| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2503003480798 |
| Дугаар | 2026/ДШМ/125 |
| Огноо | 2026-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/125
2026 01 28 2026/ДШМ/125
З.З, Б.С нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
хохирогч П.О, Г.Э нарын өмгөөлөгч С.Чинзориг,
шүүгдэгч З.З, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/2467 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Зын өмгөөлөгч Б.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлоор З.З, Б.С нарт холбогдох эрүүгийн 2503003480798 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт тус тус зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч З.З нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны замд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 38 минутын үед “Toyota Prius 30” загварын ..... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; Г. тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэх гэх заалтуудыг зөрчиж “Toyota Prius 30” загварын .... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж өөдөөс нь ирж явсан, “Honda Fit” загварын .....УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж П.О, Г.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр, У.У, Д.О, М.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.С нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны замд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 38 минутын үед “Toyota Prius 30” загварын .... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөний улмаас “Toyota Prius 30” загварын ..... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх үед эсрэг урсгалд орж өөдөөс нь ирж явсан “Honda Fit” загварын .....УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж П.О, Г.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр, У.У, Д.О, М.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, З.Зад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч З.Зыг “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч З.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох" зорчих эрхийг хязгаарлах ял,
шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Зын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх хорих ялын нийт хэмжээг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Зад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа, шүүгдэгч Б.Сийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Заас 18,553,245 төгрөгийг гаргуулж хохирогч П.От, 4,771,500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Эт, шүүгдэгч Б.Сээс 18,553,245 төгрөгийг гаргуулж хохирогч П.От, 4,771,500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Эт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Заас 11,899,650 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Сд тус тус олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.З, Б.С нараас 3,965,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч П.О, Г.Э нар нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.Зын өмгөөлөгч Б.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шүүгдэгч З.З, Б.С нарт холбогдох хэргийг хэлэлцэж дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч З.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. Мөн шүүгдэгч Б.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1, 12.3, 12.4 дэх хэсгүүдэд заасан заалтыг зөрчсөн нь осол гарах, хохирогч нарт хохирол, хор уршиг учрах үндсэн шалтгаан нөхцөл болсон үйл баримтыг анхаараагүй болно. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бичлэгээс үзэхэд маш хурдтай явснаас осол гарах үндсэн нөхцөл бий болсон нь илэрхий байдаг. Шүүгдэгч З.Зад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх шалтгаан, үндсэн нөхцөлийг харгалзан үзээгүй болно. Мөн шийтгэх тогтоолын 8 дахь заалтад Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Заас Б.Сд 11,899,650 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг хэрэглээгүй ба хохирогч гэх нэр томьёонд иргэний нэхэмжлэгчийн статус мөн хамаарах болно. Нөгөө талаар Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон атлаа тээврийн хэрэгслийн гэм хорыг нэхэмжилж шүүхээс түүнийг хангасан нь үндэслэлгүй, логик уялдаагүй байна. Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн хувиар мэдүүлэхдээ “Би Ховд аймагт жолооч болсон. Би ямар курс төгссөн эсэхээ мэдэхгүй байна. Миний жолоодох эрхийн үнэмлэхийг Алтанцэцэг авч өгсөн. Би курст суугаагүй” гэжээ. Гэтэл жолоодох эрх гэдэгт Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.3 дах хэсэгт тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн шаардлагыг тодорхойлсон байна. Энэ нь гэмт хэргийн зүйлчлэлд ч нөлөөлж болзошгүй байтал тээврийн хэрэгслийн гэм хорын хохирлыг шүүгдэгч З.Заас гаргуулахаар шийдвэрлэсэн туйлын шударга ёсны зарчимд харшилж, хууль ёсны ба зөв шийдвэр болж чадаагүй гэж үзэхээр байна. Шүүгдэгч З.З нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувиараа автомашин засдаг зэрэг гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал бүхий шүүгдэгч болно. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд хорих ял нь тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй байх тул шүүхээс оногдуулсан 1 жил 03 сарын хорих ялыг өөрчилж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Шийтгэх тогтоолын 8 дахь заалтын шүүгдэгч З.Заас 11,899,650 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Сд олгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч З.З тус шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “...Энэ осол миний буруутай үйлдлийн улмаас гарсан өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байна. Миний бие эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүдийн маань 2 нь бага насны хүүхдүүд, эхнэр чихрийн шижин өвчтэй хөл гар нь байнга бадайрч өвддөг, хүүхдүүдээ хараад гэртээ суудаг ажил хийдэггүй. Миний бие ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Би хохирогчид учруулсан хохирлоо байгаа боломжийнхоо хэмжээнд төлж барагдуулахыг хичээнэ. Эхний ээлжид машинаа зараад хохирлынхоо талыг төлж барагдуулах бодолтой байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж зорчих эрх хязгаарлахаар сольж өгнө үү гэж хүсэж байна. Би гэртэйгээ ойрхон засварын газар ажилладаг учир зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх боломжтой. ...” гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага, гэм буруугийн дүгнэлт нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршигт нийцсэн гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нарын хэн аль нь шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй, хохирогч нараас уучлалт гуйгаагүй. Энэ ослоос болж нэг айлын 2 хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Гэтэл шүүгдэгч нар өнөөдрийг хүртэлх хугацаанд уучлалт гуйж, эм тарианы мөнгө өгсөн зүйл байхгүй байгаа нь шүүгдэгч нарыг үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн хандаж байгааг харуулж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. ...” гэв.
Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Зын өмгөөлөгчөөс согтуурлын зэргийг бодит байдлаар тогтоогоогүй гэх тайлбарыг гаргаж байна. Зам тээврийн осол гарахад осол гаргасан тээврийн хэрэгслийн жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагаа тухайн цаг хугацаанд даруй явагддаг. Энэ ослын тухайд шүүгдэгч З.З нь осол гаргасан даруйдаа хэргийн газраас зугтаасан учир тухайн үед түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж чадаагүй нөхцөл байдал үүссэн. Гэвч хэрэг бүртгэлийн ажиллагааны шатанд шүүгдэгчийг хурдан хугацаанд барьж тэр даруй согтолтын зэргийг шалгасан, мөн шүүгдэгч З.З нь “...би пиво уусан байсан...” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Шүүгдэгч З.Зын согтолтыг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгчийн өөрийн өгсөн мэдүүлэг зэргээр түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогдож байгаа. Шүүгдэгч З.Зын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй гэх агуулгыг илэрхийлдэг боловч түүний өмгөөлөгчөөс согтолтын зэргийг даруй шалгаагүй, дрейгараар шалгасан согтолтын хэмжээ нь согтуурлын хэмжээнд хүрэхгүй гэх тайлбар гаргаж байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэхэд учир дутагдалтай гэж харж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг дээр зам тээврийн осол гарах болсон шалтгаан, нөхцөл юу болохыг зайлшгүй тогтоодог. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, ослын харилцан хамаарлыг 3 үндсэн хэсэгт авч үздэг. 1 дүгээрт жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа нь осол гарах үндсэн шалтгаан, 2 дугаарт осол гарахад нөлөөлж байгаа хүчин зүйл, 3 дугаарт осол гарах үндсэн шалтгаан нөхцөл болон нөлөөлж байгаа хүчин зүйл нь хохирол хор уршгийг нэмэгдүүлдэг. Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч З.Зын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарах үндсэн шалтгаан болсон. Харин шүүгдэгч Б.С хурдыг тодорхой хэмжээнд хэтрүүлж явж байсан нь уг осол гарахад нөлөөлж байгаа хүчин зүйл мөн хохирол, хор уршгийг нэмэгдүүлж байгаа үйлдэл. Прокурорын зүгээс анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Хохирол хор уршигтай холбоотой гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байна гэж үзэж байгаа тул үүнд хэлэх тайлбаргүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудад үндэслэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Зын өмгөөлөгч Б.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.З нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны замд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 38 минутын үед “Toyota Prius 30” загварын ..... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; Г. тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэх гэх заалтуудыг зөрчиж “Toyota Prius 30” загварын .... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж өөдөөс нь ирж явсан, “Honda Fit” загварын .....УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж П.О, Г.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр, У.У, Д.О, М.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Б.С нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны замд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 38 минутын үед “Toyota Prius 30” загварын .... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөний улмаас “Toyota Prius 30” загварын ..... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх үед эсрэг урсгалд орж өөдөөс нь ирж явсан “Honda Fit” загварын .....УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж П.О, Г.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр, У.У, Д.О, М.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч П.Оийн “...Би ард талын суудал дээр зорчиж явсан, гэнэт өөдөөс машин ороод ирэхээр нь яаж байгаа юм бэ гээд бодохын завдалгүй бүх зүйл хурдан болж өнгөрсөн. Нэг мэдэхэд хүмүүс орилоод “зүгээр үү яасан бэ” гэж асууж эхэлсэн. Тэгээд мөргөлдсөн байсан гэдгээ мэдээд хөдөлж чадахгүй хамаг бие өвдөөд янгинаж байсан. Өөдөөс явж байсан машин хурдтай явж байсан байх хойно зорчиж байсан миний бие урд суудал руу хавчигдаж орсон. ...Миний бие хоёр хөл, дунд чөмөг хэсгээрээ хугарч, зүүн гарын мөр, ахар сүүл, духны зүүн хэсэг зулгарч хүндээр гэмтсэн, одоогоор биеийн байдал маш муу байна. ...Эрүүл мэндэд учирсан хохирол, эд хөрөнгийн хохирол, сэтгэл санааны хохиролтой байна. ...” /1хх 24-25/,
хохирогч Г.Эийн “...Гэтэл эсрэг талын урсгалаас цэнхэр өнгийн приүс 30 загварын тээврийн хэрэгсэл маш хурдтай миний машиныг мөргөсөн. Би тухайн үед торомз гишгэсэн. Осол маш хурдан болсон. Манай ээж хамгийн их гэмтсэн, нэг мэдэхэд түргэн, цагдаа ирсэн байсан. ...Миний баруун хөл хөдлөхөд хөндүүртэй зүүн хөл хөдөлж чадахгүй байна. Хоёр хавирга хугарсан, цээж амьсгаа авч чадахгүй, босож чадахгүй хэцүү байна. ...Манай машиныг мөргөсөн жолоочид маш их гомдолтой байна. ...” /1хх 28/,
иргэний нэхэмжлэгч Д.Оийн “...Би жолоочийн урд талын суудал дээр сууж байсан. Гэнэт нэг машин ирээд маш хүчтэй мөргөсөн. Манай нөхөр эсрэг урсгалдаа ороод бродюр болон өөдөөс ирж байсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Нөхрийн машины төлбөрийг гаргуулах хүсэлтэй. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 45/,
З.Зын яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах засварын газраас машин өнгөлөх өнгөлгөөний тос аваад тэндээ ганцаараа шар айраг уусан, зам сийрэг болохоор би “Нэт капитал” 9145 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй туслах замаас гарч байгаад нэг цэнхэр машинтай мөргөлдсөн. Тухайн үед би уучихсан байсан болохоор сандраад хэргийн газрыг орхиж явсан. Ослын газрыг орхиж явсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал дээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч С нь хурд хэтрүүлж эсрэг урсгалд байгаа хоёр тээврийн хэрэгслийг мөргөөгүй бол тухайн машинд зорчиж явсан хүмүүс гэмтэхгүй байх байсан. ...Гэр ойрхон зам сийрэг байсан учраас би машин барьсан, тэр миний буруу. ...” /2хх 58/,
Б.Сийн яллагдагчаар өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны хөтлийн замд зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр уруудаад явж байсан. Гэтэл туслах замаас хөх өнгийн приус маркийн автомашин гарч ирээд мөргөлдсөн, тухайн үед би юу болоод байгааг мэдээгүй, нэг мэдэхэд эсрэг урсгалдаа орсон цагаан өнгийн тээврийн хэрэгслийг мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад хартал надтай мөргөлдсөн тээврийн хэрэгсэл зүүн тийшээ ослын газрыг орхиж зугтаасан. Надтай мөргөлдсөн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл дээр очиход дотор нь хоёр эмэгтэй, нэг хүүхэд байсан. Тэнд байсан хүмүүс түргэн дуудсан түргэн ирээд тухайн хүмүүсийг аваад явсан. Би цагдаа ирэх үед болсон зүйлийн тухай мэдээлэл өгсөн. ...Биеийн байдал нь хэвийн бүгд зүгээр байгаа. ...Би ойролцоогоор 60-70 км цагийн хурдтай явж байсан. Хурд хэтрүүлсэн нь миний буруу. ...” /2хх 69/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГ0725/5366 дугаартай шинжээчийн “...П.Оийн биед хоёр дунд чөмгөний доод 1/3, зүүн шуу ясны зөрүүтэй сэлтэрсэн далд хугарал, хоёр гуянд зөөлөн эдийн няцрал, дух, зулайн хуйх, зүүн мөр, цээжинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” /1хх 64-67/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1400 дугаартай шинжээчийн “...П.О ийн сэтгэцэд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресс, айдас, түгшүүрийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна. ...” /1хх 206-208/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГ0725/5339 дугаартай шинжээчийн “...Г.Эийн биед баруун 5,6 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал, хоёр өвдөгт няцарсан шарх, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1хх 54-55/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1399 дугаартай шинжээчийн “...Дээрх зам тээврийн ослын улмаас Г.Эийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...”/1хх 217-219/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГ0725/5365 дугаартай шинжээчийн “...У.Уын биед бүсэлхийд зөөлөн эдийн няцрал, дух, эрүү, бүсэлхий, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1,1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1хх 76-77/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0725/5693 дугаартай шинжээчийн “...Д.Оийн биед хоёр шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” /1хх 86-87/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0725/5694 дугаартай шинжээчийн “...М.Дийн биед хоёр шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” /1хх 97-98/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0225/502 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “СН01-20250407-140603.тр4 нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэх, тогтоолд дурдсан тээврийн хэрэгсэл нь үл хөдлөх А1-В1 цэгийн хоорондох 29.2 метр зайг 74.8-77.2 км/цаг хурдтайгаар туулж буй дүрслэл дүрслэгдэж байна...” гэсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 145-154/ гэсэн дүгнэлтүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 8/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-12, 14-15/, З.Зын согтолтын зэрэг шалгасан тэмдэглэл “...спиртийн агууламж 3,440%...” /1хх 13/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-21/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны 1000521 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 189-197/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 6-8/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
Анхан шатны шүүхээс З.Зын үйлдлийг “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, мөн “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийг тус тус үйлдсэн,
Б.Сийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч З.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Зын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох" зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэхдээ харгалзван зохих хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул шүүгдэгчид хүлээлгэсэн ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч З.Зын өмгөөлөгч Б.Энхтүвшин “...зам тээврийн осол Б.Сийн хурдтай явсан үйлдлээс болсон. ...Шүүх хохирогч нарын хохирлыг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн. ...З.Зад оногдуулсан 1 жил 03 сарын хорих ялыг өөрчилж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Шийтгэх тогтоолын 8 дахь заалтын шүүгдэгч З.Заас 11,899,650 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Сд олгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд уг зам тээврийн осол нь шүүгдэгч З.Зын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй мөргөсөнөөс болж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон үйл баримт тогтоогдсон. Үүний улмаас тээврийн хэрэгсэл жолоодон явсан шүүгдэгч Б.С нь хурд хэтрүүлсэн үйлдлийн улмаас эсрэг урсгалд явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж олон хүний эрүүл мэндэд гэмтэл учрах нөхцөл болсон.
Хэдийгээр шүүгдэгч нар хоёулаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан боловч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг дэс дарааллаар үзэхэд З.Зын буруутай үйлдэл осол гарах гол шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. ...” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. ...” гэж тус тус заасан.
Шүүх шүүгдэгч З.Зад тус зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрлөөс хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон, тухайн ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх нутаг дэвсгэрийн хэмжээг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.
З.Зад хорих ял оногдуулсан нь түүний согтолтын хэмжээг амьсгалаар шалгахад спиртийн агууламж 3,440% /1хх 13/ хэмжээтэй байсан хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй зэрэг тус тус эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгч З.Зын өмгөөлөгч Б.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч нараас эрүүл мэндээр хохирсон хохирогч П.О, Г.Э нарт учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулсан, шүүгдэгч З.Заас иргэний нэхэмжлэгч Б.Сийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 11,899,650 төгрөгийн олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иймд дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/2467 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Зын өмгөөлөгч Б.Энхтүвшиний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч З.Зын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 89 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/2467 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Зын өмгөөлөгч Б.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Зын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 89 (наян ес) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ