Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 159/2019/0014/з |
Дугаар | 165 |
Огноо | 2020-05-13 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 165
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Сэлэнгэ аймгийн
Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн “Б” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал Ё.С, түүний өмгөөлөгч Л.Д нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн “Б” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.2, 38.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Алтан булаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар эүйлийн 106.2-д заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн дагуу эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж зөв шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах шатны шүүхэд гаргасан үндэслэлгүй гомдлыг хүлээн авлаа.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонцогтын давж заалдсан гомдлын тухайд: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А./07 дугаартай захирамж нь “С” ХХК-ийн хоёр гишүүний өөрсдийнх бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн “Б” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж үндэслэлтэй юм. Энэ захирамжийн талаар С.Б-д мэдэгдэж байсан, би олон жил Тамгын газар ажиллаж байсан хүнийхээ хувьд “С” ХХК-ийн захирлыг Д.Г гэж мэднэ. С.Б Д.Г-д өөрөө хүсэлтээ бичээд өгсөн учраас С.Б-ийн эрх зөрчигдөөгүй гэсэн агуулгыг дурджээ. Энэ нь нэг нутаг усны хүмүүс удам судраа мэднэ, тийм учраас нутгийн хүмүүстэй хууль дүрэм харгалзахгүй үйлчилж эрх ашгийг нь хамгаална гэж хэлж байна гэж ойлгогдохоор байна. С.Б-ийн бичиж өгсөн хүсэлтийн хүрээнээс хальж дур мэдэн шийдвэр гаргачихаад хууль ёсны үндэстэй шийдвэр гэж маргаад байгаа нь Н.О-д ямар нэг ашиг сонирхлын зөрчил байгаад байна гэсэн хардлагыг ч бидэнд төрүүлэхээр байна.
6. Нэхэмжлэгч С.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Алтанбулаг сумын ЗДТГ-т гаргасан хүсэлтдээ: Д.Г-д 257,64 га талбайг эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй, бусдад тариа тариулахад татгалзах зүйлгүй... гэж дурдаж бичсэн болохоос бусдын эзэмшилд шилжүүлээд зарах эрхийг Б.Г-д олгов гэж бичээгүй юм.
7. Харин Д.Г-ийн бичсэн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Алтанбулаг сумын Тамгын газарт өгсөн ... “С” ХХК-ийн эзэмшлийн ... “Мойлтийн гуу” гэх газар байрлах 515 га газраас 300 га газрыг “Б” ХХК-нд эзэмших эрхийг шилжүүлэв ... гэх хүсэлтийг үндэслэн газрыг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана ... гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр Алтанбулаг сумын Засаг дарга гаргасан учраас үүнийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн зөв байгаа юм.
8. Гуравдагч этгээдийн давж заалдсан гомдлын тухайд нэхэмжлэгч С.Б нь “Б” ХХК-нд Д.Г-ийг 257,64 га газрыг түрээслүүлсэн гэж ойлгож явснаас газар эзэмших эрхийг бүр мөсөн шилжүүлсэн гэдгийг мэдээгүй явсан. Нэг нутгийн хүмүүс үгсэн гүтгэж хэргийг өөрсдөө ашигтайгаар шийдвэрлүүлж байна. Анх Д.Г нь захирал С.Б-д газрыг 10 жилийн хугацаатай түрээслүүлсэн гэж ташаа мэдээлэл өгч байсан учраас газар эзэмших эрх шилжсэн тухай огт мэдээгүй явсан учраас “С” ХХК-ийн эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдрөө л буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэлээ хуулийн хугацаанд шүүхэд гаргасан.
9. Давж заалдах шатны шүүх хурлыг хойшлуулж цаг хугацаа авч байгаад гуравдагч этгээдүүд Д.Г нар хэргийг өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлж чадлаа. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль буруу хэрэглэж, тайлбарлаж гарсан үндэслэлгүй шийдвэр учраас түүнийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
11. Анх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаар захирамжаар “С” ХХК-д тус сумын “Мойлт гуу” гэх газарт 515.28 га газрыг газар тариалангийн зориулалтаар, 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, газар эзэмшигч “С” ХХК-ийн 50 хувийн хувьцааг С.Б, мөн 50 хувийн хувьцааг Д.Г эзэмшдэг, С.Б-аас 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “... компанийн эзэмшлийн 515.28 га талбайн 50 хувь ...-ийг “С” ХХК-ийн /хувьцаа эзэмшигч/ Д.Г эзэмшдэг ба түүнд эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй... ” гэх зөвшөөрөл бичгээр олгосон, Д.Г-ээс 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “... Компанийн эзэмшлийн 515 га газраас 300 га газрын “Б” ХХК-д эзэмших эрхийг шилжүүлэх” хүсэлт гаргасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжаар 300 га газрыг “Б” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
12. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал С.Б-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гараагүй байхад ... 300 га газар эзэмших эрхийг “Б” ХХК-д шилжүүлсэн нь хууль бус” гэж, хариуцагчаас “... газрыг хэсэгчлэн шилжүүлэх тухай зөвшөөрөл, хүсэлт бусад бичиг баримтыг үндэслэн захирамж гаргасан нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
13. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “... эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд ... /наториатаар гэрчлүүлсэн гэрээг хавсаргах/”-аар тус тус заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгчээс “...”С” ХХК хүсэлт гаргаагүй” гэж, хариуцагчаас “...”С” ХХК-ийг төлөөлж Д.Г-ээс наториатаар баталгаажуулсан хүсэлт гаргасан” гэж маргасныг давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулж Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
14. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаар захирамжаар 300 га газрыг “Б” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч “С” ХХК (захирал С.Б)-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бөгөөд, хууль бус байх ёстой, энэ тохиолдолд, газар эзэмшигч “С” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч С.Б-аас “... компанийн эзэмшлийн 515.28 га талбайн 50 хувийг Д.Г эзэмшдэг” болохыг хүлээн зөвшөөрч, “компанийн /50 хувийн/ хувьцаа эзэмшигч Д.Г-д эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй” гэх бичгийг наториатаар баталгаажуулан, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт хаяглан үйлдсэн, уг үйл баримттай өөрөө маргаагүй тул маргаан бүхий “515.28 га талбайн 50 хувийг”-ийг Д.Г эзэмшсэн, эсхүл Д.Г-ээс газар эзэмших эрхээ өөр этгээдэд шилжүүлсэн нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн болон тус компанийн захирал С.Б-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
15. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ын “... давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн”, “...Д.Г-д 257,64 га талбайг эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй ... /гэснээс/ бусдын эзэмшилд шилжүүлээд зарах эрхийг Б.Г-д олгов гэж бичээгүй”, “... С” ХХК-ийн эрх зөрчигдсөн” гэх зэргээр гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.
16. Харин, нэхэмжлэгч “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хоорондоо компанийн эзэмшлийн “515.28 га талбайн 50 хувийг” нэгэндээ буюу Д.Г-д эзэмшүүлэхээр тохиролцсон, уг хэлцлээр 257,64 га талбайг Д.Г эзэмшихээр байхад “С” ХХК-ийн нийт эзэмшил талбайгаас 300 га газрыг бусдад шилжүүлсэн нь буруу, 257,64 га талбайгаас илүү гарсан хэмжээгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.
17. Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн “Б” ХХК-нд холбогдох хэсгийн 42.36 га талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх 257.64 га талбайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА