| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00154/И |
| Дугаар | 308/ШШ2026/00332 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 308/ШШ2026/00332
| 2026 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 308/ШШ2026/00332 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, Д гудамж, *-*** тоотод оршин суух, Ө овогт Мын Ө,
Хариуцагч: О аймаг, Б-Ө сум, Я баг, О *-** тоотод оршин суух, Ө овогт М Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.Өд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж заасны дагуу, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүссэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч М.Өд нь М.Бт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Миний бие М.Бтай 2010 онд Эрдэнэт хотод танилцсан. 2011 оноос хамтран амьдарч, 2012 онд охин Б.А, 2014 онд хүү Б.Х нар төрсөн. М.Б нь гэр бүл болж хамтран амьдарснаас хойш маш их харддаг, орж гарсан ч хүмүүстэй харддаг, мөн архийг маш ихээр хэрэглэдэг байсан. Бид 2018 оноос хойш тусдаа амьдарч, би Д аймагт 2 хүүхдээ аваад ирсэн. 2018 оноос хойш би 2 хүүхдээ бодоод аавтай нь хамт амьдруулъя гэж 2 удаа Д аймагт авч ирж ажилд оруулж байсан боловч намайг элдвээр харааж зүхээд, зарим үед надад гар хүрч, архи ууж агсам тавьдаг байсан. 2019 онд Д аймгаас яваад дахиж эргэж ирээгүй. Хүүхдүүдтэйгээ бараг холбоо барьдаггүй, хааяа согтуу үедээ залгадаг. М.Б нь 2019 оноос хойш 2 хүүхдээ харж хандаагүй, би ганцаараа 2 хүүхдээ өсгөж байна. Хүүхдүүд том болоод хүүхдүүдийн хэрэглээ их болж байгаа тул эцэг М.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан гэв.
2.Хариуцагч М.Б шүүхэд цахимаар ирүүлсэн хариу тайлбартаа: ... 2012 онд төрсөн охин Б.А, 2014 онд төрсөн хүү Б.Х нар нь миний төрсөн хүүхдүүд мөн. Хүүхдүүддээ хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, А өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Д аймгийн С сумын * дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Д аймгийн С сумын ерөнхий боловсролын *, * дугаар сургуулийн тодорхойлолт, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***/ШШ2022/00*** дугаартай шүүхийн шийдвэр, Д аймаг дахь Цагдаагийн газрын эрэн сурвалжлалтыг зогсоох тухай албан бичгийн хуулбар,
Хариуцагчаас хариу тайлбарыг шүүхэд цахимаар ирүүлсэн байна.
Шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ***/ШЗ2024/00*** дугаартай шүүгчийн захирамж гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. М.Бтай 2010 онд танилцаж, 2011 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Ал, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Х нар төрсөн тул эцэг М.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж,
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
М.Өд, М.Б нар нь 2010 онд танилцан 2011 оноос эхлэн хамтран амьдарсан, тэдний дундаас 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр охин Б.А, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Х нар төрсөн, хүүхдүүд эрүүл өсөн бойжиж байгаа болох нь А өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Д аймгийн С сумын ерөнхий боловсролын *,* дугаар сургуулиудын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
5.Охин Б.А, хүү Б.Х нарын эцэг М.Б болохыг захиргааны журмаар тогтоосон байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эр, эмийн харилцаатай байсан, талууд тусдаа амьдарч эхэлсэн талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч зөвшөөрч байхаас гадна охин Б.А, Б.Х нарыг эхийн асрамжид байгаа болон хүүхдийг эхийн асрамжид үлдээх талаар талууд тохиролцсон, хүүхэд эхийн асрамжид байна.
6.Эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин Б.А, Б.Х нарыг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож эцэг М.Баар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Ө овогт Бын А, Ө овогт Бын Х нарыг 11 нас хүртэл амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг М.Баар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах, мөн хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхтэй ба энэхүү эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.
3.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 215,513 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасны дагуу тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Эрдэнэ-Уянгад даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ