| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0460/Э |
| Дугаар | 509 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Ч.Х, Д.Б,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Ч.Х, М овгийн Д.Б нарт холбогдох эрүүгийн 1711002300078 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. А овогтой Ч.Х, 1976 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 41 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 13 дугаар гудамжны 192 тоотод оршин суух хаягтай,
-Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,
-Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял,
-Баянзүрх дүүргийн шүүхээс 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял,
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгүүлж байсан,
2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 3 сар 19 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн суллагдсан, регистрийн дугаар
2. М овогтой Д.Б, 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 15/31 дүгээр гудамж 12 тоотод оршин суух хаягтай,
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1362 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялаас өршөөн хэлтрүүлж байсан, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ч.Х, Ч.Д.Б нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 18-19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 6 дугаар гудамжны 106 тоот Т.Бямбатогтохын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж Ленова маркийн зөөврийн компьютер, Сони маркийн зургийн аппарат, саарал өнгийн индүү, гар чийдэн, хар өнгийн мешок, ногоон өнгийн массажны гудас, шилтэй кофе, хар өнгийн хүрэм, улаан эрээн өнгийн цамц, хүүхдийн сандаал, хүүхдийн Минион тоглоом хулгайлж, Т.Бямбатогтоход 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Т.Бямбатогтох нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийнхний хамт Шатан гэдэг газар руу явчхаад 7 дугаар сарын 23-ны өдөр гэр рүүгээ ирж явтал манай Даваатогтох утсаар залгаад танай гэрт хулгай орчихсон байна. Гэхдээ орсон хулгайчийг нь цагдаа нар барьчихсан байгаа, энд цагдаагийн дугаар байгаа гээд надад нэг утасны дугаар өгөөд би тэр дугаар руу нь залган холбогдож байгаад цагдаа дээр ирж уулзсан юм. Бид нарыг гэрт ирэхэд цагдаагийн машин дотор хоёр хүн сууж харагдсан...” гэжээ /хх-11-13/.
Ч.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 буудал орчимд найз Даваасамбуугийн хүү Д.Б, найз Амгалан нартай хамт 0.75 литрийн Хараа архийг хувааж ууцгаасан. Архиа ууж дуусгаад би Д.Бийн хамт найз Даваасамбуугийнд очихоор Салхит орох автобусанд суугаад буудал дээр буусан. Яг ямар нэртэй автобусны буудлыг хэлж мэдэхгүй байна. Тэгээд Д.Бийн хамт Даваасамбуугийнх руу алхаж явахад саарал өнгийн гүйдэг хаалгатай төмөр хашаатай, тоосгоор барьсан 1 давхар жижиг байшин байсан. Уг байшингийн цонх онгорхой байсан болохоор Д.Б бид 2 хараад хулгай хийхээр шийдсэн. Тэгээд тухайн байшингийн цонхоор ороод хар өнгийн Леново маркийн зөөврийн компьютер 1 ширхгийг, саарал өнгийн индүү 1 ширхгийг, Сони маркийн зургийн аппарат 1 ширхгийг, улбар шар өнгийн том гар чийдэн 1 ширхгийг, шилтэй найруулдаг ногоон тагтай кофе 1 ширхгийг, ягаан өнгийн хүүхдийн сандаал 1 хосыг, шар өнгийн хайрцагтай хүүхдийн Минион тоглоом 1 ширхгийг, шар улаан өнгийн хайрцагтай хүүхдийн тоглоомууд тус тус хулгайлаад уг хашаанаас гараад бага зэрэг явж байгаад хөдөлгөөнт эргүүлийн цагдаад баригдсан. Анх хулгай хийх санаачлагыг би гаргасан. Би уг хулгай хийсэн байшингийнхаа цонх нь онгорхой байхыг хараад Д.Бд орох уу гэж хэлээд хамт орцгоосон...” гэжээ /хх27-28х/.
Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 18 цагаас 19 цагийн хооронд 7-н буудал дээр хоол хүнсний юм цуглуулах гээд явж байсан юм. Тэгтэл аав Ч.Даваасамбуугийн найз болох Ч.Х ахтай таарсан. Ч.Х ахын нэг ах нь гээд танихгүй хүнтэй уулзаад зогсоод байсан. Ч.Х ах нөгөө танихгүй ахаар 0.75 литрийн Хараа авахуулаад уг архийг Ч.Х ах, танихгүй ахын хамт бид 3 гурав хувааж уусан. Уг архинаас би нэг аягаар л уусан. Тэгээд би гэр рүүгээ харих гэтэл Ч.Х ах цуг явъя гээд бид хоёр Зуслан чиглэлийн автобусанд суугаад Салдаг гэх нэртэй буудал дээр Ч.Х ах бид хоёр буусан. Ч.Х ах бид хоёр замынхаа баруун тал руу манай гэрийн зүг рүү явсан. Ч.Х ахын хамт явж байтал Ч.Х ах нэг айлын хашааны урд зогсоод байшингийнхаа цонх онгорхой байна гээд хашааны явган хүний хаалгыг нь татаад орсон. Эхлээд Ч.Х ах орсон, би бие засчхаад араас нь дагаад орсон. Хашааны гаднах хаалга нь гөлмөн саарал өнгийн төмөр гүйдэг болон явганы хүний хаалгатай байсан. Хаалгаар ороход хашааны хойд талд улбар шар өнгийн гадуураа төмөр фасадтай урд талдаа хоёр цонхтой байшин харагдсан. Намайг хашаанд ороход Ч.Х ах байшин руу орчихсон байсан. Би дагаад байшингийн зүүн талын цонхоор нь орсон. Цонхоор ороход доод талд цагаан өнгийн ширээ мэт зүйл байсан уг цонх нь гал тогооны өрөөний хэсгийн цонх байсан. Намайг байшинд ороход Ч.Х ах унтлагын өрөөний хэсэгт хувцасны шкафны хажууд зогсож байсан. Би уг өрөө рүү ороод бор өнгийн шургуулгын хамгийн дээд талын шургуулгаас камер, зургийн аппарат мэт хар өнгийн цүнхтэй эд зүйл авсан. Ч.Х ах болохоор цүнхтэй нөүтбүүк, кофе, гудас, мешок, гар чийдэн зэрэг зүйл авсан харагдаж байсан. Би цонхоор гарсан, араас Ч.Х ах гарч ирсэн. Тэгээд бид хоёр хашаанаас гараад хашааны хаалга хаагаад хойд зүг рүү эргээд явтал цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн машинтай тааралдаж баригдсан юм...” гэжээ /хх-34-35х/.
Гэрч А.Анхбаяр мэдүүлэхдээ: “...авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Төв зам руу сэжиг бүхий хоёр хүн цүнх үүрчихсэн явж байхаар нь араас нь очиж шалгахад хөгшин, залуу хоёр эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай “..дүүгийнхээсээ юм аа аваад явж байна.." гэж хэлсэн. Тэр хоёр залуугийн цүнхийг нь үзсэн чинь зөөврийн компьютер, сони маркийн зургийн аппарат, индүү, гар чийдэн, хар өнгийн мешок, ногоон өнгийн массажийн гудас зэрэг эд зүйл барьчихсан байсан...” гэжээ /хх-100/.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-5-7/, Эд зүйлийн үнэлгээ /хх-21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-9-10/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-38, 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37, 50/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Х, Ч.Д.Б нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 18-19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 6 дугаар гудамжны 106 тоот Т.Бямбатогтохын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж Ленова маркийн зөөврийн компьютер, Сони маркийн зургийн аппарат, саарал өнгийн индүү, гар чийдэн, хар өнгийн мешок, ногоон өнгийн массажийн гудас, шилтэй кофе, хар өнгийн хүрэм, улаан эрээн өнгийн цамц, хүүхдийн сандаал, хүүхдийн Минион тоглоом хулгайлж, Т.Бямбатогтоход 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Бямбатогтохын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Х, Ч.Д.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Т.Бямбатогтоход хулгайд алдагдсан гэх “...Ленова маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Сони маркийн зургийн аппарат 1 ширхэг, саарал өнгийн индүү 1 ширхэг, улаан шаргал өнгийн гар чийдэн 1 ширхэг, хар өнгийн мешок 1 ширхэг, ногоон өнгийн массажийн гудас 1 ширхэг, кофе, хүүхдийн Минион тоглоом...” зэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна.
Шүүгдэгч Ч.Х, Ч.Д.Б нар нь энэ хэрэгт 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 27 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.
Мөн шүүгдэгч Ч.Х, Ч.Д.Б нарт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Ч.Х, М овгийн Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Хад 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Д.Бд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Х, Ч.Д.Б нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Х, Ч.Д.Б нарын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 27 хоногийг тэдгээрийн тус тусын ял эдлэх хугацаанд оруулсан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Ч.Х, Д.Б нарт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Ч.Х, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х, Ч.Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН