| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/04547/И |
| Дугаар | 191/ШШ2026/01127 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2026/01127
2026 01 20 191/ШШ2026/01127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .....дүүрэг, .....дугаар хороо, ...., ..... гудамж, ....дүгээр байр, .... тоотод оршин суух, .....ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Ч..... тоотод оршин суух, ....т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Ал
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.
Хариуцагч Ж.Бу
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ал нь хариуцагч Ж.Бут холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ж.Буийн удаа дараагийн хүсэлтээр хуулийн дагуу зээлийн гэрээ хийж, нотариатаар батлуулан 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр 28,000,000 төгрөгийг зээлж Ж.Буийн .....тоот дансанд шилжүүлсэн.
Гэрээнд сарын бүрийн 7 хувийн хүүтэй, нэг сарын хүү 1,960,000 төгрөг, нийт 6 сарын хүүг, үндсэн зээлийн хамт төлөхөөр харилцан тохирсон боловч Ж.Бу 5 сарын хүү болох 9,800,000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээ төлөөгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлээ төлөхийг байнга шаардаж байсан.
Хариуцагч Ж.Бу хэлэхдээ одоогоор зээлээ төлөх боломж байхгүй байна, үндсэн зээл болон хугацаа хэтрүүлсний төлөөгүй хүүгээ бодоод 1 мөр өгөхөөр гэрээ хийе, чамайг хохиролгүй болгоод 50,000,000 төгрөгөөр гэрээгээ 3 сарын хугацаатай шинэчлээд хийе гэж удаа дараа хүсэлт гаргасны дагуу талууд харилцан тохиролцоод 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 3 сарын хугацаатай, хүү тооцохгүйгээр гэрээний 3.7-д заасны дагуу алданги тооцохоор болж, 2 дахь гэрээгээ хийж, нотариатаар гэрчлүүлсэн.
Тус гэрээнээс хойш зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээл 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ж.Бу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Алаас 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр 28,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Би хувиараа 2013 оноос хойш жижиг дунд бизнес буюу гутал үйлдвэрлэж, гутлын бизнес эрхэлдэг байсан. Өмнө нь нэхэмжлэгчээс хүүтэй мөнгө зээлж хугацаанд нь төлж барагдуулсан. Тухайн үед хүнд юмаа алдчихсан байсан.
Би 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. Одоо 11 сартай хүүхэдтэй. Эхний хэдэн сарын хүүгээ төлөөд цааш төлж чадаагүй, үнэхээр өгч чадахгүй байсан. 9,800,000 төгрөг төлсөн.
Бид ярилцаад 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Ингэхдээ 50,000,000 төгрөгийг аваагүй, анхны 28,000,000 төгрөгийн асуудлаар байгуулсан. Би айсан учраас 50,000,000 төгрөгийн гэрээн дээр очиж гарын үсэг зурсан. Би тухайн үед хорооны Засаг даргын ажил хийдэг байсан. Тухайн үед Ц.Ал дарга ажлын албаны дарга байсан.
Нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний үүрэг шаардсан. 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр мөнгө аваагүй буюу бодитоор 50,000,000 төгрөг зээлдэж аваагүй учраас уг зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ /хх-3/, барьцааны гэрээ /хх-4-5/, шилжүүлгийн баримт /хх-6/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-8/ зэрэг баримт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ал нь хариуцагч Ж.Бут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Алын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагч нь 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 28,000,000 төгрөгийг хүлээн авч ашигласан боловч 9,800,000 төгрөг төлснөөс өөрөөр төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Хариуцагчид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн ба түүнээс одоогоор зээлээ төлөх боломж байхгүй байна, үндсэн зээл болон хугацаа хэтрүүлсний төлөөгүй хүүгээ бодоод 1 мөр өгөхөөр гэрээ хийе, чамайг хохиролгүй болгоод 50,000,000 төгрөгөөр гэрээгээ 3 сарын хугацаатай шинэчлээд хийе гэх хүсэлтийг удаа дараа гаргасан.
Талууд тохиролцож өмнөх гэрээний үргэлжлэл болгон 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг, 3 сарын хугацаатай, хүү тооцохгүйгээр гэрээний 3.7-д заасны дагуу алданги тооцохоор байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг, алдангийн хамт шаардах эрхтэй гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ Миний бие Ц.Алаас 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр 28,000,000 төгрөгийг зээлж авсан 9,800,000 төгрөг буцаан төлсөн нь үнэн. Би хувиараа 2013 оноос хойш жижиг дунд бизнес буюу гутал үйлдвэрлэж, гутлын бизнес эрхэлдэг байсан. Тухайн үед хүнд юмаа алдаж, хүүхэд төрүүлсэн, бизнесийн ашиг орлого муудсаны улмаас зээлээ төлж чадахгүй байсан.
Бид ярилцаад 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Ингэхдээ бодитоор 50,000,000 төгрөгийг аваагүй, анхны 28,000,000 төгрөгийн асуудлаар байгуулсан. Би айсан учраас 50,000,000 төгрөгийн гэрээн дээр очиж гарын үсэг зурсан. гэж татгалзжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Ц.Ал, Ж.Бу нарын хооронд 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 0710 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 28,000,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээх ба гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /хх16-20/
4.2 Уг гэрээний 3.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ал нь 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Ж.Буийн Х_____.... тоот дансанд 28,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна. /хх6/
4.3 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр талуудын хооронд 0136 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 50,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээх ба гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байна. /хх-8/
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн зүйлийн 281.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус зохицуулсан.
Зээлийн гэрээнд зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авсан байхыг шаардана.
Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
6. Талууд тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 28,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нь 5 сарын хүү буюу 9,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болон 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 50,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй талаар тайлбарлан маргаагүй боловч нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй эсэх талаар маргасан.
7. 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ байгуулсан үндэслэлийг нэхэмжлэгч талаас хариуцагчийн удаа дараагийн хүсэлтийг үндэслэн үндсэн зээл болон төлөөгүй хугацааны зээлийн хүүг тооцон 50,000,000 төгрөгийн хэмжээнд гэрээ байгуулсан гэж, хариуцагч талаас ...айсан учраас 50,000,000 төгрөгийн гэрээнд очиж гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байна.
7.1 Хариуцагч Ж.Бу нь 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр үндсэн зээлд 28,000,000 төгрөг, зээлийн хүүнд 11,760,000 төгрөг нийт 39,760,000 төгрөгийг буцаан төлөх үүргийг хүлээсэн боловч 9,800,000 төгрөгийг төлж, гүйцэтгээгүй үүрэг нь 29,960,000 төгрөг болсон байна.
50,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээг байгуулсан тооцооллын талаар нэхэмжлэгч нь төлөгдөөгүй үндсэн зээл 28,000,000 төгрөг, 13 сарын хүүнд 25,480,000 /1,960,000 төгрөг * 13 сар/ төгрөг болсноос харилцан тохиролцож 50,000,000 төгрөгийн хэмжээнд гэрээг үргэлжлүүлэн байгуулсан гэжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талууд өмнө байгуулсан зээлийн гэрээний үүргийг тооцож шинээр гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Гэвч нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр гүйцэтгэх үүргийг тооцох нь зүйтэй байна.
2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 50,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй нь нэхэмжлэгчээс өмнө 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 28,000,000 төгрөгийн үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлд 28,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
7.2 Хариуцагч талаас ...айсан учраас 50,000,000 төгрөгийн гэрээнд очиж гарын үсэг зурсан гэж татгалзах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзалтай холбоотой баримтыг нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
8. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэг зохицуулсан.
2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 3.3-т зээлийг хүүгүй байхаар тохиролцсон, нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
9. Талууд дээрх зээлийн гэрээний 3.7-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
Гэрээний хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дууссан боловч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул хариуцагч нь гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алданги болох 14,000,000 /28,000,000 төгрөг *50%/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
10. Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх талаар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зохицуулсан.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан.
Иймд хариуцагч Ж.Бу нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэгч нь зээл, алданги шаардсан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Ж.Буээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 28,000,000 төгрөг, алдангид 14,000,000 төгрөг нийт 42,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Алд олгохоор шийдвэрлэлээ.
11. Талуудын хооронд 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Барьцааны гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч талаас барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, хариуцагч талаас ...барьцааны гэрээ хийсэн, би барьцааны гэрээгээ чөлөөлүүлэхийг гуйж, чөлөөлүүлж байсан. Нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр барьцааны гэрээг чөлөөлүүлсэн... гэх тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй тул 42,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 367,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Буээс зээлийн гэрээний үүрэгт 42,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Алд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Алаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Буээс улсын тэмдэгтийн хураамжид 367,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Алд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ