Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/110

 

 

 

 

   2026           01              22                                        2026/ДШМ/110

                                                                 

Г.Зид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Солонго,

шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, З.Цэнгэнбаяр,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2601 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Зид холбогдох 2508000000429 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Г.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, арьс ширний 120 айлын 14-3 тоотод хохирогч Н.Отай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, элэг, өрцний хатгагдсан шарх, баруун гарын алга, зүүн шуунд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Зийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Зийг 5 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зид оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.З давж заалдах гомдолдоо: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Зийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур оногдуулах боломжтой байна гэж мэтгэлцэж оролцсон. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй, мөн урьд бусдын биед хутга хэрэглэн халдаж байсан буюу хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй, дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Г.З нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид зэвсэг хэрэглэж хүнд хохирол учруулсан гэдгээ анхны мэдүүлгээрээ тодорхой мэдүүлдэг. Энэ гэмт хэрэгт холбогдохоос өмнө гэмт хэрэгт шийтгэгдэж байсан нөхцөл нь 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэг үйлдсэн гэх, мөн ялтай байдал гэх нөхцөл байдлууд хуулиар хуульчлагдаагүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Зийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн.  Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаас харагдаж байна гэж үзэж байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж 3 жил 4 сар болгож өгнө үү. Миний зүгээс үйлчлүүлэгчийнхээ болон өмгөөлөгч Б.Батбаярын давж заалдах гомдлын агуулгыг дэмжиж байна. ... гэв.

Прокурор Л.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр прокурорын яллах дүгнэлт болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх байр суурийг илэрхийлж оролцсон. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын зүгээс “...хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах...” гэмт хэрэг үйлдсэн гэж гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж хэрэглэдэг. Гэтэл шүүгдэгч болон шүүдэгчийн өмгөөлөгчөөс прокурорын яллах дүгнэлт болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй. Анхан шатын шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр шүүгдэгч Г.Зид ял оногдуулсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч Н.Оын “...Тэгээд Г.З нэлээн согтоод миний өмнө шоронд орж байсан талаар яриад хоорондоо маргалдсан. Тэгээд тавагтай өвчүүн дээр байсан бор өнгийн иштэй хутгыг Г.З бариад дайрахаар нь би гараараа хутгыг нь бариад тэмцэлдсэн. Тэгээд миний хэвлий рүү цохичих шиг болсон. Тэгтэл цус гараад эхэлсэн. Баруун гарын бугуйны хэсэгт бас нэг зүсэгдсэн. Мөр, баруун гарын алганд өнгөц зүсэгдсэн байсан. Би Г.Зийг буцааж цохиж, зодсон зүйл байхгүй. Хутгатай дайрахаар нь хутганаас нь бариад хоорондоо ноцолдсон. ...” /хх 16-19/ гэсэн      ,

гэрч Г.Б “...07 цаг40 орчим минутад гэртээ ирэхэд гэрт байсан тавгийн идээ нурсан гэрт таваг байсан ширээг хөмрөөд хугалаад хаясан байдалтай гэрт ээж З хоёр л байсан. Тэгээд гайхаад байж байтал гаднаас цагдаа ирээд Оыг хутгалуулсан талаар мэдсэн ба юу болсон талаар тодруулахад О манай дүү З хоёр манай гэрт ээжтэй хамт байж байгаад хамт архи уусан. Тэгээд хоорондоо юм ярьж байгаад юунаас болсныг мэдэхгүй байна Оын хэвлийн дээд хэсэгт 1 хатгагдсан шарх, баруун гарын шууны доод хэсэгт нийтдээ 2 газар хатгагдсан шарх үүссэн байсан. ...” /хх 21-22/ гэсэн,

гэрч Б.Хын “...Х над руу залгаад “Оыг З хутгалчихлаа, хүрээд ирээч” гэхээр нь би Зийн гэрт ороход З согтуу ээж А эгчтэй хамт байсан ба гэрийнх нь таваг тариа нурчихсан байсан. Тэгээд түргэний машин ирээд түргэний эмчтэй О ахын гэрт ороход О ах дээшээ хараад хэвтэж байсан ба эхнэр нь хажууд нь сууж байсан, баруун гарын бугалга хэсэгт зүсэгдсэн шарх, мөн гарын сарвуунд зүсэгдсэн шархтай, хэвлийн дээд хэсэг бүхий аймхай орчим нэвтэрсэн хутгалагдсан шарх байсан. ...” /хх 24/ гэсэн,

гэрч Б.Аийн “ ...Тэгээд 23 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад унтаж амраад байж байтал манай дунд хүү болох З хүргэн О 2 нар хоорондоо ярьж суугаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд өглөөний 06 цагийн орчимд манай хүү болох З нь агсраад хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгсэн хоорондоо зодолдоод байсан. Би тусдаа өрөөнд байсан болохоор яаг ямар асуудал болсон талаар мэдэхгүй байна. ...” /хх 26/ гэсэн гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3960 дугаартай шинжээчийн “...Н.Оын биед хэвлийн хөндийд нэвтэрч хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, элэг, өрцний хатгагдсан шарх, баруун гарын алга, зүүн шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай гэмтэл тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулах нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...” /хх 30-31/ гэсэн,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 2142 дугаартай шинжээчийн “...24 см урттай бор өнгийн иштэй хутга 1 ширхэг нь шинжилгээнд тэнцэж байна. Бор өнгийн иштэй хутганаас цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Илэрсэн цус нь нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц байна. ...” /хх 40-41/ гэсэн дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-12/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 63-77, 86-92, 86-95, 100/, хохирогчийн өвчний түүх /хх 81-84/, шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардал болон бусад хохиролд төлсөн төлбөрийн баримтууд /хх 101-106/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад;

шүүгдэгч Г.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, арьс ширний 120 айлын 14-3 тоотод хохирогч Н.Отай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, элэг, өрцний хатгагдсан шарх, баруун гарын алга, зүүн шуунд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Г.Зид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Г.Зийг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Хохирогч Н.Оын эрүүл мэндэд хууль бусаар санаатай халдаж, хүнд хохирол учруулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлийн алийг сонгон хэрэглэх, ямар хэмжээгээр оногдуулах нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Зид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэх талаар урьдчилан төсөөлж, төлөвлөөгүй, гэнэтийн хүчин зүйлд автаж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн байдлыг ойлгоно.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготойгоос гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэгддэг.

Хэдийгээр шүүгдэгч Г.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт багтдаг бөгөөд Н.Отай хохирогч Н.Отай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, элэг, өрцний хатгагдсан шарх, баруун гарын алга, зүүн шуунд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.З болон түүний өмгөөлөгч Д.Батбаярын нарын гаргасан “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч Г.Зид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Зийг 5 жил хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас доогуур хэмжээгээр хорих ял оногдуулахаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан заалтыг журамласан нь буруу болжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Зид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгахаар шийдвэрлэхдээ хэрхэн яаж хэн устгах талаар заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжтой, эргэлзээгүй байна гэсэн заалтыг зөрчсөнийг зөвтгөх шаардлагатай байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих өөрчлөлт, нэмэлт заалт оруулж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.Зийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/2601 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Зийг 5 жил хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Зийг 5 жил хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. ...” гэснийг “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 (жаран дөрөв) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                     ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ