| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/02403/И |
| Дугаар | 192/ШШ2026/00442 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2026/00442
2026 01 08 192/ШШ2026/00442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** байрлах, Т ХХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоотод оршин суух Б.У /РД:**/,
Хариуцагч: ** тоотод оршин суух Ц.Б /РД:**/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 110 806 304 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Б.У, Ц.Б нар нь ТХХК-аас автомашины зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 94011-3544-FA01 дугаартай Фидуцийн гэрээ, 94011-3544 дугаартай Автомашины зээлийн гэрээг тус тус байгуулан 100 000 000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай буюу 2029 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Б.У, Ц.Б нар нь анх зээл авсан өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б.У, Ц.Б нар 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 18 200 000 төгрөг төлж байсан. Үүний дагуу 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг мөн нэмэгдүүлсэн. Ингэхдээ үндсэн төлбөрөөс нь 18 200 000 төгрөгийг хасаад 95 023 215 төгрөгийг нэхэмжилж, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 155 хоногийн хүүг 100 000 000 төгрөгийн үндсэн зээлээс тооцож 14 778 082 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу нэхэмжлэлийн шалтгааныг нэмэгдүүлэх өдөр хүртэлх хугацаанд 181 хоногоор тооцож үндсэн зээл буюу 100 000 000 төгрөгөөс 18 200 000 төгрөгөөс хасаад 81 800 000 төгрөгийн зээлийн үлдэгдлээс 181 хоногийн хүү 14 116 214 төгрөг нийт үндсэн зээлийн төлбөрт 81 800 000 төгрөг, хүү 28 894 297 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73 007 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 39 000 төгрөг, нийт 110 806 304 төгрөгийг хариуцагч нараас гаргаж өгнө үү.” гэв.
2. Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед хамтын ажиллагаатай гэж тухайн машин зарж байгаа манай эхнэрийг авчирсан н.М-ийн эхнэр нь тэдний шоу хөрөнгөөр машин зарж байсан гараашинд нь зөвхөн Т ХХК стэйнд баннер, манайх зөвхөн эндээсээ л зээл гаргадаг, манай хамтын ажиллагаатай санхүүгийн байгууллага гээд манай эхнэрийг өргөө кино театрын Т салбар дээр аваачсан. Тухайн үед манайх хамтарч ажилладаг, манай эндээсээ л зээл гаргадаг гээд аваачиж байсан. Манай таван богд компани учиргүй аваарт орчихсон машин зарахгүй байх гэж бодоод итгээд машин дээр зээл гаргачихгүй байлгүй дээ гэсний үндсэн дээрээс Т ХХК-аас зээл гарсан. Манайх тухайн машиныг эвдрэлтэй гэдгийг мэдээд 24 цагийн дотор машинаа буцааж өгөөд тухайн машиныг авахгүй гээд зээлийн эдийн засагчид нь мэдэгдсэн. Тэгээд тэр шоу рүүмд нь буцааж тавьсан. Маргааш нь н.М ирээд тэгвэл өөр машинаар сольж өгье, энийг унаад үз гээд хар өнгийн RX маркийн машинд өөр дугаар зүүлгээд харуулсан. Тэгээд би тэр машиныг нь унаж үзээд окэй энэ машин нь болж байна гэсэн чинь тэр машинаар солиод өгье гээд тухайн үед тохирсон. Ингээд н.М тэгвэл 4 хоногийн дараа хүрээд ир, номерыг нь би шилжүүлээд өгье, номер шилжүүлэхэд Улаанбаатарын харьяатай дугаар олдохгүй байгаатай холбоотой асуудал үүсчихсэн байгаа, би нэг гадагшаа яваад ирнэ гэчхээд 4 хоногийн дараа очих юм байна гээд намайг явуулсан. Тэгээд би дараа нь ажлаа хийгээд явж байсан чинь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тэнд манай худалдаж авсан машиныг уначихсан явж байхаар нь бичлэг хийгээд зургийг нь дарсан. Тухайн үед намайг машины гарааш дээр хүрээд ир гээд тэр гарааш дээр нь яваад очсон чинь гадагшаа яваагүй байсан.
3. Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.У /РД:**/ миний бие бүжгийн спортын багш дасгалжуулагчаар 13 жил ажиллаж Сарны танго клубийн багшаар 2012 оноос хойш ажиллаж байна. Яармагт байрлах G River ballet studio-тай хамтран шинэ салбарт нь ажиллах зорилгоор өөртөө машин авч өөрийн орлого болон бүжгийн спортын тамирчдыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэйгөөр 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хүслэн авто деалер гэдэг газраас бүртгэлийн 5239 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж 113 000 000 төгрөгийн үнэ бүхий Harrier маркийн тээврийн хэрэгслийг Т ХХК-аас 100 000 000 төгрөгийн зээл гаргуулан авсан. Тухайн авто машиныг 10 дугаар хороололд байрлах гражаас нь очиж үзэн сонгосон. Тухайн машиныг унаж үзээгүй бөгөөд машиныг М гэх хүний эхнэрт үзүүлж 2021 оны шинэ тэрэг маш сайн машинд эвдрэл гэмтэл байхгүй гэсэн үгэнд нь итгэж за тэгвэл зээл гарах нуу судалж үзүүлье гээд Т ХХК-иар судлуулахдаа машин зарсан М гэх залуугийн эхнэрийн мэйл хаяг руу бүх материалаа өгсөн. Урьдчилгаанд өөрийн нөхрийн нэр дээрх Тоёота Приус 30 маркийн машиныг 24 000 000 төгрөгөөр бодож урьдчилгаанд нь өгөхөөр болсон. Маргааш нь зээл гарах боломжтой ирж гэрээ байгуулаарай гэхэд нь баярлаж гэрээ байгуулсан. Миний ажлын онцлог олон хүүхэд машиндаа суулгаж зөөх, мөн хөдөө орон нутагт тэмцээний шүүгчээр ажиллах, мөн өөрийн клубийн 5-18 насны хүүхдүүдийг хариуцан авч явах гээд хариуцлагатай ажил хийдэг учраас хөдөө явах өндөр жип загварын машин шаардлагатай байсан юм. Тиймээс би өөрөө хүнд маш итгэмтгий учир шинэ оны шинэ машин гээд итгээд унаж үзээгүй авсан. Тухайн өдөр гражид нь олон машин байсан учир гаргаж унуулж ч үзээгүй. 24-ний өдөр гэрээ хийгдэж дуусаад орой 20-21 цагийн үед машиныг авсан бөгөөд гэр яг хажууд нь тул /Баянгол дүүргийн 5 дугаар хороо 81-49 тоот/ машиныг гэрийн гадаа зогсоолд тавьж хонуулан маргааш өглөө нь унаад гарсан. Машин хааз авахгүй өгсүүр замд хүч алдаад байсан. Нарны гэрэлд гадаа харахад засвар орсон шинжтэй байсан тул Доктор авто сервисийн инженерт үзүүлэхэд хроп доголдолтой машин гэсэн тэгээд 24 цаг хүрэлгүй маргааш өдөр нь 12 цагт буцаагаад өгсөн. Машиныг буцааж өгөхөд М хүлээж авсан. Өөр машинаар солиод ав, би гадаад яваад ирнэ гээд 4 хоногийн дараа ирээрэй гэсэн. Би тэр үгэнд итгээд явсан. 4 хоног дотроо М гадагшаа яваагүй. Нөгөө эвдрэлтэй машинаа унаад цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд явахтай таарч бичлэг хийж авсан. Тэгээд ярихад машин чинь зүгээр байна, өөр машинаар солихгүй гэсэн ингээд маргаан үүсэж шүүхээр явах болсон. Машин эвдрэлтэй байна буцаая гэдэг саналаа Т-ын зээлийн эдийн засагчид 25-ны өдөр машинаа буцааж өглөө гэж мэдэгдсэн. /24 цагийн дотор/ Бүгд баримттай.Одоо энэ хэрэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны тойргийн шүүхэд Цэрэндолгор шүүгч дээр байгаа. Хэрэг одоогоор 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тавигдсан. 3 дахь хурал болж байгаа. Өмнөх 2 удаагийн хурал машин зарсан талын саналаар хойшилсон. Т ХХК-ийн захиргааны албанд өргөдөл гарган өгч тухайн байдлаа байнга мэдэгдэж ирсэн. Т-ийн байгууллагаас зээлээ төлөөгүй 3 сар боллоо гэх шалтгаанаар Б.У миний зээлийн ангиллыг бууруулж намайг шүүхэд өгсөн. Би маш их хохирсон. Зээл гарахгүй муу ангилалд орсон. Яармаг салбарт хичээл орох боломжгүй, унаагүй учир нэмэлт орлогогүй болсон. Өөрийн нөхрийн нэр дээр байсан машингүй болсон. Өөрийн хувиараа түрээсийн гэрээ хийж бүжгийн клубээ ажиллуулдаг учир банк болон банк бусаас зээл авах эрхтэй болохын тулд олон жил ажиллаж ирсэн. Энэ асуудлаас болж ангилал буурч зээл авахад эрсдэл үүссэн учир 2025 оны 3 дугаар сарын үүссэн хүү болон сарын төлөлтөө хийсэн. Нийт 6 сарын хүү болон гэрээний дагуу төлөлтийн дүнг төлсөн. Гэтэл банк бус нь анхнаасаа энэ үүссэн асуудлыг мэдэж байсан боловч Б.У намайг зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр шүүхэд өгсөн байсан. Одоогоор би дахин ямар ч хүү зээл төлөх боломж, мөн хүсэл алга яагаад гэвэл энэ саруудын хугацаанд би машин унаагүй болж, дахин өөр дүүрэгт салбар нээж ажиллах боломжгүй болсон. Худалдаж авсан Harrier машин нь Японоос үнэлгээгүй гэх ангиллаар машин том осолд орсон цахилгааны бүх утас тасарсан R үнэлгээтэй машин болон ориг аукшин зургийг тухайн тээврийн хэрэгслийн нотлох баримтыг би өөрөө олж одоогоор Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тойргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Тухайн үед надад хуурамчаар үйлдсэн шинэ аукшин зураг үзүүлж эвдрэл гэмтэлтэй машинаа шинэ машин гэж итгүүлж хуурч залилсан байгаа юм. Иймд худалдагч талаас мөнгийг буцааж төлсөн үед би Т-ийн байгууллагын зээлийг төлөх болно. Иймд би маш их цаг хугацаа болон бүжгийн багш хийж нэмэлт салбарт ажиллаж орлогоо нэмэгдүүлэх боломжгүй болсноос гадна нэг ч өдөр тухайн машиныг унаагүй ашиглаагүй. Одоо бүтэн 1 жил болж байна. Иймээс Б.У машин аваагүй байж хүү болон мөнгө төлөх боломжгүй байгаа учир үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж хохироод буй иргэн хүнийг үзэж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Автомашины зээлийн гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Фидуцийн гэрээ, Б.У, Ц.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, ** УКО улсны дугаартай Тоёота харриер автомашины гэрчилгээ, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Шилжүүлгийн баримт, нэхэмжлэх, итгэмжлэл, ерөнхий журнал, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зэргийг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагчаас, хариу тайлбар, Т ХХК-д гаргасан хүсэлт, итгэмжлэл нотлох баримтаар өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.У, Ц.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 113 223 215 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар 18 200 000 төгрөгийн төлөлт хийснээр нэхэмжлэгч 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 81 800 000 төгрөг, хүү 28 894 297 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73 007 төгрөг, нотариатын зардал 39 000 төгрөг, нийт 110 806 304 төгрөгийг гаргуулна гэж ихэсгэсэн.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...зээлдэгч Б.У, Ц.Б нар 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдөр автомашины зээл 100 000 000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсантай холбоотой хуульд заасан эрхийн дагуу шаардлага ихэсгэсэн...” гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч нар зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчийн хамтран ажилладаг компаниас зээлийн санхүүжилтээр тээврийн хэрэгсэл авсан боловч доголдолтой байсан. Энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байна.
5. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 940113544 дугаартай автомашины зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Т ХХК нь зээлдэгч Б.У, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Б нарт 100 000 000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 2021 онд үйлдвэрлэсэн, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсад импортлогдсон, MXUA850007764 арлын дугаартай Toyota Harrier маркийн хар хөх өнгийн тээврийн хэрэгслийг худалдан авах зориулалтаар олгох, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус тохиролцсон байна.
5.2. Мөн өдрөө фидуцийн гэрээг байгуулж, худалдан авсан дээрх тээврийн хэрэгслийн нэхэмжлэгч Т ХХК нь эзэмшилдээ бүртгүүлсэн болох нь талуудын хооронд байгуулагдсан 94011-3544-FA01 дугаар фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
5.3. Нэхэмжлэгч нь фидуцийн зүйл болох тээврийн хэрэгсэл доголдолтой тул фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж тайлбарласан.
5.4. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.
5.5. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5.6. Хариуцагч нар зээл, хүүгийн төлөлт огт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 18 200 000 төгрөгийн төлөлт хийсэн. Талууд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2029 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусах байсан хэдий ч нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасанд нийцнэ.
5.7. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг цуцлах нь хууль болон гэрээнд заасан нэхэмжлэгчийн эрх бөгөөд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлж, гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардаж, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснээр гэрээг цуцлагдсан гэж үзнэ.
5.8. Гэрээ цуцлагдсанаар үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй болно. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон, ихэсгэсэн шаардлагыг хангах үндэсгүй.
5.9. Нэхэмжлэгч анх шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийг үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 13 157 260 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 26 954 төгрөг, нийт 113 184 215 төгрөг гэж тодорхойлсон тооцоолол үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 18 200 000 төгрөгийг хасч тооцвол 94 984 215 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
5.10. Гэрээ хугацаанаас өмнө цуцлагдах үндэслэл хариуцагч нарыг дангаар буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Т ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан хохирлыг хариуцагч нараас шаардах эрхгүй тул нотариатын зардал 39 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.
5.11. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.У, Ц.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 94 984 215 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 822 089 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.У, Ц.Б нараас 94 984 215 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 822 089 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 031 131 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У, Ц.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 632 871 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ