Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 184/2020/03687/И |
Дугаар | 210/МА2022/00785 |
Огноо | 2022-04-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2022/00785
2022 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2022/00785 |
М.Насанбатын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишигийг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/00627 дугаар шийдвэртэй, М.Насанбатын нэхэмжлэлтэй Жижиг дунд үйлдвэрийн газар, Н.Содбаяр, З.Амарбаясгалан, Лийд линк ХХК-уудад холбогдох 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах, хариуцагч Н.Содбаяр, Жижиг дунд үйлдвэрийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон М.Насанбатаас Н.Содбаярт олгосон итгэмжлэлийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жамиймаа, хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн, хариуцагч Лийд линк ХХК, Н.Содбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очир, прокурор Б.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М.Насанбат нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байр 15 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 000472808 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205061652 дугаартай нэг өрөө орон сууцыг ХХААХҮЯамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч холбогдох гэрээ хийх, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, төлөөлөх бүрэн эрхийг Н.Содбаярт 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2 сарын хугацаатай итгэмжлэлээр олгож, нотариатаар баталгаажуулан итгэмжлэлийг үл хөдлөх эд хөрөнгийн 00472808 тоот гэрчилгээний хамт өгсөн.
Жижиг дунд үйлдвэрийн газар Лийд линк ХХК, З.Амарбаясгалан нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2016/3-70 тоот зээлийн гэрээгээр Лийд линк ХХК, З.Амарбаясгалан нар нь 500,000,000 төгрөгийн зээл авч, мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан.
Улмаар, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, М.Насанбатын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ба энэ гэрээний барьцаалагч нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, барьцаалуулагч нь Лийд линк, З.Амарбаясгалан нар байна. М.Насанбат нь тухайн зээлийн болон барьцааны гэрээний оролцогч биш учраас түүний хөрөнгийг барьцаанд тавьсан нь хууль зөрчсөн.
М.Насанбат нь Лийд линк ХХК, З.Амарбаясгалан нарт үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих бүрэн эрх олгосон итгэмжлэл өгөөгүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхгүй.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах, хариуцагч Н.Содбаяр, Жижиг дунд үйлдвэрийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон М.Насанбатаас Н.Содбаярт олгосон итгэмжлэлийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газрын татгалзал, тайлбарын агуулга: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Лийд линк ХХК, З.Амарбаясгалан нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
Мөн М.Насанбат нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг манай сангийн зээлийн барьцаанд тавьж, гэрээ байгуулах бүрэн эрх олгосныг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.Эрдэнэбаяр баталсан байдаг. Тус итгэмжлэлд ...ХХААХҮЯамны Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ хийх, гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, төлөөлөх бүрэн эрхийг олгож байна гэжээ. Гэрээ байгуулсан Лийд линк ХХК нь хариуцагч Н.Содбаярын үүсгэн байгуулсан, түүний 100 хувь эзэмшдэг компани юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч, хариуцагч Лийд линк ХХК-ийн төлөөлөгч Н.Содбаярын татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хуванцар вакум цонхны профайл бэлдэц үйлдвэрлэх төсөл өгч санхүүжилт авахаар шалгарч, барьцаа хөрөнгө бүрдүүлэн зээлийн гэрээ байгуулж санхүүжилт авсан. Ажлын явцад нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон тул Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн барьцаанд тавьсан өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлааст, Согоотын 5 дугаар гудамж 98Б тоот хашаа байшинг барьцаанаас чөлөөлж, оронд нь М.Насанбатын өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байрны 15 тоот хаягт байрлах Ү-2205061652 тоот дугаартай 37.93 м.кв нэг өрөө орон сууцыг нэмэлт гэрээ байгуулан барьцаалсан. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтад газар авч хуванцар профайл үйлдвэрлэлийн онцлогт тохирох 30 метр урттай үйлдвэрийн барилга барих, бүтээгдэхүүний хэв, үйлдвэрийн тоног төхөөрөмж авах зэрэгт зарцуулж үйлдвэрлэл хийхээр зарцуулсан. Миний бие М.Насанбатын нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Хариуцагч З.Амарбаясгалангийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Н.Содбаярын хуванцар вакум цонхны профайл үйлдвэрлэх төслийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг дэмжих сантай байгуулсан гэрээнд гэрээний шаардлагын дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт болох барьцаа хөрөнгө сольж өөрчлөх хавсралт гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан. Н.Содбаяр, М.Насанбат нарын хоорондын орон сууцыг итгэмжлэн өгөх итгэмжлэлд оролцоогүй, хамтран итгэмжлэл аваагүй тул хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
5. Прокурорын татгалзал, тайлбарын агуулга: Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээ нь хуулиар хориглосон, зан суртахууны хэм хэмжээ, олон нийт, гуравдагч этгээдийн ашиг сонирхолд харшилсан, эсхүл хуулиар тогтоосон шаардлагад нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч М.Насанбат нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2208061652 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44 дүгээр байр 15 тоот хаягт байрлах 37.92 м.кв талбай бүхий орон сууцыг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанд тавих, гэрээ хийх, барьцаалбарт гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Н.Содбаярт итгэмжлэлээр олгосон.
Зээлийн барьцааны гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээ нь нэхэмжлэгч М.Насанбатын итгэмжлэлд тусгагдсан дээрх үйлдлүүд хийгдэж, эрх зүйн үр дагавар нь итгэмжлүүлэгч М.Насанбатын эрх олгосны дагуу үүссэн тул барьцаанд тавьсан хүн, хуулийн этгээд хэн байхаас үл хамаарч барьцааны гэрээний улмаас үүдэн гарах үр дагавар өөрчлөгдөхгүй.
М.Насанбат нь өөрийн хөрөнгийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлсэн итгэмжлэл олгохдоо Н.Содбаяр нь Лийд линк ХХК-ийн захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг мэдэж байсан тул Лийд линк ХХК-ийг төлөөлж захирал Н.Содбаярын хийсэн барьцааны гэрээний эрх зүйн үр дагаврын талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Итгэмжлэлээр олгосон эрхийг итгэмжлэлийн хугацаанд хэрэгжүүлснээр итгэмжлэлд заагдсан эрх хэрэгжиж дууссан тул энэ хугацаанд хийгдсэн ажиллагааг итгэмжлэлийн хугацаагаар хязгаарлах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Насанбатын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ, 2017 оны 4-р сарын 27-ний өдрийг итгэмжлэлийг тус тус эх хувиар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.
2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээнд зээлдүүлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, зээлдэгч Лийд линк ХХК, З.Амарбаясгалан нар оролцсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй хэлцэл юм.
Учир нь М.Насанбатын орон сууцыг 50,000,000 төгрөгөөр үнэлж зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зээлдэгч Лийд линк ХХК, З.Амарбаясгалан нар М.Насанбатын дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих эрхтэй эсэх, барьцаанд тавьсан нотлох баримтуудыг хуулийн үндэслэлтэй эсэхэд шүүхээс үнэн зөв дүгнэж нотлох баримтыг бодитой, эргэлзээгүй талаас үнэлээгүй.
М.Насанбат нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг Лийд линк ХХК, З.Амарбаясгалан нарт олгоогүй, Н.Содбаярт итгэмжлэлээр олгосон байхад шүүхээс итгэмжлэлээр олгосон эрхийг төлөөлөгч бусдад шилжүүлсэн гэж үзэхгүй, бусдын барьцаанд тавьсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зэрэг нь хуулиар хориглоогүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.
Талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийгдсэн боловч шүүх М.Насанбат, Н.Содбаяр, Лийд линк ХХК, З.Амарбаясгалан нарыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэл болон 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцаанд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд хэн ямар эрхтэй оролцсон болохыг зөв тогтоож дүгнэлт хийгээгүй.
Иргэний хуулийн 62 дугаар зүйл нь хэлцэлд төлөөлөх төлөөлөгчийн эрх, үүргийг зохицуулсан, нэхэмжлэгч М.Насанбатын Н.Содбаярт олгосон 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэлийн төлөөлүүлэгч нь М.Насанбат, төлөөлөгч нь Н.Содбаяр нар, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гэрээнд зээлдүүлэгч нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, зээлдэгч нь Лийд линк ХХК, З.Амарбаясгалан нар байсан бөгөөд Лийд линк ХХК, З.Амарбаясгалан нар нь М.Насанбатыг хэлцэлд төлөөлөх эрхгүй.
Шүүх Иргэний хуулийн 7 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийг ялгаж, салгалгүй Н.Содбаяр болон Лийд линк ХХК-ийг иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нэг субъект гэж буруу дүгнэсэн.
2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4 дэх хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлсэн нь хууль зөрчөөгүй гэх баталгаа биш бөгөөд барьцааны хөрөнгө нь бусдын өмчлөлийн хөрөнгө хэдий ч тус хөрөнгийг итгэмжлэлгүйгээр Лийд линк ХХК, З.Амарбаясгалан нар зээлийн барьцаанд тавих эрхгүй. Шүүх М.Насанбатыг Лийд линк ХХК, З.Амарбаясгалан нарт итгэмжлэл олгоогүй байхад итгэмжлэл олгосон мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ удаа дараа нэмэгдүүлж, тодруулсан байтал шүүх ...нотолж, чадаагүй, үгүйсгэж чадаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.
Мөн шүүх Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласан ба Н.Содбаяр нь төлөөлөгчийн хувьд өөртэйгөө хэлцэл хийхийг хориглосон ба иргэн Н.Содбаярт олгосон итгэмжлэлээр Лийд линк ХХК-ийг төлөөлж болохгүй.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56, 56.5 дахь хэсэгт заалтын дагуу М.Насанбатын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, гэрчилгээ болон итгэмжлэлийг буцаан гаргуулах үндэслэлтэй.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг нь маргааны үйл баримтад хамааралгүй гэж үзэж байна. Шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу М.Насанбатын урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, М.Насанбатаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж итгэмжлэлийн эх хувийг гаргуулахаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шийдвэрлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
8. Хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байсан гэх үндэслэлээр зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх тухай анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9. Хариуцагч Н.Содбаяр, Лийд линк ХХК-ууд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарснаар Н.Содбаяр, З.Амарбаясгалан, Лийд линк ХХК-ууд энэ хэргийг хариуцагчаар оролцсон. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш 2 иргэн, нэг аж ахуйн нэгжийг төлөөлж, Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж оролцсон. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 25 минутаас анхан шатны шүүхийн мөн оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрийг 38 хоногийн дараа гардаж авсан. Мөн тус шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй тул тайлбар хэлэх боломжгүй байна. Миний бие нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцаагүй гэжээ.
10. Прокурорын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэлийн зорилго нь тодорхой бөгөөд хүсэл зоригоо илэрхийлсэн, хүрсэн үр дүн тодорхой юм. Итгэмжлэл олгосон хугацаанд тодорхой үйлдэл хийгдсэн учраас итгэмжлэлийн хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч М.Насанбат нь хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар, Лийд линк ХХК, Н.Содбаяр, З.Амарбаясгалан нарт холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах, Н.Содбаяр, Жижиг, дунд үйлдвэрийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг, М.Насанбатаас Н.Содбаярт олгосон итгэмжлэлийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
3.а. Нэхэмжлэгч М.Насанбат нь хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газар, Лийд линк ХХК, Н.Содбаяр, З.Амарбаясгалан нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Насанбат нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч З.Амарбаясгаланд гардуулаагүй байна. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах учиртай. Шүүх энэ ажиллагааг явуулаагүйгээс хариуцагч З.Амарбаясгалан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
3б. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очир оролцож Н.Содбаяр, Лийд линк ХХК, З.Амарбаясгалан нарыг итгэмжлэлээр төлөөлөн оролцож байна гэж тайлбарласан боловч хариуцагч Н.Содбаяраас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, хариуцагч Лийд линк ХХК-аас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус бүр 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг Л.Ган-Очирт олгосон, харин хариуцагч З.Амарбаясгалангаас түүнд олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 44, 53/
3.в. Анхан шатны шүүх хариуцагч З.Амарбаясгалангийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, шүүхийн шийдвэрт гомдол гаргах зэрэг эрхээ эдлэх боломжоор хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/00627 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Насанбатын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ