| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0466/Э |
| Дугаар | 486 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Б.Уранчимэг,
шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Батбаяр,
хохирогч В.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э.Эд холбогдох эрүүгийн 1711011880159 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Э.Э, 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 10-161б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ98122503.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 10 дугаар сарын 15-наас 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Мөнгөн завъяа үнэт эдлэлийн дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаанд нийт 18 төрлийн барааг дутагдуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд би архи уухдаа ашигласан гэж мэдүүлээгүй. Гэхдээ ийм хэрэг хийсэн миний буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг төлж барагдуулах болно…” гэв.
Хохирогч В.Түвшинжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би олон жил наймаа бизнес хийж, энэ зэрэгт хүрсэн. Өөрийн хүч хөдөлмөрөөр олж авсан мөнгө болон эд зүйлээ алдсандаа маш их гомдолтой байна. Хохирлоо би зарж борлуулах үнээр нь нэхэмжилсэн боловч худалдаж авсан өөрийн үнээр нь үнэлсэн. Одоо хохирлоос нэг ч мөнгө төгрөг аваагүй. Иймд хохирлыг минь хурдан барагдуулж өгнө үү гэж хүсч байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч В.Түвшинжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 19001950 лавлахад худалдагч ажилд авна гэж зар өгсний дагуу Э.Э гэдэг хүүхэд ирснийг ажилд авч 7 хоногийн хугацаанд дагалдуулж 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор хөдөлмөрийн гэрээ хийж ажиллуулж эхэлсэн. Би БНХАУ-д болсон үйлдвэрүүдийн үзэсгэлэн яармагт оролцоод 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирсэн. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ ирээд Мөнгөн завъяагийн менежерүүдийг байлгаж байгаад лангуугаа онгойлгож байгаад тооллого хийтэл 11 ширхэг бөгж, 4 ширхэг кулон, 3 ширхэг ээмэг зэрэг дутсан. Ломбардны бичигнүүд байхаар нь үзтэл 7 ширхэг бөгж, 1 кулон, 1 ээмэг зэрэг үнэт эдлэлүүдийг ломбарданд тавьсан нийт 9 ширхэг баримт байсан...” гэжээ /хх-18-20/.
Хийморь интернэшнл ХХК-ний барьцаат зээлийн гэрээ /хх-32-34/.
Начин заан ХХК-ний барьцаат зээлийн гэрээ /хх-35/.
Эд зүйлийн үнэлгээ /хх-50-51/.
Хөлсөөр ажиллах гэрээ /хх-52-57/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-101/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, жирэмсний хяналтын бичиг зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 10 дугаар сарын 15-наас 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Мөнгөн завъяа үнэт эдлэлийн дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаанд нийт 18 төрлийн барааг дутагдуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хуульд заасан хорих ял оногдуулав.
Шүүгдэгч Э.Эаас гэмт хэргийн хохирол болох нийт 5.467.000 төгрөгийг гаргуулан, хохирогч В.Түвшинжаргалд олгуулах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Э.Э нь 17-18 долоо хоногтой жирэмсэн болох нь баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэйд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх…”-ийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, гэмт хэргийн хор уршгийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Ингэхдээ ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлс хийсэн бол прокурорын прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Э.Э нь нийт 29 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Э-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Эаас 5.467.000 төгрөгийг гаргуулан хохирогч В.Түвшинжаргалд олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 29 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлс хийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН