Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00845

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00845

 

ЦХын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/00638 дугаар шийдвэртэй

Ц.Хонгорзулын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Л, Ю.Н нарт холбогдох

Хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоотод байрлах, 63 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 42,654,700 төгрөгийг буцаан гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот 63 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Хонгорзул, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Ц.Хонгорзул нь Л. Ганзоригтой 2004 онд танилцаж, 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсон бөгөөд 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Мишээл төрсөн. Ц.Хонгорзул нь 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хаян ХХК-тай Орон сууцны байранд хөрөнгө оруулалт хийж, бариулах гэрээ-г байгуулан, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот хаягт байрлах 63 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг бариулан Хаан банк ХХК-аас зээл авч, төлбөрөө төлсөн. Байрны урьдчилгаа төлбөрийн 30 хувь буюу 14,391,000 төгрөг төлсөн. Хаан банктай 2008 оны 03 дугаар сарйн 04-ний өдөр орон сууц худалдан авах зориулалтаар зээлийн гэрээ байгуулж, 33,570,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед өөрийн ажиллуулж байсан диско баарны орлого зарлагын баримтад үндэслэн, уг зээлийг авсан бөгөөд баарны орлогоосоо зээлээ төлдөг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлээ төлж дуусгасан. 2008 онд улсын бүртгэлийн Ү-2202013380 дугаарт бүртгүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн №000048353 дугаар гэрчилгээ олгогдсон, хууль ёсны өмчлөгч юм. Маргааны зүйл болж буй орон сууцанд Ц.Хонгорзул нь өнөөдрийг хүртэл эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Л, Ю.Н нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч Ж.Л нь 1945 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 76 настай, хариуцагч Ю.Н нь 1948 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн 73 настай ахмад настангууд байгаа. Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоотод байрлах, 63 м.кв талбай бүхий орон сууцанд амьдардаггүй. Нэхэмжлэгч Ц.Хонгорзул нь хариуцагч нарын хүү болох Л.Ганзоригийн эхнэр юм. Ц.Хонгорзул, Л.Ганзориг нар нь 2007 онд танилцан, гэр бүл болж хамтран амьдарч, тэдний дундаас 2008 онд охин Г.Мишээл төрсөн. Ц.Хонгорзул нь Л.Ганзоригтой суухаас өмнө Хүслэн, Номуун гэсэн хоёр хүүхэдтэй байсан. Л.Ганзоригийг нас барахаас нэг жилийн өмнө Ц.Хонгорзул нь Л.Ганзоригоос салж, өөрийн гэх бүх зүйл, охин Г.Мишээлийг аваад явсан. 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан нас барсан. Мөн буяны ажилд нь Ц.Хонгорзул оролцоогүй. Ер нь бол сураг чимээгүй, ямарч холбоогүй байсан. Тухайн маргааны зүйл болж буй орон сууцны урьдчилгаа төлбөрийг хариуцагч нар төлж, зээлээр худалдаж авсан. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ яагаад ганцхан Ц.Хонгорзулын нэр дээр гарсныг хариуцагч нар мэдэхгүй. Орон сууцны урьдчилгаа төлбөр болон зээлийн эргэн төлөлтийг төлж байсан. 2008 оноос 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл хугацааны Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот хаягт байрлах 63 м.кв бүхий 2 өрөө орон сууцны ашиглалтын зардал, байр, сөх, цахилгаан төлбөрийг төлсөөр ирсэн. Ц.Хонгорзулын зээлийн төлбөрт, Хаан банкинд 42,654,700 төгрөгийг төлсөн. Зээл төлөлтийн баримтаа гаргаж өгсөн. Маргааны зүйл болж буй байрны зээлийн төлбөрийг хариуцагч нар яагаад төлөх болсон бэ гэвэл, хүү нь нас барсан, бэр нь ач охиныг нь аваад, салаад явсан. Иймд хүүгийнхээ гал голомтыг авч үлдэхийн тулд тэтгэвэрийн мөнгөө буухаар нь орон сууцны зээлийн төлбөрийг цаг тухайд төлж ирсэн. Уг байрыг худалдан авахад нэхэмжлэгчээс нэг ч төгрөгийн зардал гаргаагүй, нэг ч удаа сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ус цахилгааны төлбөрийг төлөөгүй байж, банкны зээл төлөгдөж дуусмагц хууль ёсны өмчлөгч мэтээр хандаж байна. Маргааны зүйл болж буй бүхий байрыг худалдан авахад, нэхэмжлэгчээс нэг ч төгрөгийн зардал гараагүй, байрны урьчилгаа төлбөр болон зээлийн төлөлтийг бүгдийг нь хариуцагч нар төлж дуусгасан тул албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ю.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саранчимэг нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ц.Хонгорзул нь бидний 3 дахь хүү талийгаач Л.Ганзоригийн эхнэр юм. Хүү Л.Ганзориг нь нэхэмжлэгч Ц.Хонгорзултай 2007 онд танилцаж манайд хамт амьдарч байгаад тэдний дундаас 2008 онд охин Г.Мишээл төрсөн бөгөөд Ц.Хонгорзул нь манай хүүтэй суухаас өмнө Хүслэн, Номуун гэдэг хоёр хүүхэдтэй байсан. Бидний хүү Л.Ганзориг нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж сэтгэл санааны гүн хямралд орж идэр залуухан эд хийж бүтээх 42-хон насандаа бурхны оронд одсон юм. Хүүг нас барахаас нэг жилийн өмнө нэхэмжлэгч Ц.Хонгорзул нь өөрийн гэсэн бүх зүйлээ, охин Г.Мишээлийг аваад явсан бөгөөд сүүлд сургийг нь сонсоход гадагшаа хүнтэй суугаад явсан байсан. Ц.Хонгорзулийн өмчлөлийн гээд байгаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруу гудамж 34 дүгээр байрны 51 тоот 63.м.кв орон сууцыг хариуцагч бид 2008 онд 17,000,000 орчим төгрөгийн урьдчилгаа төлж лизингээр худалдаж авсан юм. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ яагаад ганцхан Ц.Хонгорзулын нэр дээр гарсныг сайн мэдэхгүй байна. Орон сууцны урьдчилгаа болон зээлийн эргэн төлөлтийг хариуцагч бид төлсөн одоо бидэнд байгаа баримтаар 2010 оны 10 сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл нийт 42,654,700 төгрөгийг төлсөн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруу гудамж 34 дүгээр байрны 51 тоот 63.м.кв орон сууцны байрны мөнгө болох сууц өмчлөгчдийн холбоо, цахилгаан, ус дулааны мөнгийг хариуцагч бид 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл төлж байна. Гэтэл нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруу гудамж 34 дүгээр байрны 51 тоот 63.м.кв орон сууцыг 100 хувь өөрийн өмч мэт үзэж 70 гарсан хариуцагч биднийг албадан гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж аваад их гайхаж бас маш их гомдож байна. Маргааны зүйл болж буй орон сууцыг худалдаж авахад нэхэмжлэгчээс нэг ч төгрөгийн зардал аваагүй, нэг удаа ч байрны болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ус цахилгаан дулааны мөнгө төлж байгаагүй атлаа банкны зээл төлөгдөж дуусмагц хууль ёсны өмчлөгч мэтээр хандаж байна. Маргааны зүйл болж буй орон сууцанд хариуцагч бид амьдардаггүй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо бага тойруу гудамж 45 дугаар байрны 44 тоот орон сууцанд амьдарч байна. Иймд маргааны зүйл болж буй орон сууцыг бий болоход буюу худалдан авахад нэхэмжлэгчээс нэг ч төгрөгийн зардал гараагүй урьдчилгаа болон зээлийн эргэн төлөлтийг бүгдийг нь хариуцагч бид төлж дуусгасан тул албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн байгаа хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарыг дэмжин оролцож байна гэжээ.

4. Хариуцагч Ю.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. Саранчимэг нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Ц.Хонгорзулд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 42,654,700 төгрөгийг буцаан гаргуулж, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот 63 м.кв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүү Л.Ганзориг нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж сэтгэл санааны гүн хямралд орж, нас барсан. Ц.Хонгорзулын өмчлөлийн гээд байгаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байрны 51 тоот 63 м.кв орон сууцыг хариуцагч нар нь 2008 онд 17,000,000 орчим төгрөгийн урьдчилгаа төлж, лизингээр худалдаж авсан юм. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ яагаад ганцхан Ц.Хонгорзулын нэр дээр гарсныг сайн мэдэхгүй бөгөөд орон сууцны урьдчилгаа болон зээлийн эргэн төлөлтийг хариуцагч нар нь 2010 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл нийт 42,654,700 төгрөгийг төлсөн байна. Иймд Ц.Хонгорзулаас Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 42,654,700 төгрөгийг буцаан гаргуулж, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот 62 м.кв хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Ж.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Маргааны зүйл болж буй орон сууцны урьдчилгаа төлбөрийг хариуцагч нарын санхүүжилтээр төлсөн. Банкнаас Ц.Хонгорзул өөрийн нэр дээрээ зээл авсан бөгөөд уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Л.Ганзоригийн нэр дээр гараагүй гэдгийг сүүлд мэдсэн. Л.Ганзоригийг нас барсны дараа банкнаас тухайн орон сууцыг хураах гэж байсан. Энэ хугацаанд хариуцагч нар зээлийн төлбөрт 42,654,700 төгрөгийн төлсөн. Зээлийн төлбөр төлсөн талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Хариуцагч нар нь тэтгэвэрийнхээ мөнгөөр уг байрны төлбөрийг төлдөг байсан. Иймд Ц.Хонгорзулаас зээлийн төлбөрт төлсөн 42.654.700 төгрөгийг буцаан гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот 62 м.кв хоёр өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч Ц.Хонгорзулын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Хонгорзул нь Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоотод байрны хууль ёсны өмчлөгч юм. Ц.Хонгорзул нь бизнесийнхээ орлогоор банкны зээл, гэр бүлийн бусад хэрэглээний төлбөрүүдээ төлдөг байсан. Ц.Хонгорзулын нөхөр, хариуцагч нарын хүү болох Л.Ганзориг нь 2011 оны 09 дүгээр сард 10 давхараас унаж хүнд гэмтэл аван улмаар хэвтэрийн хүнийг асрах шаардлага гарсан. Энэ үед хадмууд маань бид настай хүмүүс учир хүн асарч чадахгүй, чи эмнэлэгт нөхрөө сахиж асар, бид танай байрны төлбөрийг төлье гэж санал тавьсан. Энэ хугацаанд нөхөр маань 7 удаагийн хагалгаанд орж, сахиуртай байнгын миний асаргаанд байсан бөгөөд 2015 оноос л эрүүл саруул болсон. Энэ хугацаанд банкны зээлийн төлбөрийг төлж байсан. Нөхөр минь эрүүл саруул болсны дараа бид 3 гадаадад гарч амьдрахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд би охинтойгоо явж, нөхөр маань араас ирэхээр тохиролцсон юм. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би охиныхоо хамт ХБНГУ руу явсан бөгөөд охин бид 2 сайн явж хүрлээ гээд нөхөртэйгээ ярьсан. Харамсалтай нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хань минь нас барсан байсан. Гадаад паспортаа хулгайд алдсан, элчин сайдын яамандаа хандан байж 3 сарын дараа буцаж ирсэн. Буцаж ирээд гэртээ очсон боловч хадмууд маань охин бид хоёрыг оруулаагүй. Орон сууц захиалан бариулах гэрээг хэн хийсэн, урьдчилгаа төлбөрийг хэн хийсэн, зээлийн гэрээг хэн хийсэн, хамтран зээлдэгчээр хэн оролцсон гээд энэ талаарх бүх нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Хариуцагч нарын дэмжлэгтэйгээр бизнес эрхэлсэн гэж ярьж байна. Ц.Хонгорзул нь Л.Ганзоригтой 2004 онд танилцсан. 2004 оноос өмнө Ц.Хонгорзул өөрийн гэсэн бизнестэй, орлоготой амьдарч байсан. Мөн Ц.Хонгорзулын ааш араншингаас болж Л.Ганзоригийг архинд орсон гэж хэлж байна. Гэтэл Л.Ганзориг нь багаасаа л бага тойргийн атаман гэдэг нэртэй байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хариуцагч Ж.Л, Ю.Н нарын хууль бус эзэмшлээс Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013380 дугаарт бүртгэгдсэн Ц. Хонгорзулын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо,6 дугаар хороолол /15140/, Их тойруу 34 дүгээр байрны 51 тоотод байрлах 63 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Ц. Хонгорзулд олгож, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1,496.2-т зааснаар Ц.Хонгорзулаас 40,176,350 /дөчин сая нэг зуун далан зургаан мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулж, Ж.Л, Ю.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,478,350 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг орон сууцаар хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаазүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц. Хонгорзулаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ж.Л, Ю. Н нараас сөрөг нэхэмжлэл гарахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,200 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Ж.Лхагвсаүрэн, Ю.Н нараас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Хонгорзулд олгож, Ц. Хонгорзулаас 358,832 төгрөг гаргуулж, Ж. Л, Ю.Н нарт тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШЗ2022/10669 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах- аар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.

8. Нэхэмжлэгч Ц.Хонгорзулын давж заалдах гомдлын агуулга: ... Ц.Хонгорзул нь 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хаян компанитай Орон сууцны байранд хөрөнгө оруулалт хийж бариулах гэрээг хийж урьдчилгаа 30%-н төлбөр болох 14,391,000 төгрөгийг төлсөн. Мөн 2008 оны 03 дугаар сарын 04-ний өдөр орон сууцныхаа үлдэгдэл төлбөрийг төлөхөөр Хаан банкнаас зээл авсан бөгөөд хамтран зээлдэгчээр миний аав Д.Цэрэндаш оролцсон. Банк тухайн зээлийг олгохдоо миний ажиллуулж байсан диско баарны орлого зарлагын баримтад дээр үндэслэн уг зээлийг олгосон. Тодорхой хугацаанд хариуцагч нар орон сууцны зээлийн эргэн төлөлтийг төлж байсан тухайд миний нөхөр буюу хариуцагч нарын хүү болох Л.Ганзориг нь 2011 оны 09 дүгээр сард 10 давхраас унаж хүнд гэмтэл аван улмаар хэвтрийн хүнийг асрах шаардлага гарсан. Энэ үед хариуцагч нар бид настай хүмүүс учир хүн асарч чадахгүй, чи эмнэлэгт нөхрөө сахиж, асар бид тэтгэвэрээсээ танай байрны зээлийн төлбөрийг төлье гэсэн аман хэлцэл байгуулсан бөгөөд энэ хэлцлийн дагуу банкны зээлийн төлбөрийг төлж байсан. Нөхөр маань 7 удаагийн хагалгаанд орж, дөрвөн жил уйгагүй асарч халамжилсны үр дүнд 2015 онд хөл дээрээ босож эрүүл саруул болсон. Ингээд бид гурав гадаадад гарч амьдрахаар болж хүүхэдтэй хүмүүст амьдрах орон байраар хангадаг гэж сонссон байсан тул эхний удаад охин бид хоёр ХБНГУ руу явсан бөгөөд нөхөр маань араас ирэх ёстой байсан. Гэтэл харамсалтай нь охин бид хоёрыг явснаас 12 хоногийн дараа нөхөр минь нас барсан байсан. Зургаан жилийн хугацаанд би охиноо дагуулаад өндөр настай аав, ээж, ах дүү нарынхаараа айл айл хэсэн толгой хоргодон амьдарч байна. Хэрвээ энэ зургаан жилийн хугацаанд би өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад түрээсэлсэн бол 44,700,000 төгрөгийн ашиг орлого олох боломжтой байсан бөгөөд Ц.Хонгорзул надад 44,700,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хариуцагч нарын нэхэмжилсэн 40,176,350 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Хариуцагч Ж.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагч Ю.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саранчимэг нар давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг зөрчсөн байна.

3. Нэхэмжлэгч Ц.Хонгорзул нь хариуцагч Ж.Л, Ю.Н нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоотод байрлах, 63 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 42,654,700 төгрөгийг буцаан гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот 63 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй байна гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нарын Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот 2 өрөө орон сууцыг үндэслэлгүй эзэмшиж байгаа гэсэн үндэслэл заасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Ж.Л, Ю.Н нарын хүү Л.Ганзоригтой нэхэмжлэгч Ц.Хонгорзул 2004 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсноо 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газарт бүртгүүлсэн, 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Мишээл төрсөн байна.

6. Нэхэмжлэгч Ц.Хонгорзул нь хариуцагч Ж.Л, Ю.Н нарын хүү Л.Ганзоригийн эхнэр байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэр бүлийн харилцаатай хүмүүс тул маргааны зүйл болж буй эд хөрөнгийг хариуцагч нар үндэслэлгүйгээр эзэмшилдээ байлгаж байгаа гэх байдал тогтоогдоогүй байна. Иймд хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэх байдал эргэлзээтэй байна.

6.а. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгийг ямар үндэслэлээр эзэмшилдээ авсан, уг эзэмшил дуусгавар болсон эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай.

6.б. Хариуцагч нарын хувьд нэхэмжлэгчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдсон Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т заасан ямар нэгэн хариу шаардлага гаргах эрхтэй эсэх буюу бусдын өмнөөс үндэслэлгүйгээр төлбөр төлсөн эсэхэд эсхүл талууд энэ талаар зөвшилцсөний үндсэн дээр төлбөр төлсөн гэсэн асуудлыг тодруулах зайлшгүй шаардлагатай.

7. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, зөвхөн шүүх хуралдааны явцад тодруулсан байна. Иймд уг маргааны асуудлаар эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

8. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/00638 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 358,832 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО