| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0481/Э |
| Дугаар | 503 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч Э.Э, Б.Ж, Э.Б/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,
өсвөр насны шүүгдэгч Н.О, түүний хууль ёсны төлөөлөгч А.Анхчимэг, тэдгээрийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овгийн Э.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овгийн Н.О, Б овгийн Б.Ж, Ш овгийн Э.Б нарт холбогдох эрүүгийн 1811011340518 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б овгийн Э.Э, 1997 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 62-01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
2. Т овгийн Н.О, 2001 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, ах, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 40-11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
3. Б овгийн Б.Ж, 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 29-262 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
4. Ш овгийн Э.Билэгт, 1997 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, Үржин хажидлан хийдэд лам ажилтай, ам бүл 6, аав, ээж, 2 ах, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 40-08 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.Э, Ш.Анхбаяр, Н.О,Б.Ж, Э.Бнар нь бүлэглэж 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө 04-05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Цагаан байрны автобусны буудал орчим хохирогч П.Зоригтбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Э нь мөн хугацаанд иргэн П.Ууганбаатарын эзэмшлийн 98-24 УНУ улсын дугаартай Аллион маркийн автомашинд байсан хохирогч Д.Ундармаагийн цүнхтэй эд зүйлийг хулгайлан авч 449.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй …” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Н.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй …” гэв.
Шүүгдэгч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй …” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч П.Зоригтбаатар нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2018 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагаан байрны автобусны буудал орчим өөрийн төрсөн ах П.Ууганбаатартай хамт ТҮЦ-ээс тамхи авах гээд зогссон. Тэгээд тамхи татах гээд гал байхгүй байсан болохоор буудал дээр зогсож байсан 6-7 залуучуудаас гал асуусан. Тэгээд тэдгээр залуучууд гал өгөхдөө манай ахыг "Мөрөн ахын найз мөн үү" гээд нэг залуу нь асуусан. Тэгж асуухад нь манай ах хариулаагүй болохоор би өмнөөс нь "мөн байхаа" гэж хэлсэн. Тэгж хэлэхэд тэр асуусан залуу чамаас асуусан юм уу дуугай бай пизда минь гэж хэлсэн. Тэгээд би машинаасаа буугаад яасан гэнээ юу гэсэн бэ гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс асаад байсан. Тэгэхэд нэг залуу нь намайг тэвэрчхээд түрээд машин руу түлхээд машин руу суулгах гээд байсан. Тэр үед араас нэг залуу хүрч ирээд нүүр рүү цохисон. Би өөдөөс нь эргүүлээд цохисон. Тэгээд дахиад 2-3 залуучууд хүрч ирээд намайг боогоод чирч явсан. Энэ үедээ намайг өвдөглөөд цохиод байсан. Тэгээд чирч яваад газар унагаагаад дээрээс толгой руу дэвсээд өшиглөөд байсан. Тэр үед би нүүрээ дараад газар хэвтсэн байсан. Намайг хэвтэж байхад ээлжлээд өшиглөөд байсан. ...Манай ах П.Ууганбаатарын машинаас үүрдэг цүнхтэй эд зүйл бол яах арга байхгүй алга болсон байсан. Би түүнийг маш сайн хайж үзсэн. /хх-25/ ...Намайг зодсон хүмүүсийг би таньдаггүй...” гэжээ /хх-27х/.
Хохирогч Д.Ундармаа нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Манай дүү П.Ууганбаатарын машинд манай нөхрийн гутал, жинсэн өмд, малгайтай цамц, харшлын эм, тос, тан, гадаад паспорт, метр зэрэг эд зүйл байсан. Хохирлоо барагдуулж авбал гомдол санал байхгүй...” гэжээ /хх-31/.
Насанд хүрээгүй гэрч Г.Алтаншагай мэдүүлэхдээ: “...Зоригтбаатарыг Э.Э, Б.Ж, Н.О, Анхбаяр, Э.Б нар зодсон. Нэг харахад Зоригтбаатар нь газар уначихсан манай найзууд тойрч зогсоод зодож байсан.” гэжээ /хх-55/.
Гэрч П.Ууганбаатар мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 9-ний орой 21 цагийн үед найз нарын хамт машин дотор 2 шил архи уусан. ...Дүүтэйгээ тааралдаад 04 цагийн үед Баянбүрдийн цагаан байрны орчим үлдээсэн өөрийн машин руу таксигаар очсон. ...Дүү тамхи асаах гээд үл таних залуучуудаас гал асуусан бөгөөд гэнэт маргалдаж зодолдож эхэлсэн. Нэг харахад 4-5-уулаа манай дүүг газар унагаачихсан дээрээс нь зодож байсан. Би тэр залуусын нэгийг нь барьж үлдээд бусад нь зугтаасан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Миний машины багажинд байсан хүний цүнх байхгүй байсан...” /хх-33/. ...Манай хадам ээжийн дүүгийн нөхөр Шинээ ахын цүнх байсан. Цүнхэн дотор ажлын гутал, эмүүд, гадаад паспорт, ажлын хувцас байсан гэсэн. Би нилээн согтолттой байсан. Зоригтбаатар нэг пиво уусан бараг эрүүл байсан...” гэжээ /хх-34/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4761 дүгээр дүгнэлтэд:
“1. П.Зоригтбаатарын биед зулай, дагз, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хамрын нуруу хүзүүнд цус хуралт, шууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шанаа зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэжээ /хх-61х/.
Эд зүйлийн үнэлгээ /хх-11/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/, Хохирогч П.Зоригтбаатар, Д.Ундармаа нарт хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-15-16/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-94, 96-98х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-106-110/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Э, өсвөр насны шүүгдэгч Н.О, Б.Ж, Э.Б нар нь бүлэглэж 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө 04-05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Цагаан байрны автобусны буудал орчим хохирогч П.Зоригтбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Э нь мөн хугацаанд иргэн П.Ууганбаатарын эзэмшлийн 98-24 УНУ улсын дугаартай Аллион маркийн автомашинд байсан хохирогч Д.Ундармаагийн цүнхтэй эд зүйлийг хулгайлан авч 449.500 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Н.О-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
Мөн шүүгдэгч Э.Э, Б.Ж, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Шүүгдэгч Э.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Н.О, шүүгдэгч Э.Э, Б.Ж, Э.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч П.Зоригтбаатар, Д.Ундармаа нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.
Хохирогч П.Зоригтбаатар, Д.Ундармаа нар нь “...учирсан хохирлоо бүлэн барагдуулж авсан. Гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн болохыг дурдав.
Шүүх Өсвөр насны шүүгдэгч Н.О, шүүгдэгч Э.Э,Б.Ж, Э.Бнар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, өсвөр насны шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 30 хоногийн хугацаагаар хорих ялд шилжүүлж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр уг 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоов.
Мөн шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч Д.Ундармаа нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа прокуророос гаргасан ялын саналыг харгалзсан болно.
Өсвөр насны шүүгдэгч Н.О, шүүгдэгч Э.Э,Б.Ж, Э.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Н.О, шүүгдэгч Э.Э, Б.Ж, Э.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
- Мөн шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.О-ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э,Б.Ж, Э.Бнарт тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Э.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
- Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Шүүгдэгч Э.Э-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.
7. Өсвөр насны шүүгдэгч Н.О, шүүгдэгч Э.Э,Б.Ж, Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.О, шүүгдэгч Э.Э, Б.Ж, Э.Б нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН