2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2026/02717

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, Баянзүрх дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар хороолол, ******* ******* 2, *** тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК (РД:*******)-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ын иргэн ******* (EA)-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ******* ХХК нь *******-ын иргэн Cui -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 56,282,262 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.06.04-ний өдрийн 192/ШЗ2025/25365 дугаартай захирамжаар тухайн хаягт оршин суудаггүй, нэхэмжлэлд дурдсан дугаар нь холбогдох боломжгүй гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. *******-ын иргэн Cui нь тухайн хаягт оршин сууж байсан нь түүний түр оршин суух бүртгэлээс харагдана. Гэвч шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байна. Иймд оршин суух хаяг нь тодорхойгүй *******-ын иргэн Cui -ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.06.04-ний өдрийн 192/ШЗ2025/25365 дугаар захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.10.27-ны өдрийн 192/ШЗ2025/44673 дугаартай захирамжийг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******-ын иргэн ******* (EA)-ийг эрэн сурвалжлуулах тухай ******* ******* ******* ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ын иргэн ******* (EA)-ийг оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар ******* ******* ******* ХХК шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024.04.23-ны өдрийн 724 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын Тогтоолоор *******-ын иргэн ******* (EA)-д холбогдох хэрэг нь иргэний эрх зүйн шинжтэй маргаан гэж үзэж хэргийг хааж шийдвэрлэжээ.

 

*******-ын иргэн ******* (EA)-нь **** дүүрэг, *** дугаар хороо, *** хотхон, *** дугаар байр, *** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.06.04-ний өдрийн 192/ШЗ2025/25365 дугаар захирамжаар тогтоогджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг тул тус шүүхийн 2026.01.27-ны өдрийн 191/ШЗ2026/06538 дугаартай шүүгчийн захирамжаар Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газраас, *******-ын иргэн ******* (Гадаад паспортын дугаар: ЕА, Монгол Улсад оршин суух үнэмлэхийн дугаар:)-гийн виз, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл болон хаягийн талаарх баримт болон Монгол Улсын хилээр орсон, гарсан холбогдох лавлагаануудыг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Дээрх шүүгчийн захирамжуудын дагуу Хил хамгаалах ерөнхий газраас 2026.02.10-ны өдөр 02.01/504 тоот ... *******-ын иргэн ******* нь Чингис хаан агаарын замын боомтоор 2026.01.16-ны өдөр улсын хилээр орох чиглэлд бүртгэгдсэн байна гэх албан бичиг,

 

Гадаадын иргэн, харьяатын газраас 2026.02.13-ны өдөр 02/316 тоот *******-ын иргэн ******* (Гадаад паспортын дугаар: ЕА, Монгол Улсад оршин суух үнэмлэхийн дугаар:) нь интернэйшнл ХХК-ийн шугамаар 2026.04.01-ний өдөр хүртэл B1 (Хөрөнгө оруулагч) төрлийн оршин суух зөвшөөрөлтэй байна. гэх албан бичгүүдийг тус тус ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд ******* ******* ******* ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ын иргэн ******* -ийг оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ын иргэн ******* (Гадаад паспортын дугаар: ЕА, Монгол Улсад оршин суух үнэмлэхийн дугаар:)-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******-ын иргэн ******* -ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА