| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0483/Э |
| Дугаар | 508 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Т.Эрдэнэбат,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овгийн Б.М-т холбогдох эрүүгийн 1811015030551 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.М, 1975 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 4 дүгээр гудамжны 236 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-386-10 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Мнь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар, Хувьсгалчдын В-386-10 тоотод согтуурсан үедээ дүү Б.Ганболдтой маргалдсаны улмаас нуруунд нь хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний буруу, хийсэн хэргээ ойлгож байна. Ийм байдалд орсондоо маш их харамсаж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Ганболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед ажлаасаа гэртээ иртэл манай хадам ээж болон төрсөн эгч Б.Мнар нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Би архинаас нь хувааж уугаагүй, эгч Мөнхцэцэгийг нэлээн согтчихсон байхаар нь та одоо эмэгтэй хүн байж ингэж архи ууж болохгүй, айлын том юм байж архи уугаад байх юм гэж хэлсэн, учир нь манай эгч эрхэлсэн тодорхой ажилгүй мөртлөө архи их уудаг юм. Тэгэхээр нь ууж идэхээ боль гэж хэлтэл өөдөөс хадам ээжийнхээ хажууд намайг муугаар хэллээ гээд уурлаад бид хоорондоо маргалдсан, маргалдаж байхад ээж эгчийг чи болиоч, яах гэж ингэж байдаг юм гээд загнасан, тэгээд маргалдахаа болиод унтаж амарцгаасан, маргааш өглөө нь 10.00 цагийн үед босоод миний хувьд маргааш нь амрах байсан болохоор пиво уухаар болоод дэлгүүрээс эгчтэй хамт 4 пиво аваад гэртээ ороод хадам ээж, эгчийн хамт уусан. Мөн урд өдөр нь эгчийн ууж байсан үлдсэн архийг хувааж ууж дуусаад дэлгүүрээс дахиад архи авахаар болоод эгчээс картаа өгчих гэтэл эгч картаа өгөхгүй, картанд мөнгө байгаа байхгүй, архинд чи яв, би яв гэх шалтгаанаар хоорондоо маргалдсан. Маргалдаж байхад гал тогооны шургуулгаас хутга барьчихсан хүрээд ирэхээр нь та одоо яагаад байгаа юм бэ гээд түлхчихээд хойшоо хараад байж байтал гэнэт нуруу зүсчихсэн. Тэгтэл хадам ээж гүйж ирээд юу болов оо гээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирээд эгчийг чинь явуулахгүй гэсэн, тэгээд би гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. ... Би эгчтэйгээ маргалдахад эгч уурандаа над руу дайраад нүүр ам маажчихсан, тэгээд боль боль гэж түлхчихээд байж байтал гал тогооны шургуулгаас хутга аваад хүрээд ирэхээр нь та одоо яагаад байгаа юм бэ, хутга шөвөг барих хэрэг байгаа юм уу гэж хэлээд түлхчихээд хойшоо хараад явах гэтэл нуруу зүсэгдчихсэн. Эгч согтуу байсан учраас түлхэлтэд хойшоо болохдоо миний нурууг санаандгүй зүсчихсэн юм байна лээ, тэгснээс санаатай хутгалаагүй...” гэжээ /хх-12-13х/.
Гэрч И.Баярсайхан мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байхад танил дүү Б.Мнад руу яриад та хүрээд ирэх үү, ярьж суух юм байна гэхээр нь за гэж хэлээд 17.30 цагийн үед гэрт нь очиход Б.Мбага зэргийн халаалттай сууж байсан. Тэгээд Б.Мдэлгүүр ороод 0.5 граммтай архи авчраад уугаад сууж байхад 20.00 цагийн үед Ганболд гаднаас орж ирсэн. Тэгээд хамтдаа тэр архийг хувааж ууж байгаад унтацгаасан, маргааш өглөө нь 10.00 цагийн үед босоод байж байтал дүү Б.Мдэлгүүрээс 2 ширхэг пиво авчраад нэг нэгээр нь уугаад сууж байтал Мөнхцэцэг, Ганболд нар хороондоо картанд мөнгө байгаа, байхгүй гээд хэрэлдээд, ноцолдоод эхэлсэн, удаач үгүй гал тогооны шүүгээнээс цагаан өнгийн төмөр хутга гаргаж ирээд Ганболдын шилэн хүзүүний доод хэсэгт 1-2 удаа хутгалчхаар би айгаад гүйж гараад цагдаа дуудчихаад явж байтал араас Ганболд, Б.Мнар гарч ирээд хамт явж байтал цагдаагийн машин ирээд бид нарыг дуудлага өгсөн хүмүүс мөн үү гэхээр нь мөн гэж хэлтэл Ганболд, Б.Мнарыг авч яваад намайг харь гэхээр нь яваад өгсөн юм. ...Тэр 2 хоорондоо картанд мөнгө байгаа, байхгүй, архинд чи яв, би яв гэх шалтгаанаар хэрүүл хийж, ноцолдож байгаад Б.Мгал тогооны шургуулганд байсан төмөр цагаан өнгийн хутга аваад Ганболдын нуруу хэсэг рүү 1-2 удаа хутгалсан, тэдний гэр угаасаа нэг л өрөө байдаг юм...” гэжээ /хх-15/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №6566 дугаар дүгнэлтэд:
“1. Б.Ганболдын биед дух, баруун нүдний доод зовхи, баруун зүүн шанаа, зүүн хацар, уруулын доод хэсэг, хүзүү, баруун зүүн тохой, шууны зулгаралтууд, нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, нурууны зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтлүүд нь мохоо болон мохоо ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэжээ /хх-19/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, хохирогч Б.Ганболд “...Б.Ганболд миний Б.Мөнхцэцэгт гомдолгүй, учир зүйгээ ололцоод эвтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-46/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар, Хувьсгалчдын В-386-10 тоотод согтуурсан үедээ дүү Б.Ганболдтой маргалдсаны улмаас нуруунд нь хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Ганболдын “...Би эгчтэйгээ маргалдахад эгч уурандаа над руу дайраад нүүр ам маажчихсан, тэгээд боль боль гэж түлхчихээд байж байтал гал тогооны шургуулгаас хутга аваад хүрээд ирэхээр нь та одоо яагаад байгаа юм бэ, хутга шөвөг барих хэрэг байгаа юм уу гэж хэлээд түлхчихээд хойшоо хараад явах гэтэл нуруу зүсэгдчихсэн. Эгч согтуу байсан учраас түлхэлтэнд хойшоо болохдоо миний нурууг санаандгүй зүсчихсэн юм байна лээ, тэгснээс санаатай хутгалаагүй...” гэх мэдүүлэг, гэрч И.Баярсайхан “...Тэр 2 хоорондоо картанд мөнгө байгаа, байхгүй, архинд чи яв, би яв гэх шалтгаанаар хэрүүл хийж, ноцолдож байгаад Б.Мгал тогооны шургуулганд байсан төмөр цагаан өнгийн хутга аваад Ганболдын нуруу хэсэг рүү 1-2 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №6566 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Мөн шүүгдэгч Б.М-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.
Хохирогч Б.Ганболд нь “...Б.Ганболд миний Б.Мөнхцэцэгт гомдолгүй, учир зүйгээ ололцоод эвтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Б.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхцэцэгийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН