Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00817

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00817

 

 

 

ххх СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчааг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00470 дугаар шийдвэртэй ххх СӨХ-ны нэхэмжлэлтэй Ц.Д-д холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт 4,974,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.Д , хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ххх СӨХ нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороонд байрлах Агниста хотхоны 00, 00а, 00б байр болон Империал хаус хотхоны 00а, б, в, г, д байрны нийт оршин суугчдын төлөөлж ажилладаг бөгөөд Империал хаус хотхоны оршин суугчид нь 2018 оны 08 дугаар сараас ххх СӨХ-д нэгдсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасны дагуу анх Голомт банк ХХК-ийн 3015111883 тоот дансанд төлбөрийг төвлөрүүлдэг байсан бөгөөд өмнөх СӨХ-ны асуудал хуулийн байгууллагаар шийдэгдэж, 2020 оны 05 дугаар сараас Төрийн банк ХХК-д нэхэмжлэл үүссэн. Тус хотхоны 00в байрны 04 тоотын сууц өмчлөгч Ц.Д нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн СӨХ-ны төлбөрөө төлөхгүй, хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх 16 сарын СӨХ-ны төлбөр 2,340,800 төгрөг, 2021 оны 10 дугаар сар хүртэлх Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэхтэй 2,633,400 төгрөг, нийт 4,974,200 төгрөгийг хариуцагч Ц.Д аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ххх СӨХ нь Империал хаус хотхонд албан ёсоор байгуулагдсан СӨХ биш болох нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын тамгын газраас ирүүлсэн материалаас харагддаг. ххх СӨХ нь 2016 онд байгуулагдахдаа 9-11 давхар өндөр 00, 00а, 00б дугаар 3 блок, 38 айлын орон сууцанд зөвшөөрөл авсан ба 2019 оны 01 дүгээр сараас хойш манай хотхоны оршин суугчдын эрхэнд халдах болсон.

ххх СӨХ нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн гэрчилгээг авахдаа манай хотхоны бүх иргэдийг оролцуулсан хурал хийгээгүй, энэ талаарх материал байдаггүй. Засаг дарга ямар баримтыг үндэслэж тус СӨХ-д гэрчилгээ олгосон нь ойлгомжгүй. Миний бие Д.Алимаа гэх хүний данс руу 2018 оны 08, 09 дүгээр сард мөнгө төлсөн, хувь хүний данс руу дахин төлбөр төлөөгүй. ххх СӨХ-той ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Орон сууцны нийтийн өмчлөлийн цэвэрлэгээ үйлчилгээний төлбөрийг 9 давхарт амьдардаг, лифт ашигладаг байсан бол төлөх байсан. Манай хотхоны 22 айл ххх СӨХ-ыг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 46/08 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолоор 4 айлын гарын үсэг байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д аас 2019 оны 02 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт 4,299,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ххх СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 674,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ххх СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д аас 83,740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ххх СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.а.Хариуцагчийн өмчлөлийн амины орон сууц нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн зориулалттай орон сууц биш юм.

ххх СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлд заасан шинжийг хангаагүй, хариуцагчийн өмчлөлийн амины орон сууц нь мөн хуулийн 142 дугаар зүйлийн 142.4 дэх хэсэгт заасан дангаар өмчлөх өмчлөлийн байр биш тул ххх СӨХ-д мөнгө төлөх үндэслэлгүй. Миний бие Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар амины орон сууцныхаа гадна тохижилт, цэвэрлэгээ зэргийг өөрийн хөрөнгөөр хийсэн, ххх СӨХ-оос үйлчилгээ авч байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.б.Анхан шатны шүүх ххх СӨХ-г Империал хаус хотхоны сууц өмчлөгчдийн холбоо мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй бөгөөд шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...91а,б,в,г,д тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай амины орон сууцууд ххх СӨХ-д харьяалагддаг эсэх нь маргаантай гэж үзсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

ххх СӨХ нь Империал хаус хотхоны 22 айлаас сонгогдоогүй нь хэрэгт авагдсан баримтад тодорхой байхад шүүх баримтыг буруу үнэлсэн. Мөн сууц өмчлөгчдийн холбоо нь айл бүртэй гэрээ байгуулж, үүнийгээ үндэслэн төлбөр нэхэмжлэх хуулийн зохицуулалттай байхад шүүх баримтыг дутуу үнэлсэн. ххх СӨХ-ны Хан-Уул дүүргийн Засаг даргад сууц өмчлөгчдийн холбоо байгуулахаар бүрдүүлэн өгсөн материалд Агниста хотхоны 00, 00а, 00б байрны оршин суугчдын хүсэлт, хурлын протоколыг Империал хаус хотхоны оршин суугчдын хүсэл, протокол мэтээр үнэлсэн нь шударга бус болсон.

Мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлээ маргаантай гэж үзсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ххх СӨХ нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 4,974,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 22/

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

3.а.Агниста хотхоны 99 дүгээр байрны оршин суугчдын санаачилгаар Сууц өмчлөгчдийн холбоог байгуулах хурлыг 2016 оны 01 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж, ххх СӨХ-г байгуулахтай холбоотой баримтыг эрх бүхий газарт хүргүүлснээр тус СӨХ-г сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, улмаар 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогджээ. /хх36, 42/

3.б.Үүнээс хойш Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны 99а,б, Империал хаус хотхоны 00а, б, в, г, д байруудыг ххх СӨХ-нд хамруулан бүртгэж, Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон байна. /хх64/

3.в.Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн ххх СӨХ-той холбоотой баримтуудаас үзвэл тус дүүргийн 00 дүгээр хорооны 99а, б, Империал хаус хотхоны 00а, б, в, г, д байруудыг ххх СӨХ-д хамруулан бүртгэж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрчилгээ олгохдоо Империал хаус хотхоны оршин суугчдын санаачилгаар уг холбоонд дээрх хотхоныг хамруулахаар хурал хийсэн эсэх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ нөхцөл байдлыг шүүх тодруулаагүй тул СӨХ-ны төлбөр төлөх үүрэг хариуцагчид үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав. /4б/

3.г.Учир нь хариуцагч Ц.Д нь уг орон сууцыг нийтийн зориулалттай орон сууц биш амины орон сууц гэж маргасан нөхцөлд ххх СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч нарын дундын өмчлөлийн зүйлтэй холбоотой зардлыг нэхэмжлэх боломжтой эсэх, эсхүл амины орон сууцны хороолол дахь сууц эзэмшигч болон ххх СӨХ-ны хооронд хийгдсэн өөр гэрээний үүрэг байгаа эсэх нөхцөл байдал тодорхой болсноор хэргийг шийдвэрлэх боломжтой.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах, сууц өмчлөгчдийн холбоо, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой харилцаанд үйлчилнэ гэж, 3.2 дахь хэсэгт орон сууцны байшинг дангаар өмчлөх харилцаанд энэ хууль үл хамаарна гэж тус тус заасан.

3.д.Түүнчлэн, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Империал хаус хотхоны 00в байрны 04 тоотын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдаагүйгээс тус орон сууцны өмчлөгч тодорхой бус байхаас гадна Ц.Д нь өөрийгөө хариуцагч биш гэж маргасан тохиолдолд уг орон сууцны өмчлөгчийг тодорхойлох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүрэг бүхий этгээд мөн эсэхийг тодруулах шаардлагатай. Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00470 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,537 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ