| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2026/00236/И |
| Дугаар | 150/шш2026/00084 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 150/шш2026/00084
2026 02 23 150/ШШ2026/00084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ********(РД:*********)-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******” ХХК (РД:********)-д холбогдох,
1. "*********" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 05 сарын 07-ны өдрийн ********ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" ****дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулах,
2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж эхэлсэн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах;
3. Өмнө эрхэлж байсан Ахлах мэргэжилтэн болон Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох;
4. Ажилгүй байсан хугацаанд 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд авах ёстой байсан 6,607,645 төгрөгийн цалинг нөхөн олгуулах, Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх;
5. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дуустал хугацаанд ажиллаж байсан Ахлах мэргэжилтний орон тооны 15,303,469 төгрөгийн цалинг нөхөн олгуулах, Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунхишиг нарыг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг ажлаас чөлөөлөхдөө **** дугаартай тушаалын эх хувийг танилцуулж, би уг тушаалыг хүлээн авсан тухай гарын үсэг зурж ажлаа хүлээлгэн өгсөн. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч талаас *** дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн гэж тайлбар гаргасан. Нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу компанийн ирүүлсэн баримтад мөн *** дугаартай тушаал ирсэн. Иймд надад танилцуулсан тушаал болон компанид хадгалагдаж байгаа тушаалын дугаар зөрүүтэй, хоёр өөр тушаал байгаа тул аль тушаал нь хүчинтэй эсэхэд эргэлзээ үүсэж байна.
Миний бие 2024.11.01-ны өдөр Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр туршилтаар, 2024.11.12-ны өдөр Б/904 тушаалаар хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр, 2025.03.02-ны өдөр Б/204 тушаалаар ахлах мэргэжилтнээр жинхлэн томилсон. Би хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхийн зэрэгцээ ахлах мэргэжилтний албан тушаалыг давхар гүйцэтгэж байсан. Гэтэл намайг ажлаас чөлөөлөхдөө зөвхөн “хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч” албан тушаалаас чөлөөлсөн тушаал гаргасан бөгөөд ахлах мэргэжилтний албан тушаалын тухай огт дурдаагүй. Иймд миний ахлах мэргэжилтний албан тушаал хүчинтэй хэвээр гэж үзэж байна. 2025 оны 5 сарын 6-ны өдөр би хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулсны үндсэн дээр ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан. Гэтэл тухайн өдөр өглөөний хурал дээр гүйцэтгэх захирал намайг үндэслэлгүйгээр буруутган, бусад ажилтнуудын өмнө доромжилж, сэтгэл санааны дарамт үзүүлсэн. Үүний улмаас би тухайн үед цочролд орж, хурлаас гараад шууд өргөдөл бичсэн. Иймд уг өргөдөл нь миний бодит хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Би ахлах мэргэжилтний сул орон тоон дээр шалгалт өгч тэнцэн ажилд орсон боловч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй мөртлөө хэлтсийн даргын үүргийг давхар гүйцэтгүүлж байсан. Мөн тухайн үед хэлтэст цөөн ажилтан ажиллаж байсан тул би хэлтсийн даргын болон ахлах мэргэжилтний ажлыг давхар гүйцэтгэж их хэмжээний ажлын ачаалалтай ажилласан. Гэсэн хэдий ч надад зөвхөн хэлтсийн даргын цалин олгож байсан бөгөөд ахлах мэргэжилтний цалин олгоогүй. Иймд ахлах мэргэжилтний цалинг нөхөн авах үндэслэлтэй гэж үзэж байна. 2024 оны 12 сарын 13-ны өдөр хүний нөөцөөс хөдөлмөрийн гэрээний төсөл танилцуулсан. Гэвч уг төсөлд миний цалинг бууруулсан, туршилтын хугацааг буруу тооцсон, ажилласан хугацаа зөрсөн зэрэг алдаатай заалтууд байсан. Би уг гэрээг засварлаж өгөхийг хүссэн боловч дахин гэрээний төсөл танилцуулаагүй. Худалдан авах ажиллагааны хэлтсийн үнэлгээний хороо нь компанийн худалдан авалтыг зохион байгуулдаг чухал комисс юм. Бидний боловсруулсан тушаалын төсөл өөрчлөгдөн, захиргааны газрын хүмүүс үнэлгээний хороонд орсон байсан. Үүнийг захиралд танилцуулсны дараа захирал өөрөө тушаалын төсөл дээр гарын үсэг зурсан. Гэтэл маргаашийн хурал дээр намайг ашиг сонирхол үүсгэсэн мэтээр буруутгаж, бусдын өмнө доромжилсон. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсны дараа би 2025.05.09-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Гэвч надад хурлын тов мэдэгдээгүй. 2025.05.16-нд дахин хүсэлт гаргасан боловч мөн мэдэгдээгүй, хуулийн хугацаа өнгөрсний дараа би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд миний эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******өөрийн хүсэл зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлуулах тухай хүсэлт гаргаж, өргөдлөө өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч ****** нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/884 тоот тушаалаар Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд түр томилогдсон байдаг. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/904 дугаартай тушаалаар худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалтад тэнцэж, хүн томилогдох хүртэл хугацаанд ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. *********нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож өгнө үү гэсэн утга бүхий өргөдлийг өгсөн. Тус өргөдөлд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр захирлын тушаалаар томилогдон ажиллаж байгаа боловч хөдөлмөрийн гэрээ байгуулсангүй. Миний бие тус компанийн хүний эрхийн мэдрэмжгүй харилцаа, зохион байгуулалтгүй, замбараагүй, шударга бус удирдлагын улмаас би үүрэгт ажлаа хэвийн, шуурхай зохион байгуулж гүйцэтгэхэд хүндрэлтэй, хөдөлмөрлөх эрхээр хангагдаж ажиллах боломжгүй тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтийг үндэслээд 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч нь Б/333 дугаартай тушаалаар Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан, ажил олгогчийн аль аль нь санаачилж цуцалж болно гэж заасан байдаг. *****өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа цуцлуулах санал гаргасан бөгөөд энэ нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй болно. Нэхэмжлэгч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан тул түүний эргүүлэн томилуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн ажил олгогч 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулах гэсэн боловч нэхэмжлэгч танилцаад хэлнэ, түр хүлээж бай гэх шалтгаанаар гарын үсэг зураагүй, хүний нөөцөд хүлээлгэж өгөөгүй байна. Энэ нь хүний нөөцийн ажилтан ********тайлбараар нотлогдож байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ бичгээр үйлдээгүй тохиолдолд ч ажилтан ажлын үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж заасан тул гэрээ бичгээр байгуулагдаагүй ч хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллага ажлын байранд нь эргүүлэн тогтоосон бол ажлыг нь гүйцэтгэж эхлэх хүртэл өмнө авч байсан дундаж цалинтай тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн төлнө гэж заасан. Гэвч энэ хэрэгт нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул түүний эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаарт ажил олгогч ажилтантай тохиролцож ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажлын цагт багтаан өөр ажил хийлгүүлэх боломжтой гэж заасан. Мөн 56.2-д уг тохиолдолд ажил үүрэгт нь тохирох цалинг нэмж олгоно гэж тусгасан. Хуулийн 109.6-д эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн үед нэмэлт хөлсний хэмжээг хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг. Үүний дагуу тухайн үед 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/183 дугаартай цалин хөлсний журам мөрдөгдөж байсан Цалин хөлсний журмын 4.7.2-т өөрийн үндсэн үүргээс гадна өөр ажилд орлон ажиллаж байвал өндөр тарифтай албан тушаалын цалингаар цалинжина гэж заасан. Тус журмын хавсралтаар хэлтсийн даргын цалин 4,000,000 төгрөг, ахлах мэргэжилтний цалин 2,686,824 төгрөг гэж заасан. Иймд тухайн үед ажилтан даргын цалин буюу 4,000,000 төгрөгөөр цалинжуулж байсан. Хэрвээ ахлах мэргэжилтэн үндсэн ажлаа гүйцэтгэж байгаад хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэж байсан бол үндсэн цалинд нь хавсран гүйцэтгэж буй албан тушаалын 30%-ыг нэмж олгох боломжтой байсан. Гэвч түр тушаалтай, түр орлон гүйцэтгэгчийн тушаалтай тул ахлах мэргэжилтний цалинг давхардуулан олгох боломжгүй, харин давуу талын дагуу буюу өндөр цалинтай даргын цалингаар нь цалинжуулсан. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргаж буй хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******даргын хувьд 3-4 сард буюу сул зогсолтын хугацаанд хэлтсийнхээ өөр мэргэжилтэнтэй хамт ажиллаж байсан. Сул зогсолтын хугацаанд 1 хэлтэст 1-2 хүн ажилладаг. Тухайн үед сул зогсолтын графикаараа л ажилласан. Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн *****миний бие хамгийн анх тушаалыг нь гардуулж өгсөн байдаг. Бүх бичиг баримт болон гэрээг тухайн үед би *******даргад өгсөн. Гэтэл танилцаад буцаагаад өгье гээд аваад явсан. Манайд тушаалын мэргэжилтэн байхгүй байсан тул би мэргэжилтэн хавсран гүйцэтгэж байсан. Би гэрээгээ авахаа мартсан байсан тул мэргэжилтэн *****явуулж, ******дарга дээр очоод гэрээгээ аваад ир гэсэн. ******би уншаад танилцаад буцаж өгнө гэдэг хариултуудыг хэлсэн байсан.
Миний бие Хөдөлмөрийн маргаан таслах комиссын нарийн бичгээр ажилладаг. Хурлын тэмдэглэл бичих, хурлын тов зарлах гэдэг үүрэг гүйцэтгэдэг. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дарга ********гэдэг хүн байгаа. Надад хандаж хурлаа зарлая гэхэд холбогдох хүмүүс ээлжийн амралттай байсан учраас хурлаа хойшлуулсан. Хурал хийх болоход *******дарга руу мэйл бичсэн, утас руу нь удаа дараа залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. ******дарга 329 болон 333 дугаар тушаал зөрүүтэй байсан тухай дурдлаа. Тухайн үед Манай хүний нөөцийн хэлтсийн, тушаал шийдвэр хариуцсан хүний нөөцийн мэргэжилтэн ******томилогдоод хэдхэн сарын нүүр үзэж байсан. Тухайн хариуцсан тушаалыг дугаарлахдаа механик шинжтэй алдаа гаргасан байна Тушаал нь утга агуулгын ямар зөрөө байхгүй зөвхөн дугаарлалтын алдаа гаргасан. Энэ тухайгаа бичгээр тайлбарлаж ирүүлсэн байна. Манай компанийн хувьд Б тушаал гаргах болгонд тушаалын маягт хөтөлдөг...” гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********нь “********” ХХК-д холбогдуулан
1. "*********" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 05 сарын 07-ны өдрийн ********ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" ****дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулах,
2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж эхэлсэн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах;
3. Өмнө эрхэлж байсан Ахлах мэргэжилтэн болон Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох;
4. Ажилгүй байсан хугацаанд 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд авах ёстой байсан 6,607,645 төгрөгийн цалинг нөхөн олгуулах, Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх;
5. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дуустал хугацаанд ажиллаж байсан Ахлах мэргэжилтний орон тооны 15,303,469 төгрөгийн цалинг нөхөн олгуулах, Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн өөрчлөх тухай гэж тодорхойлж,
1."**** " ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 сарын 07-ны өдрийн "******* ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" А/329 болон А/333 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах,
2.Өмнө эрхэлж байсан Ахлах мэргэжилтэн болон Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох;
3.Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,
4.Тус компанийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн Ахлах мэргэжилтэн болон хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажилласан хөдөлмөрийн гэрээнүүдийг тус тус нөхөн байгуулах,
5. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дуустал хугацаанд ажиллаж байсан Ахлах мэргэжилтний орон тооны 15,303,469 төгрөгийн цалинг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх гэж,
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь "****” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, бусад шаардлагаасаа татгалзсан болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Би хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхийн зэрэгцээ ахлах мэргэжилтний албан тушаалыг давхар гүйцэтгэж байсан. Гэтэл намайг ажлаас чөлөөлөхдөө зөвхөн “хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч” албан тушаалаас чөлөөлсөн тушаал гаргасан бөгөөд ахлах мэргэжилтний албан тушаалын тухай огт дурдаагүй. Иймд миний ахлах мэргэжилтний албан тушаал хүчинтэй хэвээр гэж үзэж байна. Ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх тул "******” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...******* өөрийн хүсэл зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлуулах тухай хүсэлт гаргаж, өргөдлөө өгсөн хууль тогтоомжийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон…” гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар нэхэмжлэгч ****нь хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр “******” ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан боловч хуульд заасан хугацааны дотор маргааныг шийдвэрлээгүй тул шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмнө нь эрхэлж байсан ахлах мэргэжилтэн болон худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж шүүх дүгнэв.
“******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/884 дугаартай тушаалаар *****“*****” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр түр хугацаагаар томилсон байна. /хх-ийн 97/
2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/904 дугаартай тушаалаар Худалдан авах хэлтсийн даргын албан тушаалд түр хугацаагаар Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан *******томилжээ. /хх-ийн 98/
Дээрх тушаал гарснаас хойш буюу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн *******туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээг 2 сарын хугацаагаар сунгаж, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/204 дугаартай тушаалаар Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн ********2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн жинхлэн томилсон тушаал тус тус гарчээ. /хх-ийн 99-100/
“******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн Б/333 дугаартай тушаалаар Худалдан авах хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *********ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээр тус өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ. /хх-ийн 101/
Хэрэгт ********хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нэг агуулга бүхий 2 өөр дугаартай тушаал хэрэгт авагдсан бөгөөд ажил олгогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч техникийн шинжтэй алдаанаас 2 өөр дугаарлалтай тушаал гарсан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т “ажил олгогч нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх үүрэгтэй” гэж, 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж заасны дагуу ажил олгогч хөдөлмөрийн гэрээ ажилтантай байгуулаагүй ч тэдний хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзнэ.
Ажил олгогч нь *******анх 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн албан тушаалд туршилтын хугацаагаар авч ажиллуулсан байх ба 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн Худалдан авах хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон атлаа худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа туршилтын хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2 сараар сунгаж, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн жинхлэн томилсон үйл баримт тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-т ажил олгогч нь ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах үүрэгтэй гэж, 43.2.10-т хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүрэгтэй гэж тус тус хуульчилсан.
Хариуцагч “******” ХХК нь ********өмнө нь эрхэлж байсан худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон талаар шийдвэр гаргахгүйгээр дараагийн ажил, албан тушаалд томилж, тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаанд өмнөх ажил, албан тушаалын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулсан шийдвэрүүд гаргасан нь ойлгомжгүй байдлыг үүсгэж, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, хэд хэдэн ажил үүрэг зэрэг гүйцэтгүүлж байгаа тохиолдолд гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаж, танилцуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Нэхэмжлэгч ***нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ******ХХК-ийн захирал *******хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байгаа боловч хүсэлтэд худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөх талаар дурдаагүй байна.
Иймд нэхэмжлэгч ****-г "*******” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэхдээ хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан ахлах мэргэжилтний орон тооны 15,303,469 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч ********"Цемент шохой” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба тухайн ажил албан тушаалд авч байсан цалин хөлсний нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, мөн олговор шаардаж буй хугацаа ойлгомжгүй байгаа зэргийг харгалзан нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлээ жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*****” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******овогт ******"Цемент Шохой” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Нэхэмжлэгч *****нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *****улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*****” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5.Шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардаж авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА