Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 488

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Н.Булганчимэг,

  шүүгдэгч Г.Д/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овгийн Г.Д холбогдох эрүүгийн 1811015280535 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овгийн Г.Д, 1967 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, эмэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, АПУ ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 25-270а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар 3.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 25-290а тоотод хохирогч Д.Баяртогтохын зүүн гуяыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Баяртогтох нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Бүдүүнээтэй хамт тэр айлд орсон. 0.5 литрийн хараа нэртэй архийг хамт хувааж уусан. Тэгээд Бүдүүнээ гарчхаад ирье гээд гараад явсан. Тэр айлд тэдний хүү болон намайг хутгалсан ах бид гурав үлдсэн. Би тэр ахтай танилцаад юм ярьж байгаад шалтгаангүй уурлаад байсан. Хүүхэд нь та яагаад байгаа юм бэ гээд уурласан. Тэгсэн чинь гэнэт тэр ах миний зүүн хөл рүү хутгаар дүрсэн. Би айгаад, тэр айлын хүү нь аавыгаа та яаж байгаа юм бэ гээд миний хөлийг бинтээр боож өгсөн...” гэжээ /хх-17-18х/.

Гэрч Д.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Замын хажууд Баяртогтохтой таараад цугтаа гэрийн зүг дээшээ өгсөж явахад Давка ах араас хүүе гээд дуудсан. Эргээд харсан чинь гартаа мах, хараа нэртэй 0.5 литрийн архи барьчихсан манайх руу оръё гэж хэлсэн. Баяртогтох бид гурав Давка ахынх руу ороод би удалгүй хүн хүргэж өгөх болоод тэднийхээс гараад явсан. Буцаад би 30 минутын дараа Давка ахынд очиход Баяртогтох, Давка ах хоёр архиа хувааж уугаад сууж байхаар нь би Баяртогтохыг явах уу гээд асуусан чинь Баяртогтох за байж бай гэж хэлэхээр нь би гэртээ хариад унтаад өгсөн...” гэжээ /хх-29-30/.

Гэрч В.Баярмаа мэдүүлэхдээ: “...Баяртогтох 16 цагийн үед залгаад миний хөлийг хүн хутгалчихлаа, чи хурдан хүрээд ир гэж хэлсэн. ...тэгээд 103 дуудаад эмч ирж 3 оёдол тавьсан...” гэжээ /хх-28/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №6501 дүгээр дүгнэлтэд: 

“1. Д.Баяртогтохын биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /хх-33/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, хохирогч Д.Баяртогтох, шүүгдэгч Г.Днараас Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-58, 61/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 25-290а тоотод хохирогч Д.Баяртогтохын зүүн гуяыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Баяртогтохын “...Би тэр ахтай танилцаад юм ярьж байгаад шалтгаангүй уурлаад байсан. Хүүхэд нь та яагаад байгаа юм бэ гээд уурласан. Тэгсэн чинь гэнэт тэр ах миний зүүн хөл рүү хутгаар дүрсэн. Би айгаад, тэр айлын хүү нь аавыгаа та яаж байгаа юм бэ гээд миний хөлийг бинтээр боож өгсөн...” гэх мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №6501 дүгээр дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Г.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. 

Мөн шүүгдэгч Г.Д-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Д.Баяртогтох нь “...Д.Баяртогтох миний бие хохирлын мөнгө хүлээн авсан тул хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлэж өгнө үү. Гомдол саналгүй...” гэх хүсэлт Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Г.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 19.5 см урттай, ажлын хэсгийн урт 10 см, бариулын урт 9.5 см хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 19.5 см урттай, ажлын хэсгийн урт 10 см, бариулын урт 9.5 см хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН