| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2405 02362 0700 |
| Дугаар | 2026/ДШМ/163 |
| Огноо | 2026-02-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2026/ДШМ/163
2026 02 03 2026/ДШМ/163
Б.З-, Б.Э- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ариунзул,
шүүгдэгч Б.З-, түүний өмгөөлөгч Ч.Чимэддорж,
шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч П.Гансүх,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2729 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Б.З- нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.З-, Б.Э- нарт холбогдох 2405 02362 0700 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч- овогт Б-ын Э-, ........., урьд ял шийтгэл эдэлж байгаагүй /РД:Б-/,
Б- овогт Б-ийн З-, ........., урьд ял шийтгэл эдэлж байгаагүй /РД:Б-/.
Шүүгдэгч Б.З-, Б.Э- нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Э-ын толгой хэсэг рүү өшиглөж зодон, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газар: Б.З-, Б.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч- овогт Б-ын Э-, Б- овогт Б-ийн З- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-, Г.З- нарыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Г.З- нарт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Э- нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгч Б.Э-, Б.З- нараас тус бүр 1.650.000 төгрөг, нийт 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Э-т олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-, Г.З- нараас хувь тэнцүүлэн тус бүр 654.000 төгрөг, нийт 1.308.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоосон байна, гэм буруугийн дүгнэлт нь хууль зөрчөөгүй, буруутгах үндэслэлгүй байна. Харин шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдэх, дээрдүүлсэн хуулийн заалтыг хэрэглээгүй байна. Дараах байдлаар хууль зүйн дүгнэлт гаргаж байна. ...Б.Э- нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруутайгаа маргахгүй, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд анхнаасаа мэдүүлгээ үнэн зөв тогтвортой өгч байсан, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлж байсан байна. Хохирогч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүгдэгч нартай тохиолдолын шинжтэй таарч, таарамжгүй харьцааг өдүүлсэн нь хэрэг болох гол шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалыг хуульчилж өгсөн байдаг. Тус зүйлийн 1.1 дэх заалтад "Тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.4 дэх заалтад “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх заалтуудаар хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэж болно. Б.Э- нь ээж, охин дүүгийн хамт амьдардаг, ажил хийж ээждээ тусалж, охин дүүгээ халамжилж өрх айлын эр хүний үүргийг гүйцэтгэж байсан, 2005 онд төрсөн, гэмт хэрэгт холбогдох үедээ 19 настай, эрүүгийн хариуцлага хүлээх үедээ 20 настай байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” гэж заасан, тус зүйлийн 5 дах заалтад “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэсэн заалтыг дурьдах нь зүйтэй байна. Б.Э- нь гэм буруутайгаа маргахгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ын сэтгэцэд учирсан хор уршигт 1.650.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 654.000 төгрөгийн хохиролыг бүрэн барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш ч дээрх заалтад заасан нөхцөл байдал хангагдсан тохиолдолд хэрэглэх нь хууль хэрэглээний хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, Э- мэтийн алдаа гаргасан залуучуудад ирээдүйгээ өөдрөгөөр харсан ухаарал, боломж гэж үзэж байна. Иймд өмгөөлөгч миний үйлчлүүлэгч Б.Э-д анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү...”,
“... өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас эхлэн оролцож байна. Өмгөөлөгч миний бие Б.Э-той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаад хэргийн материалтай танилцсан ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдал нийцэж байна гэж үзсэн. Мөн хууль зүйн хувьд буруутгах ямар нэгэн үндэслэл байхгүй байна гэж дүгнээд дараах байдлаар гомдол гаргасан. Тухайлбал, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай хуулийн заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш боловч дээрх заалтад заасан нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тиймээс Б.Э-ын анхан шатны шүүхээс 5 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсныг хөнгөрүүлж өгнө үү. Б.Э-ын тухайд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 19 настай хүү юм. Гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Э-ыг гэм буруу дээрээ маргасан гэж үзсэн байсан. Өмгөөлөгчийн хувьд давж заалдах гомдлыг хугацаандаа гаргахтай холбоотой шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаагүй. Хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан анхны мэдүүлэг болон 123, 124 дүгээр талд авагдсан яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад Б.Э- гэм буруу дээрээ маргаагүй нөхцөл байдал харагддаг. Өөрөөр хэлбэл, анхнаасаа Б.Э- гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цохисон, зодсон талаараа үнэн зөв мэдүүлсэн байна. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс өөрийнхөө үйлчлүүлэгч Б.Э-ыг гэм буруу дээрээ маргаагүй юм байна гэж үзсэн. Б.Э-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Ирээдүйг нь бодож боломж олгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Би 2025/ШЦТ/2729 дүгээр шийтгэх тогтоолыг үл эсэргүүцэж хүсэлт гаргаж байна. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж өөрийн хийсэн гэм буруутайгаа маргахгүй, мөн гэм хорын хохирлоо нөхөн төлсөн ба мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй хэргийг үнэн зөвөөр анхнаас нь мэдүүлсэн. Энэ байдлыг маань харгалзан үзэж мөн өрх толгойлсон ээж бага настай охин дүүтэйгээ амьдарч амьдралаа авч явдгийг маань харгалзан үзэж ялын зүйлчлэлийг маань өөрчилж хөнгөрүүлж өгнө үү...”
“...Би тухайн үед үүссэн нөхцөл байдалд айж, сандарсны улмаас буруу үйлдэл хийж хохирогч Э- ахад гэмтэл учруулсандаа чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би ээж, найз охин болон бага насны дүү гэх гурван эмэгтэй хүний хамт амьдардаг. Сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, ээждээ тусалж, ар гэрээ авч явах насан дээрээ алдаа гаргасандаа маш их гэмшиж байна. Их зүйлийг ухаарч ойлгосон. Би нэг өдрийн өмнө ч байсан хамаагүй гэр бүлтэйгээ уулзаж тэд нартайгаа хамт амьдрахыг хүсэж байна. Буруу замаар явахгүйгээр зөв замаар амьдрах ёстой гэдгээ сайн ойлгосон учраас эрхэм шүүгч нар надад хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Б.З- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/2729 дүгээр шийдсэн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж 5 жилийн биеэр эдлэх ял авсан. Миний бие нь хийсэн хэрэгтээ буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие хохирогчид шүүхээс тогтоосон хохирлыг барагдуулсан билээ. Миний биед оногдуулсан ялыг эрхэм шүүгч бүрэлдэхүүн та бүхэн ...хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна...”,
“...Би гэм буруу дээрээ маргахгүй байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би ээж, эгч хоёрын хамт амьдардаг. Залуу насан дээрээ алдаа гаргасандаа маш их харамсаж байна. Энд байх хугацаандаа маш их зүйлийг ухаарч байна. Тиймээс надад хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.З-гийн өмгөөлөгч Ч.Чимэддорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие өмгөөлөгчөөр хэрэгт анхнаасаа оролцсон. Миний зүгээс гэм буруу дээр маргаж байгаа. Учир нь шүүгдэгч Б.З- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, тайлбартаа хохирогчийн шанаа тус газарт нэг удаа цохисон талаараа мэдүүлдэг. Тухайн үед хохирогч Э- зодуулж, цохиулах үед нүүрэн хэсгээрээ газар унасан. Шинжээч эмчээс мэдүүлэг авахад “...Э-т учирсан гэмтэл нь нүүр хэсгээрээ унахад үүсэх боломжгүй, ар дагзаараа унах эсхүл ар дагзанд хүчтэй мохоо зүйлээр цохих, өшиглөх үед үүсэх гэмтэл...” гэж мэдүүлсэн. Тиймээс шүүгдэгч Б.З-гийн эрүүн тус газарт цохисон үйлдэл нь хохирогчид хүнд гэмтлийг учруулаагүй гэж үзэж байна. Гэтэл шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Харин шүүгдэгч Б.З-гийн үйлдлийг нийтийн гудамж талбайд бусдын эрх чөлөөнд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч Б.З- гэмтэл учруулсан гэж үзэхгүй байна. Тиймээс гэм буруу дээр маргаж байна. Хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ... Б.З-д оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг бие дааж гаргасныг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Г.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хуралдааныг 30 хоногийн хугацаагаар завсарлуулж, нэмэлт мөрдөн байцаалтаар шинжээчээс тайлбар мэдүүлэг авсан. Гэрч Ш-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт мөн шинжээчээс авсан тайлбар зэргээс хангалттай нотлогдон тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар гэм буруу дээрээ маргадаггүй байсан. Гэвч 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд маргаж оролцсон байдаг. Үүнийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дэлгэрэнгүй тусгасан байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э-ын хувьд хохирлоо төлж гэм буруу дээрээ маргахгүй оролцож байгаа юм байна. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас прокуророос тусгайлан гаргах саналгүй байна. Шүүгдэгч Б.З-гийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд энэ асуудлын талаар ярьдаг. Мөн өөрийн үйлчлүүлэгчээсээ эсрэг байр суурьтай байгаа учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Б.З- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Б.З- нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Б.З-, Б.Э- нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Э-ын толгой хэсэг рүү өшиглөж зодон, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Э-ын "... 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Ш-" ресторанд ажлын хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байгаад ... найз Б.Ш- бид хоёр зам дагуу байдаг түргэн үйлчилгээний цэг рүү орох үед гадна 2 залуу байсан. Түргэн үйлчилгээний цэг орох үедээ шүргэлцээд орсон байсан. ... Тэгээд түргэн үйлчилгээний цэг орох үед араас нөгөө хоёр залуу ороод ирсэн. Тэгээд манай найз Б.Ш- нь нөгөа хоёр залуутай юм яриад уучлалт гуйгаад байсан. Би түргэн үйлчилгээний цэгийн тооцоог хийгээд гарах үед араас гарж ирээд намайг нэг нь өшиглөөд газар унагаасан. Тэрний дараа бол юу болсныг санахгүй байна нэг мэдэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд сэрсэн. ... эмнэлгээс гарахад ярих чадвар болон алхаж чадахгүй, дотор муухайрах шинжүүдтэй байсан одоогоор хэвтрийн дэглэмтэй байна. Би ийм хүнд гэмтэл аваад ажил төрлөө таслаад санхүүгийн хямрал болон эрүүл мэндээрээ хохирч байгаа тул гомдолтой байна..." /xx 56-57/,
гэрч Б.Ш-ийн ”... 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш-” нэртэй ресторанд найз Б.Э- дуудсаны дагуу би очоод тус газарт үйлчлүүлж байгаад 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн үед гараад зам дагуу байдаг түргэн үйлчилгээний цэг рүү орох үед гадаа нь 175 орчим өндөртэй судалтай срочкотой, цэнхэр өмдтэй, 160 орчим өндөртэй, хар цамцтай, хар өнгийн өмдтэй 2 залуутай түргэн үйлчилгээний цэг рүү орохдоо найз Б.Э- шүргэлцээд орсон. Тэгээд нөгөө 2 залуу араас түргэн үйлчилгээний цэг рүү орж ирэхээр нь найз Б.Э- бид хоёр уучлалт гуйсан "уучлаарай, бид хоёр жаахан уусан байна" гэхэд “уучлахаас даа” гээд инээгээд байсан. Тэгээд бид хоёрыг гарах үед араас дагаж гараад үүдэнд найз Б.Э-ыг 175 орчим өндөртэй судалтай срочктой, цэнхэр өмдтэй залуу өшиглөсөн. Тухайн үед найз Б.Э- газар унахдаа замын бродюр луу нүүр хэсгээрээ унасан. Тухайн үед нөгөө 175 орчим өндөртэй судалтай срочктой, цэнхэр өмдтэй, 160 орчим өндөртэй, хар цамцтай, хар өнгийн өмдтэй 2 залуу толгой болон цээж, нуруу хэсэг рүү өшиглөөд эхэлсэн. Тэгээд би орилоод түргэн үйлчилгээний цэг рүү ороод түргэн цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. Тухайн үед нөгөө 2 залуу зугтаад явсан. Цагдаа болон 103 түргэн тусламж ирээд найз Б.Э-ыг шууд гэмтэл рүү аваад явсан. ...Би одоо зураг болон царайг нь харвал шууд танина..." /хх 61-62/,
гэрч Э.Х-ын "... Би 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” дэлгүүрийн хойно байрлах түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажиллаж байсан. Шөнийн 01 цаг орчмын үед нэг эрэгтэй эмэгтэй хоёр орж ирээд үйлчлүүлж байхад араас нь 19, 20 орчим настай хоёр залуу орж ирээд уг эрэгтэй эмэгтэй нартай маргалдаж эхэлсэн. Тэгээд удалгүй гарсан. Араас нь хүмүүс орилолдоод эхлэхээр нь гарахад нөгөө залуу газар хэвтэж байсан. Тэгээд хамт явж байсан эмэгтэй цагдаа дуудсан. ... Би тухайн хоёр залууг танихгүй, манай түргэн үйлчилгээний цэгт хааяа орж гардаг залуучууд байсан..." /хх 64/,
иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн: "...иргэн Б.Э- нь 2024 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-ний шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад зодуулсан гэх гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон. Б.Э- нь эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч, нийт 1.308.080 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээд Б.З-, Б.Э- нараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү..." /xx 144-116/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 7802 дугаартай: "...Б.Э-ын биед дагзны ясны баруун талаас том нүх хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтэл авсан даруйдаа энгийн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна..." /хх 73-75/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 1954 дугаартай "...Б-гийн Э- /РД:Б-/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёр дугаар зэрэглэлд хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй...” /хх 99-101/ гэсэн дүгнэлтүүд,
шинжээч эмч Э.Эрхэмбаярын: “...Б.Э-ын биед үүссэн дагзны ясны баруун талаас том нүх хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо үйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Б.Э-ын биед учирсан дагзны ясны баруун талаас том нүх хүрсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т, 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... Дээрх гавал тархины битүү гэмтэл нь замын бродюр хэсэг рүү нүүр хэсгээрээ унах үед үүсэх боломжгүй. Ар дагзаараа унах, дагз руу өшиглөх, мохоо зүйлээр хүчтэй цохих үед үүсэх боломжтой. ...Дээрх гавал тархины битүү гэмтэл нь замын бродюр хэсэг рүү нүүр хэсгээрээ унах үед үүсэх боломжгүй. Ар дагзаараа унах, дагз руу өшиглөх, мохоо зүйлээр хүчтэй цохих үед үүсэх боломжтой” /хх 196/ гэсэн мэдүүлэг,
гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн: "...ширээн дээр байгаа A4 хэмжээтэй цаасан дээр нааж байршуулсан 1-5 хүртэл дугаарласан 5 ширхэг иргэний гэрэл зургийг үзүүлж эдгээр иргэдээс түүнд үзүүлсэн 1-5 дугаартай гэрэл зургуудаас харуулахад 2024 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-ний шилжих шөнө 02 цагийн үед цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам дагуу байрлах түцний урд үл таних хүнд зодуулсан гэх 20 гаран насны 2 залуугийн 1. Судалтай срочикон цамцтай цэнхэр өмдтэй 175 см орчим өндөртэй, 2. Хар цамцтай, хөр өнгийн өмдтэй, 160 см орчим өндөртэй 2 залуугийн зургийг 4 болон 5 дугаарт дугаарласан залууг заав. 4 дугаартай хүн нь Б-ын Э- /РД: Б-/-ийг, 5 дугаартай хүн нь Б-ийн З- /РД: Б-/-ийг заасан болно..." /хх 26-31/ гэсэн тэмдэглэл,
гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 21/, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх 18-19/, хохирол төлсөн тухай баримт /хх 21-25/, хохирогчийн ажлын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт /хх 37/, хохирогчийн эмчилгээний баримт /хх 39-47/, эмнэлгийн сахиурын ажлын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт /хх 48-49/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэг, шинжилгээний баримтууд /хх 76-79/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх Б.Э-,
Б.З- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо зөрчилдөж эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Прокуророос шүүгдэгч Б.Э-, Б.З- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Э-, Б.З- нарыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учрууласан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Э-, Б.З- нарт 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч Б.Э-, Б.З- болон Б.Э-ын өмгөөлөгч П.Гансүх нараас “... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал ... харгалзан ... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруутай этгээд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж болохоор заасан.
Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасанчлан эрх олгосон хэм хэмжээг дээрх харгалзан үзэх нөхцөл байдлуудыг харьцуулан олон талаас нь дотоод итгэлээрээ үнэлэсний эцэст хэрэглэх эсэхээ шийддэг.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж байгаа сэдэл, хохирогчийн биед учирсан гэмтэлийн шинж зэргийг харгалзан “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” эрүүгийн хариуцлагын зорилгыг хангуулах хуулийн шаардлагаар дээрх хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэн давж заалдах гомдолуудыг хангахгүй байх нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэмт этгээдүүд болон хохирогч талуудын хооронд тухайн үед үүссэн маргаан гэх байдал нь заавал бусдын биед халдах шалтгаан болохгүй, тэр тусмаа хоёулаа бүлэглэн тодорхой хэмжээгээр согтуурсан хүний биед халдах шаардлагыг үүсгэхгүй юм.
Хүн ёсны хэм хэмжээгээр бусдыг хүндлэх, хайрлах, энэрэх, ахмад хүнийг хүндэтгэх, ялихгүй зүйлийг өнгөрүүлэх сэтгэлийг тухайн цаг хугацаанд шүүгдэгч нар гаргаагүй бөгөөд танхайрах санаа сэдлээ биеээ хамгаалах чадвараа тодорхой хэмжээгээр алдсан байгаа нэгнийг сонгон хэрэгжүүлсэн байгаа нь тэдэнд оногдуулсан хариуцлагыг хөнгөрүүлэхгүй байх гол нөхцөл болно.
Өөрийгөө хайрлаж, өөрийнхөө хувийн байдалд анхаардаг шигээ бусдад хандаж байх нь иргэн бүрт хамааралтай. Мөнгөөр үнэлэж боломгүй зүйл байдаг гэдгийг санаж цаашид энэ мэт үйлдэл гаргахгүй байх, бусдаар гаргуулахгүй байх талаар хэлж анхаарч, сурталчилж байх нь зохистойг анхааруулав.
Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Эрүүл мэндийн даатгалын санд 654.000 төгрөг, хохирогч Б.Э-ын эзэмшлийн Хаан банкны Б- тоот дансанд 1.650.000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч Б.З- болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлсөн талаарх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч хохирол төлсөн талаар санхүүгийн баримт ирүүлээгүй нь нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон үйлдлийг бүлэглэх гэж ойлгох ба шүүгдэгч Б.Э-, Б.З- нар хохирогч Б.Э-ын биед гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бүлэглэн үйлдсэн үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч нарын өшиглөх, цохих үйлдлээр хохирогчийн биед гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Шүүгдэгч Б.З-г Б.Э-той гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй гэх үйл баримт нотлогдоогүй, хавтас хэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд тухайн баримтууд нь нэг нь нөгөөгөө гэх байдлаар хоорондоо нөхцөлдөн гэмт үйлдийг нотлож тогтоосон байх ба анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Б.Э-, Б.З- нарт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялаас сонгон хорих ялын хамгийн бага хэмжээг оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирно гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх хуралдаанд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу иргэдийн төлөөлөгчийг оролцуулахаар, мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулахаар тус тус хуульчилсан.
Хэрэгт авагдсан баримттай танилцахад, анхан шатны шүүхээс шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулсан боловч ямар аргаар сонгосон эсэх, иргэдийг төлөөлөн сонгогдсон төлөөлөгчид дүгнэлт гаргахад нь хэн нэгэн нөлөөлөхгүй байх, нөлөөлсөн эсэхийг тэмдэглэх нөлөөллийн мэдүүлэг хөтлөсөн эсэх ажиллагаанууд хийгдсэн талаар тодорхойгүй байх ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журмыг баримтлаж ажиллахыг тухайн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслахууд анхаарч хэрэгжүүлэх нь зүйтэй.
Шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй, өмгөөлөгч нар мөн маргаж оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй, дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж шүүх үзлээ ...” гэсэн дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан ял оногдуулсаныг магадлалаар зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй.
Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Б.З- нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2729 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2729 дүгээр шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-, Г.З- нарыг 5 жил хорих ялаар шийтгэсүгэй..” гэснийг, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-, Г.З- нарыг тус бүр 5 жил хорих ялаар шийтгэсүгэй...” гэсэн өөрчлөлт,
4 дэх заалтад “...шүүгдэгч Б.Э- нь хохирогч Б.Э- болон Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт төлөх төлбөргүй...” гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Б.З- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Б.З- нарын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоон/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ