Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00912

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00912

 

 

ОЗ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01370 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ОЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХ ХХК-д холбогдох,

61,655,784 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай компани нь ХХ ХХК-аас авто замын хөдөлгөөн зохицуулах тоног төхөөрөмж худалдаж авахаар 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 35,140 ам.долларын бараа худалдан авахаар харилцан тохиролцсон. Манай компани дээрх гэрээний төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 12,000,000 төгрөг буюу 6,410 ам.доллар, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөг буюу 21,333 ам.доллар, 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 14,525,489 төгрөг буюу 7,397 ам.доллар нийт 35,140 ам.долларыг төлж дуусгасан. Энэхүү гэрээтэй холбоотой төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн алданги нэхэмжилж ХХ ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлээр гэрээний алданги 21,410,626 төгрөгийг гаргуулахаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээр тус тус шийдвэрлэсэн. Манай компани ХХ ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр төлөгдөх 35,140 ам.доллараас гадна нэмэлт бараа бүтээгдэхүүн захиалахаар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 61,655,784 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн боловч уг төлбөрт бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй өнөөдрийг хүрээд байна. Энэхүү төлбөр нь шүүхээр шийдвэрлэгдсэн 35,140 ам.доллартай холбоогүй бөгөөд тусад нь шилжүүлсэн төлбөр учир яг энэхүү төлбөртэй холбогдсон ямар нэгэн маргаан шийдвэрлэгдээгүй.Мөн энэхүү төлбөрийг гэрээ байгуулалгүй шууд шилжүүлсэн, уг төлбөрт өнөөдрийг хүртэл бараа нийлүүлээгүй мөн буцаан өгөөгүй байна.

Иймд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгийн буцаан шаардахаар зохицуулсан байдаг бөгөөд манай компани 61,655,784 төгрөгийг төлөх үүрэг хүлээгээгүй, мөн энэхүү төлбөрийн үүрэг үүсээгүй тул хариуцагчаас 61,655,784 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Манай компани ОЗ ХХК-д бараа нийлүүлэхтэй холбоотой гэрээт болон гэрээт бусаар худалдах, худалдан авах ажиллагааг 2014 оноос эхэлж тогтоосон. Хамгийн эхний худалдааг зээлийн гэрээгээр хийсэн боловч харамсалтай нь худалдан авагч ОЗ ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хөсөрдүүлж төлбөрөө хэтэрхий хугацаа алдаж гүйцэтгэсэн. Энэ гэрээний төлбөрөө барагдуулаагүй байхдаа манайхаас мөн 2014 онд хүнээр зуучлуулан төлбөрөө хугацаандаа барагдуулна гэсэн амлалт авч байж нэмэлт бараануудыг манай компаниас дахин зээлээр (гэрээгүйгээр) авсан. Гэтэл төлбөрөө барагдуулахгүй байсан тул гэрээгээ зөрчиж хугацаа хожимдуулж төлсний алдангийг төлүүлэхээр манай компаниас 2-3 жил шахам хөөцөлдөж, шүүхэд хандаж энэ асуудал сунжирсаар мөн л 2-3 жил шахам хугацааны дараа төлбөрөө өнгөрсөн 2021 оны 9 дүгээр сард барагдуулж дууссан. Одоо нэхэмжилж буй төлбөрийн баримт бол манайд төлөх ёстой байсан барааны үлдэгдэл төлбөр л байсан. Бидний хоорондын худалдаа хийж байгаа бараа бүтээгдэхүүн бол тусгай зориулалтын бараа бүтээгдэхүүнүүд бөгөөд зөвхөн зориулалтын дагуу л гэрээгээр ашиглагддаг болно. Иймд ОЗ ХХК манай компаниас худалдан авахдаа Улаанбаатар хотын холбогдох төрийн байгууллагын захиалгыг биелүүлэхээр л худалдан авдаг бүтээгдэхүүнүүд байдаг. Мөн дээр нь үнэхээр бараа (захиалсан барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнийн дүн бүхий) захиалсан юм бол цаашид хаана хэрхэн нийлүүлэх захиалга авсан байсан талаар албан нотолгоо байх ёстой. Учир нь нийлүүлэлт баталгаатай байж л худалдан авалт хийдэг. Мөн манайхаас авах авлагаа татварын тайландаа тусгаж түүнээ татварын албандаа (татварын баталгаажсан тайлан) тайлагнаж байснаа батлах нь зүйтэй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ХХ ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 61,655,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ОЗ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 171 /нэг зуун далан нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ОЗ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан шийдвэрлэгдэж дууссан бөгөөд ОЗ ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 21/07/492 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Уг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн маргаанд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 61,655,780 төгрөгийн асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд нэг талаас тухайн төлбөрийг хүлээн авч свифт үйлчилгээ хэрэглэж гадаад руу шилжүүлсэн гэх боловч яг ямар барааны захиалгын төлбөрт шилжүүлсэн болох, уг бараа нь ОЗ ХХК-ийн захиалга мөн эсэх зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх огт анхаарч үзээгүй. Энэхүү нэхэмжилж байгаа төлбөрийг хариуцагч хүлээн авсан боловч буцаан ямар нэгэн бараа хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй бөгөөд зөвхөн хариуцагч л бараа хүлээлгэн өгсөн гэсэн тайлбар өгдөг.

Гэтэл анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн тайлбар дээр үндэслэн ямар нэгэн нотлох баримтгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Уг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн шилжүүлсэн өөр зээлийн төлбөртэй холбоотой гэдэгт ямар зээл байсан, уг төлбөртөө ямар нэгэн бараа авсан эсэх талаар огт дүгнээгүй бөгөөд зөвхөн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь 35,140 ам.долларын гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн болох нь 2018 оны 02 дугаар сарны 06-ны өдрийн 183/ШШ2018/00321 дугаартай шүүхийн шийдвэрт дурдагдсан.

Гэтэл энэхүү хурлын тэмдэглэлд дурдагдсан тайлбар дээр үндэслэн уг маргааныг шийдвэрлэгдсэн, эсхүл уг асуудлаар нэхэмжлэгч төлбөртөө бараа хүлээн авсан гэж дүгнэлт өгөх боломжгүй.

Нэхэмжлэгч нь ХХ ХХК руу оны 07 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 61,655,780 төгрөгийн дагуу барааны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч бараа бүтээгдэхүүн худалдан авахаар Барааны үнэ гэсэн утгатай мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн гэдгээ нотолсон боловч хариуцагч тал тухайн үнийн дүнд тохирсон ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэдгээ огт нотолж чадаагүй, нэхэмжлэгч ямар нэгэн бараа хүлээн аваагүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хэргийн нөхцөл байдлыг тодорхойлохын тулд бүх талаас нь харах ёстой. Өмнөх хэргийн хувьд гэрээтэй болон гэрээгүй худалдан авалтуудыг хийсэн гэдэгт хариуцагч ОЗ ХХК ямар ч тайлбар хэлээгүй байдаг. 2015 оноос хойш 6 жилийн хугацаанд манайд нэг ч удаа энэ талаар хандаж байгаагүй. 2015 онд манайхаас дахин бараа бүтээгдэхүүн авахаар нэмж захиалсан бол үүнтэй холбоотой гэрээ байх ёстой. Гэтэл энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3. Нэхэмжлэгч ОЗ ХХК нь хариуцагч ХХ ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 61,655,784 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00321 дугаартай шийдвэрээр ХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ОЗ ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний алданги, учирсан хохиролд 47,181,700 төгрөг гаргуулах, ОЗ ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үнийг доллараар илэрхийлснийг хүчингүй болгож, гэрээний 2.1 дэх хэсэгт заасан үнийн дүнг гэрээ байгуулагдсан үеийн төгрөгийн ханшаар тооцох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд ОЗ ХХК-аас алданги 29,346,180 төгрөгийг гаргуулж, ХХ ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ОЗ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 832 дугаар магадлалаар ОЗ ХХК-аас алдангид 21,410,626 төгрөгийг гаргуулж, ХХ ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын Дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2018/01252 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

/хх82-94, 127-131/

 

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 21/07/492 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр дээрх шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх122/

 

6. Мөн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ОЗ ХХК-ийн Голомт банкны 1410008237 тоот данснаас 61,655,784 төгрөгийг барааны үнэ гэсэн утгаар ХХ ХХК-ийн Хаан банкны 5003869493 тоот дансанд шилжүүлсэн, уг төлбөрийг 07 дугаар сарын 03-ны өдөр свифт үйлчилгээгээр БНСУ-руу нийт 88,199,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх7, 72/

 

Дээрх үйл баримтаар хариуцагч ХХ ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд 61,655,780 төгрөг нь энэ зээлийн гэрээнээс гадна өөр ажил гүйцэтгэхээр авч байсан зээлийн төлбөртэй нийлж орж ирсэн гэж тайлбарласан тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД