| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/01059/И |
| Дугаар | 308/ШШ2026/00395 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 308/ШШ2026/00395
| 2026 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 308/ШШ2026/00395 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байрны * тоотод оршин суух, Ш овогт Э Д,
Хариуцагч: Д аймаг, И сум, * дугаар баг, Зэд оршин суух, Ш овогт С Ч,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Э.Д /цахимаар/,
Хариуцагч: С.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Д нь С.Чт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2009 онд С.Чтой танилцаж гэр бүл болсон. Гэрлэлтээ 2016 оны 09 дүгээр сард Х аймгийн Х суманд бүртгүүлсэн. Бид гэр бүл болон амьдрах хуагцаанд 2010 онд хүү Ч.Ч, 2014 онд охин Ч.Х нар мэндэлсэн. Бид 2017 оноос харилцаа хөндийрч хэрэлдэж таарч тохирохгүй болсон. 2019 оноос хойш цуг амьдраагүй. Энэ байдлаас болж бид 2019 оноос хойш хамт амьдрах аргагүй болж харилцан ярилцаад салахаар шийдсэн. Хоёр хүүхдээ би өөрийн асрамжид авсан бөгөөд тусдаа амьдраад 6 жил болж байна. ... Би дээд сургууль төгсөөд Х аймагт шилжин амьдрах болсон. 2014 онд Х төрсөн, тухайн үед Ч Х аймагт цуг амьдардаггүй байсан. У хотод амьдардаг, хааяа нэг Х аймагт ирдэг байсан. Д аймагт эх дээрээ очдог байсан. Охиноо гарснаас хойш 2 жил цуг амьдарсан. Үүнээс хойш Д аймаг И сум руугаа байнга явдаг болсон. Х аймагт ирж очоод хоёр талд амьдардаг байсан. Бид гэр бүлээ батлуулаагүй явж байсан. 2017 онд гэрлэлтээ батлуулсан. Түүнээс хойш цугтаа амьдарч байгаагүй. Нэг нь хөдөө нэг нь аймгийн төв дээр амьдардаг байсан. 2019 оны 03 сард хамт амьдрахгүй Д аймаг явлаа гээд явсан. Үүнээс хойш 2026 он хүртэл би өөр хүнтэй хамт амьдарч хүүхдийг нь гаргасан. ... Би Чтой хамт амьдрах боломжгүй. ... Эвлэрүүлэн зуучлал дээр хүртэл өөрөө зөвшөөрөөд гарын үсгээ зурсан. Тэгээд энэ шүүх хуралдаан болж байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас Чийн гэрлэлт цуцлуулахгүй гэсэн саналыг хүлээж авах боломжгүй. ... Иймд шүүхээс хүсэхэд бид цаашид амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, насанд хүртэл нь С.Чоос тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би одоо өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болсон гэв.
Хариуцагч С.Ч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие хүүхдүүдээ 18 нас хүртэл гэрлэлтийн баталгаа салгах хүсэлгүй байна. ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ... 2018 он хүртэл Э.Дтэй хамтран амьдарсан. Хавар мал төллөхөөр хөдөө гэртээ очиж малаа төллүүлж, ямаагаа самнадаг ажилтай байсан. Тэгээд ирж очоод хамт амьдардаг байсан. Э.Д нь надтай байх хугацаандаа 3 сар Солонгос улс явж ирсэн. Ирээд харьцаа нь сонин болсон. Тэгээд ээж дээрээ байж байгаад ирье гэж бодоод 2019 онд ирсэн. Тэрнээс хойш эвлэрэх гэж нэг очсон. Би хоёр хүүхдээ насанд хүртэл гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байна. Энэ хүн түрүүлээд янз бүрийн ааш гаргасан би салж яваагүй. ... 2019 оноос хойш 2026 он хүртэл тусдаа амьдарч байна. 2020 онд эвлэрэх гэж очиход намайг хүлээж аваагүй. Охинтой минь утсаар яриулдаггүй, хүүтэйгээ утсаар ярьж мөнгө төгрөг шилжүүлдэг. 2018, 2019 онд байнга надаас салмаар байна гэсэн харьцаатай байсан. Орой болохоор ажлынхантайгаа архи уугаад шоудаад алга болдог. Хойноос нь утасдахаар утсаа хаагаад алга болдог. ... гэв.
Нэхэмжлэгчээс Эт өрх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х аймгийн Х сумын * дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Б дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,
Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ***/ШЗ2025/0**** дугаартай шүүгчийн захирамжаар даалгавар гүйцэтгүүлж охин Ч.Х, хүү Ч.Ч нарын саналыг асуусан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Хариуцагчтай зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа. Өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах гэж,
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Э.Д, С.Ч нар 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн ************* дугаарт бүртгүүлсэн, тэдний хамтын амьдралын хугацаанд 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү Ч.Ч, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин Ч.Х нар төрсөн. Хүүхдүүд сургуульд суралцаж, эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Эт өрх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Х аймгийн Х сумын * дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Б дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
6.Гэрлэгчид зан харилцааны байдлын таарамжгүй байдлын улмаас болж тусдаа амьдарч байгаа, шүүхээс өмнө шатанд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч ирээгүй, нэхэмжлэгч өөр хүнтэй хамтын амьдралтай болж хүүхэдтэй болсон, 2019 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримталж гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин Ч.Х, хүү Ч.Ч нарыг эхийн асрамжид үлдээхээр талууд тохиролцсон байх тул эхийн асрамжид үлдээж, эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Ч.Х, хүү Ч.Ч нарт Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож эцэг С.Чоор тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллага болон Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Дий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Чоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Дд олгохоор, 230,464 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Э Д, Ш овогт С Ч нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин Ч.Х, хүү Ч.Ч нарыг эх Э.Дий асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Ч.Х, хүү Ч.Ч нарыг 11 нас хүртэл амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг С.Чоор тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд бие биедээ саад учруулахгүй болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллага болон Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус хүргүүлсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Дий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Чоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Дд, 230,464 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ