Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 940

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ш.Б*******, 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Хаяг: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Засгийн Газрын 3 дугаар байр,

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын /хуучнаар/ даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр тушаалын Ш.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Увс аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, Т.Ү*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ш.Б******* миний бие 1986 онд төрсөн, 30 настай, дээд боловсролтой, 2008 оноос аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэвлэл мэдээллийн ажилтан, 2011 оноос Улаангом сумын иргэний улсын бүртгэгчээр ажиллаж байгаад 2015 онд аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн сул орон тоонд төрийн албаны сонгон шалгаруулалт өгч

тэнцээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1226 дугаар тушаалаар “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгч”-ээр томилогдон ажилласан.

2016 онд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Статистикийн хэлтэстэй нэгдэх үед Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар миний эрхлэн гүйцэтгэж байсан “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын байцаагчийн орон тоо цомхотголд ороогүй байхад Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэтэл Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/90 дүгээр тушаалын хавсралт 21-ээр “Увс аймгийн Улсын бүртгэл статистикийн газарт томилогдсон төрийн захиргааны албан хаагчид, тэдгээрийн цалин нэмэгдэл” батлахдаа 2014 оны 01 дүгээр сард ажлаасаа халагдсан Д.Б*******ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь буцааж томилохын тулд мөрөөрөө ажиллаж байсан намайг ямарч үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, Ц.О******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус шүүхэд иргэн Ш.Б*******гийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ш.Б******* нь Увс аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газарт Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчээр ажиллаж байгаад Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд өмнө нь 2011-2014 онуудад Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улаангом сумын улсын бүртгэгчээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 

Ш.Б******* нь 2015 оны 8 дугаар сард Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тухайн үед сул байсан “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгч”-ийн албан тушаалд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Ажилд томилох тухай” 1296 дугаар тушаалаар томилогдсон. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг нь 2010-2015 онуудад 3 улсын бүртгэгч, 1 тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн орон тоотой ажиллаж байсан бөгөөд тухайн үед сул байсан Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн орон тоон дээр ажиллах хүсэлт гаргасны дагуу Ш.Б*******г томилсон. 

Уг орон тоон дээр улсын бүртгэгч Д.Б******* ажиллаж байсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 1581 дүгээр тушаалаар ажлаас халагдаж, тухайн асуудлаар шүүхэд хандан гомдол гаргаж, маргаан үүсгэсэн байна. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 0286 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 0355 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 259 дүгээр тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 1581 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Б*******ыг урьд эрхэлж байсан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон. 

Уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд Д.Б*******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, түүний ажлын байранд шинээр томилогдон ажиллаж байсан Ш.Б*******г Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/89 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. 

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 2014 оны 75 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоол, 2015 оны 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны А/304 дүгээр тушаал, 2016 оны А/21 дүгээр тушаалын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний Статистикийн хороог нэгтгэж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг байгуулсан бөгөөд байгууллагын бүтэц орон тоонд зохион байгуулалтын өөрчлөлт хийж, нийт албан хаагчдын тоог цөөрүүлсэн. 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зуйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу “бололцооны дагуу өөр ажил олж өгөх” боломжгүй байсан тул орон тооны бүтцэд хамруулан чөлөөлж, 6 сарын тэтгэмж олгосон. Д.Б*******ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн тушаал гарган Ш.Б*******г шууд ажлаас чөлөөлж болох байсан боловч албан хаагчийн эрх ашгийг аль болох хамгаалах, байгууллагын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж бололцоог харгалзан орон тооны бүтцэд хамруулан 6 сарын тэтгэлэг болох 3.286.554 /гурван сая хоёр зуун наян зургаан мянга таван зуун тавин дөрөв/ төгрөгийг олгосон. 

Мөн Ш.Б*******г ажлаас чөлөөлөгдсөний дараа 2016 оны 5 дугаар сард Увс аймгийн Улсын бүртгэлийн статистикийн газарт улсын бүртгэгчийн түр орон тоо гарсан талаар тус газрын Хүний нөөцийн хэлтсээс утсаар мэдэгдэж, ажиллах боломжтой эсэхийг тодруулахад татгалзсан хариу өгсөн. 

Хэрэв нэхэмжлэгч Ш.Б******* нь орон тооны бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөнийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол 6 сарын тэтгэмжийг байгууллагад буцаан өгч, ажилд эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө тооцуулан авч, хууль зүйн үндэслэл /шүүхийн шийдвэр болон Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг тусгасан/ дурдсан тушаалаар ажлаас чөлөөлөгдөх бүрэн боломжтой бөгөөд энэ тохиолдолд Ш.Б******* нь байгууллагад тодорхой хэмжээний мөнгө /6 сарын тэтгэлэг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү/-г буцаан өгөх шаардлагатай болно. Иймд Ш.Б*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Б******* нь Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын /хуучнаар/ даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Увс аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1296 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ш.Б******* нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Пүрэвжавын саналын үндсэн дээр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Ж.Бат-Өлзий албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөний оронд томилогдон ажилласан байна.  

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/68 дугаар “Албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэл батлах тухай” тушаалаар Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн орон тоо 3 гэж өмнөхийн адил батлагдаж, ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дүгээр тушаалаар Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, төрийн захиргааны албан хаагчдыг бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан бүгдийг чөлөөлж, мөн өдрийн Б/90 дүгээр тушаалаар албан хаагчдыг буцаан томилжээ. 

Хариуцагч “Ажилд томилох тухай” Б/90 дүгээр тушаалын 21 дүгээр хавсралтаар Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Ш.Б*******г эгүүлэн томилолгүйгээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 286 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 355 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 259 дүгээр тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 1581 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байсан Д.Б*******ыг уг албан тушаалд томилсон байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч Ш.Б*******г ажиллаж байсан нэгжийн орон тоо цөөрөөгүй хэвээрээ байгаа тохиолдолд нийт улсын байцаагчийн орон тоо цөөрсөн, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан ажлаас чөлөөлөөд буцаагаад томилоогүй мөртлөө, хариуцагч уг тушаалын үндэслэлийг шүүхэд тайлбарлахдаа шүүхийн шийдвэр биелүүлэх шаардлагын үүднээс хамгийн сүүлд ажилд орсон Ш.Б*******г чөлөөлсөн гэж байгаа нь тухайн маргаан бүхий эрх зүйн акттай холбоогүй” гэх тайлбар нь зүй ёсны шаардлага боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх явцад Д.Б*******ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилох нөхцөл байдал бий болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн тушаал гарган Ш.Б*******г хамгийн сүүлд ажилд орсон үндэслэлээр шууд ажлаас чөлөөлж болох байсан боловч албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аль болох хамгаалах, байгууллагын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж бололцоог харгалзан орон тооны бүтцэд хамруулан 6 сарын тэтгэлгийг олгосон” гэх тайлбарыг тухайн тохиолдолд буруутгах боломжгүй юм. 

Гэвч тухайн үед байгууллагын бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдэх цаг үе таарсан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу Д.Б*******ыг урьд эрхэлж байсан улсын бүртгэгчийн албан тушаалд томилох шүүхийн шийдвэр биелүүлэх үүрэг бий болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан хариуцагч тус хэлтсийн эд хөрөнгийн улсын бүртгэгчийн орон тоо 3 байхад буцаан томилогдох эрх бүхий 4 албан хаагчдыг ямар нэг байдлаар сонгон шалгаруулалт явуулалгүй, хамт олны болон Ш.Б*******гийн саналыг харгалзан үзэлгүйгээр хамгийн сүүлд томилогдсон гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд эгүүлэн томилолгүй орхисон нь хууль бус үйлдэл болжээ. 

Хариуцагч хэдийгээр үүссэн нөхцөл байдал, өөр орон тоо байхгүй болсон гэж тайлбарлаж байгаа ч шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг бүтэц зохион байгуулалтын асуудлыг зохицуулсаны дараа явуулах боломжтой байсны зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн нь Д.Б*******ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 1581 дүгээр тушаалаар халаад түүний оронд нэхэмжлэгч Ш.Б*******г шууд аваагүй, өөр этгээдийг бусад хэлтсээс шилжүүлэн томилсон, уг орон тоон дээр хүн томилогдоогүй сул байсан, өөр этгээд хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн зэрэг олон томилогоонууд явагдсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Ш.Б*******г дээрх нөхцөл байдлын дагуу ажилд эгүүлэн томилох боломжгүй байсан боловч түр ажлын байр санал болгосон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа ч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх зарчмын үндсэн дээр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/90 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалаар урьд эрхэлж байсан албанд тушаалд өрсөлдөх, сонгон шалгаруулалтад оролцох боломжийг олгоогүй буюу мэргэжлийн дагуу бололцооны өөр ажил, албан тушаалд томилолгүй, хамт олны зүгээс ажилдаа идэвх зүтгэлтэй ажилладаг, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг гэх үнэлгээ авсан албан хаагчийг хамгийн сүүлд уг албан тушаалд орсон гэдэг үндэслэлээр чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн төрийн алба мэргэшсэн, албан хаагчийн тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах баталгааг үгүйсгэсэн байх тул хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэгч Ш.Б*******г урьд эрхэлж байсан албан тушаалд томилогдох боломжийг олгох үүднээс сонгон шалгаруулалт явуулах хүртэл урьд эрхэлж байсан албан тушаалд эсхүл цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажил, албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдлийг олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ш.Б*******гийн сарын үндсэн цалинг ажилгүй байсан хугацаа 165 хоног, 1 өдрийн 26.875 төгрөгөөр тооцож, нийт 4.434.432 /дөрвөн сая, дөрвөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлэлээ.  

Харин нэхэмжлэгч Ш.Б*******гийн хүчингүй болгуулахаар маргасан Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын /хуучнаар/ даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дугаар тушаал нь байгууллагын бүтэц зохион байгуулалт, нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүх албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн байх тул дээрх тушаалаас нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй учир уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгон өөрчилсөн тул хариуцагчийн эрх залгамжлал Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжсэн болно. 

 

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 103.3.4, 103.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б*******гийн гаргасан “Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын /хуучнаар/ даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/89 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 90 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалаар Ш.Б*******г эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явагдах хүртэл урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох эсхүл цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажил, албан тушаалд томилохыг  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  ажилгүй байсан 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 4.434.432 /дөрвөн сая, дөрвөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч Ш.Б*******д олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт  даалгасугай.   

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУМАА