| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2111011450042 |
| Дугаар | 2026/ДШМ/108 |
| Огноо | 2026-01-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/108
2026 01 22 2026/ДШМ/108
Б.Т, А.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор К.Нанжинханд,
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Баясгалан,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2455 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Э.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Т, Б.Т нарт холбогдох 2111011450042 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Т, А.Т нар нь бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын хойно хохирогч Д.Сыг “тамхи асуусан” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь цээжний дарагдал, няцрал, цээжний хөндийн хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчилт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Т, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Т, А.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Б.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, А.Т нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 157 /нэг зуун тавин долоо/ хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс давж заалдах гомдолдоо: “...А.Дын мэдүүлэг “...Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл “...Би яваад очтол Л хохирогчтой хамт явж байсан залуу Лг үүрээд шидэж байсан. Т, Т хоёр хохирогчтой зууралдсан байсан. Би хохирогчийг салгах гэж түлхээд, хөлөөрөө 1 удаа гэдэс рүү нь жийсэн. Хохирогчтой хамт явж байсан нөгөө залууг Лтэй хамт зодсон. Тэр залуу “ална шүү банди минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Намайг зөрүүлээд эрүү рүү гараараа 1 удаа цохисон. ...Асуулт: Хохирогч Сын хаана нь юугаар яаж цохиж зодсон юм бэ? Түүний биед учирсан гэмтлийг хэн учруулсан юм бэ? Хариулт: Түлхээд 1 удаа жийсэн. Намайг хөөлөөрөө жийхэд тэрээр газар унаагүй. Тийн уур маш их хүрсэн байсан бөгөөд Тийн сэтгэлийг амраах гээд хохирогчийг газар хэвтэж байхад нь хөлөөрөө өшиглөсөн. Би мөр рүү нь ганц удаа өшиглөсөн. Т, Т хоёр хохирогчийг зодсон. Би гэхдээ оролцсон. ...” гэсэн,
2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд “Асуулт: Тухайн үед Д.Сыг хэн хэн юугаар яаж цохиж зодсон юм бэ? Хариулт: Намайг яваад очтол гэмтэл рүү хүргэгдсэн ах газар хэвтэж байсан. Түүнийг Т хөлөөрөө 1-2 удаа өшиглөж байсан. Хажууд нь Т газар явган суугаад “барах нь уу хөгшөөн, яасан босоод ир л дээ” гэж хэлж байсан. Ингээд хамт явж байсан хүн Лг үүрээд шидэж байхаар нь би очоод жийгээд, нүүр лүү нь цохисон. Тэгээд бид хоёр нөгөө ахтай зодолдсон бөгөөд Ө хажууд ирчихсэн зогсож байгаад нөгөө ахыг зугатаах гэж байхад нь байж бай гээд бариад зогсож байсан. Дахиад Л уурлаад зодолдох гээд дайрсан, би ч бас өөдөөс нь дайраад зодолдсон. Тэгж байгаад Л бид хоёр болиод нөгөө хэд дээрээ очиход нөгөө ах нь ухаан алдчихсан юм шиг хэвтэж байсан. Би газар хэвтэж байсан ахыг цохиж өшиглөсөн зүйл байхгүй. Харин нөгөө ахтай зодолдсон. ...Асуулт: Тухайн үед Сыг хэн хэн зодсон юм бэ? Хариулт: Зугатаах гэж байсан ахтай зодолдож байхад юу болсон талаар мэдэхгүй байна. Эхлээд намайг ирэхэд Т өшиглөж байсан. ...” гэсэн,
2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлд “Асуулт: Та мэдүүлэггээ хохирогч Д.Сыг Т, Т нар зодсон гэжээ. Т, Т нар хохирогчийг хэрхэн яаж зодсон, зодож байх үед хохирогч ямар байдалтай байсан, хэзээ ямар үед нь хохирогч Д.С ухаан алдаж таталт өгсөн талаар дэлгэрэнгүй ярина уу? Хариулт: Лгийн утас руу Т залгаж хэлэхэд хамгийн түрүүнд Л гарсан. Би араас нь гарч гүйгээд очиход С шалбаагны дөнгөж цаахан талд хоёр гараа толгойгоо хаасан байдалтай, баруун талаараа хараад Хэвтэж байсан. Надад нуруу тал нь харагдсан. Т түүнийг өшиглөж байсан. Асуулт: Тухайн үйл явдлаас үүсэж таны болон Т, Т, Л, Ө нарын биед гэмтэл учирсан зүйл бий юу? Тийн хөлийн эрхий хуруу хавдсан байсан санагдаж байна. ...” гэсэн,
Б.Л мэдүүлэг “...Ингээд намайг очиход Т болон түүний найз Т нар нь үл таних 2 хүнтэй зодолдож байсан бөгөөд би очоод “болиочээ” гэж хэлсэн чинь тоохгүй байсан. Ингээд би салгах гээд байж байтал бор жижигхэн жижиг халимаг үстэй ах намайг ууцаар тэвэрч байгаад арагш нь шидэж унагаасан, тэгэхээр нь би босоод тухайн ахыг зөрүүлээд цохисон тэгсэн тухайн ах намайг үсдэж доошоо дарж байгаад гэдэс рүү өшиглөсөн. Энэ үед Д тухайн ахыг цааш нь түлхээд салгасан. ...” гэсэн,
Б.Тийн мэдүүлэг “...Гэмтэл рүү хүргэгдсэн хүнтэй Д бид хоёр зодолдсон Т, Л, Ө нар нөгөө ахтай зодолдож байсан. Өыг би сайн хараагүй. Миний бодлоор Ө зүгээр салгах гээд байсан байх. Тэгээд нөгөө ах таталт өгөөд бид нар 103-т дууддага өгсөн. Удалгүй цагдаа нар ирэхэд би ганцаараа үлдсэн байсан. Бусад найзууд маань гэр лүүгээ явцгаасан. Асуулт: Таны биед гэмтэл бэртэл учирсан зүйл бий юу? Хариулт: Үгүй. Би тухайн үед таавчиг өмссөн байсан болохоор гэмтэл рүү хүргэгдсэн ахыг өшиглөж байхдаа хөлөө ямар нэгэн зүйлд урсан. Өөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй” гэсэн,
2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэлд “...Асуулт: Тухайн үед С таныг цохиж зодсон зүйл бий юу? Хариулт: Үгүй. Тийг заамдаад толгойгоор нь хашаа мөргүүлж байхыг харсан. Намайг түүнийг өшиглөж байхад тэрээр хариу “ёо ёо” гэж хэлж байсан. Ерөөсөө эсэргүүцэл үзүүлээгүй” гэсэн,
2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тэмдэглэлд “...Асуулт: Хохирогч Д.Сын хэн нь эхэлж өшиглөсөн, дараа нь хэн өшиглөсөн юм бэ? Хариулт: Эхлээд би хохирогч Д.Сыг өшиглөсөн. Намайг түүнийг өшиглөж байхад Д хажууд байсан. Дараа нь Т хохирогч Д.Сыг өшиглөсөн. Асуулт: Хохирогч Д.С зодуулж байхдаа ямар нэгэн үйлдэл, яриа өгүүллэг гаргасан уу? Хариулт: Намайг өшиглөж байхад хохирогч Д.С аахилж байгаа чимээ гаргасан. Тийг өшиглөж байхад хохиорогч ямар чимээ гаргаж байхыг нь мэдэхгүй. Хохирогч Д.С зодуулж байхдаа ямар нэгэн үйлдэл, яриа гаргаагүй. Харин өшиглөж байхад амьсгал гаргах авиа гаргасан” гэсэн,
2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд “...Болсон хэргийн талаар Д, Ө нар хамт гарч ирээд зодсон байсан. Хохирогчийн хэвтүүлж байгаад өшиглөсөн” гэсэн,
2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Ө.Өын мэдүүлэг: “...Намайг очоод харахад нэг хүн газар унасан байсан, тухайн хүнийг Л, Т, Д нар тойрч зогсоод өшиглөж байсан. Би тэр гурав дээр очоогүй. Т дээр очсон чинь Тийн фудволк нь урагдсан байдалтай “би зодуулсан” гэж хэлээд хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би Ттэй зодолдож байсан хүнийг 2-оос 3 удаа цохисон. Т бид хоёртой маргалдаж байсан хүн газар унаад босохдоо хашааны завсраар гараад явсан. Тэгэхээр нь Т бид хоёр нөгөө хүний араас хашааны цаана гараад мөн 2 удаа алгадсан. Тэгээд буцаад Л, Т, Д нар очиход газар унасан байсан хүн баруун гараа дээш нь өргөсөн дээшээ харсан байдалтаи хэвтэж байсан. Мөн Л, Т, Д нар зодсон хэвээр байхаар нь би “одоо болно” гэж хэлээд зодохыг нь болиулсан.” гэсэн,
2021 оны 12 дугаар еарын 08-ны өдрийн “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал; Б.Тн биед үзлэг хийхэд 172 см өндөртэй мах мариа дунд зэрэг, хар үстэй, дээгүүрээ цэнхэр хар алгалсан өнгийн цамц, дотуураа хар өнгийн футболк, доогуураа хар өнгийн жийнсэн өмд, хар өнгийн үдээстэй гутал өмссөн байх Б.Тийг нүцгэлж үзлэг хийхэд биед шивээс байхгүй, баруун талын өвдөг дээр 1 см орчим хуучний шалбархайтай, баруун талын хөлийн эрхий хуруу нь толионы дээд хэсгээр 15 см урттай хуучний хөхрөлттэй байв. Б.Тийн өмсөж явсан хувцасны халаасанд болон биед хэрэг ач холбогдол бүхий зүйл илрээгүй. ...” гэсэн,
А.Тийн “...Эхлээд Т хохирогч Д.Сыг өшиглөж байхад би нөгөө хамт явж байсан залуу Атай зодолдож байсан. Дараа нь би хохирогч Д.С дээр очиход Т хажууд нь байхгүй, хохирогч Д.С газар хэвтэж байхаар нь би гэрийн шаахайтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Дараа нь би Аын араас явсан бөгөөд тэрээр дэлгүүрийн ар талын нүхэн доор орсон байсан. Д араас ирж байсан. Би Аыг нүх рүү орох гээд хашаанд зүүгдчихсэн байхаар нь татаж унагаахад Д миний араас ирээд түүнийг цохисон. ...” гэсэн,
2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлэгт “Асуулт: Та хохирогчийн хаана юугаар яаж цохисон юм бэ? Хариулт: Би зүүн хөлөөрөө толгой руу нь 3-4 удаа өшиглөсөн. Тэр хүн гараараа толгойгоо хаагаад хэвтэж байсан. Асуулт: Гар руу нь өшиглөсөн юм уу? Толгой руу нь өшиглөсөн юм уу? Хариулт: Ер нь толгой руу нь чиглүүлж өшиглөсөн” гэж тус тус мэдүүлдэг.
А.Т нь таавчикгай хөлөөрөө 2-3 удаа толгой руу нь өшиглөсөн гэж мэдүүлсээр байтал цээжинд учирсан цээжний дарагдал, няцрал, цээжний хөндийн хий хуралдалт, зуүн уушигны бүрэн бус авчилт гэх гэмтлийг А.Тг үйлдсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно;” гээд 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” гэж зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлиин 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зохицуулсан. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай” тогтоолоор “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэх” зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга явагдах зорилгыг хангахын тулд гэм буруугүйд тооцох зарчимтай зэрэгцэн үйлчилдэг бөгөөд хууль ёсны шууд тусгал болж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг илэрхийлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтална. Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй гэх оюун дүгнэлтэд тулгуурладаг ба аливаа дур зорго, хэлмэгдүүлэхээс хүнийг хамгаалах шүүхийн үүргийг тодорхойлдог” гэж тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл, А.Тийг хохирогчийн цээж хэсэг рүү өшиглөж байгааг мэдүүлээгүй, нотлоогүй байтал хохирогчийн биед учирсан гэмтлийг А.Т учруулсан гэж байгаа үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу ашигтайгаар шийдвэрлэхээр байна.
2. П.А 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”-д “5. Уг ажиллагаанд саад учруулж болзошгүй /таньж олох хүний дүр төрх эрс өөрчлөгдсөн, таньж олох хүнийг биеэр ирүүлэх боломжгүй” үндэслэлээр гэрэл зураг, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг ашиглав таньж олуулсан эсэх: Таньж олуулах ажиллагаад 8x17см хэмжээтэй 5 ширхэг цээж зургийг авч А4 цаасан дээр өнгөтөөр хэвлэн 1-5 гэж дугаарлан зэрэгцүүлэн байрлуулж гэрч П.Ааас хохирогч Д.С зодсон хүнийг зурган дундаас заана уу гэж асуухад тэрээр би Сыг зодсон хүнийг зааж мэдэхгүй, харин яг тэр үед намайг зодож байсан хүмүүсийг зааж чадна” гэсэн,
2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Гэрчээс дахин мздүүлэг авсан тэмдэглэл”-д “...үлдсэн 3 залуу нь Сыг ухаан алдсан бололтой газар хэвтэж байхад нь “тойроод тал талаас нь өшиглөж байсан” биеийнх нь аль хэсэгт хэн нь хэдэн удаа өшиглөж байсан гэдгийг мэдэхгүй байна. Би “одоо болиоч, наад хүн чинь ухаан алдсан юм биш үү” гэж хэлэхэд тэд нар нэмж зодохоо больсон, харин Т гэх залуу “энийг гүйцээгээд алчихъя” гэж хэлээд нэмээд цээж хэсэгт 1-2 удаа өшиглөсөн” гэж зөрүүтэй мэдүүлэг өгчээ.
Б.Л 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлд “Асуулт: Уг зодоон яг хэн хэн оролцсон юм бэ? Мөн тухайн эмнэлэгт хүргэгдсэн гэх залуутай хэн хэн зодолдсон юм бэ? Мөн чамтай зодолдсон гэх залуутай танаас өөр хүн зодолдсон уу? хэн хэн хэнийг хэрхэн хэдэн удаа яаж цохиж зодсон юм бэ? Хариулт: Миний бие болон Т, Т, Д нар нь зодоонд оролцсон байх харин Ө гэх залуу зодолдоогүй салгаад явж байсан байх. Эмнэлэгт хүргэпдсэн гэх ахтай Т зодолдсон байх. Би яг хэн нь хэнийг хэдэн удаа яаж цохиж зодсон талаар мэдэхгүй байна” гэсэн,
2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлд “...2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-ны шилжих шөнө зодоон болж байх үед шаг зарж байсан гэх болон өөр ямар нэгэн та нарын зодооныг харсан хүн байгаа юу? Д.Д. А.Т нар нь газар унасан баиран гэх Д.Сын цээж хэсэгт өшиглөж байхыг харсан зүйл байгаа юу? Хариулт: Миний санаж байгаагаар 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-ны шилжих шөнө зодоон болж байх үед, зодоон хийсэн хүмүүсээс өөр хүн байгаагүй. Шаг зарж байсан хүн болон өөр ямар нэгэн хүн байгаагүй шаг зарж байсан хүн нь зодоон эхлэхээс өмнө явсан байсан байх намайг гарч ирэхэд ямар нэгэн хүн байгаагүй юм. Би газар унасан байсан хүннн нөгөө намхан бор ахтай зууралцаад намайг үснээс зулгаагаад доош нь дарсан байх үед Т газар хүний цээж хэсэг рүү 1-ээс 2 удаа өшиглөж байгаа харагдсан. Харин Д газар унасан байсан хүний ардаас тэвэрсэн харагдаж байсан. ...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлжээ.
Дээрх 2 зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа гэрч П.Амгаланбаатар нь хохирогчийн найз нь, Б.Л нь хамаатан буюу гэр бүлийн харилцаатай этгээдүүд бөгөөд 2 гэрч нь анхандаа хэн өшиглөсөнг мэдэхгүй, хараагүй гэж мэдүүлж байсан атлаа хэрэг болсноос хойш 2 жилийн дараа гэнэт А.Т өшиглөснийг харсан гэж мэдүүлж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Мөн гэмт хэрэг болох үед 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-ны шилжих шөнө 02-оос 03 цагийн хооронд хэн хэнийгээ өшиглөж байсныг мэдэх боломжтой гэрэлтэй байсан эсэх нь мөн тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сзжмгтж. яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заасны дагуу гэрчийн мэдүүлэг нь дуу-дүрсний бичлэг зэргээр давхар нотлогдох ёстой. Гэтэл А.Тийг гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэдэг. Миний зүгээс Нийслэлийн ерөнхий прокурорын Ц.А хандан “...Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 26/6138 дугаартай “Тус хэлтсийн хариуцсан 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын Г гудамжны 595 тоот хашааны орчимд хяналтын камер байхгүй болно” гэх албан бичгээр гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрт хяналтын камер байгаагүй болохыг тогтоожээ гэсэн. Гэтэл хэрэг болсон газарт хяналтын 2 камер байгаа бөгөөд энэ камерын бичлэгээр хохирогч Д.Сын биед учирсан гэмтлийг хэн хэний үйлдлээс болж үүссэн болохыг тогтоох чухал ач холбогдолтой нотлох баримт юм. /Хяналтын камер байгааг харуулсан фото зураг хавсаргав/” гэж хүсэлт гаргасан бөгөөд үүнийг Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр “гомдлыг хүлээн авч, прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолоор хүлээн авч шийдвэрлэсэн боловч гэрч Э.Сарнайгийн мэдүүлгээр бичлэг нь устсан талаар хэлдэг. Иймд А.Тийг хохирогчийн цээжин хэсэг рүү өшиглөж байсан тухай нотлох баримт байхгүй болно.
3. Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас”-аар А.Тд 0335431 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 100.000 төгрөгийн торгууль оногдуулсан. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу шийтгэл оногдуулж, түүнийг А.Т нь биелүүлсэн. Гэтэл зөрчлийн арга хэмжээ авсан байхад давхар эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна.
4. Монгол Улсын Дээд шүүхийн “Шүүхийн шийдвэрийн тухай” тогтоолын 2 дугаар зүйлийн 2.1-д “Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана” гэж, 2.2-т “Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана зохицуулжээ” гэж тус тус тогтоожээ.
Гэтэл анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2455 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь дээр дурдсан гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, А.Т нь цээж хэсэг рүү өшиглөсөн талаар нотлогдоогүй байхад хохирогчийн цээж хэсэгт учирсан хүнд гэмтлийг А.Т учруулсан гэж үзэхээргүй юм.
Мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө:” гээд 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1-д ‘‘Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж” гээд 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэж, 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч орхигдуулсан бол” гэж, 1.3-д “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж, 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж тус тус заасан бүх үндэслэл тогтоогдоод байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Очгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 343 дугаар яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж тодорхойлсон боловч мөн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зохицуулалтыг удирдлага болгоогүй, иш татаагүй байх бөгөөд анхан шатны шүүх мөн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ мөн ерөнхий байдлаар шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдэл оролцоог ялган зааглаж, холбогдох хуулийн хүрээнд дүгнэлтийг хийх, анхан шатны шүүх мөн дүгнэлтийн хүрээнд гэм буруугийн дүгнэлтийг хуулийн хүрээнд хуулийг тайлбарлаж хэрэглэх үүрэгтэй боловч мөн үүргээ үл биелүүлсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлгийн аль хэсгийг журамлаж шүүгдэгч нарын үйлдэл оролцоог тус тус тодорхойлсоны үндсэн дээр гэм буруутайд тооцох эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх дүгнэлтийг хийх ёстой байсан боловч мөн дүгнэлтийг хийлгүйгээр шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг үндэслэл бүхий дүгнээгүй, шийтгэх тогтоолд мөн нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлж, дүгнэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийг бүлэглэн үйлдэж байгаа тохиолдолд үйлдэл оролцоо тус бүрээр нь ялган зүйлчлэх ёстой бөгөөд ерөнхий байдлаар гэмт хэрэг хамтран үйлдсэн гэх дүгнэлт нь хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Зүй нь прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч тус бүрийн үйлдэл, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны хэлбэрийг ялган зааглаж, хууль зүйн дүгнэлтийг хийх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх нь прокурорын алдааг залруулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн дүгнэх үүргээ үл биелүүлж, эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зөрчлийг гаргасан гэж үзнэ. Нэр бүхий шүүгдэгч нар нь урьдаас үгсэн тохиролцоогүйгээр тухайн гэмг хэрэгт бүлэглэн буюу хамтран оролцох боломжгүй бөгөөд өөрсдийн үйлдэл оролцоог хуваарилсан, гэмт хэрэг үйлдэх арга замыг заасан, тохиролцсон байх урьдач нөхцөлийг зайлшгүй шалган тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хуулиар хүлээдэг бөгөөд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэн үйлдсэн шинж нь А.Тийн гаргасан ямар үйлдэлтэй дээрх Эрүүгийн хуулийн аль шинж нь тохирсон болохыг яллах дүгнэлтэд болон шүүхийн шийтгэх тогтоолд бүрэн гүйцэд тодорхойлж чадаагүй. Үүнийг нотолсон талаар нотлох баримтууд хэрэгт огт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарыг ерөнхий байдлаар бүлэглэн бусдын буюу хохирогч Д.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх дүгнэлтийг хийсэн нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримттай нийцэхгүй байна. Учир нь гэрч П.Аын, Ө.Өын, шүүгдэгч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө нэг цаг хугацаа, орон зайд шүүгдэгч А.Ттэй хамт байгаагүй болохыг удаа дараа мэдүүлсэн бөгөөд тухайн бичгийн нотлох баримтууд нь анхан шатны шүүхийн гэм буруугийн дүгнэлтийг үгүйсгэж байх ба сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр тэдгээрийг яллахгүй боловч бусад шүүгдэгчийн хувьд цагаатгах талын нотлох баримтаар ашиглах боломжтой юм. /4 хх-ийн 60-80 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зуйлийн 1 дэх хэсгийн “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэл заагаагүй бол анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасан. Тухайн өдөр хэргийн газар хохирогч Д.С, түүний найз гэрч П.А, шүүгдэгч Б.Т, шүүгдэгч А.Т, гэрч Ө.Ө, Б.Л, Д.Д нар байсан бөгөөд хохирогч, шүүгдэгч, гэрч нарын хэн нь ч Т нь Д.Сын биед халдаж байсан болохыг шууд харсан, заасан зүйлгүй байдаг бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өмгөөлөгч нарын хууль зүйн дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үгүйсгэсэн няцаасан, бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулж, гэм буруутайд тооцсон буюу дүгнэлт хийхэд хүлээн авсан нотлох баримтыг бусад нотлох баримтаас илүү ач холбогдолтой гэж үзсэн талаарх дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчил гэж үзнэ.
Харин анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад гэрч П.Аын мэдүүлгийг гуйвуулж дүгнэсэн үндэслэлгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П.А нь мэдүүлэг өгөхдөө түүний урьд буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж буй мэдүүлгийн аль нь үнэн зөв болохыг илэрхийлэхдээ мөрдөн шалгах туршилт хийх ажиллагааны явцад болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгч буй мэдүүлэг нь бодит үнэн болохыг илэрхийлсэн бөгөөд мөн дурдсан баримтууд нь А.Т нь хохирогч Сын цээжин тус газар бодитоор халдаагүй, гэрч П.Атай бүхий л цаг хугацаанд зууралдаж, зодолдож байсныг нотолж байгаа.
Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оролцогчдын өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд судалсан яллах талын нотлох баримтуудын агуулгыг нэг бүрчлэн бичсэн байх боловч цагаатгах талын буюу шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шинжлэн судалсан харилцан зөрүүтэй баримтуудын аль нь хууль зүйн болон эрх зүйн ухамсарт тулгуурласан үнэлэмжээр хэргийн байдалд нийцсэн гэж үнэлж байгаа, түүнчлэн бусад эсрэг агуулга бүхий нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар хангалттай дүгнэлт хийхгүйгээр хэт ерөнхий, товч дүгнэлт хийсэн. Б.Т, А.Т нарт холбогдох хэргийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан нь шүүгдэгчийн гэм бурууд эргэлзэх үндэслэлийг бий болгодог бөгөөд шүүхээс тэдгээр нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралтай болон хууль ёсны байдлын шаардлага, нотломжийн түвшин, бодит байдлыг илэрхийлж буй ач холбогдол зэргийг үнэлж, дүгнэхгүйгээр шууд гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй юм. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үүссэн эргэлзээтэй байдлыг арилгах үүднээс мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгүүлэх, хэргийн үйл баримгыг хөдөлбөргүй тогтооход шаардагдах нотлох баримтын хүрэлцээт байдлыг хангуулах, эсхүл шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх боломжтой гэж үзвэл шүүх энэ талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэн талуудын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангах үүрэгтэй болно. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолын А.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амьдралын талаар юу ч мэдэхгүй гэнэн томоогүй 18 насандаа өөрийнхөө болгоомжгүй байдлаас болж алдаа гаргаж гэмт хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж байна. Энэ хэрэгт миний үйлдлийг нотолсон баримт байхгүй. Прокуророос зөвхөн мэдүүлгээр л яллаж байгаад гомдолтой байгаа. ...” гэв.
Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой холбоотой тайлбар байхгүй. Манай зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа ямар нэгэн маргаан байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.
Прокурор К.Нанжинханд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог зөв тогтоож хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх А.Т, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Э.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Т, А.Т нар нь бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын хойно хохирогч Д.Сыг “тамхи асуусан” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь цээжний дарагдал, няцрал, цээжний хөндийн хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчилт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Д.Сын “...Түүнтэй хамт явж байсан хар өнгийн хувцастай залуу утсаараа найзуудаа дуудаж байгаад намайг цамцны энгэрээс заамдсан. ...миний баруун нүд рүү гараараа цохиход би газар унасан. Тэгээд цаанаас нь найзууд нь ирээд тал талаас өшиглөсөн. Миний санаж байгаагаар цаанаас 3 хүн ирж байсан. Би нүүр рүүгээ цохиулаад хэсэг ухаан балартсан. Газар тонгойгоод хоёр гараараа толгойгоо хамгаалаад хэвтэхэд тал талаас өшиглөж байсан бөгөөд яг хэн, хаашаа өшиглөж байгааг мэдэх боломжгүй байсан. ...Гэтэл цаанаас нь “нэг мөр гүйцээчихье л дээ” гээд дахид толгой руу өшиглөөд байсан. /1хх 10-11/ гэсэн,
гэрч П.Аын “...Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын зүүн талд байрлах тоглоомын талбайд очиход үл таних 2 залуу шаг зардаг хүнээс пиво худалдаж аваад зогсож байсан бөгөөд С шаг зардаг хүнээс “тамхи байгаа юу” гэж асуутал “за байж бай” гэж хэлэхээр нь бид хоёр хүлээгээд зогсож байсан. ...Гэтэл пиво худалдаж авч байсан 2 залуу “тамхи байхгүй гэж байна, яасан бид хоёроос авмаар байна уу” гэхээр нь бид хоёр тэр хоёр залуу дээр очоод “та хоёрт тамхи байгаа юм уу” гэхэд нэг нь утсаар ярьж байсан бөгөөд нөгөөх нь электрон тамхи татаад доош харан зогсож байсан. С тэр хоёр залуугийн үсээ хоёр тийш хувааж самнасан залуутай маргалдаж эхэлсэн бөгөөд хоорондоо барьцалдсан. Би тэр хоёрыг салгах хооронд бор өнгийн малгайтай цамцтай залуу утсаар найзуудыгаа дуудаж байсан, тэр залуу над руу ойртоод ирэхэд би түүнийг хашаа руу түлхэн хоорондоо зууралдсан. Тэгээд байж байтал тэр хоёр залуугийн найз нь бололтой нэг залуу гарч ирээд намайг хөлөөрөө жийгээд газар унагаасан. Би тэр залуутай барьцалдаад зогсож байтал бор өнгийн малгайтай цамцтай залуу миний цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Намайг нийт гурван залуу нийлж зодсон бөгөөд нэг нь ягаан өнгийн малгайтай цамцтай, хоёр дахь нь бор өнгийн малгайтай цамцтай, гурав дах нь хар өнгийн малгайтай цамцтай залуучууд байсан. Тухайн үед С мөн зодуулж байсан бөгөөд хэн нь яаж цохиж зодож байхыг анзаараагүй. Бор өнгийн малгайтай залуу “май энэ найзыгаа ав, энэ гар утсыг аваад зайл, нэмээд нэг сая төгрөг өгье” гэж хэлсэн. Би тэд нарт хандаж “түргэн дууд” гэж хэлсэн чинь үсээ хоёр тийш хувааж самнасан залуу өөрийнхөө утсаар түргэн тусламж руу залгаж өгсөн. Би түүний утсаар түргэний эмчтэй ярьж байгаа газрыг зааж өгсөн. Энэ хугацаанд үсээ хоёр тийш хувааж самнасан залуугаас бусад нь зугтаасан. ...С “би босож чадахгүй байна” гэж хэлээд газар сууж байсан. ...Тэгээд би хашааны завсраар гараад Сын байгаа газар руу харахад 5 залуугаас 2 нь зугтаагаад явж байсан үлдсэн 3 залуу нь Сыг ухаан алдсан бололтой газар хэвтэж байхад нь “тойроод тал талаас нь өшиглөж байсан” биеийнх нь аль хэсэгт хэн хэдэн удаа өшиглөж байсныг мэдэхгүй байна. Би “одоо болиоч наад хүн чинь ухаан алдсан юм биш үү” гэж хэлэхэд тэд нар нэмж зодохоо больсон, харин Т гэх залуу гэх залуу “энийг гүйцээгээд алчихъя гэж хэлээд нэмээд цээж” хэсэгт 1-2 удаа өшиглөсөн. ...” /1хх 16, Зхх 91/ гэсэн,
гэрч Ө.Өын “...Намайг нийтийн байрнаас яваад очиход хохирогч С нь хашааны урд шавхаан дээр газар атиралдаад хэвтэж байсан. Түүнийг Т хөлөөрөө нуруу руу нь өшиглөж байсан. Хажууд нь хамт явж байсан ахыг Т, Д, Лдорж нар голдоо хийчихсэн зодож байсан. Би очоод голд нь байсан ахын хавирга руу гараараа хоёр удаа цохисон. Учир нь намайг тэд нар дээр очих үед Т “намайг зодчихлоо” гэж хэлсэн. ...Улмаар газар хэвтэж байсан ахыг босгох гээд очиход тэрээр ухаангүй байдалтай байхаар нь нөгөө хамт явж байсан ах дээр очиход Лдорж хөлөөрөө жийгээд газар унагаасан. Би араас нь үсрээд түүний хөлөөс барихад Д түүнийг цээж рүү хөлөөрөө жийхэд тэрээр хашааны цааш унасан. ...Тэгээд тэр ах хашаан дээр гарахаар нь “ах аа одоо учраа олъё, цагдаа түргэн тусламж дуудъя” гэж хэлэхэд тэр ах буугаад ирсэн. Тэгээд бүгдээрээ газар хэвтэж байсан ах дээр очиход таталт өгч байх шиг харагдсан. Нөгөө ах “би найзыгаа аваад явчихъя” гэж хэлэхэд манай хэдийн нэг нь утсаараа түргэн тусламж дуудсан. Тэгээд бид нар нийтийн байр луугаа орсон. Миний харснаар Т нуруу луу нь өшиглөж байсан. ...” /1хх 37, Зхх 87/ гэсэн,
гэрч Б.Лгийн “...Т болон түүний найз Т нар гарсан бөгөөд удалгүй 02 цаг 30 минутын орчмын үед манай найз Т залгаад “хурдан шинэ эцэс дээр хүрээд ир, энд хоёр залуу маргаад байна” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө гэрт байсан хүүхдүүдэд “нөгөө 2 муудалцаад байна” гэж хэлээд хувцсаа түрүүлж өмсөөд гараад шинэ эцэс дээр очсон. Ингээд намайг очиход Т болон түүний найз Т нар нь үл таних 2 хүнтэй зодолдож байсан бөгөөд би очоод “болиоч ээ” гэж хэлсэн чинь тоохгүй байсан. ...Дээшээ хартал нөгөө ах нь босож чадахгүй хэвтэж байхаар нь би очоод босгох гэтэл босож чадахгүй байсан. ...Би газар унасан байсан хүний нөгөө намхан бор ахтай зууралдаад намайг үснээс зулгаагаад доош нь дарсан байх үед Т газар хүний цээж хэсэг рүү 1-ээс 2 удаа өшиглөж байгаа харагдсан. Харин Д газар унасан байсан хүний араас тэвэрсэн харагдаж байсан өөрөөр ямар нэгэн зүйл мэдэхгүй байна. ...” /1хх 27-29, Зхх 95/,
Б.Тийн яллагдагчаар өгсөн “...Би “тамхи авах уу” гээд электрон тамхи бариад очиход “чиний наад хогийн электрон тамхийг татахгүй” гээд намайг доромжилсон. Тэгээд муудалцсан. Тэр хоёроос нэлээн айсан болохоор найзуудаа дуудсан. Т утсаар Лг дуудсан чинь Д, Ө хоёр хамт ирсэн. Би гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн хүнийг газар унасан байхад нь 2-3 удаа толгой руу нь өшиглөсөн. Тэр ах таталт өгөөд ухаангүй байх шиг байсан тул Дын утсаар түргэн дуудсан. Эхлээд би гэмтэл рүү хүргэгдсэн ахтай маргалдаад заамдалцсан, тэр ах газраас чулуу авах гээд байхаар нь би айгаад хойшилсон. Гэтэл Т тэр хоёр ахтай зууралдахад тэр хоёр ах Тийг хашаа мөргүүлээд байсан. ...Би толгой руу нь өшиглөсөн. ...” /1хх 22/ гэсэн,
А.Тийн яллагдагчаар өгсөн “...Хүлээн зөвшөөрч байна, хэргийн талаар маргаан байхгүй. ...Бид хоёр тус тусдаа хохирогч Д.Сыг өшиглөсөн. Т бид хоёр үгсэн тохиролцож “чи унагаахаар би өшиглөе” гэх мэтээр хамтдаа нийлж зодсон зүйл байхгүй. Эхлээд Т хохирогч Д.Сыг өшиглөж байхад би нөгөө хамт явж байсан залуу А зодолдож байсан. Дараа нь би хохирогч Д.С дээр очиход Т хажууд нь байхгүй хохирогч Д.С газар хэвтэж байхаар нь би гэрийн шаахайтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Дараа нь би Аын араас явсан бөгөөд тэрээр дэлгүүрийн ар талын нүхэн доор орсон байсан. ...Тэгээд буцаад гараад иртэл хохирогч Д.С газар хэвтэж байсан. ...Т толгой дээр нь явган суусан “намайг таних уу, зурагтын Т гэж мэдэх үү" гэж хэлээд толгой руу гараараа алгадахад хэсэг хугацааны дараа хохирогч Д.С таталт өгч эхлэх шиг болсон. ...” /1хх 211-212/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх эмнэлгийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №8779 тоот “...Д.Сын биед зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний зүүн хэсгийн хий хуралт, баруун зовхи, хөхлөг сэртэн, шанаа, чихний омог, дэлбэн, хүзүүнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон байна. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /2хх 155-156/ гэсэн,
Шүүх эмнэлгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 331 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Г.Галиндэвийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8879 дугаартай дүгнэлт зөв байна. Хохирогч Д.Сын баруун нүдний дээд зовхи зүүн чихний арын төвгөр дэх цус хуралт, баруун шанаа, чихний дэлбэн, омог, хүзүүний хажууд, баруун гарын эрхий хуруун дахь зулгаралт гэмтлүүд нь хэмжээгээр жижиг, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогч Д.Ст учирсан цээжний дарагдалт, няцрал, цээжний хөндийн хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчилт гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... ” /2хх 167-170/ гэсэн,
Шүүх шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 94 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...Д.Ст учирсан цээжний дарагдал, няцрал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчилт гэмтэл нь цээжний мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр буюу цохих, өшиглөх үед үүсгэгдэнэ. ...” /3хх 46-48/ гэсэн дүгнэлтүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-6/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 39-44/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 165-166/, хохирлын баримтууд /1хх 223-237/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 205-210/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Т, А.Т нар нь бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын хойно хохирогч Д.Сыг “тамхи асуусан” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь цээжний дарагдал, няцрал, цээжний хөндийн хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчилт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т, А.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, нийгэмд буй болгох хууль бус үр дагавар зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тухайн зүйл заалтуудад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Э.Түвшинбаяр нар нь “...үйлдэл оролцоог ялган зааглаагүй, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хохирогч Д.Сыг шүүгдэгч А.Т, Б.Т нар нь түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан бөгөөд тэдгээр нь тухайн цаг хугацаанд, хэн, хэдэн удаа цохиж, зодсон үйлдэл хийсэн талаар хохирогч Д.Сын “...Түүнтэй хамт явж байсан хар өнгийн хувцастай залуу утсаараа найзуудаа дуудаж байгаад намайг цамцны энгэрээс заамдсан. ...миний баруун нүд рүү гараараа цохиход би газар унасан. Тэгээд цаанаас нь найзууд нь ирээд тал талаас өшиглөсөн. Миний санаж байгаагаар цаанаас 3 хүн ирж байсан. Би нүүр рүүгээ цохиулаад хэсэг ухаан балартсан. Газар тонгойгоод хоёр гараараа толгойгоо хамгаалаад хэвтэхэд тал талаас өшиглөж байсан бөгөөд яг хэн, хаашаа өшиглөж байгааг мэдэх боломжгүй байсан. ...Гэтэл цаанаас нь “нэг мөр гүйцээчихье л дээ” гээд дахид толгой руу өшиглөөд байсан. ...” /1хх 10-11/ гэсэн, гэрч П.Аын “...Тэгээд би хашааны завсраар гараад Сын байгаа газар руу харахад 5 залуугаас 2 нь зугтаагаад явж байсан үлдсэн 3 залуу нь Сыг ухаан алдсан бололтой газар хэвтэж байхад нь “тойроод тал талаас нь өшиглөж байсан” биеийнх нь аль хэсэгт хэн хэдэн удаа өшиглөж байсныг мэдэхгүй байна. Би “одоо болиоч наад хүн чинь ухаан алдсан юм биш үү” гэж хэлэхэд тэд нар нэмж зодохоо больсон, харин Т гэх залуу гэх залуу “энийг гүйцээгээд алчихъя” гэж хэлээд нэмээд цээж хэсэгт 1-2 удаа өшиглөсөн. ...” /1хх 16, Зхх 91/ гэсэн, гэрч Ө.Өын “...Тэгээд тэр ах хашаан дээр гарахаар нь “ах аа одоо учраа олъё, цагдаа түргэн тусламж дуудъя” гэж хэлэхэд тэр ах буугаад ирсэн. Тэгээд бүгдээрээ газар хэвтэж байсан ах дээр очиход таталт өгч байх шиг харагдсан. Нөгөө ах “би найзыгаа аваад явчихъя” гэж хэлэхэд манай хэдийн нэг нь утсаараа түргэн тусламж дуудсан. Миний харснаар Т нуруу руу нь өшиглөж байсан. ...” /1хх 37, Зхх 87/ гэсэн, гэрч Б.Лгийн “...Ингээд намайг очиход Т болон түүний найз Т нар нь үл таних 2 хүнтэй зодолдож байсан бөгөөд би очоод “болиоч ээ” гэж хэлсэн чинь тоохгүй байсан. ...Дээшээ хартал нөгөө ах нь босож чадахгүй хэвтэж байхаар нь би очоод босгох гэтэл босож чадахгүй байсан. ...Би газар унасан байсан хүний нөгөө намхан бор ахтай зууралдаад намайг үснээс зулгаагаад доош нь дарсан байх үед Т газар хүний цээж хэсэг рүү 1-ээс 2 удаа өшиглөж байгаа харагдсан. ...” /1хх 27-29, Зхх 95/ гэсэн мэдүүлгүүдийг нотолсон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд зэргийг харьцуулан дүгнэж, шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр уг гэмт хэргийг тэдгээрээс өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Хохирогч, гэрч нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан байх ба уг мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудтай тохирчээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Э.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Т, Б.Т нар нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тус бүр нийт 87 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2455 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Э.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Б.Т нар нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тус бүр нийт 87 /наян долоо/ хоног хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ