| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2403009320052 |
| Дугаар | 2026/ДШМ/109 |
| Огноо | 2026-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/109
2026 01 22 2026/ДШМ/109
Л.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Марал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г,
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Э.Чулуунцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2476 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Л.Бт холбогдох 2403009320052 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ялаар,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сэлбэ Горгаз автобусны буудал дээр “Yutong ZK6116HG” загварын .... УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4. “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Г нь тээврийн хэрэгслээс унаж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л.Быг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Боос 7,542,994 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь амь хохирогчийн хүүхдийн сургалтын төлбөр гаргуулах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Э.Чулуунцэцэг давж заалдах гомдолдоо: “...Нэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ. Миний үйлчлүүлэгч Л.Б нь 67 настай, шийтгэх тогтоолын дагуу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 461 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байна. Дээрх зүйлд заасан эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилго тодорхой хэмжээнд биелсэн гэж үзэх боломжтой юм. Мөн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх тухайд эрдэнэт хүний алтан амийг юугаар, ч үнэлэх боломжгүй. Гэхдээ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол төлбөрүүд төлөгдсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасны дагуу төлөгдөх ёстой 7,542,994 төгрөгийг төлнө гэсэн хүсэл зоригоо шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад хангалттай тодорхой илэрхийлдэг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын тухайд тус шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан тул дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ бүрэн авагдсан гэж үзэж болохоор байна.
Хоёр. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж миний үйлчлүүлэгч Л.Б үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэдгийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх нь зүйтэй юм. Мөн тус зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус...шинжгүй байна" гэжээ. Шүүгдэгч Л.Б нь 67 настай. Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлд 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 57 түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна” гэж заажээ. Шүүгдэгч Л.Б нь өндөр настай, эрүүл мэндийн байдал сайнгүй, хорих байгууллагад байх хугацаанд биеийн байдал муудаж, цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, яаралтай тусламж, үйлчилгээг тогтмол авч байна.
Гурав. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөгдсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг. Мөн тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэхийг хүсэж байна. Хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болох 13,200,000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Л.Быг төлж барагдуулахаар шүүх шийдвэрлэсэн боловч шүүгдэгч өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй, хүнд нөхцөлд байгааг харгалзан үзэж, “Трансбус” ХХК-ийн зүгээс Л.Быг жижүүрийн ажилд томилон ажиллуулж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан эрхийнхээ дагуу ажил олгогч тус мөнгийг цалингаас суутган гаргуулах талаар тохиролцож төлбөр барагдуулсан байдаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл ... нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ... хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 40 гаруй жил нийтийн тээвэрт ажилласан. Энэ бол автобусны буудал дээр болоогүй явдал бөгөөд буудал дээр бүрэн зогсоогүй байхдаа хаалгаа онгойлгосон гэсэн. Горгазын автобусны буудал гэдэг буудал байдаггүй. Амь хохирогч Их засаг их сургуулиас суугаад би хаалгаа хаагаад явж байсан. Гэтэл миний урд машин зогссон. Хохирогч өөрийгөө авч явах чадваргүй, согтуу байсан. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн учраас би талийгаачийг хүндлээд тэр талаар юм хэлээгүй. Би “та хойшоо явж сандалд суугаач” гэсэн шаардлага тавьсан ч сонсоогүй. Би тэгж хэлээд эргээд зам руу хартал миний урд жижиг тэрэг болох такси зогссон тул дараад гартал хүн унасан. Тэрнээс биш автобусны буудал дээр бүрэн зогсоогүй байхад унасан хүн бол заавал дугуйн доогуур ордог. Би ажлын туршлагаас ийм байдлыг олон удаа харж, сонсож байсан. Хар автобусны хаалга, хаалганы самбар дээр монгол, англи хэлээр хаалганаас хол байхыг хатуу анхааруулсан хориглох бичиг байдаг. Уг хориглосон бичгийг зүгээр наагаагүй. Тийм учраас хаалганд ойртох юм уу, гишгэхэд араа салдаг автомат мэдрэгчтэй хаалга байсан. Горгаз гэдэг албан газар нь Их засаг их сургуулиас дараагийн зогсоол болох Оюутны хотхон хооронд байдаг байгууллага тул тэнд автобусны буудал байхгүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийг хүртэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа огт хүлээгээгүй. Миний ах 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч Л.Бын жолоодож явсан нийтийн тээврийн хэрэгслийн хаалганаас унаж, унасан даруйдаа авто зам дээр ухаангүй байдалтай олдож, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Маргааш нь хагалгаанд орж нийт 10 гаруй хоногийн хугацаанд ухаан ороогүй. Ухаан орохдоо зүүн гар, хөл нь бүтэн саажсан, хэл ярианы чадваргүй, ой ухаанаа бүрэн алдсан байсан. Тэр өдрөөс хойш гэртээ нэг ч удаа гараагүй, 99 хоног Гэмтлийн эмнэлэг болон асаргааны төвүүдээр явж эмчлүүлж байгаад 100 дахь хоног дээрээ нас барсан. Гэтэл энэ хугацаад Л.Б нэг ч удаа уучлал гуйгаагүй, нас барсных нь дараа ч ирээгүй, эмгэнэл илэрхийлээгүйгээр барахгүй 100 хоногийн хугацаанд “Ахынх нь бие яаж байна” гээд ядаж ганц удаа өмсдөг памперс аваад ирсэн бол өнөөдөр би түүнийг хориулна гэж анхан шатны шүүхэд хэлэхгүй. Насыг нь хүндлээд өршөөх боломж байсан. Гэхдээ гэм буруугаа огт ухамсарлаагүй, нэг ч удаа уучлал гуйгаагүйд нь би маш их гомдолтой явдаг. Өмгөөлөгч нь 85 хоногийн хугацаанд ял эдэлж байгаа учраас ял эдэлсэнд тооцно гэж байгааг эсэргүүцэж байна. Прокурор шүүгдэгчид 2 жилийн хорих ял төлөвлөсөн байхад шүүх түүний насыг харгалзан үзэж 1 жилийн хорих ял оноосон. 365 хоногийн 85 хоногийг л эдэлж байхад үүнийг ял бүрэн эдэлсэнд тооцох боломжгүй гэж үзэж байна. Хууль ёсны төлөөлөгчийн хохирлыг төлсөн гэж байгаа ч миний ах 77 настай ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан. Ах маань байхгүй болсноос хойш ээж маань Толгойтын хуучин эцэст ганцаараа амьдарч байна. Би ээждээ усыг нь зөөж, эм тариаг нь авч өгнө гээд бодит бус хохирлууд одоо хүртэл арилаагүй байна. Гэтэл сэтгэл санааны хохирол гэж 13,000,000 төгрөг өгснийг хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа бол Монгол Улсад эрдэнэт хүний амийг ийм хэмжээний төгрөгөөр үнэлдэг юм байхгүй. Би 5 хүүхэдтэй, ээжийнхээ эм тарианы мөнгийг олохын тулд 2 ажил хийж, ээжийгээ харж байна. Мөн ахынхаа ганц хүүгийн амьжиргааны зардлыг олохын тулд 5 хүүхдийнхээ хажуугаар төлбөрийг нь төлөөд явж байна. Тэгэхээр хүний бодит бус хохирол хэзээ арилахгүй байхад 13,000,000 төгрөгөөр үнэлж байгаад гомдож байна. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэдэг тухайд, автобусны хаалга кноп дарж нээгдэж, хаагддаг нь тодорхой байхад шүүгдэгч хаалгаа хаахгүй тэр чигээрээ явж байсан. Орой нь Нийтийн тээврийн зохицуулалтын газрын дарга Мягмар гэх хүн шүүгдэгчтэй холбогдож “Танай автобуснаас хүн унасан байна” гэж хэлснийг мэдсээр байж гэм буруугаа ухамсарлаагүй. Тийм учраас шүүгдэгчид хэргээ ойлгох ухамсар байхгүй гэж би дүгнэж байна. Ахмад настны тухай хуульд жараас дээш насны эрэгтэй хүнийг ахмад настан гэж үзэх бөгөөд Л.Б үүнд хамаарах учир ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэж өмгөөлөгч гомдолдоо дурдсан байх бөгөөд Эрүүгийн хуульд ахмад настай хүн хэрэг хийсэн бол ял эдлэхгүй, ялаас чөлөөлөгдөнө гэсэн үг, өгүүлбэр, хуулийн заалт байхгүй учраас би хэдэн настай байсан ч хамаагүй тохирох ялыг эдэлж 1 жил ч болтугай шоронд байвал бидний сэтгэл өчүүхэн ч гэсэн дэвтэх болов уу гэж харж байна. Эрүүл мэндийн байдал нь хорих ангид сайнгүй, удаа дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна гэж тайлбарлаж байгааг ялыг хөнгөрүүлэх шалтаг, шалтгаан болохгүй гэж үзэж байна. Учир нь, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Хууль зүй, Дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан хорих ял эдэлж буй ялтнуудыг өвчний байдлаас нь шалтгаалж ял хөнгөрүүлэх өвчний ангилалд шүүгдэгчийн хэлээд байгаа шалтаг, шалтгаан орохгүй учраас түүнийг суллах үндэслэл болохгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүгдийг нь харгалзаж үзсэн бөгөөд тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харж тухайн зүйл хэсэгт заасан хамгийн бага буюу 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сэлбэ Горгаз автобусны буудал дээр “Yutong ZK6116HG” загварын .... УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4. “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Г нь тээврийн хэрэгслээс унаж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ггийн “...2024 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед автобуснаас унасан юм щиг байна лээ. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 21 цагийн үед ухаангүй очсон байсан. Тухайн өдрөө манай ах болох Гантөгс тархины хагалгаанд орж дотор хуримтлагдсан цусаа авахуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэл 9 хоногийн хугацаанд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн ба 13-ны өдрөөс гавал, тархины тасагт шилжин эмчлэгдэж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгээс гарч “Гэрэл” гэх мэргэжлийн асаргааны төвд хэвтэн асаргаанд байсан. Талийгаач ах маань ослын дараагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нас барсан, ослын дараагаар гэртээ нэг ч удаа гараагүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. ...” /1хх 17, 76-77/ гэсэн,
иргэний хариуцагч Э.Гийн “...Одоогоор “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. ...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Мягмар гэж хүнээс болсон асуудлын талаар мэдсэн. ...Тухайн ослоос болж ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд хохирол төлбөрийг жолоочтойгоо төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй. ...” /1хх 34-35/ гэсэн,
Л.Бын яллагдагчаар “...Осол болдог би М-1 гэсэн чиглэлийн .... УЕМ улсын дугаартай автобусанд үүрэг аваад ажлаа хийгээд явж байгаад ажлаа тараад 00 цагийн үед байж байтал Тээврийн цагдаагаас залгаад “Автобуснаас чинь хүн унасан байна, маргааш өглөө замын цагдаа дээр ирээрэй” гэхээр нь би өглөө замын цагдаагийн газарт ирж уулзаад осол болсон талаар мэдсэн. Тэгээд би хяналтын камерын бичлэг үзтэл хаалга хаагаад, хөдөлгөөн эхлээд явтал урд жижиг тэрэг зогсохоор нь буруу талынхаа толинд хараад эргэхэд хохирогч автобуснаас унасан байсан. ...Цаашид хохирлыг төлж барагдуулна. ...” /1хх 92-93/ гэсэн мэдүүлгүүд,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15027 дугаартай “...Б.Гийн биед баруун зулайн араас хугарал салаалж хугарлын нэг үзүүр чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс, суурийн хөндий хүрсэн, хугарлын нөгөө шугам баруун лямбада заадас дагасан нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай хатуу хальсан доорх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 5 үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т болон 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тоггонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” /1хх 63-65/ гэсэн,
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 03 дугаар сарын 24- ний өдрийн №877 дугаартай “...Амь хохирогч Б.Гийн цогцост хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн цусархаг няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн цогцсын гадна биеийн үзлэгээр нас бараад 24 цагаас дээш болсон байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Гуравдугаар бүлгийн цустай байна...” /1хх 167-177/ гэсэн,
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчдийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1019 дугаартай “...Хууль ёсны төлөөлөгч Б.Ггийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. ...” /1хх 183-185/ гэсэн дүгнэлтүүд,
зам тээврийн ослын талаарх гаргасан гомдол /1хх 5/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-13/, “Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/469 дугаартай албан бичиг /1хх 29/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 52-57/, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын төвийн шинжээч Э.Мөнхсайханы 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт /1хх 69-75/, Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3050 дугаартай “...тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4. “...Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно. ...”, Явган зорчигч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөнмй дүрмийн ямар нзгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа /1хх 79/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Л.Б гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Л.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Г нь тээврийн хэрэгслээс унаж, амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.
Түүнчлэн шүүгдэгч Л.Б нь анхан шатны шүүх хуралдаанд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэргийн үйл баримт болон гэм буруутай үйлдэлдээ маргаж оролцож байгаа бөгөөд дээрх хуулийн зохицуулалтыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Л.Бын үйлдсэн гэмт хэргийнх нь шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Л.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 85 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2476 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 85 /наян тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ