Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 319/ШШ2025/00794

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын ******* ******* багт оршин суух, Боржигон овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Чандмань сумын ******* ******* багт оршин суух, ******* ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөгийн 134 тооны бог мал, 28 жил мал хариулсны хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч, *******,

Хариуцагч *******, түүний өмгөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Намайг Х.Дэмэд мал тасалж өгнө гээд олон жил ажиллуулсан. 20, 30 тооны мал тасалж өгөөд хавар нь буцаагаад авчихдаг. Би маш их гомдолтой байна. Өөрийн гэсэн мал ч байхгүй. Айлын мал маллаад явж байна.

8,000,000 төгрөгийн хувьд малжуулах төслөөр надад өгсөн. Тухайн мөнгө *******ийн дансаар орсон. Нэг үхэр, хоёр ямаа алж өгсөн тэр нь хүний мал байсан. Нэг адуу алж өгсөн. Өрөөлийг нь ******* Улаанбаатар хот руу авад явсан. Үлдсэнийг нь хадлан хийж байсан хүмүүс нь идээд дууссан гэв.

2. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх ххуралдаанд гаргасан талбартаа: .... Энэ хүнийг би олон жил ажиллуулаагүй. Үхэрийг би хүнээс худалдаж аваад алж өгсөн. Адууны хувьд миний өөрийн адуу байсан.  Ямааны хувьд худалдаж авсан ямаанаасаа өгсөн. ******* өвөлд нь ирээд зунд нь Улаанбаатар хот явчихдаг байсан. 

Цэрэгт явж ирээд ээхийнхээ хамтаар гэр бариад тусдаа гарч явсан. Нийт 2022 өвөл 12 дугаар сарын 20-оос, 2023 оны 02 дугаар 20 өдөр хүртэл малласан. Би малаа хүлээж авахад арван хэдэн мал дутуу авсан. 2023 оны өвөл мал маллуулсан. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 160 ямаа, 50 хонь маллуулсан. Мал нэмж өгөөд 450 мал хүлээлгэн өгч, 2024 оны 06 дугаар сарыг хүртэл маллуулсан.

Намайг Сумын төвд явж байхад мөнгө өг гэхээр нь манай охин шилжүүлсэн. 8,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг гэх мэтээр хэсэгчилж авсан.

Би *******ад өгөх өр төлбөр байхгүй. 8,000,000 төгрөгийг нь өгсөн. Хүүхдийнхээ дансаар дамжуулан эхнэрийнх нь данс болон өөрийнх нь данс руу шилжүүлдэг байсан гэв.

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.******* иргэний үнэмлэхийн хуулбар, “Батламж”-ийн хуулбар, мал хүлээлгэсэн акт, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Мал худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, гар бичмэл, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагч талаас  *******ийн нэр дээрх ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гаргаж өгсөн.

5. Шүүхээс ХААН, Төрийн банкны данс эзэмшигчийн талаарх лавлагааг хэрэгт нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Х.******* холбогдуулан малжуулах төслөөс авсан 8,000,000 төгрөгийн 134 тооны мал, 28 жил мал хариулсны хөлс 15,000,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд: 28 жил мал  хариулсны хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухайд:

 Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь 2022 оны 09 дүгээр сараас хөлсөөр мал маллах гэрээг ******* нь хариуцагчаас хүлээлгэн өгсөн мал /хонь, ямаа/-г харж маллах, ******* нь нэхэмжлэгчид хөлс төлөх үүргийг хүлээн харилцан тохиролцсон нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр “хөлсөөр ажиллах гэрээ” амаар байгуулагдсан байна.

Дээрх хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал, 2023 оны 12 сараас  2024 оны 02 дугаар сарыг дуустал, 2024 оны 06 дугаар сараас 08 сар хүртэл хариуцагч *******ийн мал /хонь, ямаа/-г  маллах ажлыг хийж гүйцэтгэжээ.

3. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Би 8 наснаас эхлэн ******* гэх айлын малыг маллаж ирсэн. ******* надад мал тасалж өгнө, гэр төхөөрч өгнө гэж хэлээд мал маллуулдаг байсан. Мал малласны хөлсөнд 1 тооны үхэр, 3 тооны ямаа, 1 тооны хонь, 1 тооны адуу өгсөн. Тухайн малаас зарим нь хүний мал, заримынх нь махны талыг нь аваад явчихсан. Одоо мал ч байхгүй, мөнгө ч байхгүй тул мал малласан 15,000,000 төгрөгийн хамт нэхэмжилж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа: Би энэ хүнийг олон жил зараагүй, дүү нартайгаа мал маллаж байсан. Энэ хүн зун нь яваад өвөлд нь ирдэг байсан. 20 жил мал малласан нь худлаа. Өөрөө бас малтай байсан бөгөөд түүнийгээ зарж үрсэн. Бид нар нэг гэрт хамт мал маллаж байсан. Сүүлд цэрэгт явж ирээд тусдаа гарсан. Харин миний малыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 235 тооны эр ямаа маллуулсан. Миний малаас зарж архи ууссан байсан. Мөн 2023 оны өвөл бас мал өгөөд 2024 оны хавар 6 сард буцааж авсан. Нэг малыг 1,000 төгрөгийн хөлсөөр маллахаар тохиролцсон. Би хөлсөнд нь 1 тооны үхэр, 1 тооны адуу, 3 тооны ямаа, 1 тооны эр хонь өгч байсан. Мөн мөнгө хэрэгтэй боллоо, зээл хаана гэж хэлэхээр нь эхнэрийнх нь данс руу төрийн банкны данс руу мөнгө шилжүүлж байсан. Би харин ч дутаасан малаа энэ хүнээс нэхэмжлэх болно гэв.

Зохигчид Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар 2022 оны 12 дугаар сараас эхлэн хөлсөөр мал маллах буюу хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж байгаатай маргаагүй байна. Анх тохиролцсон цалин хөлсөө нэг малыг 1,000 төгрөгөөр тохиролцсон үйл баримт нь зохигч нарын тайлбараар тогтоогдсон.

Гэвч нэхэмжлэгч нь хэзээ, хэдэн тооны ямар мал авч малласан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, 28 жил мал малласан хөлсөнд 15,000,000 төгрөгийг нэхэмжилсэн  боловч энэхүү үйл баримт нь нийтэд илэрхий үйл баримт биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтад зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэв.

Харин хариуцагч талаас 2022 оны 11 дүгээр сард 200 тооны эр ямаа өгөөд, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн үеэр буцааж авсан, 2023 оны 12 дугаар сараас 235 тооны эр ямаа, 30 тооны эр хонь хүлээлгэн өгч, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буцааж авсан. 2024 оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл 489 тооны ямаа, 158 тооны хонь өгч маллуулсан гэх агуулгаар тайлбарласныг шүүх үндэслэлтэй гэж үзэв.

Иймд 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл  200 тооны эр ямаа маллуулсны хөлс 200,000 төгрөг, 4  сарын хөлс нийт-800,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 235 тооны эр ямаа, 30 тооны эр хонь буюу 265 тооны 3 сарын малын хөлс 795,000 төгрөг,  2024 оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл 489 тооны ямаа, 158 тооны хонь, нийт 647 тооны малын 2 сарын хөлс 1,294,000 төгрөг, нийт мал малласны хөлс 2,889,000 төгрөг болж байна.

Хариуцагчаас мал маллуулсан хөлсөнд 4 тооны ямаа, 1 тооны хонь, 1 тооны үхэр, 1 тооны адуу өгч байсан гэдэг ч энэ талаар талууд маргаагүй тул мал хариулсны хөлс төлөгдөж байсан гэж дүгнэв.

Харин хариуцагчийн ХААН банкны дансны хуулгаар нэхэмжлэгчийн эхнэр Б. 2 дансанд хариуцагч *******ийн данснаас 5,200,000 төгрөгийг шилжүүлж байсан, нэхэмжлэгч өөрөө хариуцагчийн картаар АТМ-ээр үйлчлүүлж мөнгө авч байсан нь тогтоогдсон энэ талаар зохигчид маргаагүй болно.

Иймд 2024 оны 03 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлж байсан 5,200,000 төгрөг, идшинд өгсөн гэх 4 тооны ямаа, 1 тооны хонь,1 тооны үхэр, 1 тооны адууг нэхэмжлэгч тал мал малласны хөлсөнд авч байсан гэж үзсэн нь үндэслэлтэй.

Иймд 28 жил мал малласны хөлс 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр: 8,000,000 төгрөгийн мал гаргуулах шаардлагын тухай:

Хариуцагчаас малжуулах сангаас орж ирсэн 8,000,000 төгрөгт мал өгөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө мөнгөө авна гээд байхаар нь мөнгийг нь шилжүүлсэн, одоо өр авлага дууссан гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас мал өгнө гэж худлаа хэлээд өгөөгүй. Уг 8,000,000 төгрөгийг ******* нь зарцуулж эхэлсэн. Одоо уг мөнгийг авна гэж маргасан болно.

Хариуцагч *******ийн ХААН банкны харилцах дансанд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Хо Хөд эрхэлтийг дэмжих сан” гэх агуулгатай 8,000,000 төгрөг орлогоор бүртгэгдсэн байна.

2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн Төрийн банкны данс руу 2,000,000 төгрөгийг “zeel” гэх агуулгатайгаар шилжүүлсэн, эхнэр Б. ХААН банкны ,,,,9060 тоот данс руу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн нь банкны хуулга болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн талуудын тайлбараар тогтоогдож байна.

2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* өөрөө  хариуцагч *******ийн картаар ажлын хөлсөнд авсан ба үүнээс хойш талууд хэн хэндээ ямар нэгэн хөлс, мөнгө шилжүүлээгүй байна.

 Хариуцагч нэхэмжлэгчид 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 700,000 төгрөг,13-ны өдөр шилжүүлсэн 300,000 төгрөгийг зээлсэн талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч 1,000,000 төгрөгийг суутгаж авсан гэх нь талуудын тайлбар, дансны хуулгаар тус тус тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 Талуудын хооронд мал худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ.

Гэтэл нэхэмжлэгч нь мал авахаа болиод мөнгөө авна гэх агуулгаар уг гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

 Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл 8,000,000 төгрөг гаргуулах, эсхүл үлдэгдэл мөнгөнд мал гаргуулах талаарх шаардлагаа тодорхойлоогүй болно.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй” гэснээр нэхэмжлэгч 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгөө буцаан авсан нь гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

Зохигчид энэ талаар маргахгүйгээр мөнгөө шилжүүлж, хүлээн авсан нь  тогтоогдсон.

Иймд хариуцагч *******ээс нэхэмжлэгч О.******* мал авахаар шилжүүлсэн 8,000,000 төгрөгөөс үлдэгдэл 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 1, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч О.******* гаргасан 8,000,000 төгрөгийн мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******ээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 28 жил мал хариулсны хөлс 15,000,000 гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,350 /хоёр зуун гучин дөрвөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******ээс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС