| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0465/Э |
| Дугаар | 484 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч Т.З,
шүүгдэгч Г.Б,
шүүгдэгч Э.Н, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Т.З, Б овгийн Э.Н, Ц овгийн Г.Б нарт холбогдох эрүүгийн 1811010840375 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Ц овгийн Т.З, 1989 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, төмөрчин мэргэжилтэй, Санитө ХХК-нд төмөрчин ажилтай, ам бүл 6 аав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 21 дүгээр хороолол 61 дүгээр байр 29 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
2. Б овгийн Э.Н, 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, зам ангийн туслах ажилтан мэргэжилтэй, Санитө ХХК-нд төмөрчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 6 дугаар гудамж 2 тоотод оршин суух хаягтай, урьд яд шийтгэлгүй, регистрийн дугаар
3. Ц овгийн Г.Б, 1992 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, нимгэн төмөрчин мэргэжилтэй, Санитө ХХК-нд төмөрчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд яд шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Т.З, Г.Б, Э.Н нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн 1 дүгээр гудамжны 82 тоотод үйл ажиллагаа явуулдаг Санитө ХХК-ний үйлдвэрийн байрнаас 1x2 метрийн хэмжээтэй 15 ширхэг төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 20-50 СЭА улсын дугаартай Верна аксент маркийн машин механизм ашиглаж авч 345.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, урьд нь өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв.
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Шүүгдэгч Э.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Батцогт нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үдээс хойш Т.Мөнхбат, Э.Н, Т.З, Г.Б нар ажлаа хийлгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгууллагын цехээс 15 ширхэг 1x2 метрийн хэмжээтэй цагаан төмрийг 20-50 СЭА улсын дугаартай Верна Аксент маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд ачиж хулгайлсан байна. Т.Мөнхбат, Э.Н, Т.З, Г.Б нар нь надад цехээс 15 ширхэг төмөр авах талаараа урьдчилан хэлээгүй, надад мэдэгдэлгүй, мөн хашаанд байх аав ээжид хэлэлгүй нууцаар хулгайлсан байна...” гэжээ /хх-25-28/.
Гэрч Г.Амгаланбаяр мэдүүлэхдээ: “...Амарсайхан бид 2 харих гээд автобусны буудал дээр зогсож байтал Т.З, Г.Б, Э.Н нар нь согтуу машиныг нь Э.Н барьчихсан байсан. Т.З надад хандан машин бариад бид нарыг хүргээд өг гэхээр нь машиныг нь бариад явсан. Баянхошууны гэр хорооллын гудамжинд нэг хүнтэй уулзаад машины багажнаас бид нарын агааржуулах хоолой, яндан хийдэг цагаан өнгийн төмөр аччихсан байсан. Тэр төмрийг багажнаас Г.Б, Э.Н хоёр гаргаад Т.З нөгөө хүнээс мөнгө аваад байсан. Би ямар учиртай төмөр болохыг нь мэдээгүй, тухайн үед Г.Б, Э.Н, Т.З нарыг цехээс хулгайлсан гэдгийг мэдээгүй. Г.Б, Э.Н, Т.З нарыг Их наранд байх Тахилт нэртэй газар Э.Нын гэрт хүргэж өгсөн. Маргааш өглөө нь би ажил дээрээ 09 цагт ирэхэд захирал Б.Батцогт болон туслах ажилтан Амарсайхан нар ирчихсэн байсан. Тэгээд цехээс төмөр алдагдсан байна гэхээр нь өчигдөр Г.Б, Э.Н, Т.З нар нь цагаан төмөр авч явж байсан талаар хэлсэн...” гэжээ /хх-39-40/.
Гэрч Б.Батсайхан мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 16 цаг өнгөрч байхад би дэлгүүр орчихоод гэр лүүгээ орох гээд явж байтал манай хашааны үүдэн дээр Vегпа Ассепt маркийн шаргал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь юун машин юм бол доо гээд очтол нэг залуу машинаас бууж ирээд ахаа та нимгэн цагаан төмөр 10 ширхэгийг авах уу гэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Тэгтэл машинаас 2 залуу бууж ирээд гурвуулаа надаас шалаад хямдхан аваач гээд байхаар нь би төмрийг хартал миний яндан хийдэг төмөр байхаар нь би 1 ширхэгийг 14.000 төгрөгөөр бодож 10 ширхэгийг 140.000 төгрөгөөр худалдан авсан. Тэр гурван залуучууд өөрсдөө төмрөөр юм хийдэг, өөрсдийнхөө төмрийг зарж байна гэж хэлэхээр нь итгээд худалдан авсан...” гэжээ /хх-41-42/.
Гэрч Ц.Сувд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Т.З, Г.Б, Г.Мөнхбат нараас машин чинь хаана байгаа юм бэ? гэж асуухад зам дээр байгаа гэхээр нь би хашаанаас гараад зам дагуу хартал машин байхгүй байсан эргэж ороод Э.Ныг хаачсан талаар асуухад машин дотроо байгаа гээд Т.З, Г.Б нар хашаанаас гараад явчхаар нь араас нь дагаад гудамжны үзүүр дээр байх хүнсний дэлгүүр лүү ороод зогсчихсон юм. Тэгтэл Г.Б, Т.З нар зам дагаад Улаанбаатар хот руу явдаг автобусны буудал талын гудамж руу ороод явахаар нь араас нь яваад очсон юм. Би хүүе хаая гээд машиныг нь дагуулаад хартал машины багаж нь онгорхой байдалтай ангалзаж харагдах бөгөөд дотор нь агааржуулалтын хоолой хийдэг 1x2 метрийн хэмжээтэй төмөр нилээд ихийг ачсан байдалтай харагдсан...” гэжээ /хх-43-44/.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-10-13/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-14-15/, ДАМНО ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-47-48/,
Хохирогч Б.Батцогтын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс гаргасан “...Манай гурван хүн учир байдлыг сайтар ухамсарлаж гэмшиж байгаа ба хохирлыг 100% төлж барагдуулсан болно. Манай компани ажил хийдэг улирал эхэлсэнтэй холбогдуулан ажлын ачаалал өндөр байгааг харгалзан үзэж, манай гурван ажилтанд хөнгөн ял шийтгэж өгнө үү. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал үгүй болно...” гэжээ /хх-125/.
Шүүгдэгч Т.З-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-83/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-90/, шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-91/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-102/, шүүгдэгч Э.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-69/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-82/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Прокуророос шүүгдэгч Т.З, Г.Б, Э.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж авсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “машин механизм ашигласан” гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэж өөрчлөх нь зүйтэй байна.
Учир нь Т.З, Г.Б, Э.Н нар нь Санитө ХХК-нд 6-7 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж, мэргэжил эзэмшсэн бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өөрсдийн ажилладаг үйлдвэрийн байрнаас 1x2 метрийн хэмжээтэй 15 ширхэг төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахдаа Б.Байгалмаагийн өмчлөлийн 20-50 СЭА улсын дугаартай Vегnа Ассеnt маркийн автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашиглах зорилгоор, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэхийн тулд урьдаар бэлдэж, Санитө ХХК-ний үйлдвэрийн хашаанд оруулж бэлдэж тавьсан гэх үйл баримт тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл Т.З, Г.Б, Э.Н нар нь Санитө ХХК-ний үйлдвэрийн байрнаас 1x2 метрийн хэмжээтэй 15 ширхэг төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайн эд зүйлийг тухайн тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг дээрх байдлаар өөрчлөн шийдвэрлэх нь хууль зүйн хувьд бүрэн боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Ийм шүүгдэгч Т.З, Г.Б, Э.Н нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн 1 дүгээр гудамжны 82 тоотод үйл ажиллагаа явуулдаг Санитө ХХК-ний үйлдвэрийн байрнаас 1x2 метрийн хэмжээтэй 15 ширхэг төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 345.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.З, Г.Б, Э.Н нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн хохирогч Б.Батцогт нь гомдол саналгүй гэсэн хүсэлтээ бичгээр /хх-125/ гаргасан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Т.З, Г.Б, Э.Н нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзав.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Т.З, Г.Б, Э.Н нарт оногдуулсан хорих ялыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчилбөл хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэв.
20-50 СЭА улсын дугаартай Vегnа Ассеnt маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.З, Г.Б, Э.Н нарт холбогдох эрүүгийн 1811010840375 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Ц овгийн Т.З, Б овгийн Э.Н, Ц овгийн Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Т.З, Г.Б, Э.Н нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З, Г.Б, Э.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Т.З, Г.Б, Э.Н нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчилбөл хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
6. 20-50 СЭА улсын дугаартай Vегnа Ассеnt маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Т.З, Г.Б, Э.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.З, Г.Б, Э.Н нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН