| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2026/00062/И |
| Дугаар | 308/ШШ2026/00433 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 308/ШШ2026/00433
| 2026 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 308/ШШ2026/00433 | Дорноговь аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, Гз гудамж, ** дүгээр байрны * тоотод оршин суух, О овогт Ггийн Х
Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, Н хын гудамж, *** дүгээр байрны ** тоотод оршин суух Б овогт Бийн Б,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, З хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух НБ овогт Брын Ө,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,830,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Х,
Хариуцагч Б.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,
Хариуцагч: Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Өмнөговь аймагт ажилтай байх хойгуур манай эхнэрээс Б.Б нь жолоо барих эрхийн үнэмлэхтэй, нөхрийнхөө автомашиныг өгчих гэж гуйхаар нь жолоо барих эрхтэй гэдгээр нь итгээд миний эзэмшлийн автомашиныг өгөөд явуулсан байсан. Тухайн өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 12-нд Б.Б нь Ягийн төрсөн өдөр болж байгаа Х хийн элс рүү найзуудаараа явчхаад ирье гээд автомашиныг аваад явсан байдаг. Автомашинд Ө, Я, Э, Э, Н, Б, Э, Н нар суугаад Б.Б жолоодоод Саас Х х рүү явсан байсан. Х хэд очоод бүгд архи уусан байсан ба Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гээд жолоог жолооны үнэмлэхгүй согтуу байсан Б.Өт шилжүүлснээр Б.Ө нь согтуу автомашин барьж явж байгаад засмал зам дээр адуу дайрч миний автомашиныг эвдэлсэн. Би ажлаасаа бууж ирээд Б.Ө, Б.Б нартай уулзахад цагдаад мэдэгдээд хэрэггүй, бид нар автомашиныг чинь засаж янзлаад өгчихнө гэхээр нь харзнаад байж байтал сүүлдээ утсаа авахгүй, автомашин янзалж өгсөн зүйлгүй нилээдгүй хугацаа өнгөрлөө. Уг асуудлаар би аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргасан боловч тухайн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонг тогтоогоогүй учир Иргэний шүүхэд хандаж хохирлоо нэхэмжил гээд миний өргөдөл гомдлыг хүлээн авсангүй. Иймд автомашины жолоог дур мэдэн шилжүүлсэн Б.Б, согтуугаар автомашин жолоодон автомашин эвдэлсэн Б.Ө нараас 9,830,000 төгрөгийг гаргуулан өгнө үү. эвлэрэх саналтай байна. гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр над руу машин бариад өгчих гэж Э гуйсны дагуу тухайн хүний машиныг жолоодон явсан. ... Салхин сэнс рүү явахад Н /Хгийн найз охин/ хамт байсан бөгөөд тэрээр өөрийн найз залуу болох Хгийн машины түлхүүрийг өгч хамт явцгаасан. Бид салхин сэнс орж мах, хоол шарж идсэн. ... Х хээс С руу буцах замд санамсаргүй осол гарсан. Осол гарсны дараа Н тухайн болсон явдлыг Хд шууд хэлэлгүйгээр нууж, ослын үед хамт байсан хүүхдүүдтэй ярилцан 14 хоногийн дотор машиныг засахаар тохиролцсон. Улмаар ачилтын машин дуудаж засварын газар хүргүүлсэн. ... Бид цагийн ажил хийж, боломжит бүх аргаар мөнгө цуглуулсны эцэст нийт 3,350,000 төгрөгөөр сэлбэг худалдан авсан. ... Гэтэл Х болон Н нар биднийг цагдаад өгнө гэж айлган сүрдүүлж, сэтгэл санааны хохирол учруулсан гэж 1,300,000 төгрөг нэхэмжилсэн. Бид нар дахиад аав, ээжээсээ бага багаар авч аппликейшны зээл авч Нгийн Хаан банкны**************** тоот данс руу шилжүүлсэн. ... эвлэрэх талаар ярилцаад үзье. гэв.
Хариуцагч Б.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...бид өөрсдийн гэсэн орлогогүй байсан болохоор цагийн ажил хийн хөдөлмөрлөж, утсаа ломбарданд тавьж бусад хүүхдүүдээс мөнгө цуглуулан сэлбэгүүд авах хүндрэлтэй байсан тул нилээд хугацааны дараа сэлбэгүүдийг нийт 3,350,000 төгрөгөөр худалдан авсны дараа машиныг засуулах гэж байхад Х өөрийн банк бус зээлийн өрийн дарамтаас болж та нар нилээн хугацаа өнгөрлөө гээд бид нараа машинаа засуулахаа боль мөнгө өг гэж шаардсан. ... бид 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн. ...манай дүү болон түүнтэй хамт явсан хүүхдүүд мөнгө шилжүүлсэн. Одоо нэхэмжлэгчтэй эвлэрэх талаар ярилцъя гэв. гэжээ.
Талууд шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Г.Х миний бие хариуцагч Б.Б, Б.Ө нарт холбогдох эд хөрөнгөд учирсан хохирол 9,830,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгийг хасаж 8,530,000 төгрөгийг 2 хувааж буюу 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4,265,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 4,265,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, -Аб ХХК-ийн даатгалын хохирлын үнэлгээ,
Хариуцагч нараас хариу тайлбар, итгэмжлэл, Дипозит дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл, худалдан авсан сэлбэгийн зураг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Г.Хгийн нэхэмжлэлтэй Б.Б, Б.Ө нарт холбогдох 9,830,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,300,000 төгрөгөөр багасгаж нэхэмжлэлийн шаардлагаа 8,530,000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4,265,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 4,265,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.Хгийн нэхэмжлэлтэй Б.Б, Б.Ө нарт холбогдох 9,830,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,300,000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 8,530,000 төгрөгийг хариуцагч нар 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4,265,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 4,265,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,230 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 86,115 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ