлын урд талын Мөнгөн гэдэг супермаркетын хажууд зогсоогоод буухад Б сауны зүүн талд байх паабын үүдэнд нэг хүнтэй хамт согтуу шатан дээр нь сууж байсан. Тэгэхээр нь очоод юу хийж байгаа юм, яаж байгаа юм, явъя гээд Бийг дагуулаад хэрэлдээд явж байтал Б таксины урд талын цонхыг гараараа юмуу, чулуугаар хагалсан. Тэгээд урагшаа гүйгээд дэлгүүрийн хажууд байсан цагаан өнгийн Солонгос автомашины толийг хугалсан. Тэгээд би цагдаад дуудлага өгч цагдаад Бийг барьж өгсөн. Тэгээд эрүүлжүүлэхэд оруулсан юм. ...Б аймар согтолттой байсан. Өөрийгөө удирдах чадваргүй байсан. Миний барьж очсон таксины жолооч нь Б бид хоёрыг ийшээ суучих гээд хэлсэн чинь таксины жолоочтой намайг хардаж цонхыг нь хагалсан байх, харин нөгөө цагаан машиных нь толийг хажуугаар нь өнгөрөхдөө хугалчихсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/

 

Toyota Prius 20 маркийн 0326 УНЧ улсын дугаартай Автомашины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 29-30 дугаар хуудас/

Kia K5 маркийн 6689 УНӨ улсын дугаартай Автомашины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 31-32 дугаар хуудас/

 

Б.Бийн яллагдагчаар өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой 18 цагийн үед Улсын Их дэлгүүрийн орчимд Мандухай нэртэй зочид буудлын өрөөнд өөрийн танил ах нартайгаа нэлээн их хэмжээний архи уусан. Ингээд би өөрөө сэтгэл хөдлөөд их хэмжээний архи уусан учраас их хурдан согтоод тасарсан байсан. Ингээд нэг мэдсэн Баянгол дүүргийн  цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэхийн өрөөнд шөнө бараг үүрээр ухаан орж сэрсэн. ...Би автомашины үнэлгээний дүгнэлтүүдтэй танилцлаа. Одоо ямар нэгэн асууж тодруулах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Би энэ хохирлыг нь өгч барагдуулна. Иймээс надад холбогдох хэргийг нааштай хөнгөн торгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд Шүүгдэгч Б.Б нь иргэн Г.Нямжавын эзэмшлийн 03-26 УНЧ улсын дугаартай  Тоёота Приус 20 маркийн автомашины  412.000 төгрөгийн, иргэн Б.Батгэрэлийн эзэмшлийн 66-89 УНӨ улсын дугаартай Киа маркийн автомашины  292.000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус хууль бусаар гэмтээсний улмаас нийт 704.000 төгрөгний бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Г.Нямжавын “Хэргийн материалтай танилцлаа, би хохирлын 412.000 төгрөгөө авлаа. Гомдол санал байхгүй боллоо, шүүх хуралд суух”  /хэргийн 72 дугаар хуудас/ гэсэн, хохирогч Б.Батгэрэлийн “Хэргийн материалтай уншиж танилцлаа, хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол байхгүй. Шүүх хуралд суухгүй” /хэргийн 73 дугаар хуудас/ гэсэн баримт  хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоос сайн дураараа төлж барагдуулсан зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, энэ хэрэгт тэрээр 2 хоног баривчлагдсан байх бөгөөд хуульд зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  тооцож шийдвэрлэвэл зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Боржигон овогт Батбаярын Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бийн 2 хоног баривчлагдсан хугацааны нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялаас хасч эдлэх ялыг 620.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ