Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 504

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Б.Байгалмаа,

  шүүгдэгч Б.Н, Р.Н/шүүгдэгч нар нь өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л овгийн Б.Н, Х овгийн Р.Н нарт холбогдох эрүүгийн 1811014210545 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Л овгийн Б.Н, 1995 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Ховд аймагт төрсөн, эмэгтэй, 22 настай, дээд боловсролтой, архивч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22-372а тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

2. Х овгийн Р.Н, 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эмэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шангрила төвд үйлчилгээний ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 10-78 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Н, Р.Н нар нь 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 72-849 тоотод үйл ажиллагаа явуулах Үржих жаргал хүнсний дэлгүүр дотор НӨАТ-ын баримт авах асуудлаар маргалдаж улмаар харилцан зодолдож Б.Н нь хохирогч Р.Нямцэдэвийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Р.Ннь хохирогч Б.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч, хохирогч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Р.Ннь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 21 цаг болж байхад үл таних хүүхэнд ээж, хүүхдийн хамт орж ирсэн. Тэгээд ууттай граммын чихрээс авмаар байна гэхээр нь тэвэрч яваа хүүхдийг нь бодоод ууттай чихрийг задалж 1 ширхэг чихэр авч өгсөн. Тэгтэл авсан бусад эд зүйлсээ зассан дээр бичүүлэхдээ задалсан чихэрний баримтыг нэхэхээр нь энэ чихрийг уутаар нь зарж баримт гаргадаг бөгөөд ширхгээр авбал баримт гаргах боломжгүй юм байна гэтэл та нар НӨАТ-ын баримт дутуу өглөө гэж хэрүүл хийсэн юм. Тэгэхээр нь та нар гарна уу дараагийн хүмүүстэй үйлчилмээр байна гэтэл чи яасан том дуутай юм бэ гээд шүлсээ хаяж үг хэлээр доромжилсон. Тэгээд нь ээж нь намайг цохиод авахаар нь би өөрийгөө хамгаалж цааш нь түлхсэн. Тэгтэл охин нь хүрч ирээд миний гэдэс хавьд өшиглөсөн. Тэгээд намайг охин нь үсдээд бид хоёр зодолдсон юм...”/хх-12х/. ...Р.Нямцэдэвт зодуулсан асуудлаар ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ /хх-14х/. 

Хохирогч Р.Ннь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 21 цаг болж байхад байнгын үйлчлүүлдэг Үржих жаргал хүнсний дэлгүүрт ээж, охины хамт орж цэлцэгнүүр, ундаа, зайрмаг зэрэг эд зүйл аваад кассан дээр нь бичүүлээд НӨАТ-ын баримтаа нэхэхэд надад өгсөн. Тэгтэл миний картнаас 4050 төгрөг уншуулсан байж уг үнийн дүнгээс бага хэмжээтэй 3150 төгрөгийн баримт гаргаж өгөхөөр нь энэ чинь миний худалдан авсан үнийн дүнгийн баримт биш байна гэтэл манайх бүгдийг бүтэн өгөх албагүй юм. Ер нь та нарт заавал и баримт өгөөд байх шаардлаггүй гэсэн. Энэ үед ээж гаднаас орж ирээд яагаад удаад байгаа юм бэ гэхээр нь болсон зүйлийг ээжид хэлтэл, хэлдэг газар нь хэлж шийдүүлсэн нь дээр одоо явъя гэхээр нь гарах гэтэл дэлгүүрийн арын хаалганаас үл таних эмэгтэй гарч ирээд юу болоод байгааг нь ойлгоогүй байж гутлаа чирсэн гуйлгачин авгай, өрөө төлсөн юм уу дандаа гуйлга гуйгаад явж байдаг байж гээд дэлгүүрээс хөөгөөд гар зайл гэсэн. Тэгэхээр нь би чи хөгшин настай хүнийг болиоч гэтэл ээж нөгөө хүүхнийг чи жаахан хүүхэд байж яасан айхтар хүүхэд вэ гээд гараараа далайсан. Тэгээд ээж бид хоёр дөнгөж дэлгүүрийн хаалгаар гарч байтал нөгөө хүүхэн инээгээд гараа ч “п..” минь гэж араас хэлэхээр нь би эргэж хараад чи одоо юу гээд байгаа юм бэ гэтэл намайг үсдэсэн. Тэгээд мөн зөрүүлээд үсдэсэн юм. Тэгээд дэлгүүрийн эзний нөхөр салгасан юм...”/хх-18х/. ...Б.Нт зодуулсан асуудлаар ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ /хх-14х/. 

Гэрч Б.Баярцэцэг мэдүүлэхдээ: “...Манай ажилтан Б.Н та тэгвэл авахаа болчихгүй юу даа гэхэд тэр эмэгтэй Б.Н рүү чи муу шал угаадаг шалны алчуур хүүхэн юу юм бэ гээд нүүр рүү нь нулимаад өшиглөсөн. Тэгтэл тэр хоёр үсдэлцээд зодолдоод эхлэхээр нь би гүйж очоод салгах гэсэн боловч дийлэхгүй болохоор нь нөхрийгөө дуудаад салгасан. ..Уг эмэгтэй хайрцагтай маремладнаас задлаад авсан бөгөөд хайрцагтай авсан тохиолдолд бар кодоор таниулж баримт өгөх ёстой, гэтэл задалж ширхгээр зарсан тохиолдолд бар код танихгүй учир өгөх боломжгүй байсан...” гэжээ /хх-28/.

Гэрч Ц.Рийна мэдүүлэхдээ: “...Манай охин Нямцэдэвтэй хэрэлдээд байсан. Тэгэхээр нь чи дуугүй л бараагаа өгөөд шалаа угаагаад явж бай гэтэл тэр охин элдэв хэл амаар доромжлоод хэрэлдээд байсан. Тэгснээ Нямцэдэвтэй хэрэлдэж байснаа сүүлдээ үсдэлцээд зодолдсон юм. Тэгээд кассан дээр суусан хүүхэн бид нар салгаж дийлэхгүй байсан болохоор цаанаас худалдагчийн нөхөр гарч ирээд салгасан...” гэжээ /хх-32/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №6027 дугаар дүгнэлтэд: 

“1. Б.Нийн биед дух хэсгийн хуйханд үс халзралт, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсгэгдсэн байх боломжтой. 

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ” гэжээ /хх-34/. 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №6006 дугаар дүгнэлтэд: 

“1. Р.Нямцэдэвийн хоёр шүдний сулрал, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, хүзүү, дагзанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-38/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55-56/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-51-54/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н, Р.Ннар нь 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 72-849 тоотод үйл ажиллагаа явуулах Үржих жаргал хүнсний дэлгүүр дотор НӨАТ-ын баримт авах асуудлаар маргалдаж улмаар харилцан зодолдож Б.Н нь хохирогч Р.Нямцэдэвийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Р.Ннь хохирогч Б.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч, гэрч нарын  мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №6027 дугаар, 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №6006 дугаар дүгнэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Б.Н, Р.Ннарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. 

Мөн шүүгдэгч Б.Н, Р.Ннарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгч нарын гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Шүүгдэгч, хохирогч Б.Н, Р.Ннар нь “...Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа, зодуулсан асуудлаар ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Б.Н, Р.Ннар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овгийн Б.Н, Х овгийн Р.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Р.Ннарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Р.Н нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Н, Р.Н нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Р.Н нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН