Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 416

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Э.Одончимэг,

шүүгдэгч Т.Э-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хотгойд овогт Тарвачимбугийн Э-д яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805000760194 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ...............хүүхдийн өдөр өнжүүлэх төвийг хариуцан ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 охины хамт Улаанбаатар хот ...........дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Хотгойд овогт Тарвачимбугийн Э-

 

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг .............хүүхэд өнжүүлэх төвийн захирлаар ажилладаг багшлах эрхийн үнэмлэхгүй Т.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртлэх хугацаанд тус төвд хичээллэдэг бага насны 9 настай эрэгтэй А.Хүслэнбаяр, 7 настай эрэгтэй А.Хүслэнбат нарыг хичээлээ хийсэнгүй гэх шалтгаанаар төвийн хичээлийн танхимд чихнээс нь татах, толгой руу нь цохих, хана руу харуулан гарыг өргүүлж зогсоолгосон ба 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 29-79 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор А.Хүслэнбаяр, А.Хүслэнбат нарт хутга харуулан эд юманд хүрвэл хутгаар хурууг хэрчинэ гэж айлгах, зүй бус үг хэллэг хэрэглэлээ гэх шалтгаанаар цахилгаан бороохойгоор гарын булчинд куртикны гаднаас тогоор цохиулах, ам руу нь цахилгаан бороохой чихэж хэлийг түлнэ гэж айлгах зэргээр удаа дараа хэрцгий харьцаж бие махбодийн болоод сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхжаргал мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө манай нөхөр Э-той яагаад манай хүүхдийн цүнхийг доошоо харуулж сэгсэрсэн талаар ярьж маргалдсан бөгөөд багш хүлээж аваагүй. Орой 18 цагийн үед манай хүүхэд утсаар яриад хүрээд ир гээд уйлаад дуудсан. Би нөхөртэйгээ хамт очиход 9 настай хүүхэд Хүслэнбаяр коридорт уйлаад сууж байсан ба 7 настай хүүхэд маань ангидаа хичээлээ хийгээд сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “намайг багш аав, ээждээ хов зөөлөө гээд загнаад хоол идүүлээгүй, дүүд хоол идүүлсэн” гээд уйлаад сууж байсан. Бид нарыг очиход Э- багш байгаагүй ба утсаар дуудахад удалгүй ирсэн. Тэгээд багш болон манай нөхөр хоорондоо маргалдсан. Тэгээд “чамайг хэлэх газар чинь хэлнэ” гэхэд багш “надад бороохой хэрэглэх эрх байдаг” гэж хэлсэн. Манай том хүүхэд багшийн машинд бороохой байгаа гэж хэлж байсан.

Тэгээд цагдаа дуудахад жижүүрийн цагдаа ирээд нэгжлэг хийхэд Э-ын машинаас бороохой гарсан. Дуудлагын дагуу ирсэн цагдаа “та гомдолтой байгаа бол Баянгол дүүргийн цагдаагийн газар өргөдөл бичиж өгөөрэй” гэж хэлсэн. Үүний дагуу өргөдөл бичиж өгөөд асуудлыг шийдвэрлүүлэх гэж байна. Би гомдолтой байна. Би Ус сувгийн удирдах газрын зөөврийн усан хангамж буюу худаг ажиллуулдаг. Манай хүүхэд 12 дугаар сараас хойш өдөр өнжүүлэхэд явуулж чадахгүй байгаа учраас би ажлаа хийхгүй хүүхдээ харж байгаа. Багшийг үйлдлээс болж 9 настай хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлж айж “намайг дахиад зодвол яах вэ” гээд уйлдаг болсон. 7 настай хүүхэд нь юм мэдэхгүй байгаа. Манай 9 настай хүүхэд хичээлээ тараад багшийнхаа хажуугаас хөдөлдөггүй. Манай хүүхэд өөрөө шударга, нүүрэмгий хүүхэд ба бандгар хөдөлгөөн султай хүүхэд. Би сэтгэл санааны  хохирол болон Э-д сургалтын төлбөрт нэг хүүхдийн 150.000 төгрөг, 2 хүүхдийн 300.000 төгрөг өгснийгөө буцааж авах хүсэлтэй байна. Надад бинзений зардлаас эхлүүлээд маш их зардал гарсан. Би Э-д 10 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сар хүртэл 2 сарын сургалтын төлбөр болох 600.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Прокуророос шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн ... “ гэж үзэж яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэжээ. /хэргийн 79-80 дугаар хуудас/

 

Гэтэл Т.Э- нь багш болон сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэгтэй хүн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, мөн хохирогчид бие махбодийн болоод сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн нөхцөл тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж ...” гэж өөрчлөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртлэх хугацаанд тус төвд хичээллэдэг бага насны 9 настай эрэгтэй А.Хүслэнбаяр, 7 настай эрэгтэй А.Хүслэнбат нарыг хичээлээ хийсэнгүй гэх шалтгаанаар төвийн хичээлийн танхимд чихнээс нь татах, толгой руу нь цохих, хана руу харуулан гарыг өргүүлж зогсоолгосон ба 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 29-79 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор А.Хүслэнбаяр, А.Хүслэнбат нарт хутга харуулан эд юманд хүрвэл хутгаар хурууг хэрчинэ гэж айлгах, зүй бус үг хэллэг хэрэглэлээ гэх шалтгаанаар цахилгаан бороохойгоор гарын булчинд куртикны гаднаас тогоор цохиулах, ам руу нь цахилгаан бороохой чихэж хэлийг түлнэ гэж айлгах зэргээр удаа дараа хэрцгий харьцаж байсан болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар болох:

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай “... Эрүүгийн 1805000760194 дугаартай хэрэгт хар өнгийн Police гэсэн бичиглэлтэй гар чийдэнтэй цахилгаан бороохойг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн мөрдөгчийн тогтоол. /хэргийн 10 дугаар хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “.. .А.Хүслэнбаяр нь хөх цэнхэр өнгийн куртик, зузаан хар өнгийн өмд, хар өнгийн хагас түрийтэй гуталтай байх бөгөөд цэнхэр хөх өнгийн сөдөр куртикны баруун гарын булчингийн хэсэгт зүү орох хэмжээтэй цоорсон /цахилгаан бороохойны мөр байх боломжтой/ байв. Цоорол ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байв” /хэргийн 7 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч А.Хүслэнбаярын “Би 2017 оны 10 дугаар сараас ............... өдөр өнжүүлэхэд явж байгаа юм. Оргил багш бид нарыг машинаараа сургуульд хүргэж өгөөд авдаг байсан. Заримдаа ангид орж ирэн хүүхдүүдийн хичээлийг хийлгэдэг. Оргил багш бид нарын хичээлийг хийлгэж байхдаа бид нарыг  хичээлээ хийсэнгүй, буруу хийсэн, муухай бичлээ гээд загнадаг байсан. Оргил багш загнахдаа чихнээс зулгаадаг, хана руу харуулаад гар өргөж зогсоодог, толгой руу цохиж цүнхтэй хичээлийг газарт сэгсрээд ном асгадаг. ... Нэг удаа Анхбаяр, Ирмүүн, Чингүүн,Баяржавхлан, Уранчимэг, Ганбаяр, Чинзориг, Одбаяр гээд өдөр өнжүүлэхэд явдаг бүх хүүхдүүдийг зарим нэгийнх нь нэрийг санахгүй байнаа, сургууль руу Оргил багш, тогооч багшийн хүүхэд Тэмүүлэн ах хүргэж өгч байхдаа

... 2-4 дүгээр ангийн хүүхдүүдийг цахилгаан бороохойгоор 1,1 удаа баруун гаран дуур бороохойдож үгэнд орохгүй бол цахилгаан бороохой аманд чинь хийж түлнэ шүү гэж айлгаж байсан. Тэгээд Оргил багш суудал доороос алтан шаргал өнгийн халбагатай, сэрээтэй, ундаа онгойлгодог юмтай хутга гаргаж ирээд Тэмүүлэн гэж хүүхдийн доод уруулаас нь татаад хэрчинэ шүү гээд бид нарыг юманд хүрвэл хурууг чинь хэрчинэ шүү гэж айлгаж байсан. Оргил багш 13 дугаар сургууль руу  хүүхдүүд хүргэж өгөөд байхгүй байх үед өдөр өнжүүлэхэд цуг явдаг Анхбаяр, Чинзориг, Тэнүүн, Балжинням гэсэн хүүхдүүд эрэгтэй хүний хамгийн чухал эрхтэн бол боов, боожгой гээд ярьж байхад багш орж ирэхэд тогооч багшийн хүүхэд Тэмүүлэн ах Оргил багшид хүүхдүүд боов, боожгой гээд яриад байна гэхэд Оргил багш бид нарыг цохилгаан бороохойгоор айлгаж загнасан. ... Тэр өдөр машиныхаа голын хайрцагнаас цахилгаан бороохой гаргаж ирээд айлгаж цохиулсан. Намайг зодож байгаагүй. Хичээл хийсэнгүй, муухай бичлээ гэж чихнээс зулгааж, хана руу харуулаад гар өргөж зогсоох, толгой руу цохиж, цүнхтэй хичээлийг газарт сэгсрээд ном дэвтэр асгаж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Энхжаргалын “... Миний хүүхэд Хүслэнбаяр, Хүслэнбат нар 2017 оны 10 дугаар сараас эхлэн ............... өдөр өнжүүлэх төвд хичээлийн бус цагаар очдог байсан. ... Э- нь Хүслэнбаярын хичээлийн цүнхийг доош харуулж асгасан, хана руу харуулж зогсоосон гэх зэрэг хэл ам гарч байсан. Тухай бүрд нь Э- багшид өөрт нь хэлж анхааруулдаг байсан. ... 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд Хүслэнбат, Хүслэнбаяр хоёрыг авах гээд өдөр өнжүүлэх төв дээр нь очих үед Хүслэнбаяр коридорт уйлаад Хүслэнбат ангидаа сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Хүслэнбаяр нь Э- багш намайг цахилгаан бороохой гаргаж ирж айлгасан гээд уйлж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч А.Хүслэнбатын “Би ............... өдөр өнжүүлэхэд өөрийн ах Хүслэнбаярын хамт явдаг байсан юм. Тухайн өдөр өнжүүлэх төв багш Э- нь урьд нь намайг хичээлээ хийсэнгүй гээд хацар чимхэж, чихнээс зулгаадаг байсан. Тэгээд он, сар, өдрийг нь санахгүй байна. Эрдэнэбаяр багш Хүслэнбаяр ах болон хэсэг хүүхдүүдийг автобусаараа хичээлд нь хүргэж өгч байх үед нь Хүслэнбаяр нь болон тэнд байсан хэсэг хүүхдүүдэд эр хүний хамгийн чухал эрхтэн бол боов гээд ярьж байхыг нь нэг хүүхэд очоод хэлчихсэн юм. Яг хэн гэдэг хүүхэд байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд Э- багш бид нарыг загнасан бөгөөд цахилгаан бороохой гаргаж ирээд та нарыг том хүний юм ярилаа гээд Хүслэнбаяр бид хоёрыг цахилгаан бороохойгоор айлгаж аманд чинь хийж хэлийг чинь түлнэ гэж байсан. Тэгээд энэ талаар би орой нь ээждээ хэлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/

 

Т.Э-ын яллагдагчаар өгсөн “ ...Би зүйл ангийг зөвшөөрч байна. Тэгэхдээ хутга гаргасан зүйл байхгүй. ... Тухайн үед  ч гэсэн цагдаа нар намайг болон миний машин тэргийг нэгжээд цахилгаан бороохой байсныг нь хурааж авсан. Хэрэв хутга байсан бол хутгыг хураан авах байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 81-82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтооджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Т.Э- нь ............... өдөр өнжүүлэх төвд суралцдаг бага насны 9 настай эрэгтэй А.Хүслэнбаяр, 7 настай эрэгтэй А.Хүслэнбат нарыг хичээлээ хийсэнгүй гэх шалтгаанаар төвийн хичээлийн танхимд чихнээс нь татах, толгой руу нь цохих, хана руу харуулан гарыг өргүүлж зогсоолгох, 29-79 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор А.Хүслэнбаяр, А.Хүслэнбат нарт хутга харуулан эд юманд хүрвэл хутгаар хурууг хэрчинэ гэж айлгах, зүй бус үг хэллэг хэрэглэлээ гэх шалтгаанаар цахилгаан бороохойгоор гарын булчинд куртикны гаднаас тогоор цохиулах, ам руу нь цахилгаан бороохой чихэж хэлийг түлнэ гэж айлгах зэргээр удаа дараа хэрцгий харьцсан нь насанд хүрээгүй хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Э-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 63 дугаар хуудас/ урьд ял шийтгүүлж байгаагүй тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхжаргалаас “Би 10 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сар хүртэл 2 сарын сургалтын төлбөр болох 600.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхжаргалын нэхэмжилсэн хохирлын талаарх баримтууд хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй бөгөөд харин хохирогчийн төлөөлөгч нь хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн Police гэсэн бичиглэлтэй гар чийдэнтэй цахилгаан бороохойг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Т.Эрдэн-Оргил баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Т.Э-ын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

    

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Хотгойд овогт Тарвачимбугийн Э-ыг “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

                

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Э- торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Т.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Т.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхжаргал нь хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн Police гэсэн бичиглэлтэй гар чийдэнтэй цахилгаан бороохойг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ