| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0448/Э |
| Дугаар | 500 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
иргэдийн төлөөлөгч Б.Зина,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Т.Амгаланбаатар,
хохирогч Б.Батсайхан,
гэрч Д.Чимэгбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Ш.Г-д холбогдох эрүүгийн 1811009320467 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овгийн Ш.Г, 1969 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Наахай тур ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар гудамжны 31 тоотод оршин суух хаягтай,
Нийслэлийн шүүхийн 1992 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 94 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Хан-Уул дүүргийн шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 01 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 02 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ш.Г 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 2-11 тоотод Б.Батсайханы хэвлий тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ш.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Болсон явдлыг сайн санахгүй байгаа боловч Д.Чимэгбаатар намайг хутгалсан гэж хэлсэн. Б.Батсайхан ахаас уучлалт гуйж байна...” гэв.
Хохирогч Б.Батсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ш.Гыг би урьд нь таньдаг байсан. Хамт архи уусан нь буруу боллоо. Миний хувьд сургамжийн хэдэн үг л хэлсэн. Би эмнэлэгт очоод хагалгаа хийлгээгүй бол их хүндрэх байсан. Азаар эмчийг нь манай дүү таньдаг байсан учраас сайн үзээд хэвлий хөндий нэвтэрсэн гэдгийг мэдсэн. Эмчилгээний зардалд 1 сая гаран төгрөг зарцуулагдсан. Зургаан зуу гаран мянган төгрөгийн баримт цугларсан. Үүнийгээ авсан. Одоо надад Ш.Гыг амьдралыг мэддэг учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэг саналгүй...” гэв.
Гэрч Д.Чимэгбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.Батсайхан ах Ш.Г нар урьд нь нэг удаа муудалцаад маргалдаж байсан. Б.Батсайхан жаахан халамцаад энэ талаараа яриад Ш.Г руу агсраад эхэлсэн. Миний хувьд Ш.Гыг хутга авч байхыг хараагүй ч нэг харахад хутга барьсан учраас салгах гээд ноцолдож байх хооронд хутгалчихсан...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Батсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 09 цаг өнгөрөөгөөд ажлын газрын Чимэгбаатарын гэрээр орсон юм. Гэрт нь ороход зүс таних Ш.Г гэдэг залуу эхнэрийн хамт байсан ба удалгүй нэг шил архи гаргаад ирсэн. Тэгээд нөгөө архи бид 4 хувааж уусан юм. Тухайн үед би Ш.Год хандаж чи Чимэгбаатарыг битгий уруу татаж бай, амьдрах гэж ядаж байгаа юм гэж хэлсэн ба Ш.Г нь миний хажууд суугаад Баагий ах аа намайг уучлаарай, дүү нь хөдөөнөөс эхнэр аваад одоо засарч байгаа гээд л яриад сууж байсан. Архи дуусахаар нь би өөрөө нэг шил архи авч өгөөд тэрийгээ дөрвүүлээ ууж байсан. Нэг мэдэхэд л Ш.Г уурлачихсан Чимэгбаатар дунд нь чи юун хутга шөвөг барьчхав гээд хэлж байсан. Гэнэт л Ш.Г над руу дайраад миний хэвлий тус газарт 1 удаа хутгалсан. Түргэн дуудаад цэргийн нэгдсэн эмнэлэг дээр ирж яаралтай хагалгаанд орсон...” гэжээ /хх-19/.
Гэрч Д.Чимэгбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Батсайхан ах Ш.Г хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би тэр хоёрыг болиулах гээд салгасан. Тэгсэн дахиад маргалдаад байсан. Ш.Г хутга аваад Батсайхан руу дайрахаар нь болиулаад хутгыг нь аваад далд хийсэн. Тэд гайгүй болоод суусан чинь Батсайхан ах хэрүүл өдөөд янз бүрийн юм яриад хор шарыг нь хүргээд байсан чинь Ш.Г дахиад хутга аваад дайрсан. Тэгэхэд би Ш.Гыг болиулах гээд шанаадсан, тэгэхэд Ш.Г болилоо гэхээр нь тавьчихсан чинь миний дээгүүр давж ирээд Батсайхан ахыг хутгаар зүсчихсэн. Гэдэсний нь зүүн дээд хэсэгт талх зүсдэг хутгаар зүссэн байсан...” гэжээ /хх-21/.
Гэрч С.Гандиймаа нь мэдүүлэхдээ: “...Бид архи уугаад нилээд халсан байсан ба тэд нар хоорондоо машин тэрэг яриад сууж байсан. Ямар нэг хэрүүл маргаан болоогүй байсан. Би гарч бие засчхаад ороод ирсэн чинь Чимэгбаатар Ш.Гыг 2,3 удаа алгадаад авсан. Би юу болов гэсэн чинь “энэ чинь хүн аллаа шүү дээ” гэсэн хартал Батсайхан ахыг хутгалчихсан, цээжний доод хэсгээс цус гарч байсан. Тэгээд эмч, цагдаа ирсэн...” гэжээ /хх-23/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн №4147 дугаар дүгнэлтэд:
“1. Б.Батсайханы биед хэвлийн дээд хэсгийн хөндий рүү нэвтэрч, бүдүүн гэдэсний хөндлөн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /300 мл/ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /хх-26/.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-6-8/.
Эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл /хх-12/,
Хохирогч Б.Батсайханаас Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...Б.Батсайхан миний бие нь Ш.Гоос 600.000 төгрөг хүлээн авсан нь үнэн болно...” гэх тодорхойлолт /хх-52/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-60, 75-84/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Г 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 2-11 тоотод Б.Батсайханы хэвлий тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн №4147 дугаар шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Ш.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Батсайханаас нийт 618.450 төгрөгийн баримт гаргаж өгснөөс шүүгдэгч Ш.Г нь 600.000 төгрөг хүлээлгэн өгсөн /Баримт хх-52/, шүүхийн шатанд 20.000 төгрөг хүлээлгэн өгсөн байна. Мөн хохирогч Б.Батсайхан нь “...Ш.Год гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Ш.Гыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэв.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, хуульд зааснаас доогуур ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Г нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд буюу 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 3 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19 см урттай, шар, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Ш.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ш.Год 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ш.Г-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.
5. Шүүгдэгч Ш.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19 см урттай, шар, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХАЛИУН
ШҮҮГЧИД Ё.ЦОГТЗАНДАН
С.БАТЖАРГАЛ