Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/34

 

2026            01          07                                                                                  2026/ДШМ/34

 

Д.П-, Б.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

хохирогч Ц.Д-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Б.Даваадорж,

шүүгдэгч Д.П-, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,

цагаатгагдсан этгээд Б.Б-, түүний өмгөөлөгч Г.Гантуяа

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2367 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энхбаярын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 57 дугаар эсэргүүцэл, хохирогч Ц.Д-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Б.Даваадорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.П-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2408 01990 0487 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт Д-гийн П-, /РД:Д-/, ........,

Урьд, Нийслэлийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Б- овогт Б-ын Б-, /РД:Б-/, .......,

Шүүгдэгч Д.П-, Б.Б- нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн орчим хохирогч Ц.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг газар унагааж цээж хэсэгт өшиглөж, өвдгөөрөө дарсны улмаас зүүн 5, 6, 7, 8, 9-р хавирга суганы шугамаар зөрүүгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Д.П-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: 1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б- овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Сонгинохайрхан Прокурорын газраас шүүгдэгч Б- овогт Д-гийн П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-т оногдуулсан буюу 2,700,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.П-т сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.П- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.П-оос 7,571,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Д-д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар 304,762 төгрөгийг шүүгдэгч Д.П-оос гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд цагаатгагдсан Б.Бат- Оргилд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.П-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Д- түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Б.Даваадорж нараас хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх “...шүүгдэгч Д.П- хохирогч Ц.Д-ыг цээж хэсэгт өшиглөсний улмаас ... далд хугарал гэмтлийг учруулсан, шүүгдэгч Б.Б- хохирогчийг заамдсаны улмаас хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл /гэмтлийн зэрэг тогтоогдохгүй/ гэмтэл учирсан байна, хэдийгээр хохирогч нь шүүгдэгч нарыг бүлэглэн 30 минут зодсон гэж мэдүүлэх боловч хэргийн талаар хувийн сонирхолтой, өөрийн зүй бус үйлдлийг нуух, шүүгдэгч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэргийн талаарх хохирлыг хэтрүүлсэн байх талтай ... шүүгдэгч Б.Б-ын хохирогч Ц.Д-ыг барьж авч, араас нь боосны улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэх үйл баримт нь тогтоогдохгүй... хэмээн Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэж улмаар Д.П-т холбогдуулсан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж ял завшуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэхдээ хохирогч Ц.Д-д учирсан хүндэвтэр гэмтлийг учруулаагүй харин боосны улмаас хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон хэдий ч энэ нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтэл учирсан гэж дүгнэн шийдвэрлэсэн хэдий ч гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг үгүйсгээгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр, урьдчилан үгсэн тохиролцсоноос үл хамаарч, нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны  нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө харилцан тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохыг ердийн хэлбэр юм. Тодруулбал хохирогч болон гэрч Л Ц-ийн мэдүүлгээр “...хохирогчийг бетонон хашаа налуулан заамдаж боогоод хоёр талд гарсан байдалтай гэдэс хавирга хэсэг рүү нь цохиж байсан...” би тэд нарыг салгасан ... хохирогч нил шороо болсон байсан ... эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан ба 2 эрэгтэй залуу нь бетонон хашаа налуулчихсан зодоод байх шиг байсан. Тэр үед би машинаа зогсоогоод нэг хүнийг олуулаа зодоод байхаар нь ... гэсэн мэдүүлгээр тухайн гэмт хэргийг зохион байгуулсан, хатгасан, хамжсан хүн гэмт хэргийн обьектив талыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн аливаа үйлдэл хийгээгүй байхад ч нэгэн адил хамаарах зарчимтай яв цав нийцэж байна. Өөрөөр хэлбэл Б.Б-ын хийсэн идэвхтэй үйлдэл нь миний үйлчлүүлэгчийн өөрийгөө хамгаалах чадварыг сулруулж, ноцтойгоор гэмтэх эрсдэлийг бий болгосон хамжигч төдийгүй зохион байгуулагч гэж үзэхээр байтал, мөн санаатайгаар гэмтэл учруулахаар хамтран оролцсон болох нь хоолойг нь заамдаж боосон. цээж хэвлий хэсэг рүү цохиж байсан гэх гэрчийн мэдүүлгээр ч нотлогдож байхад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлтээ хэт өрөөсгөлөөр хийж ял завшуулан хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх хэдийгээр хохирогч нь шүүгдэгч нарыг бүлэглэн 30 минут зодсон гэж мэдүүлэх боловч хэргийн талаар хувийн сонирхолтой, өөрийн зүй бус үйлдлийг нуух, шүүгдэгч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэргийн талаарх хохирлыг хэтрүүлсэн байх талтай гэх дүгнэлт гаргажээ. Гэтэл миний үйлчлүүлэгчийн зүгээс гаргасан зүй бус гэх үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарын зүгээс хэрэгт хавсаргуулсан гэх хайчны зураг нь яг тухайн хэрэг болсон газар байгаа эсэх нь тодорхойгүй, биетээрээ байгаа гэх ч эд мөрийн баримтаар өгөөгүй байхад шүүх хэт туйлширсан, үндэслэлгүй дүгнэлтийг гаргасныг эс зөвшөөрч байна. Гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол бөгөөд гэмт хэргийн улмаас үүсэж буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхол аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах хэмээн хуульчилсан байтал хохирогчийг хэргийн талаар хувийн сонирхолтой, шүүгдэгч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэргийн талаарх хохирлыг хэтрүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирлыг үгүйсгэсэн эсхүл энэ нь яаж ч бодсон нэг л хүний үйлдэл гэх дүгнэлтийн санаа юу гэдэг нь ойлгомжгүй байна. Ийнхүү гэмт хэргийн талаарх хохирлыг хэтрүүлсэн гэх дүгнэлтээр шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатган, Д.П-д холбогдох хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэргийн оролцогч нарын үйлдлийг бодитоор дүгнээгүй буюу ял завших нөхцөлийг бүрдүүлсэн хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэхээр байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2367 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны тойргийн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор Б.Энхбаяр эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.П-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх Б.Б-ын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзэн түүний үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Д-ыг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...салсан эхнэрийн 2 дүү ирж, У- гэх дүү нь намайг заамдаад нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон...Би зодуулж байх үедээ удаа дараа миний хавирга хугарчихлаа гэж хэлэхэд ямар ямбатай юм гээд нэмж зодоод байсан....” гэх мэдүүлэг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн “...Би эхлээд зугтаагаад зам руу орсон бөгөөд араас Б.Б- хөөж гүйгээд заамдаж, миний хоолойг боосон. Энэ үед араас Д.П- гүйж ирсэн. Гүйж ирээд миний зүүн хавирга тус газар луу 5-10 орчим удаа өшиглөсөн. Намайг заамдах үед хоолой боогдоод би хөл алдан газар унасан ба намайг газраар чирч газарт унагаасан ба тэр үед би “миний хавирга хугарчихлаа” гэхэд “хугарсан хавирга ийм байдаггүй юм” гээд Б- өвдгөөрөө цээж хэсэгт дарж суусан. Хажуугаар нь Д.П- өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “... Б.Б- унагааж байхад Д.П- миний дээрээс өвдөглөсөн, бас Б.Б- ахиж миний дээрээс цээж рүү өвдөглөсөн. “Миний хавирга хугарчихлаа” гэж хэлэхэд “хавирга нь хугарсан хүн ярьдаггүй юмаа, би нэг мөсөн хавиргыг чинь хугалаад өгье” гэж хэлээд Б.Б- дээр дахин дахин өвдөглөөд байсан...” гэх хохирогчийн 3 удаагийн мэдүүлэг, гэрч Л.Ц-ийн “...намайг очиход бетон хана налаад зогсчихсон, өөрийгөө хамгаалсан байдалтай гараараа нүүр, цээж хэсгээ дарчихсан “амь авраарай” гэж хэлж байсан. Хохирогч гэх залуугийн нүүр ам нь цус болчихсон, шороо болсон байсан, үл таних 2 эрэгтэй нийлээд гар, хөлөөрөө цээж, нүүр хэсэгт цохиж зодож байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогч Ц.Д-ын эрүүл мэндэд хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй хүзүүний зулгаралт зэрэг нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Ц.Д-ыг зугтаах үед Б.Б-, Д.П- нар араас нь хөөж, эхэлж түүнд ойртсон Б.Б- түүний хоолойг боож унагаах үед Д.П- хохирогчийн хавирга хэсэгт өшиглөж, улмаар газарт унагаасны дараа хэн аль нь цээж хэсэгт өвдөглөж, өшиглөх үйлдэл хийсэн талаарх дээрх мэдүүлгүүдийг няцаан үгүйсгээгүй, “шүүгдэгч Б.Б-ын үйлдлийн улмаас хүндэвтэр гэмтэл учраагүй” гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан бөгөөд Д.П-, Б.Б- нарын хохирогчтой үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний эсрэг чиглэсэн хууль бус үйлдлээр нэгдэж, хэн аль нь хохирогчийн цээж хэсэгт өшиглөж, өвдөглөсөн гэх үйл баримтад дүгнэлт хийхдээ хохирогч нь хохирол, хор уршгийн талаар хэтрүүлэн мэдүүлсэн гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь хохирогчийн өгсөн мэдүүлэг нь бүхэлдээ худал гэдэг агуулгатай байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч “шүүгдэгч нарыг 30 минут гаран зодсон” гэж мэдүүлснийг шүүх хуралдааны явцад тухайн үйл явдал, маргаан эхнээсээ төгсөх хүртэл 30 минут орчим үргэлжилсэн, харин хохирогчийг зодсон үйл явдал нь зам дээр зугтаах үед үүссэн 2-3 минут орчим үргэлжилсэн гэж хохирогч мэдүүлснийг 30 минут зодуулсан байтал дээрх хохирол, хор уршиг нь хоорондоо нийцэхгүй байна дүгнэн хохирогчийг хэт худал мэдүүлсэн гэх агуулгатай дүгнэлт хийсэн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд үүссэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хохирогч гэмт хэргийн хохирол, хор уршгийг хэтрүүлэн мэдүүлсэн зүйлгүй гэж үзэж байна. 

Шүүхээс үйлдлээрээ санаатай нэгдсэн гэдэг дээр зөвхөн шүүгдэгч Д.П-ын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан гэж үзсэн. Прокуророос шүүгдэгч нарыг үйлдлээрээ нэгдсэн тохиолдолд хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нь нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн. Хохирогч “миний хавирга хэсэг рүү өшиглөсөн Д.П-ын үйлдлийн улмаас тухайн үед өвдөлт мэдрэгдэж эхэлсэн” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан мэдүүлгүүд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тухайн гэмтэл учирсан газарт Д.П-, Б.Б- нарын хэн аль нь өшиглөж, өвдөглөсөн талаар мэдүүлсэн байтал Б.Б-ын үйлдлийг улмаас хохирогчид гэмтэл учраагүй гэж дүгнэсэн нь дээрх нотлох баримтуудыг хангалттай няцаан, үгүйсгэж чадахгүй байна. Тиймээс Б.Б-ыг цагаатгаж шийдвэрлэснийг үндэслэлгүй байна гэж үзэн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

Хохирогч Ц.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр хүн бүлэглэн миний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан байхад нэгийг нь цагаатгаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс намайг бүлэглэж зодсон үйлдлийг шударгаар шийдвэрлэж өгнө үү. Би амиа аврахын тулд зугтаах үйлдэл хийж, “...хавирга хугархай байна...” гэхэд нэмж зодсон байхад Б.Б-ыг цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан өөрсдийнх нь гаргаж өгсөн CD бичлэгт намайг бүлэглэн зодож, өшиглөж, дэвсэж байгаа нь харагдана. ...” гэв.

Хохирогч Ц.Д-ын өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх “...шүүгдэгч Д.П- хохирогч Ц.Д-ыг цээж хэсэгт өшиглөсний улмаас ... далд хугарал гэмтлийг учруулсан, шүүгдэгч Б.Б- хохирогчийг заамдсаны улмаас хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл /гэмтлийн зэрэг тогтоогдохгүй/ гэмтэл учирсан байна, хэдийгээр хохирогч нь шүүгдэгч нарыг бүлэглэн 30 минут зодсон гэж мэдүүлэх боловч хэргийн талаар хувийн сонирхолтой, өөрийн зүй бус үйлдлийг нуух, шүүгдэгч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэргийн талаарх хохирлыг хэтрүүлсэн байх талтай ... шүүгдэгч Б.Б-ын хохирогч Ц.Д-ыг барьж авч, араас нь боосны улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэх үйл баримт нь тогтоогдоогүй” гэж үзэн  Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатган шийдвэрлэж улмаар Д.П-т холбогдуулсан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж ял завшуулсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэхдээ “хохирогч Ц.Д-д учирсан хүндэвтэр гэмтлийг учруулаагүй харин боосны улмаас хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон хэдий ч энэ нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтэл учирсан” гэж дүгнэн шийдвэрлэсэн боловч гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг үгүйсгээгүй. Тодруулбал, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг аль нэг шүүгдэгчид дагнан хариуцуулах нь зөрж гүйцэтгэхтэй холбоотой үүсэх бөгөөд гүйцэтгэгч нь бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноор өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ. Энд ийм үйл баримт, нотлох баримт байхгүй. Гэмт хэрэгт хамтран оролцогчид нэг санаа зорилгоор нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Гэмт хэрэгт оролцох үүргийг хуваарилах, хуваарилахгүйгээр, урьдчилан үгсэн тохиролцсон эсэхээс үл хамаарч, нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны  нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт. Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө харилцан тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохыг ердийн хэлбэр байдаг. Сая гэрч Л.Ц-ийн мэдүүлгийг бүхэлд нь уншсан. Тухайн гэмт хэргийг зохион байгуулсан, хатгасан, хамжсан хүн гэмт хэргийн обьектив талыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн аливаа үйлдэл хийгээгүй байхад ч нэгэн адил хамаарах зарчимтай нийцэж байна. Өөрөөр хэлбэл Б.Б-ын хийсэн идэвхтэй үйлдэл нь миний үйлчлүүлэгчийн өөрийгөө хамгаалах чадварыг сулруулж, ноцтойгоор гэмтэх эрсдэлийг бий болгосон хамжигч төдийгүй зохион байгуулагч гэж үзэхээр байтал, мөн санаатайгаар гэмтэл учруулахаар хамтран оролцсон болох нь хоолойг нь заамдаж боож, цээж, хэвлий хэсэг рүү цохиж байсан гэх гэрчийн мэдүүлгээр ч нотлогдож байхад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлтээ хэт өрөөсгөлөөр хийж, ял завшуулан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх “хэдийгээр хохирогч нь шүүгдэгч нарыг бүлэглэн 30 минут зодсон гэж мэдүүлэх боловч хэргийн талаар хувийн сонирхолтой, өөрийн зүй бус үйлдлийг нуух, шүүгдэгч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэргийн талаарх хохирлыг хэтрүүлсэн байх талтай” гэж дүгнэсэн. Гэтэл миний үйлчлүүлэгч зүй бус үйлдэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын зүгээс хэрэгт хавсаргуулсан гэх хайчны зураг нь яг тухайн хэрэг болсон газар байсан эсэх нь тодорхойгүй, биетээрээ байгаа гэх боловч эд мөрийн баримтаар өгөөгүй байхад шүүх хэт туйлширсан, үндэслэлгүй дүгнэлтийг гаргасныг эс зөвшөөрч байна.

Гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг тодорхойлдог нэг үндсэн хэмжүүр бол гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол бөгөөд гэмт хэргийн улмаас үүсэж буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхол аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах хэмээн хуульчилсан байтал хохирогчийг хэргийн талаар хувийн сонирхолтой, шүүгдэгч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэргийн талаарх хохирлыг хэтрүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирлыг үгүйсгэсэн эсхүл энэ нь яаж ч бодсон нэг л хүний үйлдэл гэх дүгнэлтийн санаа юу гэдэг нь ойлгомжгүй байна.

Ийнхүү гэмт хэргийн талаарх хохирлыг хэтрүүлсэн гэх дүгнэлтээр шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатган, Д.П-д холбогдох хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэргийн оролцогч нарын үйлдлийг бодитоор дүгнээгүй буюу ял завших нөхцөлийг бүрдүүлсэн хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолд тусгах бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шүүгдэгч тус бүрээр тогтоох боломжгүй байдал нь шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болохгүй байтал үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2367 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Д-ын өмгөөлөгч Б.Даваадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь авагдсан байдаг. Өмгөөлөгчийн хувьд энэ нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогч 3 удаа “намайг энэ 2 хүн бүлэглэж зодсон” гэж тогтвортой мэдүүлэг өгдөг. Б.Б-, Д.П- нар хохирогчийг бүлэглэн зодсон бичлэг хэрэгт авагдсан. Шүүх хохирогчийн мэдүүлгийг голлож барихгүй, шүүгдэгч нарын гаргасан “бүлэглэж зодоогүй” гэх мэдүүлгийг үндэслэж, хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчийн мэдүүлгээс харахад Б.Б-ын идэвхтэй үйлдэл байдаг. Шүүх Б.Б-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, шүүгдэгч Д.П-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилснийг эс хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. ...” гэв.

Шүүгдэгч Д.П- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Д-ын хэлсэн “хайч, жижигхэн” гэж хэлсэн нь бүгд худлаа. Энэ хүн үнэхээр зэрлэг, миний эгчийг олон жил зодож, ална гэхээр нь хамгаалах гэж очсон. Б.Б- оролцсон зүйл байхгүй, зам дээр “ална” гэж орилоход,  хайчийг нь булааж авсан. Ц.Д- энд л ийм даруухан байгаа болохоос сэтгэц, мэдрэлийг нь үзүүлэхээр зэрлэг хүн. Надад торгох шийтгэл оногдуулсан нь хүнд тусаж байна. Миний эгчийг ална гэж орилж, чарлаагүй байсан бол би очих ямар ч шаардлагагүй байсан. ...” гэв.

Шүүгдэгч Д.П-ын өмгөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Прокурор эсэргүүцлийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн тус хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж тодорхойлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байсан. Хохирогч, түүний өмгөөлөгчид давж заалдах гомдлынхоо хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа “хэргийн оролцогч нарын үйлдлийг бодитоор дүгнээгүй, ял завших нөхцөл бүрдүүлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байх тул” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна. Сая давж заалдах гомдолтой холбоотой тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн” гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасан. Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн ямар нотлох баримтаар нотлогдохгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхээс нотлогдсон гэж дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасан. Прокурор сая эсэргүүцлийн үндэслэлээ тайлбарлахдаа энэ талаар огт дурдаагүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Ц.Д-ын 6 удаагийн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Д.П-ын өгсөн 3 удаагийн мэдүүлэг, Б.Б-ын өгсөн 2 удаагийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэгт үнэлэлт, дүгнэлт хийсэн. Ц.Д-, түүний өмгөөлөгч, улсын яллагч нар “тухайн маргаан 30 минут тасралтгүй үргэлжилж, маш олон удаа өшиглөж, зодсон” гэж хэлж байгаа боловч энэ нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн. Шинжээч “Ц.Д-ын хүзүүнд улайлт үүссэн, хавирганууд хугарсан байна. Энэ нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэж дүгнэсэн. Ц.Д-ын хэлсэн шиг 5-6 удаа, бараг 10 удаа өшиглөсөн, ээлжилж өшиглөсөн бол түүний бие, организмд ямар нэг хөхөрсөн, хавдсан, зөөлөн эдийн гэмтэл учирна. Гэтэл тийм зүйл байдаггүй. Хохирогчийг хөвөнгөөр цохиогүй, түүнийг “гуталтай хөлөөр өшиглөсөн” гэж мэдүүлсэн. Мөн шинжээчээс мэдүүлэг авсан. Шинжээч н.Эрхэмбаяр “тухайн гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр зодож, цохих, өшиглөх, брожур дээр унаснаас үүссэн байх боломжтой” гэж мэдүүлсэн. Хохирогч Ц.Д- “Д.П- өшиглөсөн” гэх мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт хийж, Д.П-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2.2-т хууль зүйн дүгнэлт хийж, улсын яллагч, хохирогч, түүний өмгөөлөгч нарын бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх байдлыг үгүйсгэсэн болох нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2.2.4 дах заалтад дурдсан байдлаар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолд “улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэг нь ийм байдлаар үгүйсгэгдэж байна” тодорхой дурдсан. Прокурор эсэргүүцэлдээ “шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн” гэж дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж заасан. Прокурор сая эсэргүүцлийн үндэслэлээ тайлбарлахдаа дээрх зүйлд заасан ямар шаардлагыг хангаагүй талаараа тайлбарласангүй. Хохирогчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдолтой холбоотой тайлбар хэлэхэд “хайч” гэдэг асуудал яригддаг. Зөвхөн фото зургаар авагдсан хайч мөн үү, үгүй юу гэдэг талаар ярьдаг. Энэ хайч хэрэглэгдээгүй, магадгүй хэрэглэгдэж, бие махбодод нь гэмтэл учруулсан бол эд мөрийн баримтаар авагдах байсан гэдэг асуудлыг прокурор анхан шатны шүүх хуралдаанд тавьж байсан. Ц.Д- хүний бие махбодод гэмтэл учруулж болох эд зүйл байсан гэдгийг үгүйсгэдэггүй, сүүлдээ анхан шатны шүүх хуралдаанд “хумсны хутга” гэж ярьсан. Гагцхүү хүний бие махбодод гэмтэл учруулж болох эд зүйл байсныг авах зорилгоор хөөсөн болох нь Д.П-, Б.Б- нарын мэдүүлэгт тодорхой тусгагдсан байдаг. Гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдлыг тогтоохдоо нэг талыг барьсан. Шийтгэх тогтоол, эсэргүүцэлд дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн бүх мэдүүлэгт хайч дурдагдсан. Анхан шатны шүүх хайчийг булааж авсан Б.Б-ын үйлдэлд дүгнэлт хийж, Д.П-ын үйлдлийн тухайд бүлэглэсэн гэдгийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулсныг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулсан, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эгчийг айлгаж, сүрдүүлээд байна гэхээр нь очсон. Иргэний үүргээ биелүүлж, хайч булааж авсныхаа төлөө хэрэгтэн болсон. Хэргийг үнэн, зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Б-ын өмгөөлөгч Г.Гантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор гэмт хэрэгт хамтран оролцох гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тайлбарлаж байна. Үйлдлээрээ нэгдсэн учраас гэмт хэрэгт хамтран оролцсон гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байсан. Өмгөөлөгч Р.Пүрэвлхам “гэмт хэрэгт хамтран оролцогчийн талаар тайлбарлаж, энэ бол тогтсон ойлголт гэдэг агуулга хэлж байна. Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолд “Гэмт хэрэгт хамтран оролцох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогч нь санаатайгаар эс үйлдэхүй хийж гэмт хэрэгт хамтран оролцож болно. Гэмт хэрэгт хамтран оролцогч бүр үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсэж байдаг онцлогоороо дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгагдана” гэж заасан. Гэмт хэргээ туйлд нь хүргэх гэж “хүний тэвчишгүй байдалд оруулах, сэтгэл санаа болон нөхцөл байдлыг дээд цэгт нь хүргэх” гэсэн агуулгатай. Өмгөөлөгч Б.Даваадорж “хохирогчийн 3 удаагийн мэдүүлэг тогтвортой байсан” гэж хэллээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч 6 удаа мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбартайгаа нийт 7 удаа тайлбар, мэдүүлэг гаргасан. 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогч анхны мэдүүлгээ өгсөн. Үүнээс хойш жилийн дараа хохирогч өөрөө хайч байсан талаар мэдүүлдэг. Хохирогч “уг хайчаар шилэн тирко хайчлах гэж байсан” гэж мэдүүлж байсан боловч хавтаст хэргийн 214 дүгээр талд авагдсан 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 552 дугаартай прокурорын тогтоолд хохирогчийн мэдүүлгээс дурдахдаа “жижиг хайчаар машины лейд гэрэл янзлахаар” гэж, шүүх хуралдаанд “хумсны хутга” гэж тайлбарласан. Анхандаа хоёулаа зодсон гэж явж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч өөрөө “Д.П-т зодуулсны улмаас миний хавирга хугарсан” гэж мэдүүлсэн. Хохирогчийн 6 удаагийн мэдүүлэг нь бүгд зөрүүтэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар хохирогч үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Прокурор, хохирогч, түүний өмгөөлөгчид шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэн давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан. Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2367 дугаар шийтгэх тогтоолд хохирогчийн зөрүүтэй өгсөн бүх мэдүүлгүүд авагдсан. Прокурор яллах дүгнэлт, эсэргүүцэлдээ хохирогчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мэдүүлгийг үндэслэдэг болохоос биш нийт 7 удаагийн мэдүүлэг авагдсан гэдгийг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогч Ц.Д-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Б.Даваадорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг хангалттай цуглуулж бэхжүүлсэн байна.

Прокуророос шүүгдэгч Д.П-, Б.Б- нарыг бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн орчим хохирогч Ц.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах үедээ түүнийг газар унагааж цээж хэсэгт өшиглөж, өвдгөөрөө дарсны улмаас зүүн 5, 6, 7, 8, 9-р хавирга суганы шугамаар зөрүүгүй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Д.П-, Б.Б- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Б.Б-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

            Анхан шатны шүүх дүгнэлтэд нөлөөлөх ач холбогдол бүхий нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ойлгомжгүй шийдвэр гаргасан нь хэргийн үйл баримтын болон хууль хэрэглээний талаарх шүүхийн дүгнэлт нь утга, найруулгын хувьд алдаагүй, ойлгомжтой, тодорхой байхаас гадна холбогдох хуулийн зүйл, заалтыг ягштал баримталсан, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй байна.

Тодруулбал, Анхан шатны шүүх Б-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Энэхүү нөхцөл байдал нь “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, хамтран оролцогчдын төрөл, хэлбэрийг тодорхойлон хуульчилсан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл гэсэн агуулгаар эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт хэрэглэгддэг тогтсон ойлголт юм.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ.

            Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.П-, Б.Б- нарын тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаанаас шалтгаалан хохирогч хохирогч Ц.Д-ын эрх чөлөөнд халдсан үйл баримтыг нотолсон гэрч Ц-ийн “...Хохирогч гэх залуугийн нүүр ам нь цус болчихсон, шороо болсон байсан, үл таних 2 эрэгтэй нийлээд гар, хөлөөрөө цээж, нүүр хэсэгт цохиж зодож байсан...” гэх агуулгатай мэдүүлэг/ 1-р хх 43-44-р/, хохирогч Ц.Д-ын шүүгдэгч нарт зодуулсан талаараа мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг няцаан үгүйсгэлгүйгээр “...шүүгдэгч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэргийн хохирлыг хэтрүүлсэн байх талтай...” гэж хийсвэрлэсэн байдлаар таамаглалд үндэслэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга”, 1.2-т шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” тусгахаар хуульчилсан.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б-ын хохирогчийг барьж авч араас нь боосон үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учраагүй гэж дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй тухайн нэг цаг хугацаанд хамт байсан шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, зорилгыг нь харгалзан үзэлгүйгээр тус тусдаа үйлдэл мэтээр тайлбарласан нь гэмт хэрэг хамтран үйлдэх ердийн хэлбэр болох үйлдлээрээ нэгдэн бүлэглэн гүйцэтгэх тухай ойлголтыг хангалттай үгүйсгэсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

            Түүнчлэн, анхан шатны шүүх улсын яллагчийн дүгнэлтийг үгүйсгэхдээ “..Д..П- өшиглөсний улмаас миний хавирга хугарсан...” гэх мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрч Л.Ц-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэс болгосон.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтууд нь Б.Б-ын тухайн цаг хугацаанд хохирогчийг барьж авсан, эсэргүүцлийг хязгаарласан үйлдлийг үгүйсгээгүй байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.П- хохирогчийн биед халдан шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүдийг учруулсан үйл баримт болон Б.Б-ын үйлдэл хоёрын хоорондох хамаарлыг нотлох баримтын агуулгын хувьд харьцуулж дүгнэлдээгүйгээр хохирогчийн “...Д.П- өшиглөөд хавирга хугалсан...” гэх мэдүүлгүүд болон “...хавирганы хугарлууд суганы доогуур зөрүүгүй нэг шугамд далд байгаа учраас нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх шинжээчийн мэдүүлгийг үндэслэл болгон зөвхөн шүүгдэгч Д.П- бусдын дэмжлэг, оролцоогүйгээр хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзсэн нь хэргийн бодит байдал нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр “... Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй...” гэсэн агуулгатай прокурорын эсэргүүцэл, хохирогч Ц.Д-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Б.Даваадорж нарын хамтран гаргасан “...үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж Б.Б-ыг цагаатгаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулгатай давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2367 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Д.П-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/2367 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, хохирогч Ц.Д-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Б.Даваадорж нарын хамтран гаргасан гомдлуудыг хүлээн авсугай.

            2. Шүүгдэгч Д.П-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА