Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00816

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00816

 

 

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00400 дугаар шийдвэртэй

Б.Бгийн нэхэмжлэлтэйЭ.Сд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 65,625,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх болон хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,Э.С, Б.Б нар хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие Э.С-д 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөгийг, мөн оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг харилцан тохиролцож, аман гэрээгээр 5 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэтэл зээлийн гэрээний хүүгээ өгөхгүй байхаар нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөрЭ.Стой уулзаад түүний төлсөн мөнгийг нийт зээлсэн үнийн дүнгээс хасаж тооцон, зээл олгосон огноог 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 5 сарын хугацаатайгаар үлдэгдэл 35,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281, 282 дугаар зүйлийг баримтлан, стандартын дагуу хийсэн. ГэтэлЭ.С зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч Э.С-с үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 8,750,000 төгрөг, зээлийн гэрээний 2.5-д зааснаар алданги 21,875,000 төгрөг, нийт 65,625,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний зээл олгосон хугацааг 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэжээ. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 03 дугаар сарын 08, 08 дугаар сарын 07 гэсэн хоёр өөр огноо бичигджээ.

Мөн караокены эрхээ авч чадаагүй тул хамтарч ажиллах асуудлыг хүүтэй зээл болгон өөрчилж, хүү алданги тооцохоор нөхөн гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна. Талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заагдсанаар хамтран ажиллахаар тохиролцсон ба хамтын үйл ажиллагаа хэрэгжээгүй буюу тухайн хөрөнгөөр хийгдсэн засвар тохижилтын ажил бусад зүйлээс шалтгаалан Иргэний хуулийн 480 дугаар зүйлд зааснаар тохиролцоогоо цуцлах үед зээл болгон халхавчилсан хэлцэл хийгдсэн. Б.Б өөрийгөө цагдаагийн хурандаа гэж хэлдэг байсан ба тухайн үед түүний найз нотариатч дээр очиж надаар гарын үсэг зуруулсан. Иймд зээлийн хүүг 2 хувь болгож, Б.Бгаас 35,000,000 төгрөг авсан тул 2 хувийн хүүтэйгээр тооцон 3,000,000 төгрөгийн хүүг буюу 38,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Харин анхнаасаа гэрээ байгуулаагүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие Б.Бтай хамтран Сүнжин гранд зочид буудлын караоке баарыг түрээслэхээр ярилцаж, хамтран хөрөнгө оруулж бүрэн тохижуулсан боловч ковид-19 цар тахлын улмаас ажиллуулж чадаагүй. Засвар тохижилтын зардлыг түрээслэгч талаас буцааж аваад Б.Бгийн 35,000,000 төгрөгийг төлнө.

Б.Б нь караоке баарны тохижилтын ажил удааширч байгааг мэдээд намайг дарамталж, үг хэлээр доромжлоод байсан тул аргагүйн эрхэнд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Цаг хугацааны хувьд буюу эхлээд 20,000,000 төгрөг өгөөд буцаан аваагүй байхдаа дахин 20,000,000 төгрөг өгсөн нь хөрөнгө оруулалт байсныг харуулна. Хэрэв зээл байсан бол эхний мөнгөө өгөөгүй байхад ахин мөнгө өгөхгүй байсан. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 60 дугаар зүйлд тодорхой зааснаар хүч хэрэглэх, дарамтлах хэлбэрээр хийгдсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус юм.

Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаарЭ.С, Б.Б нар хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хооронд ямар нэгэн хамтран ажиллах гэрээ хэлцэл хийгдээгүй. Хариуцагч нь караоке ажиллуулах гэсэн юм, тохижуулах шаардлагатай тул мөнгө хэрэгтэй байна зээлээч, дахиад зээлээч гэж хэлээд мөнгө зээлсэн. Надад хариуцагчтай хамтран бизнес хийх шаардлага байхгүй.

Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд Э.С, Б.Б нар нь өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан.Э.С надаас нас залуу, өндөр биерхүү байтал түүнийг албадан нотариат руу аваачиж гэрээ байгуулах боломжгүй. Миний бие тухайн мөнгийг зээл гэх утгаар шилжүүлсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхэд өгсөн тайлбараар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.С-с 65,625,000 /жаран таван сая зургаан зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтланЭ.С, Б.Б нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Э.С, Б.Б нар хамтран ажилласан болохыг тогтоолгох тухай хариуцагч Э.С-н сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн улсын щ тэмдэгтийн хураамжид төлсөн 486,075 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 486,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

6.а.Хариуцагч нь анхан шатны шүүхэд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүг бууруулах тухай хүсэлтийг амаар гаргасныг ковид-19 цар тахлын улмаас хүүг багасгах талаар нотлох баримтгүй гэх үндэслэлээр хангаагүй. Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад хатуу хөл хорио тогтоож караоке, цэнгээний газрын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгохгүй, үйл ажиллагааг зогсоосон нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Короновирус халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зээлийн хүүгийн дээд хэмжээг 3 хувиар тогтоож, алдангийг 0,2 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан. хариуцагч нь Сүнжин Гранд зочид буудлын 1 давхрын Б корпусын 250 м.кв талбайг караоке, баарны зориулалтаар ажиллуулахаар 35,000,000 төгрөгөөр тохижуулсан боловч цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулж, ашиг олж чадаагүй. Миний бие 35,000,000 төгрөгийн зээлийн хүүг 2 хувиар бодож 38,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүү, алдангид нэхэмжилсэн 27,125,000 төгрөгийг зөвшөөрөхгүй.

6.б. Мөн тус караоке, баарыг Б.Б-тай хамтарч ажиллуулна гэсэн хэлцэлтэй байсан боловч надаас их хэмжээний хүү, алданги төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Шүүх хариуцагчийг хамтран ажиллах зорилгоор мөнгийг зээлснээ нотлоогүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж байгаа ч үүнийгээ нотлоогүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 282.3 дахь хэсгийг тус тус үндэслэж зөв шийдвэрлэсэн.

Мөн хариуцагч нь зээлийн хүүг бууруулах үндэслэл бүхий эрсдэл учирсан болохыг баримтаар нотлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлын зарим хэсгийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65,625,000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх болон хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Э.С, Б.Б нар хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Хэргийн 7, 8 дугаар тал дахь ХХХ банк ХХК-ийн депозит дансны хуулгаар Б.Б-аас Э.С-д 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөгийг, мөн АА банк ХХК-ийн депозит дансны хуулгаар 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус зээл гэсэн гүйлгээний утгаар нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Уг 40,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчид хариуцагч нь 5,000,000 төгрөг төлж, 35,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

3.а.Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, мөн оны 08 дугаар сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3.б.Дээрх зээлийн гэрээний үлдэгдэл 35,000,000 төгрөгт зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээг нөхөн байгуулсан бөгөөд уг гэрээгээр Б.Б нь Э.С-д караоке тохижуулах зориулалтаар 35,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний үүрэг зөрчсөн нөхцөлд алданги тооцохоор тохиролцжээ. /хх6/

 

3.в.Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу хэлцэл хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.

 

4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

4.а. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэж заасан.

 

Зээлийн гэрээ байгуулагдсан хугацаанд Монгол Улсад ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоож нийтэд хандсан үйлчилгээний үйл ажиллагаа зогссон зэрэг нөхцөл байдлыг харгалзан зээлийн хүүг 2 хувиар тооцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангах нь дээрх хуулийг зөрчихгүй.

 

Иймд нэхэмжлэгчид хариуцагчаас үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 2 хувиар тооцож 5 сарын хүү 3,500,000 төгрөг, нийт 38,500,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй бөгөөд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав. /6.а./

 

4.б. Түүнчлэн, талууд зээлийн гэрээний 2.5-д зээлийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги хоногийн 0,5 хувиар тооцож авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн хэдий ч анзын хэмжээ илт их байгаа тохиолдолд хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх алдангийн хэмжээг багасгах талаар мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зохицуулжээ.

 

Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 19,250,000 төгрөгийг буюу хуулиар тогтоосон дээрх хэмжээнээс 50 хувиар бууруулж алдангийг 9,625,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангах боломжтой байна. Иймд үндсэн үүрэг 38,500,000 төгрөг, алданги 9,625,000 төгрөг, нийт 48,125,000 төгрөгийг хариуцагч Э.С-с гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.

 

5.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

5.а.Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран ажиллах зорилгоор Сүнжин Гранд зочид буудлын караоке баарыг түрээслэн ажиллуулах зорилгоор хөрөнгө оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй Э.С, Б.Б нар нь хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

5.б.Хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч дарамталж, үг хэлээр доромжилж зээлийн гэрээ байгуулсан гэх агуулга бүхий сөрөг нэхэмжлэл болон тайлбар гаргасан боловч хэргийн баримтаар өөр бусад хэлцлийг халхавчлах зорилгоор мөн хүч хэрэглэж, дарамтлах хэлбэрээр хэлцэл хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Иймд талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /6б/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00400 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 65,625,000 төгрөг гэснийг 48,125,000 төгрөг гэж, олгосугай гэснийг ...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 486,075 төгрөгийг гэснийг, 398,575 төгрөгийг гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.С-н давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ