Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/103

 

2026           01            22                                                                               2026/ДШМ/103

 

Д.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Лхагваа,

шүүгдэгч Д.Солонгын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,     

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2025/ШЦТ/2492 дугаар шийтгэх тогтоолыг улсын яллагч А.Лхагваагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Д.С-д холбогдох 2402 00096 0409 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т- овогт Д-ийн С-, ........., ял шийтгэлгүй, /РД: Д-/,

 

Шүүгдэгч Д.С- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д- хотхон 12 дугаар байрны 5 давхар 10 тоотод 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Нэгдсэн үндэстний байгууллагын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламжтай "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, шилэн сав бүхий 1,6 грамм цэвэр жинтэй олсны ургамал болон дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламжтай "шавар" гэх хэрэглээний нэршилтэй гялгар уут бүхий 1.3 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай "мөс" гэх хэрэглээний нэршилтэй 2 хэсэг болгон хуваасан гялгар уут бүхий нийт 792.5гр цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн түр оршин суух Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д- хотхон 12 дугаар байрны 5 давхар 10 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан ба улмаар Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай "мөс" гэх хэрэглээний нэршилтэй нийт 33.6 грамм бодисыг 6 хэсэг болгон хувааж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 байршилд, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 байршилд тус тус байршуулж, худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газар: Д.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Нийслэлийн прокуророос шүүгдэгч Т- овогт Д-ийн С-д /РД: Д-/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т- овогт Д-ийн С-д /РД: Д-/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүгдэгч Д. С-ыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч Д. С- нь энэ хэргийн улмаас, эд зүйл хурааж битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эд мөрийн баримтаар хураан авсан тухай тогтоолоор эд мөрийн баримтаар хураан авсан, №1 дугаартай уутны хамт 797.7 грамм 1787.5 грамм цэвэр жинтэй/ жинтэй мөс мэт бодис, №3 дугаарлан хураан авсан хар өнгийн хуванцар хайрцаг хийсэн зиплок түгжээтэй уутанд хийсэн, уутны хамт 5.0878 грамм /4.8455 грамм цэвэр жинтэй/ мөс гэх хэрэглээний нэршилтэй бодис, №2 дугаартай шилэн сав бүхий 1.6 грамм цэвэр жинтэй олсны ургамал, №6 дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн AY1724335 серийн дугаартай мөнгөн дэвсгэрийг Монгол банканд шилжүүлэх, 3 ширхэг тугалган цаас, зиплок түгжээ бүхий уутанд хийсэн 1.3 грамм цэвэр жинтэй шавар мэт бодис зэргийг "Miniso" гэх бичиглэлтэй хуванцар савын хамт, №1 дугаартай мөс мэт зүйлийг ороож битүүмжилсэн хар өнгийн даавуу зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дээрх эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон ирсэн 2 ширхэг СД-ийг хавтаст хэрэгт хавсаргахаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ЦХШЗ/796 дугаартай шүүгчийн захирамжаар Д.С-д Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ын цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор...” шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Лхагваа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Д.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүний гэм буруугүй болох нь хэрэгт авагдсан бичгийн ямар баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар дурдаагүй. Тухайлбал шүүгдэгч Д.С-ын сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэм буруутайг нотолсон прокурорын яллах дүгнэлтэд дурдсан "мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.С-ын түр оршин суудаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д- хотхон 12 дугаар байрны 5 давхар 10 тоотод нэгжлэг хийж, нэгжлэгээр эд мөрийн баримт болох №1 дугаар тавьж хураан авсан уутны хамт 795 грамм, №3 дугаар тавьж хураан авсан зиплок түгжээтэй уутны хамт 5.1 грамм жинтэй "Мөс" гэх нэршилтэй бодис,... №5 дугаар тавьж хураан авсан зиплок түгжээтэй уутнууд.... №7 дугаар тавьж хураан авсан жин (1 дүгээр хх-ийн 23- 29 дэх тал), мөн шүүгдэгч Д.С-ын зааж өгсөн гэх Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 байршилд, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 байршилд тус бүр хэргийн газрын үзлэг хийж, үзлэгээр эд мөрийн баримт болох "1-12.9 грамм, 2-11 грамм, 3-12.9 грамм, 4-11.4 грамм, 5-10.2 грамм 6-2.5 грамм нийт 60.9 грамм хар өнгийн скочоор ороож бэлдсэн мөс мэт зүйлийг хураан авсан" мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд" (1 дүгээр хх-ийн 37-60 дахь тал) зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийхдээ "...мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог, Д.С- нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд ямар сэдэлт, санаа, зорилготой байсан, шүүгдэгч нь дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор хадгалсан, бодитойгоор хэн нэгэн хүн мансууруулах бодисыг эзэмшсэн, шүүгдэгч нь хэнд худалдах гэж байсан эсэх нь нотлогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна" гэсэн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан" гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг төдийгүй худалдагч, худалдан авагч этгээдүүдийн зүгээс өөр хоорондоо биечлэн уулзахгүйгээр худалдагч этгээдийн зүгээс цахим хэлбэрээр худалдан авагчтай харилцсаны үндсэнд тодорхой байршилд тухайн хориглосон мансууруулах бодисыг байршуулж, уг байршлын солбицлыг цахим зурвасаар илгээсний үр дүнд худалдан авагч этгээд тухайн мансууруулах бодисыг өөрийн хууль бус хэрэгцээнд зарцуулахаар эзэмшилдээ авч байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.С-ын Сүхбаатар дүүргийн 5 байршил, Баянзүрх дүүргийн 1 байршилд тус тус байршуулсан сэтгэцэд нөлөөт бодисыг өөр хэн нэгэн хүн эзэмшээгүй улмаас гэмт хэрэг төгс үйлдэгдээгүй, хэнд худалдах гэж байсан нь тодорхойгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч Д.С-ын түр оршин суух Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д- хотхон 12 дугаар байрны 5 давхар 10 тоотод нэгжлэг хийж, нэгжлэгээр эд мөрийн баримт болох "№1 дугаар тавьж хураан авсан уутны хамт 795 грамм, №3 дугаар тавьж хураан авсан зиплок түгжээтэй уутны хамт 5.1 грамм жинтэй "Мөс" гэх нэршилтэй бодис, ... №5 дугаар тавьж хураан авсан зиплок түгжээтэй уутнууд....№7 дугаар тавьж хураан авсан жин" зэргийг шинжээч томилон хүргүүлэхэд Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6554 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "1" гэж дугаарласан цайвар өнгийн талстлаг зүйл, "3" гэж дугаарласан цайвар өнгийн талстлаг зүйл, мөн шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6553 дугаартай шинжээчийн дүгнэлтээр №7 дугаар тавьж хураан авсан жин зэргээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн төдийгүй, "1" гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин 787.5 грамм, №3 дугаар тавьж хураан авсан цайвар өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин 4.8455 грамм буюу дээрх 2 хэсэг болгон хуваасан гялгар уут бүхий нийт 792.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ нь 1 хүний, 1 удаагийн 2,641 орчим удаагийн хэрэглээ ба зах зээлийн үнэлгээ нь 396,250,000 төгрөгийн үнэлгээтэй байгаад, шүүгдэгч Д.С-ын гэрээс хурааж авсан жин хоолны гээс метамфетамин (methamphetamine) бодисын агууламж илэрсэн, олон тооны жижиг зиплок уут илэрсэнд хууль зүйн дүгнэлт Хийлгүй орхигдуулсан нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 хэсэгт "Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар нэгдэн соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална" гэж заасан ба Монгол Улсын нэгдэн орсон 1988 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенц"-ын 3 дугаар зүйлийн 3-т "энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийн бүрэлдэхүүнд хэсгүүд болох ухамсар, санаа зорилгыг хэргийн бодит нөхцөл байдлаас тогтоож болно" гэж заасан байхад анхан шатны шүүх дээрх хэм хэмжээг баримтлаагүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй төдийгүй шүүгдэгч Д.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ бодитойгоор хэн нэгэн хүн мансууруулах бодисыг эзэмшсэн, шүүгдэгч нь хэнд худалдах гэж байсан эсэх нь нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь прокуророос шүүгдэгч Д.С-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан үйлдэлд буруутгаагүй ба гагцхүү түүний тухайн цаг хугацаа, орон зайд хадгалж байсан хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Худалдсан" гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг, "Хадгалсан" гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг ойлгохоор хууль тогтоогчоос хуульчилсан байхад анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд бус үйлдэлд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.С-ын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “Мөс" гэх хэрэглээний нэршилтэй 2 хэсэг болгон хуваасан гялгар уут бүхий нийт 792.5 гр цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, өөрийн түр оршин суух Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д- хотхон 12 дугаар байрны 5 давхар 10 тоотод хууль бусаар хадгалсан, улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “Мөс” гэх хэрэглээний нэршилтэй нийт 33.6 грамм бодисыг 6 хэсэг болгон хувааж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 байршилд, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 байршилд тус тус байршуулсан болон шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламж илэрсэн жин хэмжүүр, олон тооны зиплок уут зэрэгт дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэхээр байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2492 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...”  гэв.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийн гол үндэслэл нь хэрэгт авагдсан гэрээс хураагдсан жин, зиплокууд уут болон бусад бодисуудыг тодорхой байршлуудад тавьж буй үйлдлүүд дээр нь хууль зүйн дүгнэлт хийхэд худалдан борлуулдаг байсан гэх шинж байна гэх зүйлийг яриад байна. Яг ийм шинжийг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүхээс прокурорын хяналтад шилжүүлэхэд миний хувьд энэ талаар хүсэлтүүдийг гаргаж байсан. Мөрдөгч манай үйлчлүүлэгчийн Хаан банкны болон Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгат үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн байдаг. Үүнээс сэжиг бүхий гүйлгээнүүдийг шалгаад өгөөч гэх хүсэлтийг гаргасан боловч тухайн үед прокурор хүсэлтийг хангаагүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Сэргээн дүрсэлж, хүнийг гэм буруутайд тооцох боломжгүй. Хэрэгт хөдөлшгүй нотлох баримт байх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр прокурор өөрөө хэлдэг. Шүүгдэгч Д.С-ын хувьд цагдаагийн байгууллагад баригдаад, бүх зүйлийг мэдүүлсэн. Үүнд н.Б- гэх хүний асуудал яригддаг. н.Б- гэх хүнтэй холбоотой хэрэг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаад явж байгаа. Худалдан борлуулах зорилго тухайн хүнд байгаагүй гэдгийг өөрөө хэлсэн. Шүүгдэгч Д.С-ын хувьд худалдан борлуулах, арилжаалах шинж бүхий үйлдлийг гаргасан гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Ирээдүйд төсөөлж хүнийг гэм буруутайд тооцох боломжгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Д.С-д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос Д.С-ын “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д- хотхон 12 дугаар байрны 5 давхар 10 тоотод 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Нэгдсэн үндэстний байгууллагын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламжтай "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, шилэн сав бүхий 1,6 грамм цэвэр жинтэй олсны ургамал болон дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламжтай "шавар" гэх хэрэглээний нэршилтэй гялгар уут бүхий 1.3 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай "мөс" гэх хэрэглээний нэршилтэй 2 хэсэг болгон хуваасан гялгар уут бүхий нийт 792.5гр цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн түр оршин суух Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д- хотхон 12 дугаар байрны 5 давхар 10 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан ба улмаар Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай "мөс" гэх хэрэглээний нэршилтэй нийт 33.6 грамм бодисыг 6 хэсэг болгон хувааж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 байршилд, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 байршилд тус тус байршуулж, худалдаалах зорилгоор хадгалсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2025/ШЦТ/2492 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.С-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь  давж заалдах шатны шүүхээс уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна гэж үзэв. Учир нь:

Хэрэгт “гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд... “мөс” гэх бодисыг бусдад худалдаалж байна” гэх дуудлага ирсэн.../1хх 1/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 23-29/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “...С- заасан байршилдаа гараараа тэмтэрч ямар нэгэн зүйлийг хайсаар 4х3 хэмжээтэй хар өнгийн лентээр ороосон зүйлсийг гаргаж өгсөн...” /1хх 37-40/, “...Сэлбийн голын зам дагуу явган хүний замаар явж байгаад “OKF” гэх бичиглэлтэй шар өнгийн таглаан дотор байх хар өнгийн лентээр ороосон зүйлийг мансууруулах бодис гэж хэлсэн...” /2хх 41-44/, “...модны доор байх навчин дундаас хар өнгийн лентээр ороосон зүйлийг гаргаж ирээд мансууруулах бодис гэж тайлбарлаж өгсөн...” /1хх 45-48/, “...Bonaqua гэсэн бичиглэлтэй таглаан дотор байх хар өнгийн лентээр ороосон зүйлийг мансууруулах бодис гэж хэлсэн...” /1хх 49-52/, “...цэнхэр өнгийн бөглөөн дотор байх хар өнгийн лентээр ороосон зүйлийг мансууруулах бодис гэж хэлсэн...” /1хх 53-56/, “...шатны төмөр бариулын дотор хэсгээс хар өнгийн лентээр ороосон зүйлийг мансууруулах бодис гэж хэлсэн...” /1хх 57-60/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл “...location байршил зааж мансууруулах бодис үлдээсэн газраа зааж харилцсан фейсбүүкийн мессежнүүд...” /1хх 62-78, 82-90/, гэрч Д.Э-ийн: “...С-ын дүү Б- Турк улсад амьдардаг...” /1хх 110-111/, Д.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хар тамхи байршуулсан байрлалуудыг зааж өгсөн ...” /1хх 155/, “...манай гэрт байршуулсан болон миний байршуулсан мөс гэх бодисууд нь минийх биш учраас хүлээн зөвшөөрөхгүй байна...” /1хх 162/, “...Турк улсад таньдаг байсан хүндээ 2.750.000 төгрөг шилжүүлтэл надад мөс гэх бодисын оронд 5 гр мөсөн чихэр явуулж би хулхидуулсан. Б- руу холбогдож Түмэндэлгэр гэх залууг асуутал мэдэхгүй гэсэн. 2024 оны 10 дугаар сарын 22-нд Б-тай холбогдож мөс авч хэрэглэмээр байна. Найдвартай хүн олоод өгч болох уу гэхэд 2-3 хоногийн дараа гэрийн гадаа Alpхard загварын машины жолооч талын арын дугуйн дээр ажлын цагаан бээлий байгаа гэхээр нь гарч авахад 10гр мөс байсныг би ганцаараа хэрэглэсэн. Төлбөр төлөх талаар асуухад төлбөр хэрэггүй миний заасан газруудад тавиад өгөөрэй гэж хэлсэн. Би тасалж тавьж зургийг нь явуулж байсан. Ингээд 11 сарын эхээр мансууруулах бодис хэрэглээгүй ямар нэгэн байршилд мөс тавиагүй байж байх үедээ буюу цагдаад баригдахаас 3-4 хоногийн өмнө нь Б- 06 цагийн үед дугаараа нууцалж миний Б- дугаарын утас руу залгаад "одоо зам дээрээ гараад ир" гэхээр нь гартал гадуураа ямар хувцастайг асуухаар нь ногоон өнгийн куртиктэй явж байгаа талаараа хэлэхэд үл таних маск зүүсэн залуу явган ирээд надад энэ таны юм гээд гялгар уутанд хийсэн зүйл өгөхөөр нь аваад буцаж гэртээ ороод уутнаас гаргаад үзтэл гадна талыг нь битүү Скочоор ороож битүүмжилсэн А- гээд одоо санахгүй байна утасны дугаар тавьсан зүйлийг нь хайчаар онгойлгож үзэхэд дотор нь их хэмжээний мөс гэх бодис байсан ба Б- нь түүнээс 60 граммыг 20 грамм, 10 грамм, 5 граммаар гялс хаячих гэхээр нь би гэрийнхээ ойролцоо Арслантай гүүрнээс эхлүүлээд тоог нь санахгүй байна байршилд тавьсан байсныг цагдаад баригдсаныхаа дараа зааж өгч 6 байршлаас мөс гэх бодисыг хураан авсан. Б-аас авсан мөс гэх бодисыг түүний хэлснээр тодорхой байршилд байрлуулдаг. Хариуд нь өөрийн хэрэглэх бодисыг авдаг...” /1хх 166-167/, “би Mariam гэх Араб нэрийг ашигладаг. ” Д.С-ын арилжааны банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 222-236/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 54-60/ зэрэг баримтууд авагдсан байна.

Дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулан бэхжүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц буйн зэрэгцээ анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “... прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хэрэг хянан шийдвэрлэх боломжтой байна” гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч Д.С-ын “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодиттойгоор эзэмшсэнээр худалдаалсан” гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогдоно” гэж дүгнэн уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.С- нь сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, уг бодисыг тодорхой байршлуудад буюу тоглоомын талбай, шатны бариул, модны доор, явган хүний зам гэх мэт газруудад бөглөөн дотор баглан үлдээж, нуусан байршлаа бусдад тодорхой заан үлдээсэн баримт хэрэгт тодорхой авагдсан байна.  

Шүүгдэгч Д.С-ын дээрх үйлдлийг хэд хэдэн удаагийн давтамжтайгаар үйлдсэн баримт хэрэгт авагдсан болно.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “хадгалсан” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг ойлгох бөгөөд харин мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн үйлдлийн хэв шинж, арга, онцлогоос хамаарч худалдаалах нь дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй, хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /бэлэглэх, солилцох, үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх г.м/ аливаа хэлбэрээр үйлдэгддэг байна.

 

Мансууруулах бодисын хэмжээ их байгаа үйл баримт нь дангаараа мансууруулах бодисыг бусдад худалдаалах зорилгыг тогтоох хангалттай үндэслэл болохгүй хэдий ч үүн дээр тухайн мансууруулах бодисын үнийн талаарх мэдээлэл, мөн жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа боодол, жин хэмжүүр гэх мэт онцлог эд зүйлсээс гадна, тухайн хүний амьжиргааны эх үүсвэр, зан үйлийн байдал, хэргийн бусад нөхцөл байдлуудын талаарх нотлох баримт зэргийг нэгтгэн дүгнэж, цогц байдлаар үнэлснээр мансууруулах бодисыг худалдаалах сэдэлт, санаа зорилгыг тодорхойлох, хэргийн зүйлчлэлийн талаар зөв дүгнэлт хийх боломж бүрддэгийг анхаарах нь зүйтэй.

 

            Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2025/ШЦТ/2492 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Д.С-д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор А.Лхагвын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2025/ШЦТ/2492 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.С-д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      П.ГАНДОЛГОР

     ШҮҮГЧ                                                      Н.БАЯРМАА