Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 471

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Халх овогт Одонгуагийн Б-т яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805019500466 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, “...............” ХХК-д эх бэлтгэгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ..... дүгээр хороо ...........дугаар байрны ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн  2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Халх овогт Одонгуагийн Б-

 

Шүүгдэгч О.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо .............дугаар байрны байрны орцонд Б.О-тэй маргалдан зодож биед нь хүзүүний зөөлөн эдийн гэмтэл, хүзүү, эгэм, өвдөгт цус хуралт, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б- мэдүүлэхдээ: “Эхнэр найзуудтайгаа шоудаад 4-5 цагийн үед утсаа авахгүй 2 цаг болсон. Тэгэхээр нь би уурлаад “гэртээ ирээд хэрэггүй найзындаа очиж хоно“ гэж мессеж бичсэн. Тэгтэл манай эхнэр 4 цаг өнгөрч байхад 2 найзтайгаа хамт хаалга тогшихоор нь нээж өгөөгүй. Тэгтэл чанга тогшоод байхаар нь хаалгаа нээж “зайл” гэж хэлээд оруулахгүй хаалгаа хаасан. Тэгтэл О- “пизда минь, хаалгаа нээ” гээд орилоод байсан. Би хаалгаа нээгээд эхлээд эхнэртэйгээ маргалдаж байтал О- хажуугаар орж ирээд хуучны зүйл яриад намайг арчаагүй гэх зэргээр хэлж маргалдсан. Тэгээд миний нүдрүү цохиод надруу дайрсан. Тэгэхээр нь би үсдэж дараад түүний хоёр гараас нь барьж байтал миний зүүн гарын булчингаас хазсан. Тэгээд тавихгүй байхаар нь хойшоо татаж үзээд болохгүй байхаар нь багалзуурдаж тавиулсан. Тэгээд гэрт ороод ямар ч зодоон болоогүй. Тухайн үед дуудлагын дагуу хоёр цагдаа ирсэн. Сарын дараа миний бүх шарх арилсан ба ганцхан хазуулсан сорви үлдсэн байхад цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн болохыг мэдсэн” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч О.Б- нь Б.О-тэй маргалдан зодож биед нь хүзүүний зөөлөн эдийн гэмтэл, хүзүү, эгэм, өвдөгт цус хуралт, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Оюун-Эрдэнийн “Хэзээ гэдгийг мартсан байна. Мөнхцацрал нэг найз ирчихлээ гурвуулаа уулзах уу гээд ярьж байсан. Тэгээд Мөнхцацралын гэрийн гадаа бид гурав уулзахаар болсон. Би таксидаад 23 цагийн үед байх  Мөнхцацралын гэрийн гадаа очсон. ... Бид гурав за за гарцгаая гээд гарсан. Мөнхцацрал та хоёр намайг хүргээд өгчих өөр хүнтэй явлаа гээд нөхөр итгэхгүй байна гэсэн. Тэгээд Батцэцэг би Мөнхцацрал бид гурав СОТ 2/2 байр Мөнхцацралын гэрийн хаалгыг эхлээд нүдэхэд тайлахгүй байсан. Дараа нь чангахан нүдсэн чинь хаалгаа нөхөр нь хагас онгойлгоод “зайл гичий минь” гээд буцаагаад хаалгаа хаасан. Тэгэхээр нь  би дахиад чанга нүдсэн чинь гарч ирээд Мөнхцацралыг түлхээд дайраад эхэлсэн. Би өмөөрсөн чинь миний хоолойг боогоод үсдээд намайг юм мөргүүлсэн. ... Мөнхцацрал, Батцэцэг хоёр бид хоёрыг салгаад бид нар гэрт нь орсон. ... Билгээ намайг үсдээд татаад өвдөг рүүгээ мөргүүлсэн. ... бас хана мөргүүлсэн. Өөр хаана цохисныг санахгүй байгаа. ... Би эмчилгээний зардлаа төлүүлмээр байна. Гомдолтой байна. Зүгээр байхад уурлаж цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Гэрч М.Мөнхцацралын “Батцэцэг Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумаас хотод ирээд манай гэрт байсан. О- такситай гэрийн гадаа ирээд бид хоёр гэрээс гараад хамт караоке бааранд суугаад шөнийн 03 цаг өнгөрч байхад би гэртээ очсон. ... Би хаалгаа нүдэхэд нөхөр Б- хаалгаа тайлаад намайг зайл гээд хаалгаа хаасан юм. Тэгтэл О- хаалгыг чанга нүдээд нөхөр эргэж гарч ирээд нөхөр О- хоёр маргалдаад О- нөхөр Б-ийг цохисон. Б- Оюун-Эрдэнийг үсдэж дарсан. Би хажууд нь байсан болохоор тэр хоёрыг салгасан юм. ... Оюун-Эрдэнийг үсдээд дарсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар 16-ны  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3710 дугаартай:

“1. Б.Оюун-Эрдэнийн биед хүзүүний зөөлөн эдийн гэмтэл, хүзүү, эгэм, өвдөгт цус хуралт, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч О.Б-чийн яллагдагчаар өгсөн “... Би гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. ... О- хаалга өшиглөөд агсам тавиад гэр бүлийг доромжилсон. О- манай эхнэрийг байнга шоудаад явчихдаг. Тухайн үед хаалга нүдээд хүүхдүүд айж уйлсан. Тэгээд би уурласан юм ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.     

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч О.Б- прокурорт гаргасан хүсэлтэндээ “О.Б- миний бие Б.Оюун-Эрдэнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 200.000 төгрөг өгсөн. Прокурорын санал болгосон 450.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд О.Б- надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хэргийн 59 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон”, 4.2 “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн”, 4.3 “прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн”, 4.4 “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн”, 4.5 “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, ... хохирогчтой эвлэрсэн”, 4.6 “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон” зэрэг нөхцөл байдлууд хангагдсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хохирогч Б.О- “Б.О- миний бие найзын нөхөр Б-тэй эвлэрсэн. Эмчилгээний зардал болох 200.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. Хялбаршуулах журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 58 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халх овогт Одонгуагийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б- 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  О.Б- торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  О.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ