Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 408

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч М.Ц түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Маамхүүгийн Цд яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1705015840484 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “............” ХХК-д дулааны инженер ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ...дугаар хороо ..........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Маамхүүгийн Ц.

 

Шүүгдэгч М.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хоро “ДЦС” ТӨХК-ийн байранд Д.З-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 нүдний зовхи, зүүн хөлийн зөөлөн эдийн няцрал, зүүн гуя шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй”  гэв.

 

Шүүгдэгч М.Ц Д.З-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 нүдний зовхи, зүүн хөлийн зөөлөн эдийн няцрал, зүүн гуя шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Д.З-гийн “Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны цахилгаан станц 4 ТӨХК-нд гүйцэтгэх механизмын засварчингаар ажилладаг юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед 3 дугаар машин дээр нойл тэмдэгтэд хоёр хаалтны монтажны ажил хийж байтал манай комданид гэрээгээр ажиллаж байсан “СММ” ХХК-ний ажилчид дээрээс хог унагаагаад байхаар нь би дээшээ 4 дүгээр тэмдэгтэд гараад уг компаний ажилчидад дээрээс хог чин унаад байна, хогоо шуудайлаад аваач гэсэн шаардлагыг тавьсан юм. ... Тэгэхээр нь би уг компани инженер Цд та нар ажлаа дуусаачээ бид нар ч гэсэн ажлаа хиймээр байна гэж шаардлага тавьсан чинь Ц чи юу вэ гэж хэлчихээд цаашаа яваад өгөхөөр нь би хамт ажиллаж байсан засварчин Лонжид дээр очоод дээрээс шороо унагаагаад ажил хийлгэхгүй байна хамт очъё гээд уг компаний ажилчид дээр очтол та нар наад хогоо шуудайлаад аваач гэсэн чинь Ц та хоёр ачихгүй ш дээ та нар гадны компани болохоор дээрэлхээд байгаа юм уу гээд маргалдаад байж байтал ... Ц нь зүүн нүдний доод хэсэг болон хүзүүний ар хэсэгт хумсаараа маажаад миний хэвлий хэсэг рүү өвдөгөөрөө өвдөглөсөн юм. ... Хамрын нуруу, цээж, хүзүүнд зулгаралт, баруун бугалга цус хуралт гэмтлийг Ц маажиж учруулсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

“...Надад Ц эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг сайн дураараа өгсөн. Миний хувьд одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү. ...Хэргийг хялбаршуулан шийдүүлэх хүсэлтэй байна. Ямар нэгэн маргаан байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 92 дугаар хуудас/

 

Гэрч С.Отгончимэгийн “2017 оны 11 дүгээр сарын 24-ний 15 цаг өнгөрч байхад Дулааны цахилгаан станцын 3 дугаар машины дулааны шугам дээрээс хийсэн ажлынхаа хогийг компанийхаа ажилчдын хамт буулгаад байж байтал одоо энэ хохирогч гээд байгаа З- хүрч ирснээ намайг ажлаа зогсоо хог бужигнуулаад байна гээд загнасан юм. Тэгсэн чинь манай компаний инженер Ц, Хоролгарав нар ирээд З-д хандан чи яагаад ажил хийж байгаа хүнийг загнаад байгаа юм бэ гэсэн чинь З- Хоролгарав эгчийн өөдөөс чи станцад олон жил ажилласан юм уу гээд л хэрэлдсэн. Тэгтэл хажуунаас нь Ц З-д хандан чи настай хүний өөдөөс хэрэлдлээ гэж хэлсэн чинь З- Хоролгарав эгчийн хацар руу нэг удаа алгадаад авсан. Ц З-г чи настай ээж шигээ хүнийг яаж байгаа юм бэ гээд дундуур нь ороод түлхээд авсан юм. Тэгээд л тэнд байсан манай ажилчид Хоролгарав, Ц хоёрыг аваад З-тай хамт явсан залуу нь З-г аваад хоёр тийш салсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Гэрч Б.Хоролгаравын “...Лонжид З- нар хэмжүүр хийж байгаад манай ажилчид дээр ирээд инженер Цтай хог унагалаа гээд хэрүүл хийгээд байсан юм. ...З- намайг зөрүүлээд баруун хацар луу маш хүчтэй алгадсан юм. Тэгсэн чинь Ц чи яахаараа настай хүн цохидог юм бэ гээд З- руу дайрсан чинь Лонжид дундуур тэр хоёр Лонжидын хоёр талаас гар нь сарвалзаад зодолдох гээд байсан юм. Тэгсэн чинь Лонжид нь З-гийн цээж рүү нь цаашаа бай гээд түлхээд байсан юм. ... Би З-гийн толгой руу нь гараараа чичсэнээс өөрөөр биед нь хүрээгүй. Ц З- хоёр бие биетэйгээ зодолдох гээд дайрахад нь Лонжид дундуур нь орж хорьсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Гэрч Ч.Лонжидын “...З- тэдэнд хандан та нар хог шороогоо дээд давхартаа шуудайлаад доош нь зөөгөөд цэвэрлэж болно шүү дээ гээд хэлээд зогсож байтал гэнэт тас гэх чимээ гарсан. Эргээд хартал шороо бужигнуулаад цэвэрлэгээ  хийж байсан хүнийг хараад зогсож байсан эмэгтэй З-г алгадаад авсан байсан. ...Би гайхаад эргээд хартал З- алгадсан эмэгтэй хэл амаар доромжлоод байсан ба цаанаас цэвэрлэгээ хийж байсан хоёр эмэгтэй бас хүрээд ирсэн. Тэр хэд нийлж З-г зодох гээд дайраад байхаар нь би дундуур нь орж хоёуланг нь барьж аваад З-г өрөө рүүгээ яв гээд явуулсан. ... Энэ үеэр З-г цааш явуулах гээд яг хэн нь яаж зодож цохиод байгааг анзаараагүй. Орой ажлаа тарах үеэр өрөөндөө ортол З-гийн цээжин хэсэг нь хумсны ором ороод шалбарчихсан, зүүн талын нүүр нь хавдсан, хөл хөхөрсөн уйлаад сууж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-44 дүгээр хуудас/

 

Гэрч О.Батзаяагийн “...Цагийг нь сайн санахгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ДЦС-4-ын дулаалын ажлаа хийж дуусгаад хогоо цэвэрлэж байтал З- гэх эмэгтэй манай инженер Ц, засварчин хоёртой хэрэлдэж байснаа Хоролгарав эгчийг алгадчихсан. Ц эгч Хоролгарав эгчийг өмөөрөөд З-г цохих гэтэл түүнтэй хамт явж байсан өндөр бор залуу болон бид нар дундуур нь орж салгасан. ... Хоролгарав эгч тэр залууд “та нар ингэх ёсгүй” гэж хэлтэл З-тай хамт явж байсан залуу “цаашаа бай” гээд түлхчихээд яваад өгсөн. Тэрнээс өөр сүртэй зодоон цохион болоогүй. ...Хоролгарав эгч З-г цохиж зодоогүй. Харин З- л Хоролгарав эгчийг нэг удаа алгадахаар нь Ц өмөөрөөд цохих гээд салцгаасан ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/

 

Гэрч Д.Очирпүрэвийн “...2017 оны 11 дүгээрс арын 24-ний өдөр ажлаа хийж дуусгаад 16-17 цагийн үед гараад иртэл манай ажлын Золжаргал 12 дугаартай тэмдгийн хэсэг рүү гарч явсан. Тэгтэл түүний араас манай дээр дулаалгын ажил хйиж байсан зүс таних Хоролгарав гэгч эмэгтэй З-гийн хөл рүү өшиглөөд гар, цээж хэсэг рүү нь гараараа цохиод “Гичий минь ална аа” гээд хэлэх хэлэхгүй үгээр дайраад байсан. ...Би энэ байдлыг хараад З-, Хоролгарав хоёрыг салгаад З-г өрөө рүү нь аваад ортол 2 нүд нь хөхөрсөн, зүүн хөлний шилбэ хөхөрсөн, хүзүү нь тойроод урагдаж зулгарсан байсан. ...Тухайн үед би ажлаа тараад гарч ирж байсан болохоор хэнтэй, хаана, яагаад яаж зодолдсоныг хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46-48 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №510 дугаартай:

“1. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14764 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2.5. Д.З-гийн биед учирсан хамрын нуруу, цээж, хүзүүнд зулгаралт баруун бугалганы цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

3.6. Д.З-гийн биед учирсан тархи, доргилт, 2 нүдний зовхи, зүүн хөлний зөөлөн эдийн няцрал, зүүн гуя шилбэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч М.Цын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Ц нь хохирогчид учруулсан гэмтлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Хохирогч “... Надад Ц эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг сайн дураараа өгсөн. Миний хувьд одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 91-92 дугаар хуудас/ өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэ дүгнэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

         

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Маамхүүгийн Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ц 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М.Ц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Ц торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Ц баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Цд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ