| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2403 00233 0639 |
| Дугаар | 2026/ДШМ/76 |
| Огноо | 2026-01-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/76
2026 01 16 2026/ДШМ/76
М.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Марал,
яллагдагч М.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/6578 дугаар захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн М.Б-т холбогдох эрүүгийн 2403 00233 0639 дүгээр хэргийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
М.Б,
Яллагдагч М.Б нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “***-***” төвийн урд замд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 23 цаг 39 минутын үед “Toyota Prius 30” маркийн **-** УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөний үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч С.Б мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: М.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд харин хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэн нас барсан талаарх баримт авагдсан, энэ талаар талууд тайлбар мэдүүлэг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:”, мөн зүйлийн 1.3 дахь заалтад “...хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг....” гэж заасан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох ажиллагааг хийж ирүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох эрх хэмжээ шүүхэд олгогдоогүй байх тул яллагдагч М.Б холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол...” гэх үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэв. Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцүх овогт М.Бт холбогдох эрүүгийн 2403002330639 дугаартай хэргийг тус Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Эдгээр дүгнэлтүүдийн хамгийн сүүлд хийгдсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс хууль бус, үндэслэлгүй дүгнэлт байна гэж үзэж анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан. Гэвч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь амь хохирогч нь зам тээврийн ослын улмаас биедээ хүнд гэмтэл авч, үүний улмаас нас барьсан байна гэж үзэж амь хохирогчийн ар гэрийнхэнд учирсан сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн. Хавтаст хэргийн 63 дахь талд Сэвжид гэх эмчийн гаргасан шинжээчийн дүгнэлт авагдсан байгаа. Тухайн эмч нь уг хэрэгт эхний дүгнэлтийг гаргасан. Дараагийн дүгнэлтийг Сэргэлэн гэх эмч гаргасан. 2 дахь дүгнэлт нь эхний дүгнэлт дээр нэмэлт байдлаар гарч байгаа дүгнэлт гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгосон. Өөрөөр хэлбэл, эхний дүгнэлтийн тогтоолтой хамтдаа гарч байгаа дүгнэлт юм. Тодруулбал, нэмэлтээр гарч байгаа дүгнэлт анх гарсан дүгнэлт дээр үндэслэж гаргах ёстой байсан. Гэвч 2 дахь дүгнэлт нь эхний дүгнэлтээс зөрүүтэй байдлаар гарсан. Сэвжид эмч дүгнэлтдээ “...амь хохирогчийг хөнгөн зэргийн гэмтэлтэй...” гэж дүгнэсэн боловч 2 дахь дүгнэлт өөр агуулгаар гарсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан 2 шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байсан учир дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж 3 дахь дүгнэлтийг гаргуулсан. 3 дахь дүгнэлтийг гаргуулахаар томилсон шинжээч нь дүгнэлтийг гаргаагүй, өөр шинжээч эмч дүгнэлтийг гаргасан. Мөн тухайн дүгнэлтийг гаргасан эмч нь шинжээчийн дүгнэлт гаргуулахаар томилсон прокурорын тогтоолтой танилцаж гарын үсэг зураагүй байсан. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд уг хэрэгт авагдсан 3 шинжээчийн дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй, мөн процессын зөрчилтэй байх тул дахин шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцаах үндэслэл бүрдэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрэгт 3 техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтэд “...осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцөлийг хохирогчийн буруутай үйлдэл бүрдүүлсэн байна...” гэж дүгнэсэн байдаг. Мөн яллагдагчийн машины ард явж байсан машины жолоочоос гэрчийн мэдүүлэг авахад тэрээр М.Б-г зогсоох арга хэмжээ авсан гэж мэдүүлдэг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дахин шинжээч томилж хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтоох ёстой гэж үзэж байна. Шүүхээс хохирогчийн ар гэрийнхэнд учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ёстой гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хохирогч нь амьд сэрүүн байхдаа сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй зөвхөн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн бичиг үйлдэж гарын үсэг зурж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн сэтгэцэд учирсан зэрэглэлийг тогтоолгох ёстой гэж үзсэн захирамжийн агуулгыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн захирамжийг хэрэгсэхгүй болгож гомдлыг маань хүлээж авна уу. ...” гэв.
Яллагдагч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.
Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч нь зам тээврийн осол гаргасан болох нь хангалттай тогтоогдож байгаа гэж үзэн хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох ажиллагааг хүлээн зөвшөөрч байгаа тул эсэргүүцэл бичээгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Б холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь, шүүгчийн захирамжид дурдагдсан “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:”, мөн зүйлийн 1.3 дахь заалтад “...хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг....” гэж заасан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох ажиллагааг хийж ирүүлэх нь зүйтэй байна гэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болжээ.
Энэ хэргийн хохирогч С.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар /2-р хх 47/, хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0625/1405 дугаартай дүгнэлтийн хуулбар /2-р хх 55-59/ зэрэг баримтуудаар тогтоогджээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох боломжтой хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон энэ хэргийн хохирол, хор уршигтай холбоотойгоор мэдүүлэг авч, нотлох баримт, хүсэлт, гомдол гаргах эрхийг нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүгчийн захирамжид заасан ажиллагаа дээр нэмж хийлгүүлэхээр гаргасан “...хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг хууль сануулаагүй шинжээчээр гаргуулсан, ...ослын талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бүрэн гараагүй тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваахүүгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/6578 дугаар захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА