| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2503000750278 |
| Дугаар | 2026/ДШМ/84 |
| Огноо | 2026-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/84
2026 01 20 2026/ДШМ/84
Ц.Ү-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж, түүний өмгөөлөгч Б.Б,
шүүгдэгч Ц.Ү /цахимаар/, түүний өмгөөлөгч Ж.Б,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2451 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж-н өмгөөлөгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.Ү-д холбогдох эрүүгийн 2503000750278 дүгээр хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Ү,27
Шүүгдэгч Ц.Ү нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Камелын автобусны буудлын замд “Тоёота Приус” маркийн **-** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1-т заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”, мөн хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 45 настай, эрэгтэй, А.Н-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ц.Ү-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Ү-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ү-д энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар, 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 10 сар, 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү-н 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19/арван ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж нь нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Ү жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ц.Ү урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тухайн үед хэрэг болсон газраасаа шууд 102 залгаж цагдаагийн байгууллагатай холбогдож тухайн газраас оргон зайлсан санаа сэдэл гаргаагүй цагдаагийн газартай хамтран ажилласан. Бурхан болоочийн ар гэрийнхэнд өөрийн бололцоогоороо мөнгө шилжүүлсэн. Шүүх прокуророос тогтоосон хохирол гомдлыг бүрэн боловсруулсан өөрийн гэм буруутайд маргаагүй зэргийг минь харгалзан үзэж шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж буюу 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2 зааснаар ялыг минь хуульд заасан үндэслэл журмын дагуу хөнгөрүүлж өгнө үү...Би анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг гэж бичих гэж байгаад 1.2 гэж буруу бичсэн байсан. Үүнийг залруулж хэлмээр байна. Анхан шатны шүүхэд би гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй. Анхан шатны шүүхээс надаас хохирогчид 5,127,257 төгрөгийг хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн. Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд 4,589,150 төгрөг, шүүхийн шатанд 540,000 төгрөгийг тус тус төлсөн. Анхан шатны шүүхээс намайг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн байдаг. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж тус гэмт хэргийн улмаас өөрт нь учирсан сэтгэцийн хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Би үүнтэй санал нийлж байгаа. Өөрөөр хэлбэл байх ёстой зүйл гэж үзэж байгаа. Шүүх хуралдаанд хохирогч талаас манай дүү замын хажуугаар гэр лүүгээ явж байхад нь мөргөж дээр нь гарсан байсан гэж тайлбарласан. Шүүх хуралдааны танхимд хараагүй зүйлээ харсан мэтээр улаан цайм худал ярьж байгаа эсэхийг нь би мэдэхгүй байна. Замын хөдөлгөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Монгол улсын нутаг дэвсгэрт олон нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмын замын хөдөлгөөний дүрмээр тогтооно гэж заасан. Мөн Замын хөдөлгөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж биелүүлэх үүрэгтэй, Замын хөдөлгөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ, Замын хөдөлгөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх гэж тус тус заасан байна. Миний зүгээс энэ хуулиуд надад болон хохирогчид адил үйлчлэх ёстой гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг заасан байна. Хохирогчоос үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, цуснаас согтууруулах болон мансууруулах бодис илрээгүй гэж үзсэн байна. Хохирогчийн хувьд насанд хүрсэн хүн байсан. Өөрийн үйл хөдлөлөө хянаж ухамсарлахаар насны хүн байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол хөдөлгөөнд осолтой байдал учруулахгүйгээр зорчино гэж заасан. Эв эрүүл ухаантай байсан хүн яагаад гэнэт машины урдуур орсон юм бэ. Хохирогчийн эхнэр нь өнгөрөөд удаагүй нөхцөл байдал байсан. Үр хүүхэдгүй талаар нь түүний гэр бүлийнхэн хэлдэг. Сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж өөр санаа сэдэлтэй байсан юм болов уу гэж миний зүгээс хардаж байна. Тухайн үед би урсгал сөрж яваагүй. Хурд хэтрүүлээгүй ба өөрийн зорчих ёстой эгнээгээр явж байсан. Хохирогч миний зорчиж явсан машины өмнө орох алхам хийгээгүй байсан бол аль аль талын гэр бүлүүд амар тайван шинэ оноо угтах ёстой байсан байх. Үхсэн хүн үг хэлэхгүй гэх байдлаар амь хохирогчид буруугаа чихэж байгаа зүйл огт байхгүй. Гэхдээ энэ ослыг хэн эхлээд үүсгэж байгаа юм бэ гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Гэрлийн тусгал муудсаны улмаас явган хүний зам дээр зорчиж байсан этгээдийг би мөргөөгүй. Дугуй муудсаны улмаас гулгаж ямар нэгэн этгээдийг би мөргөсөнгүй. Энэ осолд би өөрийгөө зөвтгөх гэсэнгүй. Харин би амь хохирогчийг олж харсан бол гүйцэж явсан машиныг мөргөх боломжтой байсан. Тэнд хэдэн хүн байсныг би хэлж мэдэхгүй байна. Эсхүл би энэ хүний оронд байх, өөр этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулах боломжтой байсан. Муугаар бодоход миний машины доор өөр хэн нэгэн этгээд байх л байсан. Шорон гэдэг хүний хүсэх зүйл биш гэдгийг би өөрийн биеэр мэдэрч байна. Прокурорын зүгээс харанхуй үед жолооч өөрийн үзэгдэх хүрээний дотор тээврийн хэрэгслийн хурдыг зогсох хэмжээнд тохируулж явах ёстой байсан гэж тайлбарладаг. Тухайн үед байгалийн гэрэл гэгээгүй болсон байсан. Харин хүний гараар бүтээсэн гэрэл, гэрэлтүүлэг байсан бөгөөд бүгд ажиллаж байсан. Тухайн газарт үзэгдэлт хангалтгүй хэсэг эсхүл огцом эргэлт огт байгаагүй. Шулуун замаар явж байсан. Мөн би холоос очиж байсан. Замын хажуугийн явган хүний зам дээр хүн байсан гэдгийг мэдүүлэг дээрээ ч хэлсэн. Мөн урд машин явж байсан талаар ч хэлдэг. Би хурд хэтрүүлээгүй. Тухайн үед надад үзэгдэх орчих хангалттай харагдаж байсан. Үзэгдэх хүрээнд миний зүгээс хурдаа тохируулж явж байсан. Тухайн үед миний жолоодож байсан тээврийн хэрэгсэл миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаагүй. Хүний машин байсан. Урьдчилан тааварлахын аргагүй үйл хөдлөл хохирогчийн зүгээс хийсний улмаас осол гарах шалтгаан болсон. Эрхэм шүүгч нар миний холбогдсон хэргийг мэргэн ухаанаар зөв дүгнэж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж-н өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дахь заалтад заасан гэмт хэрийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийнхээ хүрээнд сэтгэцэд учирсан хор уршгаа мөнгөн хэлбэрээр гаргуулж авна гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, прокурорт, мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүнд илэрхийлсэн бөгөөд шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг сэтгэл санааны хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.5 дахь заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...” нотлон тогтоох талаар хуульчилсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэтгэцэд учирсан хор уршгаа мөнгөн хэлбэрээр гаргуулна гэж хүсэл зоригоо тодорхой илэрхийлж байхад мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шинжилгээний байгууллагыг шинжээчээр томилж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох зорилгоор шинжээч томилохгүйгээр Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдсэн нь хохирогчийн хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхийг нь хязгаарласан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэснээрээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоох нотолбол зохих байдлын нэг юм. Түүнчлэн энэ шийтгэх тогтоолоор нэг мөр шийдвэрлүүлсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цаг хугацаа, эдийн хувьд хохиролгүй, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосноор хохирол төлбөрийн хэмжээг бодитой тогтоож, энэ байдлаас шалтгаалан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээнд шүүх дүгнэлт хийхэд ач холбогдолтой. Анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж, шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой оногдуулж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ү эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “... гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх хөнгөрүүлэх үндэслэн тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь гэвэл тус хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардалтай холбоотойгоор 7,300,000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд тус зардлыг гаргахад худалдааны төвүүд зарим нь баримт өгдөггүй, буян номын ажилтай холбоотойгоор ламд өгсөн мөнгө зэрэгт баримт авах боломжгүй байдлаас болоод бүх гарсан зардлынхаа нөат баримтыг гаргаж өгөөгүй гэж тайлбарладаг. Мөн сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт шүүгдэгчийн зүгээс огтоос төлбөр мөнгө өгөөгүй байхад хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх боломжгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/2451 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ц.Ү өмгөөлөгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогч тухайн зам дээр алхаж явсан юм уу гэдэг талаар би анхан шатны шүүх дээр тайлбарлаж байсан. Мөн амь хохирогч өмнө нь авто тээврийн осолд өртчихсөн юм биш байгаа гэх бодол төрдөг. Хэрвээ хүн тээврийн хэрэгсэлд мөргүүлэх юм бол хурдтай явж байгаа эсэхээс шалтгаалаад шидэгдэх эсхүл тухай машиныг давж шидэгдэх физикийн хууль үйлчилдэг. Хэргийн нотлох баримтаас амь хохирогч зам дээр хэвтэж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хэвтэж байсан хүн дээгүүр машин гарсан нөхцөл байдал байгаа юм биш үү гэх өнцгөөр өмгөөлөгч миний бие тайлбарладаг. Шүүгдэгч болсон асуудалтай холбоотой түргэн шуурхай түргэн болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гэтэл хэв журам ирсэн байдаг. Хэв журам шүүгдэгч Ц.Ү-н өгсөн дуудлага мэдээллийн дагуу ирээгүй. Энэ зам дээр хүн хэвтэж байна гэх дуудлага ирсний дагуу ирсэн гэх нөхцөл байдал байдаг. Үүнээс харахад амь хохирогч шүүгдэгчид мөргүүлсэн байсан учраас амь хохирсон уу эсхүл өмнө нь мөргүүлсэн учраас амь хохирсон уу гэх эргэлзээтэй байдал үүссэн. Энэ талаар өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Гэвч тухайн гарсан хэрэгтэй холбогдуулан шүүгдэгч Ц.Ү-г Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2, 4 дүгээр хавсралтын 5, 3.1-т заасныг зөрчсөн гэж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой бидний зүгээс маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр нөхцөл байдлуудыг шалган тогтоон шийдвэрлэх боломжтой байсан боловч шалган тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэл байгаа. Энэ нь шүүгдэгчийн давж заалдах гомдол гаргасан хамгийн гол үндэслэл болсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулаагүй шийдвэрлэсэн нь буруу болсон гэж тайлбарлаж байна. Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох хүсэлтээ зохих журмын дагуу гаргаж байсан нөхцөл байдал байдаггүй. Хэрэг шүүхэд шилжүүлэхэд хохирогч талаас энэ асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломж нь байсан хэдий ч энэ талаарх хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй. Тиймээс анхан шатны шүүх иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Нийт 7,000,000 төгрөгийг зээлээд ажил явдалд гаргасан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүх 5,000,000 гаруй төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудаар буюу хохирогч талаас гаргасан баримтуудыг үндэслэж нийт 5,127,000 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс энэхүү төлбөрийг төлсөн учраас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.3-т зааснаар хохирол төлбөргүй гэж үзээд үндэслэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Ц.Ү-н гаргасан гомдолтой холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг хэрэглэх тухай хүсэлт түүний гомдолд илэрхийлэгдэж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би амь хохирогчийн том эгч бөгөөд өөрийн дүүгээ төлөөлж оролцож байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс буруу зүйл яриад байх юм. Уг нь Монгол хүмүүс байна даа. Зөв шударга зүйл ярьж, хүлээцтэй байх ёстой мэт санагдаж байна. Шүүгдэгчид би маш их гомдолтой байна. Бид нар байцаагчаас Ц.Ү-н дугаарыг аваад холбогдож байсан. Ц.Ү гэмт хэрэг үйлдсэний дараа өөрийн санаачилгаараа утсаар огт яриагүй. Миний дүү нийгэмдээ хөдөлмөрлөж байсан. Олон бүтээл хийж байсан. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу гарсан гэж үзэж байна. Ээж минь дүүтэй минь 07 дугаар сараас эхлээд хамт амьдрах гээд ирчихсэн байсан. Хашаа байшинг нь барьж өгнө гээд бэлдэж байсан. Байшингийн суурийг бэлдээд хэрэгтэй гэх модыг нь хүртэл бэлдсэн байсан. Гэтэл дүү минь нас барчихсан учраас манай ээж үнэхээр хэцүү байдалтай байгаа. Сэтгэл санааны хувьд хүнд байгаа. Би өдөр бүр өөрийнхөө ээжийг уйлж байхыг хараад сууж байна. Өдөр бүр миний ээж хүү минь амьд байсан бол гэж хэлээд мааниа эргүүлээд суудаг. Түүнийг нь харахад надад хэцүү байдаг. Яагаад миний дүүгийн амыг хохироосон байж гэм буруугүй мэт тайлбарлаж байна вэ...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлдээ: “...Хохирогч талаас сэтгэцийн хор уршгийг хамтад нь шийдээгүй гэх асуудлыг ярьж байна. 2024 оны 03 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж гэм бурууг шүүх хэлэлцсэн. Тухайн үед буюу яллах дүгнэлт үйлдэж байхад сэтгэл санааны хохирлыг тодорхой аргачлалаар бодоод шүүх шийдвэрлэдэг байсан. Яллах дүгнэлт үйлдэх үед энэ байдлаар шийддэг байсан учраас шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг. Шүүх хуралдаан 2025 онд болсон. Гэвч сэтгэцэд учирсан хор ургийн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг анхан шатны шүүхээс нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Тиймээс бусдын эрх ашиг хөндөгдөөгүй гэж ойлгож болно. Амь хохирогчийн ээж 80 гаруй настай хүн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагаанд оролцох боломжгүй гэх хүсэлтийг тавьсан учраас эгч нь болох А.Ж-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Мөн эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж тайлбарлаж байна. Шүүгдэгчийн буруутай үйлдэл тогтоогдож байгаа хэдий ч явган хүн гарцгүй газраар гарсан нөхцөл байдал байгаа. Тиймээс анхан шатны шүүхээс үүнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан үзсэн. Мөн баримтаар хохирол төлбөрийг нэхэмжилсэн боловч бодит хохирол 4,589,157 төгрөг гарсан гэж прокурорын зүгээс үзсэн. Хаан банкны олон дансны хуулгыг хэрэгт хийсэн байсан. Уг баримтуудаар хэнээс юуг авсан нь тодорхой бус байсан учраас зөвхөн бодит хохирол болох оршуулгын зардал болон оршуулгын хоол хүнсний зардлыг хохиролд тооцож гаргасан. Баримтаар гаргасан хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс амь хохирогч зогсож байсан эсхүл хэвтэж байсан болон мөн өөр тээврийн хэрэгсэл дайрсан байх магадлалтай талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд ч уг тайлбараа хэлж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа болон Шүүх шинжилгээний үндэсний газрын дүгнэлтээр нас барсан цаг хугацаа зэрэг нь тодорхой байгаа. Шүүгдэгчийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт болсон үйл баримт тодорхой дурдагдсан. Тухайлбал ардаа явж байсан машиныг зүүн толиндоо харах явцад баруун талд байсан хүн зогсож байсан ба анхаарал сарниж зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхээс ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Ү-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Ү нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Камелын автобусны буудлын замд “Тоёота Приус” маркийн **-** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1-т заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”, мөн хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” үед тээврийн хэрэгсэлтийг ашиглахыг хориглосон заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 45 настай, эрэгтэй, А.Н-г мөргөж, амь нас хохирсон болох нь:
“...явган зорчигч А.Н мөргөж амь насыг нь хохироосон...” гэх мэдээлэлтэй гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл./1хх-ийн 3/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2хх-ийн 4-12/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж-н: “...2025 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 09 цаг 30 минутын үед манай дүүгийн охин М миний гар утас руу залгаад Н ахын талаар та юм сонсон уу, Н ах зүгээр үү? гэж асуусан. Тэгэхээр нь би яасан юм бэ? зүгээр үү гэж асуусан. Тэгсэн чинь нас барсан гэсэн сураг байна гэсэн тэгэхээр би юу яриад байгаа юм бэ гээд би уйлаад орилох үед манай охин дүү та тайван байж байгаарай би сайн асууж лавлаад нотлоод эргээд хариу хэлье гээд утсаа салгасан. Тэгээд би жоохон тайвширч байгаа манай терсен Д лүү залгасан чинь шууд миний урдаас эгчээ тайван байгаарай денгеж сая миний утас руу залгаад замын цагдаагаас залгаж байна. Замын цагдаа дээр ирж уулз гэж хэлсэн...жолоочийн зүгээс оршуулгын зардалд 1.010.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 25/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “...1. Амь хохирогч А.Н-н цогцост зулай ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт. зүүн 1,2,3,5,6, баруун 1,2-р хавирганы шууд хугарал, гялтангийн цус хуралт, дух, зулай, зүүн зулай, чамархайн хуйханд хуупарсан шарх, цус хуралт, эрүү, зүүн хөмсөг, шилбэнд няцарсан шарх, дух, зүүн хөмсөг, баруун тохой, хоёр өгзөгт цус хуралт зулгаралт, цээж хэвлий, зүүн чихний зулгаралт, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. 3. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Амь хохирогч нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокд орж нас баржээ. 5. Амь хохирогчийн цогцост хийсэн анхны гадна үзлэгээр нас бараад 2-4 цаг орчим хугацаа өнгөрсөн байжээ. 6. Цус нь 2-р бүлгийн харъяалалтай байна. 7. Цус, цөс, шээсэнд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэх 479 дугаартай дүгнэлт /1хх-ийн 93-101/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн: ...Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 1.4мм /стандарт суудал дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6 мм-ээс багагүй байх/ буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй байна. 4 улиралд буюу 7 градус хүртэлх хүйтэнд ашиглагдах дугуйтай... Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 65000cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 41800cd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5600cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 4300cd /стандарт 10000-225000cd/ байна. Ойрын гэрэл тусгал стандартын шаардлага хангахгүй байна...” гэх 23 дугаартай дүгнэлт /1хх-ийн 113-119/,
9. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошуууч М.Б-н 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 293 дугаартай “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтууд, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэл буюу дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 1.6мм-ээс бага, хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан тээврийн хэрэгсэлээр замын хөдөлгөөнд оролцсон нь осол гарах шалтгаан болсон...” гэсэн агуулгатай мөрдөгчийн магадлагаа /1хх-ийн 154/,
Яллагдагч Ц.Ү-н: “...би явган зорчигч зам гарч байгааг хараагүй, тухайн үед би тээврийн хэрэгслийн зүүн талын толинд ард машин явж байгааг харж байсан. Би ертөнцийн зүгээр урд талаас хойшоо чиглэлтэй холоос харахад, замын хажу талд хүн зогсож байгаа харагдсан...осол гарах үед ямар нэгэн түгжрэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг/1хх-ийн 164-165/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч Ц.Ү тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчснөөс гадна мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1-т заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашин 1.6мм-ээс бага болсон, 5.2-т заасан хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглосон заалтуудыг зөрчсний улмаас явган зорчигч А.Н мөргөж амь нас хохирсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ““тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Ү нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/671 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/778 дугаар магадлалаар 1 жил, 6 сарын хугацаагаap хорих ял болгон өөрчилсөн бөгөөд энэ ялаас эдэлж дуусаагүй байсан 10 /сар/, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 10 сар 15 хоногоор тогтоосон нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалттай нийцнэ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж-н өмгөөлөгч Б.Б “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэх хүсэлтээ илэрхийлсээр байтал дүгнэлт гаргуулалгүйгээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хохирогчийн хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхийг нь хязгаарласан гэж үзнэ... шүүгдэгч “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх үндэслэн тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна... Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Ц.Ү “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялыг минь хуульд заасан үндэслэл журмын дагуу дагуу хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх, эсхүл хүн амын дундаж наслалт болон нас барсан хүний насны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлэхийн аль ашигтайгаар нь тогтоохоор хуульчилсан.
Үүнийг гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр зэргээс үл шалтгаалан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзахгүй, урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг дээрх байдлаар мөнгөн хэлбэрээр тооцон түүний гэр бүлийн гишүүдэд нэг удаа тооцон олгохоор хууль тогтоогч хоёрдмол утгагүйгээр тодорхойлсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирогч, шүүгдэгчийн хувийн байдал, нас, хүйс, боловсрол, ажил мэргэжил, эрүүл мэндийн байдал, нэр төр, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл харгалзахгүйгээр нөхөн төлбөрийг дээрх 2 аргачлалын хохирогч талд аль ашигтай хувилбараар тооцон мөнгөн дүнгээр гаргуулах нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтанд нийцэхээр байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хамааруулахаар зохицуулжээ.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн гэр бүлийн гишүүн биш төрөл, садангийн хүн болох төрсөн эгч А.Ж оролцуулсан бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 4,589,150 төгрөг, шүүхийн шатанд 540,000 төгрөг түүнд төлжээ.
Амь хохирогчийн гэр бүлийн гишүүн гэж үзэх Гэр бүлийн тухай хуулийн дээрх тодорхойлолтонд багтах хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй тул шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтыг хэрэглэн сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудалд хамаарна.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас... хүний амь нас хохирсон бол...” энэ гэмт хэргийн шинж хангагдахаар заажээ.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэхь заалтдаа “...Шүүгдэгч Ц.Ү-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж “...хүний амь нас хохирсон...” байх шинжийг “...хүний амь нас хохироосон...” гэж зөрүүтэй байдлаар бичсэн алдааг гаргажээ.
Иймээс дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж-н өмгөөлөгч Б.Буянхишиг, шүүгдэгч Ц.Ү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ц.Ү-д шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 85 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2451 дүгээр шийтгэх тогтоолыг дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэхь заалтын: “Шүүгдэгч Ц.Ү-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Ц.Ү-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ж-н өмгөөлөгч Б.Буянхишигийн гаргасан нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ү-г 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 85 /наян тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА