| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2406069591559 |
| Дугаар | 2026/ДШМ/78 |
| Огноо | 2026-01-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/78
2026 01 16 2026/ДШМ/78
Х.Н-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн үүх хуралдаанд:
шүүгдэгч Х.Н /цахимаар/,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2498 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2406069591559 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х.Н,
Урьд, Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар баривчлах, **** аймгийн *** дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 422 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 490 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Х.Н нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архины мөнгө олох зорилгоор **** дүүргийн ** дүгээр хороо, 5-1050 хашаанд байх О.П гэрийн хаалганы цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтэрч, хурган дотортой монгол дээл 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 840,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ***** дүүргийн 21 дүгээр хороо, ***** 1099 тоотод байрлах Ц.Э эзэмшлийн амины орон сууцны вакум цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг дээлийн мөнгөн товч, 200 метр гэрлийн 220В-ийн утас, 1 ширхэг гутал хатаагч, 1 ширхэг мах шарагч, 1 ширхэг ширмэн тогоо, 1 ширхэг цахилгаан уран хөрөө, 3 хос өвлийн түрийтэй гутал, 1 ширхэг өвлийн урт куртик зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 912,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ***** дүүргийн **** дүгээр хороо, *** 49 тоотод байрлах Б.Л эзэмшлийн монголын гэрийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг эрх, 1 ширхэг хөөрөг, 1 ширхэг бөгж зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 745,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр **** дүүргийн *** дүгээр хороо. **** 38/889 тоотод байрлах Б.Н эзэмшлийн монголын гэрийн цоожийг болон амины орон сууцны хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гуулин аяга, 1 ширхэг зэс аяга, 1 ширхэг чемодан, 1 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг төмөр иштэй жижиг сүх, 1 ширхэг жижиг лоом, 1 ширхэг цахилгаан хөрөө, 1 ширхэг цахилгаан таслагч, 1 ширхэг жоотуу зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 348,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хороо, ***** 24 дүгээр гудамжны *** тоот хохирогч Б.Н-н гэрээс нийт 15 кг хонь, үхрийн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 180,000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдэж, хохирогч нарт нийт 3,025,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.Н “Үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/490 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 /гурав/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сар 22 /хорин хоёр/ хоногийг энэ тогтоолоор оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 /зургаа/ жил 06 /зургаа/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Н 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, нийт эдлэх ялыг 06 /зургаа/ жил 05 /тав/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н оногдуулсан 06 /зургаа/ жил 05 /тав/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Н 3,025,000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.П 840,000 төгрөг, Ц.Э 912,000 төгрөг, Б.Л 745,000 төгрөг, Б.Н 348,000 төгрөг, Б.Н180,000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн мөрдөгч ахмад Т, ахлах дэслэгч Т нар нь Х.Н надад эрүүдэн шүүх буюу зодож цохих зэргээр хүч хэрэглэж зохиомлоор тулгаж мэдүүлэг авч, дүрсжүүлэх нотлох баримт бүрдүүлсэн. Мөн 2025 оны 06 дугаар сарын 10-нд мэдүүлэг авсан гэх Ч дэслэгчийн надаас мэдүүлэг аваагүй нь үнэн. Мөн прокурорт энэ талаар нь мэдэгдэх гэтэл улсын яллагч нь өөрөө уулзаагүй, яллах дүгнэлтийг ондоо прокурорт өгч явуулснаас хэлэх боломж гараагүй, прокурорынхоо царайг шүүх хурал дээр л харсан тул тэр талаар ярих цаг бүрдээгүй. ***** аймгийн **** сум 2 дугаар баг, ***** 14-03 тоотод аав, ээж, эхнэр 4 хүүхэдтэйгээ амьдардаг, эхнэртэйгээ гэр бүлийн баталгаа байхгүй улмаас хүүхдүүд маань ээжээрээ овоглодог юм. Хийгээгүй хэрэгт 4 жилийн хорих ял нэмүүлж, аваагүй эд зүйл болох хохирлын 3,025,000 төгрөг төлөх гэж байгаадаа гомдолтой байна. Хийгээгүй хэрэгт хүчээр ялласны үнэн зөвийг тогтоож өгнө үү. ...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч нар мэдүүлэг, тайлбар авахдаа хүч хэрэглэсэн. Мөрдөгч “хэргээ хүлээ” гээд тулгасан учраас би хэргээ хүлээж байгаа агуулгатай мэдүүлгийг өгсөн. 461 дүгээр хорих ангид хоригдож байхад эмэгтэй прокурор ирж яллах дүгнэлт гардуулсан. Миний холбогдсон хэрэгт хяналт тавьж байсан прокурортой шүүх хуралдааны танхимд л анх уулзсан. Би хийгээгүй хэргийнхээ төлөө 4 жилийн хорих ял авсандаа гомдолтой байна. ...” гэв.
Прокурор З.Өлзийхүү тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Н эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хэрэгт бүртгэлийн шатнаас нь эхэлж прокурор миний бие хяналт тавьж ажилласан. Шүүгдэгч Х.Н холбогдох хэргийг шалгах явцад хулгайн 4 үйлдэл илэрсэн тул тухайн 4 үйлдлийг уг хэрэгт нэгтгэн шалгаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэгт бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрх бүхий албан тушаалтнууд болон мөрдөгчөөс шүүгдэгчийн гомдолдоо дурдаж байгаа “...эрүүдэн шүүсэн, мэдүүлэг тулгаж авсан, зодож, цохисон...” үйлдлийг гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах эрх нь шүүгдэгчид нээлттэй байсан, гэвч тэрээр дээрх агуулгаар гомдол гаргаж байгаагүй. Прокурорын зүгээс хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ хэргийн бодит байдлыг тогтоож, нотолбол зохих байдлыг тогтоож, яллагдагч, шүүгдэгчийг эрх, үүргээр нь хангаж хяналт тавьж ажилласан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Н мэдүүлэг өгөхдөө эрүүдэн шүүсэн талаар дурдаагүй. Гэвч тэрээр гомдлоо тайлбарлахдаа “яллах дүгнэлтийг хяналт тавьж байгаа прокурор гардуулаагүй” гэж тайлбарлалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “прокурор яллах дүгнэлт гардуулна” гэж хуульчилсан байдаг. Түүнээс “хяналт тавьж байгаа прокурор гардуулна” гэж тодорхойлон зохицуулсан заалт байхгүй. Шүүгдэгчийг цагдан хорих 461 дүгээр хорих ангид дуудлагаар шилжүүлж авчирсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч, шүүгдэгч нь хяналт тавьж байгаа прокурортой уулзах хүсэлтийг гаргаж болохоор заасан. Энэ хэргийн шүүгдэгч Х.Наранбаатарын тухайд мөрдөн шалгах ажиллагааны шатанд ямар нэгэн хүсэлтийг гаргаж байгаагүй. Яллагдагчаас хүсэлт гаргаагүй байхад прокурор мөрдөгчийн хийх ёстой ажлыг хийх хуулийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, прокурор нь шаардлагатай болон оролцогч нар хүсэлт гаргасан тохиолдолд л мэдүүлэг авах ажиллагаанд оролцохоор зохицуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, бодит байдлыг тогтоосон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс дээрх хулгайн 5 үйлдлээ бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэх тайлбарыг өгч байна, тэрээр анхан шатны шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэх зүйлийг яриагүй, энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан байгаа. Уг хэрэгт 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан. Уг ажиллагаагаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн газраа зааж, ямар айлаас юу авсан талаараа мэдүүлсэн байдаг. Энэ талаарх мөрдөгчийн тэмдэглэл хэргийн материалд хавсаргагдсан байгаа. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдэг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед Х.Н өмгөөлөгч авах эсэх талаар нь асууж, тодруулсан, гэвч тэрээр өмгөөлөгч авахгүй болохоо илэрхийлсэн, энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тодорхой тусгагдсан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгчийн эрхийг хязгаарласан ямар нэгэн процессын алдаа гаргаагүй гэж үзэж прокурорын зүгээс үзэж байгаа тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Х.Н холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдов.
1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэн, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.
Шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээг нотлох баримтын хүрэлцэхүйц байдал гэж үзэх бөгөөд үүний дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаарын тухай ойлголт юм. Шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, шүүгдэгчийг уул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх учиртай.
Хэрэгт “...гарын мөр 2 ш илрүүлэв...” гэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/1хх-ийн 12, 1/ Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02/599 дугаартай “...1 гэж дугаарласан 1ш гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ...” гэсэн шинжээчийн дүгнэлт/1хх-ийн 25-30/, “...3ш гарын мөр илрүүлэв...” гэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/1хх-ийн 86/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын № 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02/591 дугаартай “...1, 2, 3 гэж дугаарласан гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ...” гэсэн шинжээчийн дүгнэлт/1хх-ийн 113-117, “...гарын мөр 3ш бэхжүүлэн авав...” гэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/1хх-ийн 155/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын № 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02/595 дугаартай “...2, 3 дугаараар тэмдэглэсэн гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ/1хх-ийн 183-186/, “...4ш гарын мөр бэхжүүлэн авав...” гэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/1хх-ийн 215/, “...1, 2, 3 гэж тэмдэглэсэн гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын № 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02/590 дугаартай шинжээчийн дүгнэлт/1хх-ийн 238-241/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болжээ.
Хэргийн газраас илэрсэн, адилтгалын шинжилгээнд тэнцэх эдгээр гарын мөрийг шүүгдэгч Х.Н гарын хээтэй харьцуулан адилтгалын шинжилгээ хийгээгүй нь тухайн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг нотлохуйц нотлох баримт гэж үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон бөгөөд бусад нотлох баримтууд болох хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэргийн нотолгооны төвшинг алдагдуулсан байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд “1.Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” хэмээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдах шаардлагыг тусгажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагч... эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулна” гэж тус тус зааснаас гадна мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй гэж заасан бөгөөд уг журмыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна.
Шүүгдэгч Х.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...”/1хх-ийн 43/, “...өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...”/1хх-ийн 126/, “...мэдүүлэгтээ өмгөөлөгчтэй байна...”/1хх 196/, “...мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө...”/2хх-ийн 25/ гэж тус тус мэдүүлсэн байна. Гэтэл мөрдөгч яллагдагчийн энэ хүсэлтийг хангаж, өмгөөлөгч оролцуулан яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлж, прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх гэм буруу болон эрүүгийн хариуцлагын асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн алдааг гаргасан байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолыг яллагдагчид танилцуулж, хувийг гардуулна” гэж тус тус хуульчилжээ.
2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 165 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах” прокурорын тогтоолоор/2хх-ийн 107/ яллагдагч Х.Н холбогдох хэргийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж...” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэсэн хүндрүүлсэн өөрчлөлтийг оруулж, яллагдагчид танилцуулж, мэдүүлэг авах ажиллагаа хийхийг мөрдөгчид даалган шийдвэрлэсэн.
Уг тогтоолыг яллагдагчид танилцуулах, гардуулах, мэдүүлэг авах ажиллагааг хийлгүйгээр прокурор мөн өдрөө яллах дүгнэлт үйлдэн /2хх-ийн 110/, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр /2хх-ийн 147/ анхан шатны шүүхэд хэргийг хүргүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2498 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, “...хийгээгүй хэрэгтээ ял шийтгүүлж ял нэмүүлсэн, хохирол төлөхөөр болсондоо гомдолтой байна...” гэсэн агуулгатай шүүгдэгчийн Х.Н давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2498 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Х.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА