| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2018/0414/э |
| Дугаар | 414 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
улсын яллагч Н.Энхболд,
шүүгдэгч Г.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Доо овогт Ганбатын Зт холбогдох эрүүгийн 1805006170262 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг ...........дэнжийн .... дүгээр гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн .... дугаар хороо ................тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Доо овогт Ганбатын З
Шүүгдэгч Г.З нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах....................эхнэр Г.Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Г.З эхнэр Г.Х-ыг зодож түүний биед биед зүүн хацар, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:
Хохирогч Э.Х-ын “2017 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед нөхөр З уулзмаар байна гэж хүрээд ир гэж утсаар ярьсан. Би оройн 21 цагийн үед уулзахаар болоод Зын гэрт очсон. Зын гэрт Наранцэцэг ирсэн байсан. Би Наранцэцэгтэй ярилцаж байтал З унтаж байснаа босож ирээд хэрүүл хийж хэл амаар доромжлон нүүр рүү 2-3 удаа цохисон, хоолой боосон. Наранцэцэг ирээд салгасан. Би удалгүй уур хүрээд цагдаа дуудсан. ...Баруун гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон. Мөн хоолой боосон. Мөн хоолой боосон. ...Би тухайн үед жирэмсэн байна гэж бодсон боловч жирэмсэн болоогүй байсан байна лээ. ...Ажил ихтэй ядарсан байсан учраас сарын тэмдэг ирэхгүй удсан. Тэгээд би жирэмсэн гэж бодсон. ...Гомдол саналгүй, бид хоёр эвлэрсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 66-67 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №785 дугаартай:
“1. Х-ын биед зүүн хацар, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 18 дугаар хуудас/
“Г.З, Э.Х- нарын гэр бүл болсныг бүртгэсэн” гэрчилгээний хуулбар. /хэргийн 68 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Зын яллагдагчаар өгсөн “... 2017 оны 12 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн үед Э.Х- нь гэрт ирсэн. Согтуу ирээд агсан тавиад би болиулах гэж хоёр удаа алгадаж авсан. Зүүн талын хацар руу 2 удаа алгадсан. Би уг шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Уг дүгнэлттэй холбогдуулан гаргах санал гомдол байхгүй, уг гэмтлүүдийг би Х-д учруулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Зын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, тэрээр энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж үзлээ.
Хохирогч Э.Х-аас мөрдөн байцаалтанд “Энхтүвшин овогтой Х- миний бие Зт ямар нэгэн санал, гомдол байхгүй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ. /хэргийн 46 дугаар хуудас/
Дээрх баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Заас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Зын үйлдсэн хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлсдэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Доо овогт Ганбатын Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Зыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.З торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.З торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.З баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Зт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ