Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 01

 


        Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
       баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 
 
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Б.Ариунжаргал, Ц.Энхцэцэг нарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт даргад хариуцагдах 
Архангай аймгийн 9, 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зарласан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явагдах сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохыг даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ц.Энхцэцэгээс ирүүлсэн хүсэлтийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Цэрэндорж овогтой Энхцэцэг миний бие тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Мөнхбат нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 
Миний бие одоо зарлагдсан сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхцэцэг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтээ тус шүүхэд гаргасан байх бөгөөд түүнд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөхөд түүнийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Төрийн  албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Энхцэцэгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Ц.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч энэ асуудлаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
 
 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА