| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0453/Э |
| Дугаар | 492 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Д.Б, Л.С,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Л.С,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Д.Б нарт холбогдох эрүүгийн 1711002480314 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б овгийн Л.С, 1975 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 74 дүгээр байрны 13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
2. Ч овгийн Д.Б, 1980 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны гагнуурчин мэргэжилтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол 23 дугаар байрны 65 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хийморь-13 хотхоны 74г байрны 72 тоотод оршин сууж байгаа гэх,
Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Л.С дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Л.С нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В9-442 тоотод орших иргэн Б.Бүрнээбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч печь хулгайлан авч бусдад 30.000 төгрөгийн хохирол,
Мөн Д.Б-тай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В9-442 тоотод орших Б.Бүрнээбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хөргөгч, цахилгааны утас, компьютер зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 340.000 төгрөгийн нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б нь Л.С-тай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В9-442 тоотод орших Б.Бүрнээбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хөргөгч, цахилгааны утас, компьютер зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 5 сарын 27-ны өдөр ажлаасаа халагдаад сэтгэл санаагаар унасан байсан. Тэгээд Л.Сын гэрт очиж хэд хоног архи уусан. Энэ айлаас эд зүйл авсан асуудал 2017 оны 6 сарын 20-ны орчим болсон юм…” гэв.
Шүүгдэгч Л.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Айлын гэрээс эд зүйлийг нь хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Дахин хулгай хийхгүй. Энэ айлд орсон өдөр нь 2017 оны 6 сарын сүүлээр болсон. Мөрдөн байцаагч намайг 7 сарын 20-ны өдөр гэхгүй бол барьж хорино гэж айлгасан. Би буруу хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна …” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Бүрнээбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2017 оны 7 дугаар сарын 23-нд хашаа байшингаа эргэхээр очиход манай байшингийн үүдний амбаарын хаалга цоожтой дотогш ороход дотор хаалганы цоож нь байхгүй хажуу талынх нь хаалганы банз газарт уначихсан байсан. Тэгээд байшин дотор ороход аавын минь зургийн урд талд байсан 20.000 төгрөг, цагаан өнгийн печь алга болсон. Мөн гал тогооны өрөөний цонх хагарсан байдалтай байсан. Тэгээд тухайн өдөр хулгай орсон байна гэж бодоод байшингийнхаа үүдний амбаарыг цоожлоод явсан. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед нүүлгэлтийн машинтай ирээд эд зүйлээ нүүлгэх гээд иртэл байшинд байсан эд зүйл, тавилга, цахилгаан бараанууд байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Д.Б, Л.С нар нь надаас уучлалт гуйж миний хохирлыг барагдуулсан...” гэжээ /хх-48-49/.
Д.Б нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “…Би Чингэлтэй дүүргийн 7-р хороо хувьсгалчдын В-9-442 тоотод 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Л.Стай хамт орсон. Тухайн үед хаалга нь онгорхой байсан. Л.С надаас өмнө нэг удаа орж хоол хүнс болон печь авсан талаараа ярьж байсан.тэгээд хулгай хийсэн айлаасаа хөргөгч, зурагт, усны сав, компьютер эдгээр зүйлийг авсан/хх-67, 94-96/ гэжээ.
Л.С нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “…Манайх Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын В-9-440 тоотод байдаг. Манайхаас нэг хашааны цаана байдаг айлын эзэн өнгөрөөд эзэнгүй байсан. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 20-нд архи ууж мөнгөгүй болоод ХВ-9-442 тоот хашаанд байх байшингийн үүдний амбаарын дээврээр ороод дотогш орох гэтэл дотор хаалга нь цоожтой байхаар нь дээврээр буцаж гараад гал тогооны цонхыг нь хөлөөрөө өшиглөөд хагарсан шилийг нь авч байгаад ороод хөргөгчнөөс нь хоол хүнсний зүйл болон цагаан өнгийн печь авсан. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Д.Бтай хамт уг айл руу дахиж ороод хөргөгч, зурагт, компьютер цахилгаан утас зэрэг эд зүйл аваад гарсан/хх-68,91-92/ гэжээ.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-16-20/, Эд зүйлийн үнэлгээ /хх-21/.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-102, 124/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-98, 123/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.С нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В9-442 тоотод орших иргэн Б.Бүрнээбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч печь хулгайлан авч бусдад 30.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Д.Б-тай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В9-442 тоотод орших Б.Бүрнээбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хөргөгч, цахилгааны утас, компьютер зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 340.000 төгрөгийн нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Б нь Л.С-тай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В9-442 тоотод орших Б.Бүрнээбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хөргөгч, цахилгааны утас, компьютер зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бүрнээбаярын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.С-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн, шүүгдэгч Д.Быг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь “иргэн Б.Бүрнээбаярын эзэмшлийн байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан гэх асуудал 2017 оны 6 сарын 20-ны орчим орчим болсон, иймд хэрэг болсон цаг хугацааг зайлшгүй тогтоох шаардлагатай учир хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-15/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл/хх-16/, Б.Бүрнээбаярын гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүд /хх-43-45, 48-49,50-51/, эдгээр нотлох баримтуудыг нотлох мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нарын хийсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд/хх-91-93, 94-96/ зэргээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн цаг хугацаа хангалттай нотлогдон тогтоогдож байна. Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь хэрэг болсон цаг хугацааны талаар өөрөөр мэдүүлэх боловч мөрдөн шалгах ажиллагааны үед гэмт хэргийн талаар эхэлж гэрчээр өгсөн, мөн ял сонсгож яллагдагчаар татах үед яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлгүүдийг шүүх үнэн зөв гэж үнэлсэн болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзэв.
Хохирогч Б.Бүрнээбаяр нь “...Д.Б, Л.С нар нь надаас уучлалт гуйж миний хохирлыг барагдуулсан Цаашид гаргах гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.С, Д.Б нарыг бусдад төлөх төлбөргүй болсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Л.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй байна.
Харин шүүгдэгч Д.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 50 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Л.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ганцаараа болон бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Ч овгийн Д.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.С-т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-т 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.С, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 50 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Л.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН