| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2026/00006/И |
| Дугаар | 150/шш2026/00124 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 150/шш2026/00124
2026 03 17 150/ШШ2026/00124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ****аймгийн ******сумын *****тоотод оршин суух, ******(РД:****)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******аймгийн ******сум *****тоотод оршин суух, *****(РД:******),
Хариуцагч: ****аймгийн ********сумын ******тоотод оршин суух, *******(РД:******) нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,840,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*****, хариуцагч******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 07 дугаар 18-ны өдөр *****тоот хаягт оршин суух ****регистрийн дугаартай ***нар нь яаралтай банк хаах гэсэн юм 7 сая төгрөг зээлээч гэж гуйсан. Тухайн үед надад байхгүй гэхэд 2 найздаа тус болооч 1 удаа тус болооч банк найдвартай 5 хоногт зээл гаргаад өгнө гэсэн гэж гуйхаар нь хамаатны эгчээс өдрийн 2 хувийн хүүтэй 7 сая төгрөг зээлж аваад өгсөн. Зээлдүүлсэн мөнгийг өгөөгүй явсаар тухайн 2023 оны 10 сард *****хамаатны эгчээс гуйж хүүгээ зогсоож өгөөч би төлье мөнгийг 10,500,000 болгож өгнө өөр боломж байхгүй гэж гуйсаар хүүг зогсоосон. 2024 оны 04 дүгээр сард нотариат орж баталгаа гаргаж өгсөн. Баталгаа гаргаснаас хойш 3,660,000 төгрөг төлснөөс хойш дахин хугацаа хэтрүүлж үлдсэн мөнгө болох 6,840,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул эвлэрүүлэн зуучлалд хандаж шийдэлд хүрээгүй тул дараагийн шатанд хандаж байна. Миний бие үлдэгдэл 6,840,000 төгрөг дээр эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасны хураамж 30,000 төгрөг болон шүүхэд өргөдөл гаргасан улсын тэмдэгтийн хураамжийн 125,170 төгрөг нийт 6,995,170 төгрөгийг *****нараар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Холбогдох бичиг баримтыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн. Тухайн 2,000,000 төгрөгийг манай хамт ажилладаг манай хамаатны эгчид өгсөн. *****нь ганц надаас мөнгө зээлээгүй. Тухайн үед ажиллаж байсан ****3 хүнээс мөнгө зээлсэн байсан. Манай ажлын эгч надаас 2,000,000 төгрөг өгчих өө гэхээр нь би 2,000,000 төгрөгийг нь зээлүүлсэн. Эргээд нөгөө 2 сая төгрөгөө би авъя аа гэсэн чинь ****би зээлүүлчихсэн байгаа гэхээр нь та яахаараа миний мөнгийг *****зээлдэг юм бэ? би ****бол мөнгө авах гэж явахгүй шүү гэсэн чинь ****өгчихсөн юм чинь өөрөө тэр мөнгийг одоо өөрөөсөө чамд өгчхөөд дараа нь би ****учраа олно оо гэсэн. Би хэрэгцээ шаардлага гараад тэр хүнээсээ 2,000,000 төгрөгөө би авсан. Ганзориг тэр хүнээс 2,000,000 төгрөг авчихсан юм чинь буцаагаад тэр хүндээ төлөх нь зөв. Гэтэл дунд нь миний нэрийг оролцуулаад хольж, хутгаад байгаа нь үнэхээр шударга бус байна. Тэр 2,000,000 төгрөг энэ асуудалд ямар ч хамааралгүй гэдгийг хэлмээр байна...” гэв.
Хариуцагч ****нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн зээлийг авсан нь үнэн. Гэхдээ хүүгийн төлбөрт 2,000,000 төгрөгийг төлсөн. Тухайн хүүнд төлсөн мөнгийг хасаж, үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлттэй байна. Миний бие ам бүл 6-уулаа оршин суудаг. Өөрөө олон тооны зээлтэй учраас тодорхой хэмжээний санхүүгийн асуудалтай байгаа. Тухайн 2,000,000 төгрөгийг ****эгчид өгсөн. Тухайн мөнгө нь ****дансаар ороогүй тул маргаж байгаа. Тэрнээс үлдэгдэл төлбөрийг төлнө...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...****,****нарт 2023 оны 06 дугаар сард 7,000,000 төгрөг зээлдүүсэн. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ****нь зээлж авсан 7,000,000 төгрөгийг хүүний хамт 10,500,000 төгрөг болгож өгөх, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс сар бүрийн 5-30-ны өдрийн хооронд 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар баталгаа гаргасан боловч төлөөгүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,660,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 6,840,000 төгрөгийг ****нараас гаргуулна...” гэж,
Хариуцагч нар нь 7,000,000 төгрөгийг *****зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч, зээлийг хүүгийн хамт 10,500,000 төгрөг болгож буцааж төлөхөөр тохиролцсон боловч төлж чадаагүй, зээлийн үүргийн гүйцэтгэлд 5,660,000 төгрөгийг төлсөн гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ****нь хариуцагч ****нарт 2023 оны 07 дугаар сард 7,000,000 төгрөгийг, 5 хоногийн хугацаатай зээлүүлж, зээлдэгч нар нь тохирсон хугацаанд зээлийг төлөөгүй тул 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн зээл, хүү нийт 10,500,000 төгрөг болгож буцаан төлөхөөр талууд тохиролцсон боловч зээлийн үүрэгт 3,660,000 төгрөгийг төлж үлдэгдэл зээлийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нар зээлийн үүргийн гүйцэтгэлд 3,660,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 6,840,000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч нараас 6,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар заасан.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 5,660,000 төгрөг төлсөн гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй, 3,660,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нар төлсөн болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 126,873 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****нараас 124,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч хариуцагч ****нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 126,873 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****нараас 124,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА