| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00232/И |
| Дугаар | 150/шш2025/00123 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 150/шш2025/00123
2026 03 16 150/ШШ2026/00123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “*******” ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******аймгийн ********сумын ******Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус гэрчилсэн нотариатын үйлдлүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*********, хариуцагч *******бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******гэрч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунхишиг нарыг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*******2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр:******га газруудыг тус тус үр тарианы зориулалтаар, 60 жилийн хугацаатайгаар ********ХХК-д эзэмшүүлэхээр олгож, холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг олгосон. Дээрх газруудад тус компанийн хувьцаа эзэмшигч ******нь сүүлийн жилүүдэд тариалангийн үйл ажиллагааг хариуцан явуулж байсан бөгөөд 2024 онд хаврын тариалалт хийхээр очиход уг газарт *****ХХК тариалалт хийж байсан. Үүний учрыг тодруулахад тухайн газрууд нь өөр компанийн нэр дээр шилжсэн гэх тайлбар өгсөн бөгөөд сумын Засаг даргын Тамгын газраас холбогдох хувийн хэргийг танилцуулахаас татгалзсан. Иймд газар эзэмших эрх шилжүүлсэн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагч байгууллагаас дээрх газар эзэмших эрх шилжүүлэх захирамжийг гаргахдаа дараах нотариатын үйлдлүүдийг үндэслэл болгосон байна. Үүнд:
*******Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 110 га газрыг бүртгэлийн 59 дүгээрт,
Мөн өдөр 231 га газрыг бүртгэлийн 58 дугаарт,
2013 оны 05 дугаар сарын 7-ны өдөр 88 га газрыг бүртгэлийн 226 дугаарт,
Мөн өдөр 66.37 га газрыг тус тус газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр нотариатаар гэрчилсэн үйлдлүүд болно. Гэвч эдгээр нотариатын үйлдэл нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь: Хавтаст хэрэгт 66.37 га газрын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ огт байхгүй, баримт дутуу байна.
Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ хэлцлийг гэрчлэхдээ түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн эрх хэмжээг шалгана” гэж заасан. Гэтэл нотариатын үүрэг гүйцэтгэгч нь ******ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр байгаа эсэх, итгэмжлэл олгогдсон эсэх зэргийг огт шалгалгүйгээр, зөвхөн хувьцаа эзэмшигч гэх үндэслэлээр гэрээ байгуулж, гарын үсгийг гэрчилсэн байна. Дээрх бүртгэлийн 58,59,226 дугаарт бүртгэгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдэл нь хууль зөрчсөн үндэслэлгүй байна. Иймд Нотариатын тухай хуулийн 46.5-д заасныг зөрчиж хийгдсэн дээрх нотариатын үйлдлүүдийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулах үндэслэлтэй байна ...” гэв.
Хариуцагч *********тамгын газрын дарга *********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед *******Тамгын газрын даргаар ажиллаж байсан ********газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, нотариатын бичиг баримт манай архивд байгаа. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа *********гарын үсэг бүхий өргөдөл, холбогдох материалыг үндэслэсэн эрх шилжүүлэх гэрээг хийсэн байна. Өргөдөл болон бусад материалыг бүрдүүлж нотариатад хүргүүлсэн. Тухайн үед ч ийм журмаар ажиллаж байсан. Бусад бичиг баримт нь шаардлага хангасан байх тул хуульд нийцсэн гэж үзэж байна. Нотариатын албан тушаалтан уг баримтуудыг үндэслэн гэрээг гэрчилсэн гэж ойлгож байна...” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна оролцож байна. “******” ХХК нь 2017 онд *******банктай 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 154 дугаартай зээлийн гэрээгээр 900,000,000 төгрөгийн зээл авсан. Тэр зээлийн гэрээний барьцаанд ********сумын үр тарианы зориулалттай 231,73 га газрыг тавьсан. Бидний зүгээс тус газрыг ямар нэгэн эрхийн зөрчилгүй гэж ойлгоод барьцаанд авсан. Хожим энэ газар гуравдагч этгээдийн эзэмшилд шилжсэн гэдэг. Магадгүй энэ манай барьцаа хөрөнгийн эрх нь зөрчигдсөн нөхцөлд зээлийн гэрээний үүрэг хангагдах эрх нь зөрчигдсөн учраас нэхэмжлэгчийг дэмжиж орж байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна...” гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ********Тамгын газрын даргад холбогдуулан
- 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* нэгж талбарын дугаартай **** га газрыг,
- 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ****** нэгж талбарын дугаартай *** га газрыг,
- 2020 оны 05 сарын 29-ний өдрийн ****** нэгж талбарын дугаартай ** га газрыг,
- 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “*******” гэх газарт байрлах ** га газрыг *********шилжүүлсэн газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотариатчийн үүрэг гүйцэтгэгч *******Тамгын газрын дарга “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ хэлцлийг гэрчлэхдээ түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн эрх хэмжээг шалгана” гэж заасныг хэрэгжүүлэхгүйгээр гэрээ хэлцлийг баталж, хууль зөрчсөн тул дээрх 4 газрыг бусдад шилжүүлсэн хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах гэж,
Хариуцагч тухайн үед ******Тамгын газрын даргаар ажиллаж байсан *******газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ ******гарын үсэг бүхий өргөдөл, холбогдох материалыг үндэслэн эрх шилжүүлэх гэрээг хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус маргана.
Барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 150/ШЗ2025/******* дугаартай захирамжаар ********ХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгааг дурдах нь зүйтэй.
“********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ***********шилжүүлсэн гэрээг гэрчилсэн үйл баримт тогтоогдож байна.
Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална” гэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-т “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэж тус тус хуульчилсан.
Газар эзэмших эрхийг шилжүүлж буй “********” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх захирлын үүргийг*****, *********нар гүйцэтгэж байсан байх ба *******нь 34 хувийн, *****нь 66 хувийн хувьцаа эзэмшигч болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 9-13/
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж хуульчилсан.
************Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг гүйцэтгэхдээ “*****” ХХК-ийн төлөөлөгч гэх ********бүрэн эрхийг шалгахгүйгээр дээрх 4 гэрээ хэлцлийг гэрчилсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл компанийн хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээдийг төлөөлөхдөө итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх боломжтой ба гуравдагч этгээдтэй компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах эрх хуулиар олгогдоогүйг дурдах нь зүйтэй.
Хариуцагч нь гэрчээр шүүх хуралдаанд оролцож байгаа ******нь компанийн эзэмшлийн газрыг шилжүүлэхийг зөвшөөрч цахимаар хүсэлт гаргасан, мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа нь хуульд нийцэхгүй гэж тайлбарлаж байна.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 150/ШЗ2025/00*** дугаартай захирамжаар ********гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн ба гэрчээр мэдүүлэг авч болохгүй үндэслэл тогтоогдоогүй тул түүнээс гэрчийн мэдүүлэг авсан болно.
Мөн гэрч ******нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаагүй, түүнд ямар нэгэн итгэмжлэл олгогдоогүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* нэгж талбарын дугаартай ****га газрыг,
- 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ***** нэгж талбарын дугаартай ****га газрыг,
- 2020 оны 05 сарын 29-ний өдрийн ***** нэгж талбарын дугаартай **** га газрыг,
- 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “****” гэх газрын **** га газрыг ****-гээс ****-д шилжүүлсэн Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********Засаг даргын Тамгын газрын даргаас 280,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “********” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ********Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* нэгж талбарын дугаартай ****га газрыг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ***** нэгж талбарын дугаартай ****га газрыг, 2020 оны 05 сарын 29-ний өдрийн ***** нэгж талбарын дугаартай **** га газрыг, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “****” гэх газрын **** га газрыг ****-гээс ****-д шилжүүлсэн Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********Тамгын газрын даргаас 280,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “********” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардаж авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА