Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/17

 

 

 

    2025            12          30                                        2025/ДШМ/17

27Н.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч Н.З-н өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2439 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.З-н өмгөөлөгч Г.Өсөхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.З-д холбогдох эрүүгийн 2503 00559 0915 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.З,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн.

Шүүгдэгч Н.З нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед, ***** дүүргийн * дугаар хороо, Самбуугийн гудамж, Тэнгис кино театрын урд замд, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр “Тоёота приус” маркийн **** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай зорчигч болох ОХУ-ын иргэн, 23 настай, эрэгтэй А.Г/-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.З үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.З Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.З-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.З-д оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-д оногдуулсан эрх хасах ялыг, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хохирогч А.Г нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа  бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирүүгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-с нийт 6,702,620 /зургаан сая долоон зуун хоёр мянга зургаан зуун хорин/ төгрөгийг гаргуулан, хохирогч А.Г-д олгож, 6 /зургаа/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.З өмгөөлөгч Г.Өсөхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан баримтаар Н.З нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 21 цагийн орчимд ***** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис гэх нэршилтэй кино театрын урд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замд, явган хүний зохицуулдаггүй гарц дээр “Тоёота приус” загварын **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол гарсан үйл баримтыг анхан шатны шүүхээс тогтоосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа Н.З хүлээн зөвшөөрч байгаа болно. Анхан шатны шүүхээс ослын улмаас хохирогч ОХУ-ын иргэн А.Г эмчилгээний зардал 3,062,620 төгрөг, Монголд байх хугацаанд оюутны байранд байрласан 60 хоногийн төлбөр тооцоо 340,000 төгрөгийг зарцуулсан, мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 төгрөг нийт 6,702,620 төгрөгийг Н.З-с гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Тодруулбал: Анхан шатны шүүхээс хохирогчийн Монголд байх хугацаанд оюутны байранд байрласан 60 хоногийн төлбөр тооцоо 340,000 төгрөгийг зарцуулсан Н.З-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар дээрх гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршгийг нөхөн төлөх болохоос хохирогчийг орон байраар хангах үүрэггүй, хохирогчийн орон байранд зарцуулсан төлбөр нь тус гэмт хэргийн шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй болно.

Мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан. Зам тээврийн осол гаргахад хохирогч А.Г замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй буруутай нь хавтаст хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Ц.Б-н 2025.06.24-ний өдрийн 882 дугаартай магадалгаагаар тогтоогдсон. Иймд хохирогч А.Г учирсан хохирлын тодорхой хувийг өөрөө хариуцах нь үндэслэлтэй байх тул хохирлын хэмжээг тодорхой хувиар багасгаж өгнө үү. Мөн “Тоёота приус” загварын **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн албан журмын даатгалын гэрээг “Практикал даатгал” ХХК-тай байгуулсан бөгөөд “Тоёота приус” загварын **-* УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний үйлчлүүлэгч Н.Зоригтын өмчлөл, эзэмшилд нь байдаггүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Л.М, өмчлөгч нь “Практикал даатгал ХХК” болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Даатгалын тухай хуульд даатгалын тохиолдолд бие болсон тохиолдолд Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9-д зааснаар хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч хариуцсан тохиолдолд даатгалын тухай хуулиар хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх боломжтой болж байна. Гэтэл миний үйлчлүүлэгч дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч биш тул дээрх даатгалын тухай хуулиар нөхөн олговор авч хохирогчид төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Иргэний хуульд тээврийн хэрэгслээс үүсэх гэм хорын хохирлыг илүү нарийвчлан зохицуулсан ба уг зохицуулалтыг хэрэглэх нь оновчтой тээврийн хэрэгслийн ашиглагчийг томилох эсхүл тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн эзэмшигчийн хариуцлагыг өмчлөгч нь гэм буруугүйгээр хариуцахаар хуульчилсан тул “Тоёота приус” загварын **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр хохирогчид учирсан гэм хорын хохирлыг хариуцуулахаар шийдвэрлэж өгнө үү... Шүүгдэгч гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Харин анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг нийт 6,702,620 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг бид эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Нэгдүгээрт, анхан шатны шүүхээс хохирогч Монгол Улсад байх хугацаандаа оюутны байранд байрласан 60 хоногийн төлбөр болох 340,040 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол”-ын ойлголтод нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг л нөхөн төлөх үүрэгтэй болохоос хохирогчийг орон байраар хангах, амьдрах зардлыг нь хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Хоёрдугаарт, Иргэний хуулийн 514.1-д гэм хор учрах, эсхүл түүний хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол хохирлыг тодорхой хэмжээгээр багасгаж болно гэж заасан. Энэ хэрэгт зам тээврийн осол гарахад хохирогч Андрей нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь мөрдөгчийн 882 дугаартай магадалгааны “Б” хэсгээр тогтоогдсон. Иймд хохирогч өөрийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан хохирлын тодорхой хувийг өөрөө хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүхээс тогтоосон 3,300,000 төгрөгийн хохирлоос 30-40 хувийг хохирогч өөрөө хариуцах боломжтой. Мөн хэрэгт холбогдсон “Тоёота Приус” **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хувьд албан журмын даатгалын гэрээ “Практикал” ХХК-тай байгуулагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь М, өмчлөгч нь “Практикал” ХХК бөгөөд миний үйлчлүүлэгч Н.З нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч биш юм.  Даатгалын тухай хуулийн 19.9-д зааснаар тээврийн хэрэгслийн албан журмын даатгалаар хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын 80 хүртэлх хувийг нөхөн төлөх боломжтой. Иймээс уг тээврийн хэрэгслээс учирсан хохирлыг даатгалаар болон тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчээр нөхөн төлүүлэх хууль зүйн боломж бүрэн байгаа гэж үзэж байна. Харин миний үйлчлүүлэгч нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч биш тул Даатгалын тухай хууль болон Иргэний хуулийн 499.4 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг хариуцах этгээдэд хамаарахгүй гэж үзэж байгаа юм. Иймд хохирлын төлбөрийг шүүгдэгчээс бус, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч болон даатгалаар шийдвэрлэж өгнө үү гэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргасан. ...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтээ:  “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж дурдсан байна. Гэвч уг заалт нь явган хүний гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид хамаарах бөгөөд ийм нөхцөлд жолооч заавал зогсож, зам тавьж өгөх үүрэгтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан тайлбар нь дээрх дүрмийн агуулгад нийцэхгүй, үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Хохирлын асуудлын хувьд тайлбарлахад, хохирогч нь Оросын Холбооны Улсын иргэн, оюутан бөгөөд Монгол Улсад 60 хоног оршин суух хугацаандаа байрны төлбөрт 340,040 төгрөг төлсөн нь харьцангуй бага зардалд тооцогдоно. Хэрэв зочид буудал эсхүл түрээсийн орон сууцанд байрласан бол үүнээс илүү зардал гарах боломжтой байсан. Иймд шүүхээс уг хохирлыг үндэслэлтэйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаар шүүгдэгч Н.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Мөнх-Эрдэнэ гэх хүн, би түүнээс худалдаж авсан, өмчлөгч нь “Практикал” ХХК бөгөөд гарсан хохирлыг өөрөө төлнө...” гэж тайлбарласан. Иймд Н.З нь учирсан гэм хорыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр 2 дугаар зэргээр тогтоосон бөгөөд шүүх уг дүгнэлтийн дагуу хохирлын төлбөрийг хуульд нийцүүлэн, үндэслэлтэйгээр шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.З нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчимд, **** дүүргийн ** дугаар хороо, Самбуугийн гудамж, *** театрын урд замд, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр “Тоёота приус” маркийн **** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай зорчигч болох ОХУ-ын иргэн, 23 настай, эрэгтэй А.Г-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-н 81/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-16/,

Хохирогч ОХУ-ын иргэн А.Г “...2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би Сүхбаатарын талбайн баруун талаас цахилгаан дугуй түрээсэлж унасан. Улмаар *** кино театрын урд талын явган хүний гарцаар урдаас хойш чиглэлтэй зам хөндлөн гарах гээд явган хүмүүсийн хамт хүлээж зогсож байтал машинууд зогсож явган хүмүүст зам тавьж өгсөн. Улмаар би явган хүмүүс гарч эхлэхэд тэр хүмүүстэй цуг явган хүний гарцаар зам хөндлөн гарсан бөгөөд 1,2 дугаар эгнээг өнгөрөөд 3 дугаар эгнээнд явж байтал зүүн гар талаас хар өнгийн Тоёота приус маркийн **-** дугаартай автомашин ирээд миний унаж явсан цахилгаан дугуйны урд дугуйг мөргөчихсөн. Мөргөсний улмаас миний унаж явган цахилгаан дугуй бүтэн эргээд би газарт уначихсан. 5 минутын дотор цагдаа маш хурдан ирсэн бөгөөд дараа нь 10 минутын дотор түргэн тусламж ирсэн... Явган зорчигч нартай хамт зам хөндлөн гарч байсан... би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Ослоос шалтгаалж эгэм хугарч мэс засалд орж хадуулсан... мөргөсөн жолооч эмчилгээний зардлыг барагдуулаагүй байгаа... Сэтгэл санааны хохирол, ажилгүй байх хугацааны цалин, эмчилгээний зардлуудыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 19/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.М: “... Toyota Pruis маркийн **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин... Эвдрэл учраагүй... үнэлгээ хийлгэх шаардлагагүй... надад нэхэмжлэх зүйл байхгүй...би хохирлыг барагдуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 29,32/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Баасанжавын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн: “...1. А.Г биед зүүн эгэмний зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх 7065 дугаартай дүгнэлт /хх-н 42-43/,

 Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Э.Эрдэнэмөнхийн 2025.05.26-ны өдрийн “...техник талаасааа “Тоёота приус” маркийн **** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь стандарт шаардлага хангасан, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй...” гэсэн агуулгатай 290 дугаартай дүгнэлт /хх-н 48-52/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Дөлгөөнмөрөн, Э.Мөнхнаран нарын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн: “...А.Г, 23 настай, эрэгтэй/-н сэтгэцэд 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх 2120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 57-58/,

 Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Батбаярын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “... Тоёота приус” маркийн **** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч явган хүний зохицуулдаггүй гарцаар гарахаар завдаж буй явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн...” гэсэн агуулгатай 882 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-н 64-65/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Шүүгдэгч Н.З-н 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн  21 цагийн орчимд **** дүүргийн * дугаар хороо, *** гудамж, ***** театрын урд замд, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр “Тоёота приус” маркийн 5034 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, уг гарцаар зам хөндлөн гарч явсан цахилгаан дугуйтай зорчигч болох А.Г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан гэж анхан шатны шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр “...Хохирогчийн амьдрах байрны 60 хоногийн төлбөр болох 340,040 төгрөгийг нөхөн төлөх үндэслэлгүй. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь М, өмчлөгч нь “Практикал” ХХК тул хохирогчид учирсан гэм хорын хохирлыг хариуцуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч нь эмчилгээний зардалд 3,062,620 төгрөг, оюутны байранд байрласан 60 хоногийн төлбөр 340,000 төгрөг зарцуулсан баримтуудыг  нь  хэрэгт гаргаж өгчээ.

Тэргүүн ээлжид гэмт хэрэг үйлдсэн этгээд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулснаас гаргуулах эд хөрөнгийн хохирлын нэхэмжлэл нь иргэний эрх зүйн харилцаа болохын хувьд хохирогч өөрт учирсан гэм хорын хохирлоо хэнээс нэхэмжлэх нь түүний эрх юм.

Хохирогч А.Г нь өөрт учирсан гэмтлээ эмчлүүлсэн зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хугацаанд Монгол улсад амьдарсан байрны зардлаа шүүгдэгч Н.З-с гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч хохирлын хэмжээ болон хэнээс гаргуулах талаар маргаагүй тул шүүх энэ хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гарсан ослын улмаас хохирогч А.Г сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан бус түүнээс өмнөх цаг хугацаанд үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон  нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчимд нийцэхгүй шийдэл болжээ.

Учир нь, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 792,000 төгрөг байхаар Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний хороо 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоолоороо шийдвэрлэсэн тул хохирогч А.Г сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд нийцүүлэн 792,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 3,960,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын:  “...шүүгдэгч Н.З-с нийт 6,702,620 /зургаан сая долоон зуун хоёр мянга зургаан зуун хорин/ төгрөгийг гаргуулан...” гэснийг “...шүүгдэгч Н.З-с нийт 7,362,620 /долоон сая гурван зуун жаран хоёр мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулан...” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2439 дүгээр шийтгэх тогтоолын:

7 дахь заалтын:  “...шүүгдэгч Н.З-с нийт 6,702,620 /зургаан сая долоон зуун хоёр мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулан...” гэснийг “...шүүгдэгч Н.З-с нийт 7,362,620 /долоон сая гурван зуун жаран хоёр мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулан...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                      ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА

                                    ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА