| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2211 01667 0049 |
| Дугаар | 2026/ДШМ/63 |
| Огноо | 2026-01-14 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/63
Б.Ч-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор Б.Мөнгөншагай,
хохирогч Б.Б-ын өмгөөлөгч Ю.Тогмид,
яллагдагч Б.Ч-гийн өмгөөлөгч Ч.Содончимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/7313 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Ч-д холбогдох эрүүгийн 2211 01667 0049 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Б-ын Ч-, ........,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, /РД:Б-/.
Яллагдагч Б.Ч- нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор иргэн Б.Б-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 09 дүгээр сард нэр бүхий хүмүүсийн дансанд 15 удаагийн гүйлгээгээр 76,669,000 төгрөгийг мах худалдан авах нэрээр шилжүүлэн авч, үүнээс 51,237,000 төгрөгийг буцаан төлөх санаа зорилгогүйгээр өөртөө авсан буюу залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Б.Ч-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: ...Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж ирүүлээгүй байна.
Яллагдагч Б.Ч-д Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор иргэн Б.Б-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний “Хаан” банкны Б- тоот дансаар 2021 оны 09 дүгээр сард нэр бүхий хүмүүсийн дансанд 15 удаагийн гүйлгээгээр 76,669,000 төгрөгийг мах худалдан авах нэрээр шилжүүлэн авч, үүнээс 51,237,000 төгрөгийг буцаан төлөх санаа зорилгогүйгээр өөртөө авч залилсан буюу залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Б.Ч- болон хохирогч нарын хооронд хамтарч ажиллах гэрээ хийгдсэн, хамтарч мах худалдан авч зарж борлуулан ажилласан эсэх асуудлыг шалган тогтоогоогүй байна. Гэрч Ж.М-гийн мэдүүлэгт "...Ч-, Б- бид гурав зарсан бөгөөд махнаас 6 үхрийн мах үлдэх шиг болсон..." гэж мэдүүлсэн байна. Тухайн өдөр мах зарж борлуулахдаа хэдэн килограмм мах зарж борлуулсан, зарж борлуулсан махны үнийг хэн авсан, махны тооцоогоо хийсэн эсэх болон гэмт хэргийн сэдэлт, хохирлын хэмжээг нэг бүр тогтоож, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Хэргийн 2 дугаар хавтас 123 дахь талд 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр яллагдагч Б.Ч-д хавтаст хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл авагдсан байх боловч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэх хүртэл авагдсан нотлох баримтуудтай яллагдагчийг танилцуулаагүй байна. Түүнчлэн яллагдагч нь мах ачиж явсан жолооч, өөрийн охин зэрэг хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж байсан боловч энэ хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б- овогт Б-ын Ч-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2211 01667 0049 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж тус тус шийдвэрлэжээ.
Прокурор Б.Мөнгөншагай эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Б.Ч- нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор иргэн Б.Б-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний Хаан банкны Б- дугаарын дансаар 2021 оны 09 дүгээр сард нэр бүхий хүмүүсийн дансанд 15 удаагийн гүйлгээгээр 76.669.000 төгрөгийг мах худалдан авах нэрээр шилжүүлэн авч, үүнээс 51.237.000 төгрөгийг буцаан төлөх санаа зорилгогүйгээр өөртөө авч залилсан буюу залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн. Тус прокурорын газраас яллагдагч Б.Ч-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэхээр гэмт хэрэгт буруутгаж, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах дүгнэлтийг хийж, шийдвэр гаргасан байна. Үүнд:
1. Шүүхийн дүгнэлт: "Яллагдагч Б.Ч- болон хохирогч нар хоорондоо хамтарч ажиллах гэрээ хийгдсэн, хамтарч мах худалдан авч зарж борлуулан ажилласан, эсэх асуудлыг шалган тогтоогоогүй байна. Мөн яллагдагчийг хэргийн материалтай танилцуулаагүй, жолооч болон яллагдагчийн төрсөн охин зэрэг хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй." гэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд яллагдагч хохирогч нарын хооронд хамтран ажиллах гэрээ хийгдээгүй, амаар тохиролцсон болох, мөн гэмт хэргийн сэдэлт, хохирлын хэмжээг бүрэн дүүрэн хангалттай тогтоосон. Мөн яллагдагчийн төрсөн охин нь гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж энэ талаар хэрэгт мэдүүлэг өгсөн зэргээс дүгнэхэд хэрэгт хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлж авсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүртээмжтэй, хангалттай байна гэж үзэж байна. Жич: Шүүгчийн захирамжид хэргийг хүлээн авч хянан хэлэлцсэн хугацааг "11 дүгээр сарын 14-ний өдөр” гэж буруу бичсэнийг зөвтгөх. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/Ш3/7313 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...”,
“...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзээд прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн захирамжид дурдсан зарим ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн. Тухайлбал, хохирол хор уршгийг тогтоогоогүй гэх асуудал бий. Хоёр портероор мах зөөсөн асуудалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаагаар хоёр нэр бүхий гэрчээс мэдүүлэг авч, хэн тухайн портертой махыг авч явсан бэ? гэх үйл баримтыг тогтоосон. Мөн яллагдагч Б.Ч-гийн төрсөн охиноос гэрчийн мэдүүлэг авсан. Гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй гэх тайлбар мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг дансны хуулгуудаар тогтоогдсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хохирогчоос шилжүүлсэн мөнгөн дүн болон мах худалдан борлуулаад буцаан олсон мөнгөн дүн зэргээс хангалттай тогтоогдсон. Тиймээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ... Хохирогчоос мах худалдан авахаар нэр бүхий хүмүүст мөнгө шилжүүлсэн дансны хуулганы баримт хэрэгт бий. Хохирогчийн мэдүүлэг болон дансны хуулгаар нийт 21,000,000 гаруй төгрөгийг буцааж авсан байдаг. Үлдэгдэл 51,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг Б.Ч- би авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үлдэгдэл хоёр махыг хохирогч өөрөө ачиж явсан гэж яллагдагчийн зүгээс тайлбарладаг. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлгээр портертой махыг Б.Ч- маргааш өдөр нь зарна гэж хэлээд аваад явсан гэж мэдүүлдэг...” гэв.
Хохирогч Б.Б-ын өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ асуудлын тухайд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд болсон. 2022 оноос эхлэн цагдаагийн байгууллагуудад гомдол гаргаад өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдээгүй байна. Миний үйлчлүүлэгч одоогийн байдлаар элэгний хатуурлын 4 дүгээр шатанд ороод Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Энэ талаарх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн. Мөнгөний асуудал ярьж байна. Миний үйлчлүүлэгч Б.Б-ын хувьд Хүчит Шонхор захын доор машин угаалгын газар ажиллуулж байсан. Б.Ч- миний үйлчлүүлэгч болох Б.Б-той танилцаад махны бизнес хийе, би Хүчит Шонхор зах дээр мах зардаг юм, ашигтай байна, мөнгө олно, би хөдөөгөөр явж мах цуглуулаад хамт зараад ашгаа хувааж авъя гэж зүйлийг ярьж тохирсон байдаг. Ингэж тохирсны дараа Б.Ч- хөдөөгөөр явж байгаа учраас зардлын мөнгө, махны мөнгө явуул, ийм данс руу хий, энэ хүнд хэдэн төгрөг өгөөдөх гэх байдлаар 85,000,000 төгрөгийг шилжүүлж авсан байдаг. Энэ нь хохирогч Б.Б-ын дансны хуулгаар тогтоогддог. Үүнээс махны үнэ гэж буцаад Б.Б-ын данс руу 24,135,000 төгрөг орж ирсэн байдаг. Үүнтэй холбоотой Б.Б-ын дансны хуулгыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн байдаг. Энэ нь тооцоо нийлсэн дэвтэр дээр нь ч байгаа. Түүнийг нь яллагдагч Б.Ч- хүлээн зөвшөөрч байгаа боловч үнийн дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний зүгээс прокурортой санал нэг байна. Учир нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү...” гэв.
Яллагдагч Б.Ч-гийн өмгөөлөгч Ч.Содончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэм хэмжээг нотолж ирүүлээгүй хэмээн өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Б.Ч- бид хоёр мөрдөн байцаалтын шатанд маш олон удаа очиж тооцоогоо нийлэх тухай хэлсэн. Хохирогч Б.Б- утсаа авдаггүй ба тооцоо нийлэх хүсэлгүй байдаг. Өөрөөр хэлбэл бидний зүгээс мөрдөн байцаалтын шатанд тооцоо нийлэх талаар олон удаа санал гаргаж байсан. Гэтэл бид зугтаж байсан мэт тайлбарлаж болохгүй. Шилжүүлсэн мөнгөний тоо хүртэл өөр өөр яригддаг. Б.Б- хоёр дахь ачилтаас орж ирсэн 22 ширхэг ямааны махыг авч явсан гэдгээ огт хүлээн зөвшөөрдөггүй. Түүнийгээ тооцооноос огт хасуулдаггүй. Өмгөөлөгч нарын зүгээс тооцооны талаар ямар нэгэн ойлголтгүй явж байгаа. Үүнийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх гэхээр учир дутагдалтай байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд биш юм аа гэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд тооцоо нийлэх тухай хүсэлтээ манай талаас тавьсаар л байгаа. Гэрч болох охин хууль шүүхийн өмнө ирэхдээ сандарсан ба мэдүүлэг өгөхгүй гээд гарсан. Гэтэл А- гэх охин махыг авсан, зарсан буюу хохирогч Б.Б-ын бүх үйлдлийг ярьдаг. Жолооч гэх этгээдийг асуулгах хүсэлтийг Б.Ч-гийн зүгээс байнга тавьдаг. Өөрөөр хэлбэл асуулгах боломжтой хүсэлтүүдийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ярьсаар байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй. Б.Б- буцаагаад өөрөө ашиг хийгээд байгаа. Ямар өглөг, авлага байгаа нь тодорхойгүй байгаа. Тиймээс бид тооцоог тодорхой болгох хүсэлтэй байгаа. Энэ талаар шүүгчийн захирамжид тодорхой тусгасан. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Б.Мөнгөншагайн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Б.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Анхан шатны шүүхээс Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж ирүүлээгүй байна гэж дүгнэсэн нь зөв байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэргийн үйл баримтаас үзэхэд яллагдагч Б.Ч-, Б.Б- нар хөдөөнөөс мах авч зарах ажлыг хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хамтарч хийж байсан эсэхийг тогтоох нь зайлшгүй шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, хэн үйлдсэн, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд яллагдагч Б.Ч-гийн гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоотой эсэхийг эргэлзээгүй тогтоох, обьектив талын шинж болох өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эсэх, иргэний эрх зүйн маргаанаас ялгагдах шинж ба мөн яллагдагчийн хувьд гэмт санаа зорилго бий эсэх нөхцөл байдлуудыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.
Хохирогч Б.Б-оос “...2021 оны 10 дугаар сард Ч- над руу залгаад Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу явж байна, тэндээс мах үзээд авъя, харин чи малчдын данс руу мөнгө хийгээрэй, махаа зараад мөнгөө аваарай гэсэн. Тэгээд малчдын данс руу нийт 75.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба Ч- 2022 оны 11 дүгээр сарын эхээр махаа зараад надад 24.155.000 төгрөг шилжүүлсэн. Харин маргааш эгч нь үлдэгдэл махаа зараад мөнгийг чинь өгье гээд сураггүй алга болсон. Би мөнгөө өөрийн Б- тоот данснаас шилжүүлдэг байсан. Одоо Ч-гаас нийт 51.237.000 төгрөгийг авах ётой...” гэх мэдүүлгийг өгсөн байдаг ба хохирогчийн мэдүүлэг эх сурвалжаа зааж байгаа эсэх, хохирогч, яллагдагч нарын хооронд яг хэдэн төгрөг өгч, авсан талаарх тооцоо нийлэх, ямар дүнгээр хохирол тооцох эсэх талаарх баримтуудыг эх сурвалжтай ялгаа заагтайгаар тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг бүрэн тогтоох нь ач холбогдолтой бөгөөд энэ талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргаж бэхжүүлэх шаардлагатай байна.
Иймээс, яллагдагч Б.Ч-гийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, зорилго, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний үйл баримтыг тодруулж бүрэн шалгах шаардлагатай гэж үзлээ.
Иймд прокурор Б.Мөнгөншагайн бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/7313 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгчийн захирамжид хэргийг хүлээн авч хянан хэлэлцсэн хугацааг "11 дүгээр сарын 14-ний өдөр” гэж бичсэн байгаа нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд энэ нь хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх шалтгаан үндэслэлд хамаарахгүй юм. Харин цаашид энэ мэт алдааг гаргахгүй байхад анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/7313 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол Б.Ч-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ