| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2406 08839 0247 |
| Дугаар | 2026/ДШМ/64 |
| Огноо | 2026-01-14 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Х.Наранхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/64
2026 01 14 2026/ДШМ/64
Г.Ш-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Наранхүү,
хохирогч Т.Д-, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан,
шүүгдэгч Г.Ш-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа, Б.Даваадорж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2576 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ш-, түүний өмгөөлөгч Б.Даваадорж, Л.Мөнхтуяа нараас гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Ш-т холбогдох эрүүгийн 2406 08839 0247 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
М- овогт Г-ын Ш-, .........,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 752 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД:Г-/.
Шүүгдэгч Г.Ш- нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Натур”-ын автобусны буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, зэвсэг буюу хутга ашиглан хохирогчийн баруун гар, толгой, хүзүү хэсэг рүү хутгалж, эрүүл мэндэд нь баруун бугалгын урд дээд хэсэг дэх мөрний том булчин, мөр эргүүлэгч шөрмөс, мөрний толгой тараагуур судас гэмтээсэн, дагзны зүүн хэсэг, баруун гарын ядам, чигчий хуруунд зүсэгдсэн шарх бүхий хохирол учруулж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Г.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М- овогт Г-ын Ш-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Г.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ш-оос 1,537,680 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж, шүүгдэгч Г.Ш- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Ш- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нь 2019 онд Нийслэлийн тэргүүний Их засаг лицей сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2019 онд Үндэсний батлан хамгаалах их сургуульд элсэж, 2023 онд Ерөнхий цэрэг, Хуягт танкийн команд мэргэжлээр төгсөж дээд боловсрол эзэмшиж 2023 онд Зэвсэгт хүчний Г- дугаар ангид Цэргийн цагдаагийн тусгай ротын салааны захирагч албан тушаалд 2025 он хүртэл ажилласан. Би өөрийн эмээ болох С.Д-гийн хамт амьдарч, эмээгээ эмчлүүлж мөн асарч амьдардаг юм. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр миний бие “Online shop”-с захиалсан хутгийг очиж авч аранзанд хийх зорилгоор биедээ авч явж байсан нь тохиолдлын шинжтэй үйлдэл байсан юм. Тухайн өдөр би хохирогчтой буруу ойлголцож улмаар маргалдаж уг үл ойлголцол нь зодоон, ноцолдоон болж хувирсан ба би айлгах зорилгоор хутга гаргасан боловч зодоон, ноцолдооны үед хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан бөгөөд буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж, мөн маш их харамсаж байна. Иймд бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол, хор уршигт 25.000.000 төгрөгийг төлж барагдуулж, мөн хохирогчоос удаа дараа уучлалт хүсэж, гэм буруугаа ухаарч гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Иймд миний хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хорих ялаас бусад төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж амьдралд минь дахин нэг боломж олгож өгөөч хэмээн гүйж байна...
...Би тухайн үед өөрийн хийсэн үйлдлийнхээ хор уршгийг ухамсарлаагүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. Би одоо гэм буруугаа ухаарч байгаа. Би хохирогчийг алах бус айлгах зорилгоор хутга гаргаж ирсэн. Түүнээс алах санаа байгаагүй. Хохирогч бид хоёр ноцолдож байхад ямар нэгэн этгээд бид хоёрыг салгаагүй. Би хохирогчийг хохироосондоо гүнээ гэмшиж удаа дараа уучлалт гуйж хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Цагдан хоригдсон хоёр сарын хугацаанд өөртөө дүгнэлт хийж ухаарч, ойлгож, маш ихээр гэмшиж байна. Хохирогч болон гэр бүлийн хүмүүсээс уучлалт гуйж байна. Иймд нинжин сэтгэл гаргаж хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Амьдралд минь дахин нэг удаа алтан боломж олгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Анхан шатны шүүх: “...Шүүхээс шүүгдэгч Г.Ш-ийг хохирогчийн амин чухал эрхтэнүүд байрлах хэсэгт хутгаар олон тооны зүсэгдэл, шарх үүсгэсэн нь шүүгдэгчийн санаандгүй буюу өөрийгөө хамгаалах оролдлогоос бий болсон бус, харин амь насанд нь халдахаар хийсэн санаатай идэвхтэй үйлдэл байсан гэж үзэх үндэслэлтэй. Хохирогч нь шүүгдэгчийн хутгатай гарыг барьж самбаачлан зэвсгийг саатуулж, гуравдагч этгээдүүд ойртон ирснээр шүүгдэгч Г.Ш-ийн үйлдэл үргэлжлэх боломжгүй болсноор өөрийн үйлдлээ төгсгөж чадаагүй нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулсан.
Гомдлын үндэслэл: Хуулийг буруу хэрэглэсэн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд Хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан ба шүүгдэгч Г.Ш-ийн хувьд гудамжид явж байгаад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогчтой тааралдаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодох гэж байна гэж тухайн үеийн нөхцөл байдлыг буруугаар төсөөлөн хохирогчийг согтуугаар тээрийн хэрэгсэл жолоодож болохгүй гэсэн шаардлага тавьж улмаар маргалдан харилцан зодолдож хутгыг зэвсгийн чанартай ашиглан хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн өөрийнх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүгдэгчийн хүнийг санаатай алах сэдэлт зорилгыг тогтоолгүйгээр шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулсан нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн заалтыг зөрчин эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч Г.Ш-ийн хууль зөрчсөн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа тул зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй гэж үзэж байна.
Тодруулбал, шүүгдэгч Г.Ш- хохирогчийг урьд өмнө огт таньдаггүй байсан ба түүнтэй гудамжид тохиолдлын шинжтэй тааралдаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой хүн тээврийн хэрэгслийг асааж жолооны хүрдэн дээр суухаар нь очиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг анхааруулж хохирогчийн буруутай үйлдлийг таслан зогсоох зорилгоор иргэний үүргээ биелүүлж шаардлага тавьснаас болж маргаан үүсэж түүнтэй барьцалдан ноцолдох идэвхтэй үйлдэл үргэлжилж байх үед хохирогчийг хутгалж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон нь шүүгдэгч анхнаасаа хохирогчийг алах санаа зорилгогүй байсныг харуулж байна. Шинжээч эмч Л.Эрдэмболорын гаргасан 199 дугаартай дүгнэлтэд хохирогчийн амин чухал эрхтнүүд байрлах газар хутгалж гэмтэл учруулсан талаар огт дурдаагүй байхад Шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн амин чухал эрхтнүүд байрлах хэсэгт хутгаар олон тооны шарх үүсгэсэн гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Амин чухал эрхтнүүд гэж ямар ямар эрхтнүүдийг хэлж байгаа нь тодорхой бус ойлгомжгүй тайлбар гэж үзэж байна. Мөн хохирогч шүүгдэгчийн хутгатай гарыг барьж, самбаачлан зэвсгийг саатуулж, гуравдагч этгээдүүд ойртон ирснээр шүүгдэгч Г.Ш-ийн гэмт үйлдэл үргэлжлэх боломжгүй болсноор шүүгдэгч өөрийн үйлдлээ төгсгөж чадаагүй гэж дүгнэсэн. Хохирогчийн хувьд өөрийгөө хамгаалах үйлдэл хийж эсэргүүцэл үзүүлэх нь түүний ухамсарт үйлдэл юм. Хохирогчийн найз гэх Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... Х- бид хоёр уулзаад нэг шил архи хувааж уугаад сууж байтал Д- ирсэн. Тэгээд бид гурав дахин нэг шил архи авч уугаад би тооцоогоо хийгээд бид гурав гарсан. Д- Х-ын машины түлхүүрийг аваад урд алхаад явж байсан. Тэгтэл ТҮЦ-ийн хажуухан талд Д- найз нь хутгалуулчихлаа гээд цус гарсан байж байсан. Тэгээд харж амжаагүй байтал “хэн ингэсэн юм бэ” гэхэд нэг залуу цаашаа гүйгээд явж харагдсан...” гэж мэдүүлсэн. Энэхүү мэдүүлгийг шинжлэн судлахад хохирогчтой хамт явсан найз Б. Х-, Б.Б- нар зодооны үйлдлийг таслан зогсоохоор ямар нэг идэвхтэй үг, үйлдэл хийгээгүй байх ба шүүгдэгч өөрөө үйлдлээ үргэлжлүүлэхээс татгалзаж цааш гүйсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд 00 цаг 09 минут 27 секундийн орчимд дэлгэцийн баруун дээд талд “Натур”-ын автобусны буудал дээр байрлах ертөнцийн зүгээр баруун талын 2 ширхэг хүрэн өнгийн түргэн үйлчилгээний цэгийн дунд автомашины урд талын гэрэл ассан тусгалд хоёр эрэгтэй хүн барьцалдаж аван ноцолдож, тухайн хоёр хүний нэг нь явган хүний зам дээр унаж босож ирээд гэрлийн тусгалд орж түргэн үйлчилгээний цэгийн гадна ханыг налан зууралдаж ноцолдож тухайн хоёр ТҮЦ-ийн голоор харанхуй хэсэгт зууралдан орж байгаа, баруун талын түргэн үйлчилгээний цэгийн баруун урд талд зогсож байсан хар өнгийн куртик, цагаан саарал өнгийн өмдтэй, хар ногоон өнгийн куртик, цэнхэр өмдтэй хоёр эрэгтэй ноцолдож байгаа хоёр хүний чиглэлд алхаж очиж байгаа бичлэг хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан зэргээс дүгнэхэд гуравдагч этгээдүүд ойртон ирснээр шүүгдэгчийн гэмт үйлдэл үргэлжлэх боломжгүй болсноор үйлдлээ төгсгөж чадаагүй гэсэн дүгнэлт үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хуульд заасан дээрх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж хэргийн бодит байдал нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоож хэргийг зөв зүйлчлээгүй байна гэж үзэж байна. Иймд уг хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/ 2576 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...
... Замын цаанаас орилсон гэх хүмүүс дүрс бичлэгт харагддаггүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад уг этгээдүүдийг олж гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй. Тухайн нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй гэж дүгнэж болохоор байна. Шүүгдэгч Г.Ш- өөрийн үйлдлээс сайн дураараа татгалзаж цааш гүйсэн үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүхийн гуравдагч этгээд ирснээр шүүгдэгчийн гэмт үйлдэл үргэлжлэх боломжгүй болсон ба үйлдлээ төгсгөж чадаагүй гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байдаг. Г.Ш-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Шүүгдэгч гэм буруугийн тухайд анхан шатны шүүхэд маргаагүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлсэн байдаг. Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд болон хохирогчид учирсан хохирлыг тус тус бүрэн төлж барагдуулж гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг бүрэн арилгасан. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчид гомдол саналгүй, иргэний нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж төгсөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэх заалтыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2576 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгт Завдсан үйлдэл гэж дүгнэхдээ: "... хохирогч шүүгдэгчийн хутгатай гарыг барьж, самбаачлан зэвсгийг саатуулж, гуравдагч этгээдүүд ойртон ирснээр шүүгдэгч Г.Ш-ийн гэмт үйлдэл үргэлжлэх боломжгүй болсноор шүүгдэгч өөрийн үйлдлийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал тогтоогдож байна..." гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан Шинжээч эмчийн дүгнэлтэд амин чухал эрхтнүүд байрлах газар хутгалж гэмтэл учруулсан талаар дурдаагүй байхад Шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн амин чухал эрхтэнүүд байрлах хэсэгт хутгаар олон тооны шарх үүсгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба Хүн бие хамгаалах үйлдэл хийх нь хүн, амьтан амьд организмийн байгаас өгөгдсөн зүйл ба ямар ч хүн бие махбодид халдахад эсэргүйцэл үзүүлэх нь ухамсарт үйлдэл бөгөөд, ямар ч үйлдэл хийхгүй, хийх боломжгүй байдлыг хуульд тусгайлан /биеэ хамгаалах чадваргүй/ заасан байдаг.
Мөн гуравдагч этгээдүүд ойртон ирснээр шүүгдэгч Г.Ш-ийн гэмт үйлдэл үргэлжлэх боломжгүй болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба гэрч Б.Б- "... Д-, Х-ын машины түлхүүрийг аваад урд алхаад явж байсан. Тэгтэл ТҮЦ-ний хажуухан талд Д- найз нь хутгалуулчихлаа гээд цус гарсан байж байсан ба " хэн ингэсэн юм бэ?” гэтэл нэг залуу цаашаа гүйгээд явж харагдсан гэж..." гэрч Б.Х- "...Б-тай алхаж байгаад хүмүүс чанга дуугарахаар нь очиход Д- газар унаад мөр, цээж, толгой хэсэгтээ хутгалуулсан байсан..." гэж мэдүүлжээ. Хохирогчтой хамт явсан хоёр гэрч үйлдлийг таслан зогсоох ямар нэг үйлдэл хийгээгүй гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Тэгвэл анхан шатны шүүх гуравдагч этгээд гэж юуг, хэнийг хэлж байгаа нь тодорхойгүй, хийсвэр төсөөллөөр дүгнэн миний үйлчлүүлэгчид ял оногдуулсан. ..."Хүнийг алахыг завдах” болон “Хүний эрүүл мэндэд хохирол учруулах" гэмт хэргүүд нь гэмт санаа зорилго буюу субъектив талын шинжээр ялгаатай. Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд хохирогчийн үхлийг урьдаас хүсэж, амь насыг нь хөнөөх санаа зорилго агуулж үйлддэг бол хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэгт энэ шинж үгүйсгэгддэг... гэж тайлбарлажээ. /УДШ-ын 2025.03.26-ны 2025/ХШТ/30 тогтоол, хэргийн тухайд анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдсан хохирогч шүүгдэгчийн хутгатай гарыг барьж, самбаачлан зэвсгийг саатуулж гараараа хамгаалаагүй бол цээжинд хутгалж амь нас хохирох байсан... гэх хийсвэр дүгнэлт хийж ял оногдуулсан. Энэ дүгнэлт нь: ....Хохирогч машинаас гарч ирж маргаан үүсгэж, ноцолдоогүй бол хутгалуулахгүй байсан... гэх хийсвэрээр бодож байгаатай адил дүгнэсэн нь хэргийн бодит байдал, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад шүүх хийсвэрлэн дүгнэсэн байна. Хохирогч, шүүгдэгч нар нь хэн хэнийгээ таниж мэдэхгүй, зөвхөн хэрэг гарах цаг хугацаанд тааралдаж, хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн маргаан болж, барьцалдаж авч ноцолдож эхэлсэн талаар хохирогч, шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шат, шүүхийн шатанд мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд 00:08:29 секундэд хохирогчийн суусан авто машины гэрэл анивчсан буюу машин онгойж байгаа нь, 00:08:57 секундэд ... авто машины гэрэл ассан тусгалд хоёр эрэгтэй хүн барьцалдаж аван ноцолдож, нэг нь явган хүний зам дээр унаж байгаа бичлэгтэй байв... гэжээ. Энэ нь хохирогч, шүүгдэгч хоёрын хооронд болсон маргаан, хэрэг болсон хугацаа нь 28 секундын дотор болж өнгөрсөн ба энэ хугацаа нь гэнэт үүссэн хувийн таарамжгүй харьцаа болохоос хохирогчийн үхлийг урьдаас хүсэж, амь насыг нь хөнөөх санаа зорилго агуулсан субъектив санаа байгаагүй нь нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд завдалт нь тухайн халдагч этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байх хууль зүйн ойлголт байдаг бол хэргийн тухайд Г.Ш-ийн үйлдлийг хэн нэгэн ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөлж зогсоосон асуудал байхгүй ба харин хохирогчтой зууралдаж, ноцолдож, доор нь орж унаж байгаа, босоод зугтааж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт харагдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн субъектив шинж нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн процессын шинжтэй алдааны талаар: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Ш-т холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлснийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ШЗ4054 дүгээр захирамжаар зүйлчлэл хүндрүүлэхээр шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулсан. Баянзүрх дүүргийн прокуророос хэргийг ажиллагаа хийж анхан шатны шүүхэд ирүүлэхэд 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Ш35240 дүгээр захирамжаар дахин 30 хоногоор хойшлуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт: “... Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14 дэх заалтад заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна..." гэсэн заалтыг зөрчсөн. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.Ш-оос хохирогч Т.Д-д 25.000.000 төгрөгийн эмчилгээний зардал, хохирол барагдуулсан байхад энэ талаар дүгнэлт хийж дурдаагүй байна. Хавтаст хэрэгт эрүүл мэндийн даатгалын санг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг аваагүй, эрүүл мэндийн даатгалын сан хохирогч Т.Д-д үзүүлсэн эмчилгээ үйлчилгээний зардлыг нэхэмжлээгүй байтал анхан шатны шүүх “Эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл” гэх албан бичгийн хавсралт баримтыг үндэслэн 1.537.680 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-оос гаргуулахаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх дээрх процессын шинжтэй алдаа зөрчлүүд гаргасныг харгалзан үзэхийг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч Г.Ш- нь цагдаа, шүүхийн байгууллагад болсон хэргийн талаар мэдүүлгээ тогтвортой, үнэн зөвөөр мэдүүлж ирсэн ба бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол, хор уршигт 25.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогчоос удаа дараа уучлалт хүсэж, гэм буруугаа ухаарч гэмшиж байгаагаа илэрхийлж ирснийг дурдах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэл үндэслэлгүй, шүүгдэгчид оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал, шударга ёсны зарчимд нийцээгүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч Г.Ш-т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү...
...Миний үйлчлүүлэгч үйлдэл дээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогчоос удаа дараа уучлалт гуйсан. Хохиролд хохирогчийн хэлсэн үнийн дүн болох нийт 25,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд эмчилгээ үйлчилгээ хийсэн гэх 1,537,000 төгрөгийг төлж барагдуулсан буюу хор уршгийг арилгасан. Энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Миний үйлчлүүлэгч эрүүл мэндийн хувьд ходоодны архаг үрэвсэлтэй, бөөрний архаг үрэвсэлтэй гэх оноштой байгаа. Анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэл үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Шүүгдэгчид оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдал, шударга ёсны зарчимд нийцээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос бусад төрлийн ялаар шийтгэж өгнө үү...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Шүүгдэгч талаас гаргасан давж заалдах гомдолтой санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасан. Ингэхдээ харин ч байж болох хамгийн бага хэмжээгээр ялыг шүүгдэгчид оногдуулсан. Миний хувьд сүүлд буюу 2025 оны 05 дугаар сард өмгөөлөгчөөр энэ хэрэг дээр ажиллаж эхэлсэн. Орж ирээд шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Учир нь хэргийн үйл баримт, бичлэг, гэрчийн мэдүүлэг зэргийг үзэх юм бол алахыг завдсан гэдэг нь харагддаг. 60 хоногийн хугацаанд нэмэлт ажиллагаа хийгдээд улсын яллагчийн зүгээс 5 жил, 4 сарын хугацаагаар хорих ялын санал ирүүлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзаад шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан. Шүүгдэгчийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамрагдахгүй буюу өмнө нь ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал байдаг. Гэвч энэ шүүгдэгчийг харгалзан үзээд байж болох хамгийн бага хэмжээнд ялыг оногдуулсан. Миний үйлчлүүлэгч өөрийгөө хамгаалсан идэвхтэй ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй байсан бол үхчихсэн байх байсан. Гэтэл шүүгдэгчийн зүгээс үүнийгээ айлгах зорилготой байсан гэж тайлбарлаж байна. Энэ нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт байх СД-ээс бичлэгийг нь үзэх юм бол хутга бариад явж байдаг. Өөрөөр хэлбэл таарсан эсхүл ам зөрсөн нэгнийг алахад бэлэн явж байсан. Замын цаана байсан өөр таксины жолооч сэлэм шиг урт хутга байсан гэж хэлдэг. Миний үйлчлүүлэгч өөрийгөө хамгаалаагүй мөн яаралтай тусламж хангалттай сайн үзүүлээгүй байсан бол амь насаа алдах байсныг үгүйсгэх аргагүй. Шүүгдэгчийн эмэгтэй өмгөөлөгч орж ирснээс хойш буюу 2025 оны 07 дугаар сараас хойш шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа ойлгож байна, хохирлоо барагдуулна гэж хэлсэн учраас бидний зүгээс анх гарсан хохирлоос тодорхой хэмжээг бууруулсан. Гэтэл одоо шүүгдэгчийн зүгээс үйлдэл болон зүйлчлэл дээр маргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн ял үйлдсэн үйлдэлд оновчтой байх ёстой. Шүүгдэгчид хандаж хэлэхэд чи огт гомдох ёсгүй. Харин ч чиний хийсэн үйлдэл дээр хамгийн бага хэмжээнд ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Хохирогч Т.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Одоогоор миний бие хэвийн байна. Физик эмчилгээнүүдээ хийлгэж байгаа. Анхан шатны шүүхээс үнэн зөв шийдвэр гарсан гэж би дотроо бодож байгаа. Өөр нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.
Прокурор Х.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:
“...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хоёр жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан ба хэргийн оролцогч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Мөн хууль бусаар хязгаарлаагүй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан байна. Хэрэг хянан шалгах явцад хохирогчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хохирогч Т.Д- нь Г.Ш-ийн хутгатай гарыг барьж самбаачлан зэвсгийг нь саатуулж, гэрчүүд ойртон ирсэн, хүмүүс хашхирсан зэрэг шалтгаанаар Г.Ш-ийн үйлдэл бодитоор үргэлжлэх боломжгүй, шүүгдэгч өөрийн үйлдлээ төгсгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон. Шүүгдэгч Г.Ш- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зэвсэг буюу хутга ашиглан хохирогчийн баруун гар, толгой, хүзүү хэсэг рүү хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, бусдын амь насыг хохироох санаатай үйлдэл хийсний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг төгсгөөгүй бол гэмт хэргийг үйлдэхээр завдах гэж хуульчилсан хуулийн заалтыг хангаж байна. Шүүгдэгч Г.Ш-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзсан гэдэгт хамаарагдахгүй ба хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Г.Ш- болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Ш- нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Натур”-ын автобусны буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, зэвсэг буюу хутга ашиглан хохирогчийн биед баруун гар, толгой, хүзүү хэсэг рүү хутгалж, эрүүл мэндэд нь баруун бугалгын урд дээд хэсэг дэх мөрний том булчин, мөр эргүүлэгч шөрмөс, мөрний толгой тараагуур судас гэмтээсэн, дагзны зүүн хэсэг, баруун гарын ядам, чигчий хуруунд зүсэгдсэн шарх бүхий хохирол учруулж алахыг завдсан болох нь:
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...Гэмт хэрэг гарсан гэх газар нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 366 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд 40 метр зайд байрлах автобусны зогсоол байх ба тус автобусны зогсоолын явган хүний зам дагуу улаан хүрэн өнгийн цус мэт шингэн зүйлээр бохирлогдсон, тус шингэн зүйл нь хөлдөж хатсан байдалтай байсныг кримналистикийн мэргэжилтэн 2 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн авав..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 7-9/,
мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн “...Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Натур”-ын автобусны буудал дээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бусдад хутгалуулсан" гэх хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хэрэг учрал болсон гэх газрын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Натур”-ын автобусны буудлын эсрэг талын хүнсний дэлгүүрийн тухайн хэрэг гарсан гэх чиглэлд тусгалтай гадна талын хяналтын камерын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэрэг учрал болсон гэх үйл явдлыг баримтжуулан авч, хуулбарлаж ирсэн 1 ширхэг саарал өнгийн компакт диск /CD/-ийг компьютерт хийж нээн үзэхэд ...Тухайн бичлэгийн 00 цаг 07 минут 14 секундын орчимд дэлгэцийн баруун талд харагдах тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнд оролцож байгаа замын ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах явган хүний замаар хар өнгийн куртиктэй, хөх өнгийн өмдтэй, хар өнгийн куртик, цагаан саарал өнгийн өмдтэй, хар ногоон өнгийн куртик, цэнхэр өнгийн өмдтэй гурван эрэгтэй хүн алхаж байгаа бичлэгтэй байв. Тухайн бичлэгийн 00 цаг 07 минут 52 секундын орчимд дэлгэцийн баруун дээд талд Натурын автобусны буудал дээр байрлах ертөнцийн зүгээр баруун талын захын түргэн үйлчилгээний цэгийн урд талд хар өнгийн куртиктэй, хөх өнгийн өмдтэй, хар өнгийн куртик, цагаан саарал өнгийн өмдтэй, хар ногоон өнгийн куртик цэнхэр өнгийн өмдтэй гурван эрэгтэй очиж зогсоод тухайн гурван эрэгтэй хүний нэг болох хар өнгийн куртиктэй, хөх өнгийн өмдтэй эрэгтэй хүн хамт явж байсан хоёр эр нэгээс нь гараа сунган эд зүйл аваад захын түргэн үйлчилгээний цэгийн урдуур орж ахлаж байгаа бичлэгтэй байв. Тухайн хоёр хүнээс салж Натурын автобсны буудлын ертөнцийн зүгээр баруун талын захын түргэн үйлчилгээний цэгийн урдуур орж алхаж байгаа бичлэгтэй байв. Тухайн бичлэгийн 00 цаг 08 минут 06 секундын орчимд дэлгэцийн баруун дээд талд Натурын автобусны буудал дээр байрлах ертөнцийн зүгээр баруун талын захын 2 ширхэг хүрэн өнгийн түргэн үйлчилгээний цэгийн дундуур тээврийн хэрэгсэлийн түгжээ тайлагдаж байгаа гэх дохио бүхий гэрэл 2 удаа анивчин асаж байгаа нь тухайн түргэн үйлчилгээний гадна талын ханан дээр тусгал нь харагдаж байгаа бичлэгтэй байв. Тухайн бичлэгийн 00 цаг 08 минут 29 секундын орчимд дэлгэцийн дээд дунд талд Натурын автобусны буудал дээр байрлах ертөнцийн зүгээр баруун талын 2 ширхэг хүрэн өнгийн түргэн үйлчилгээний цэгийн дунд автомашины урд талын гэрэл асаж байгаа нь тухайн түргэн үйлчилгээний гадна талын ханан дээр тусгал нь харагдаж байгаа бичлэгтэй байв. Тухайн бичлэгийн 00 цаг 08 минут 57 секундын орчимд дэлгэцийн дээд талд Натурын автобусны буудал дээр байрлах ертөнцийн зүгээр баруун талын 2 ширхэг хүрэн өнгийн түргэн үйлчилгээний цэгийн дунд автомашины урд талын гэрэл ассан тусгалд хоёр эрэгтэй хүн барьцалдаж аван ноцолдож, тухайн хоёр хүний нэг нь явган хүний зам дээр унаж байгаа бичлэгтэй байв. Тухайн бичлэгийн 00 цаг 09 минут 20 секундын орчимд дэлгэцийн дээд талын дунд хэсэгт Натурын автобусны буудал дээр байрлах ертөнцийн зүгээр баруун талын 2 ширхэг хүрэн өнгийн түргэн үйлчилгээний цэгийн дунд автомашины урд талын гэрэл ассан тусгалд хоёр эрэгтэй хүн барьцалдаж аван ноцолдож, тухайн хоёр хүний нэг нь явган хүний зам дээр унахад тухайн баруун талын захын хүрэн өнгийн түргэн үйлчилгээний цэгийн баруун урд талд зогсож байсан хар өнгийн куртик, цагаан саарал өнгийн өмдтэй, хар ногоон өнгийн куртик цэнхэр өнгийн өмдтэй хоёр эрэгтэй ноцолдож байгаа хоёр хүний чиглэлд алхаж очиж байгаа бичлэгтэй байв. Тухайн бичлэгийн 00 цаг 09 минут 27 секундын орчимд дэлгэцийн баруун дээд талд Натурын автобусны буудал дээр байрлах ертөнцийн зүгээр баруун талын 2 ширхэг хүрэн өнгийн түргэн үйлчилгээний цэгийн дунд автомашины урд талын гэрэл ассан тусгалд хоёр эрэгтэй хүн барьцалдаж аван ноцолдож, тухайн хоёр хүний нэг нь явган хүний зам дээр унаж босож ирээд гэрлийн тусгалд орж түргэн үйлчилгээний цэгийн гадна ханыг налан зууралдаж ноцолдож тухайн хоёр ТҮЦ-ний голоор харанхуй хэсэгт зууралдан орж байгаа бичлэгтэй байв...” гэх тэмдэглэл /1 хх 12-20/,
хохирогч Т.Д-ын: “...Гарч явж байгаад "дуудлагын жолооч иртэл миний машиныг халааж бай” гэхээр нь би найзын машины түлхүүрийг нь аваад түрүүлээд машинд нь суугаад асаатал, хаалга онгойлгоод нэг залуу “согтуу минь ээ” гээд над руу дайраад “чи машин бариад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би жолооч нь биш, машин бариагүй дуудлагын жолооч дуудсан хүлээж байна” гэж хэлээд машинаас буусан. Тэгтэл урдаас шууд хутга бариад дайрсан. Нүүрний хэсэгт хутга гялтганасан. Хутга барьж явж байсан байх. Миний цээж хэсэгт зоох гээд дайраад байсан. Би хутгатай гартай нь ноцолдсон. Би биеэ хамгаалсан. Хойшоо өнхөрч унасан. Тэгсэн замын цаанаас хүмүүс орилолдоод эхэлсэн. Тэгээд манай хоёр найз гүйгээд араас ирсэн. Тэгээд тэр нөхөр босоод цаашаа зугтаасан.
...Бүх мэдрэлийн эс нь гэмтсэн, ...баруун гарын чигчий хуруу, ядам хуруу хэсэгт зүсэгдэж судаснууд нь тасарсан. Толгойны арын хэсэгт зүсээд тархи ярсан байсан. Хүзүү хэсэгт хутга шүргэж хөнгөн зүсэгдсэн байсан. Цэргийн төв эмнэлэгт амь насны заалт гээд 3 цагийн хагалгаанд орсон. 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо гэрээр өдрийн эмчилгээ хийлгэж байгаа. ... Сэтгэл зүй маш хүнд байсан...” /1 хх 26-28/,
гэрч Б.Х-ын: “...Д- "машин халаагаадахъя” гээд бид хоёроос түрүүлээд алхсан. Тэгээд би Б-тай алхаж байгаад хүмүүс чанга дуугарахаар нь хараад Д- дээр гүйгээд очсон. Д- газар унаад мөр, цээж, толгой хэсэгтээ хутгалуулсан байсан. ...Үйл явдал маш хурдан болсон. Би 10 гаруй метрийн зайтай зогсож байсан. Намайг яваад очиход Д- газар унаад цус алдсан байсан. Хутгалсан залуу нь цаашаа гүйгээд явсан. Согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн байсан..." /1 хх 76/,
гэрч Б.Б-ын: "...Д- Х-ын машины түлхүүрийг аваад урд алхаад явж байсан. Тэгтэл түргэн үйлчилгээний цэгийн хажуухан талд Д- "найз нь хутгалуулчихлаа” гээд цус гарсан байж байсан. Тэгээд харж амжаагүй байтал “хэн ингэсэн юм бэ?” гэхэд нэг залуу цаашаа гүйгээд явсан харагдсан. Их л хурдан болоод өнгөрсөн. Би хоёр шил архи уусан байсан. Хохирогчоос 10-20 метрийн зайтай явж байсан. Ноцолдож байхыг хараагүй. Намайг яваад очиход Д-ын гараас нь цус гарсан байсан. "Найз нь хутгалуулчихлаа” гэсэн. Гэмтээсэн гэх залууг анзаараагүй. Намайг очиход тэр залуу байгаагүй. ...Нэг жижиг биетэй залуу гүйгээд явж байсан, араас нь харсан. Царай зүсийг нь харж чадаагүй. Би өөрөө согтуу байсан тул цус гарсан байхыг харсан. ...Д- их цус алдаж байсан...” гэсэн мэдүүлгүүд /1 хх 80/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 199 дугаартай: “...Т.Д-ын баруун бугалгын урд дээд хэсэг дэх мөрний том булчин, мөр эргүүлэгч шөрмөс, мөрний толгой тараагуур судас гэмтээсэн. Дагзны зүүн хэсэг, баруун гарын ядам, чигчий хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс баруун бугалгын урд дээд хэсэг дэх мөрний том булчин, мөр эргүүлэгч шөрмөс, мөрний толгой тараагуур судас гэмтээсэн зүсэгдсэн шарх нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, дагзны зүүн хэсэг, баруун гарын ядам, чигчий хуруунд зүсэгдсэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /1 хх 57-58/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 110 дугаартай: "Түмээгийн Д- /РД:Б-/-ын сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэдэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1 хх 68-70/,
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /1 хх 5-6/, хохирогчийн өвчний түүх /1 хх 31-53/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээллээр 2024 оны 11 сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 сарын 26-ны өдрийн хооронд нийт 1,537,680 төгрөг” авсан гэх албан бичгийн хавсралт /1 хх 124/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Аравдугаар бүлэгт заасан хүний амьд явах эрхийн эсрэг буюу хүнийг алахаар завдах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог бол гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцдог.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ш-ийн зэвсэг буюу хутга ашиглан хохирогчийн биед хүндэтгэн үзэх чухал шалтгаангүйгээр шууд довтолж хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэн М- Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан М- Улсын иргэн баталгаатай эдлэхээр заасан “М- Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэсэн “амьд явах” болон “эрүүл, аюулгүй орчинд амьдрах …” үндсэн эрх, эрх чөлөөг хангасан байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Шүүгдэгч Г.Ш-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Г.Ш-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг зөрчөөгүй гэж үзлээ.
Хүнийг алахыг завдах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл нь туйлдаа бүрэн хүрч чадаагүй, төгсөөгүй байх явдал байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг ба шүүгдэгч нь хохирогчийн биед баруун бугалгын урд дээд хэсэг дэх мөрний том булчин, мөр эргүүлэгч шөрмөс, мөрний толгой тараагуур судас гэмтээсэн. Дагзны зүүн хэсэг, баруун гарын ядам, чигчий хуруунд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл, “Хүнийг алахыг завдах”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, сэдэл, мөн уг үйлдлийн улмаас хохирогч гэмтэл авсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоодог.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, хохирогчийн ...миний цээж хэсэгт зоох гээд дайраад байсан, би хутгатай гартай нь ноцолдсон, биеэ хамгаалсан, хойшоо өнхөрч унасан, тэгсэн замын цаанаас хүмүүс орилолдоод эхэлсэн, тэгээд манай хоёр найз гүйгээд араас ирсэн. тэгээд тэр нөхөр босоод цаашаа зугтаасан... гэсэн мэдүүлэг, шинжээчийн ...баруун бугалгын урд дээд хэсэг дэх мөрний том булчин, мөр эргүүлэгч шөрмөс, мөрний толгой тараагуур судас гэмтээсэн. Дагзны зүүн хэсэг, баруун гарын ядам, чигчий хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо... гэсэн дүгнэлт зэргээр шүүгдэгч нь хүндэтгэх шалтгаангүйгээр өөрийн гэмт санаагаа хэрэгжүүлэхээр хутга барьж үйлдэл эхэлсэн, түүний хүсэл зоригоос үл хамаарч эргэн тойрны хүмүүс орилолдож, хохирогчийн найзууд гүйж ирсэн нөхцөл байдлын улмаас түүний үйлдэл таслан зогсоогдож төгсөөгүй үйлдэл гаргасан нь гэмт этгээд гэмт санаагаа хэрэгжүүлэхээр тодорхой үйлдлийг эхэлж хор уршиг учрах бодитой аюул, заналхийллийг бий болгосон боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон нөхцөл байдлыг гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн “...хохирогчийг айлгах зорилгоор хутга гаргаж ирсэн...” гэх агуулга бүхий тайлбар нь түүний үйлдлээр үгүйсгэгдэнэ. Шүүгдэгч нь хохирогчийн машин жолоодох үйлдлийг таслан зогсоох санаа зорилготой байгаад шаардлага тавиад хохирогч машинаас буусан байна. Шүүгдэгчийн шаардлага хангагдсан байхад хутга гаргаж үзүүлэн айлгах, түүний үйлдлийг зогсоох ямар ч шаардлагагүй болно. Ийм тохиолдолд шүүгдэгчийн хутга ашиглан хохирогчийн биед гэмтэл учруулж байгаа үйлдлийг хүндэвтэр хохирол учруулах санаа зорилготой байсан гэж дүгнэх боломж огт байхгүй юм. Нөгөөтэйгүүр гудамжаар хутга бариад явж байгаа шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах санаа зорилготой байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэх ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.
Хохирогч Т.Д- нь тухайн гэмт хэргийн улмаас биедээ гэмтэл авч эмчлүүлсэн байх ба холбогдох хохирлын зардалыг шүүгдэгч төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн болно. Мөн хохиргчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ш-оос 1.537.680 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй шийдвэр болсон байх бөгөөд шүүгдэгч уг хохирлыг төлж барагдуулсан байна.
Харин анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ энэ талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар бүлэгт заасан хуулийн зохицуулалтыг баримтлалгүй, ерөнхий байдлаар зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэсэн байгааг цаашид анхаарвал зохино.
Иймд шүүгдэгч Г.Ш-, түүний өмгөөлөгч Б.Даваадорж, Л.Мөнхтуяа нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ш- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш энэ өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2576 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ш-, түүний өмгөөлөгч Б.Даваадорж, Л.Мөнхтуяа нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш- нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ