Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00849

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00849

 

Ц.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00524 дугаар шийдвэртэй

Ц.Нийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Тд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээнээс чөлөөлөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 15,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагч Б.Т, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Нийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч хариуцагч Б.Ттай 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний нөхцөл нь үл хөдлөх хөрөнгийг 58,000,000 төгрөгөөр худалдаалахаар төлбөр төлөх сүүлийн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөр тохиролцож гэрээнд тусгасан. Төлбөрийн урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дансаар өгсөн ба үлдэгдэл 28,000,000 төгрөгийг 2 хувааж буюу 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар талууд тохиролцсон. Би гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14,000,000 төгрөгийг төлж, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сүүлийн төлөлт хийх болоход худалдагч тал нь гэрээний хугацааг сунгах хүсэл тавьж гэрээг 6 сараар буюу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгуулсан. Сунгасан гэрээний хугацаа дуусахад худалдагч тал дахин гэрээг сунгаж өгөхийг хүсэж гэрээг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг 5 сараар сунгасан. Харин 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр болж гэрээний хугацаа дууссан ч одоог хүртэл тооцоогоо хийж орон сууцаа шилжүүлж өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Гэвч өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдсөн. Нэхэмжлэгчийг тус тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны барьцаанаас чөлөөлж өгнө үү. Худалдах, худалдан авах гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл бий болсон бөгөөд үүний дагуу миний өмчлөх эрхэд халдаад байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийнхээ дагуу нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Т, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч мөнгөө бүрэн шилжүүлсний дараа орон сууцны нэрийг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Би байраа бэлэн мөнгөөр зарах гэж байхад нэхэмжлэгч гуйсаар байгаад 2 жилийн дотор төлөхөөр болгож зээлээр авсан. Гэтэл нэхэмжлэгч нь мөнгөө хугацаанд нь төлөөгүйгээс бид орон сууцыг ипотекийн зээлийн барьцаанаас чөлөөлж өгч чадаагүй бөгөөд цар тахлын хөл хорио, хил хааснаас үүдэн миний бизнес хүнд байдалд орж банкны өрийг хаах боломжгүй болсон. Би энэ нөхцөл байдлаа ойлгомжтой хэлж өөрийн орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдруулж аль болох хурдан зээлээ дарж шилжүүлж өгөхийг зорьж байсан ч үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа тул би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлж эд хөрөнгийн үнийг төлөх ёстой худалдан авагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй байж миний орон сууцыг шилжүүлэн авах ёстой нь үндэслэлгүй юм. Миний хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалж өгсөн авснаа буцаах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

3. Гуравдагч этгээд Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лийн тайлбар, татгалзлын агуулга: Б.Т Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54д байр, 72 тоот хаягт байрлах 28.62 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авах зориулалтаар Төрийн банкнаас 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 26/04 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан 40,600,000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээл авсан. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээлдэгч Б.Тгийн зээлийн үлдэгдэл 32,039,103 төгрөг байгаа ба үндсэн зээлийн төлбөрт 8,446,606 төгрөг, хүүний төлбөрт 15,061,422 төгрөг төлөгдсөн байна. Төрийн банк ХХК болон зээлдэгч Б.Ттай 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 25/04 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-ний 4 дүгээр зүйл Банкны эрх үүрэг хэсгийн 4.2.3-т заасны дагуу үндсэн үүргийг үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч бүрэн биелүүлснээр энэ гэрээ дуусгавар болмогц хадгалж байсан эд хөрөнгө тэдгээрийн эзэмших эрхийн бичиг, лиценз болон холбогдох бусад бичиг баримтыг барьцаалуулагчид хүлээлгэн өгөх гэж заасны дагуу Б.Тгийн зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дууссаны дараа барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжтой болно гэжээ.

4. Хариуцагч Б.Т, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Б.Т 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Нтэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр ХУД, 15-р хороо, Туул гол гудамж, 54д байр 72 тоот хаягт байрлах 28,62 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Энэхүү гэрээнд худалдан авагч тал 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөг бэлнээр авч нэг жилийн дараа үлдэгдэл 28,000,000 төгрөгөөс 14,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр авсан. Энэ цагаас хойш хариуцагч нь өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөөгүй бөгөөд гэрээнд зааснаар төлбөр бүрэн төлөгдөж дуусахад нэр шилжих ёстой байтал үлдэгдэл төлбөрөө өгөлгүйгээр бусдын эд хөрөнгийг шүүхээр далайлган өмчлөх эрх тогтоолгохоор улайрч байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж байна. Миний байрыг ямар ч хүүгүйгээр 2 жил хувааж төлж барагдуулахаар гуйж, бэлэн мөнгөөр зарах гэж байсан үнийг нь буулгаж авч амьдарсан мөртөө мөнгөө төлөхгүй байна. Учир нь тус байр Төрийн банкны ипотекийн зээлийн барьцаанд байдаг ба би тус зээлийг чөлөөлж чадахгүй байдалд орсон, мөн Төрийн банк ХХК-тай хийсэн Орон сууцны зээлийн гэрээ-ний 4.1.8 болон 5.2.11-д зааснаар би тус байрыг бусдад шилжүүлэх эрхгүй байсан байна. Иймд анхнаасаа эрхийн зөрчилтэй гэрээ буюу Төрийн банк ХХК-д барьцаанд байгаа байрыг зөвшөөрөл авалгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Барьцаанаас чөлөөлсний дараа эрх нь нээгдэх үед гэрээ байгуулж болох байсан. Үүнийг баталсан нотариатын үйлдэл хууль бус байх тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Хэрэв би хариуцагчид биш өөр хэн нэгэнд байраа зарсан бол ипотекийн зээлээ тэр даруйд нь төлж хүүний мөнгө болох 8,557,992 төгрөгийг банканд төлөхгүй байсан ба байраа нэг сарын 400,000 төгрөгөөр хөлслүүлээд байхад 15,600,000 төгрөгийн түрээсийн орлого олох байсан харин одоо байраа зарахаа больж байгаа тул амьдарч байсан хугацааных нь түрээсийг авах нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

5. Нэхэмжлэгч Ц.Нийн сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Б.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Ц.Нтэй байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцаа хөлслүүлээд олох байсан орлого 15,600,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ц.Нтэй маргааны зүйл болсон орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулж үнийг нь 58,000,000 төгрөгөөр тооцсон гэжээ. Талууд харилцан тохиролцож тухайн орон сууцыг худалдах, худалдан авахаар аль аль нь хүсэл зориг тухайн хэлцэлд илэрхийлэгджээ гэж үзэхээс гадна тухайн орон сууцны үнэ болох 44,000,000 төгрөгийн Б.Т авснаа хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үйлдэл нь Б.Тгийн хүсэлтээр гэрээнд өөрчлөлт оруулсан. Үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2 удаа хойшлуулсан үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч Ц.Нийн хувьд тухайн орон сууцны зохих төлбөрийг төлсөн, Б.Тгийн хүсэлтээр үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2 удаа хойшлуулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийн үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшинээс үүсэх үүрэг үүсээгүй гэж үзэх бүрэн боломжтой. Түүнчлэн Б.Т нь би байраа зарахгүй ба гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж буцаан авах хүсэлтэйгээ нэхэмжлэлдээ илэрхийлжээ. Талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа талууд гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлсон, иргэний эрх, үүргийг үүсгэх өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох байтал энэхүү худалдах, худалдан авах гэрээнд урьдчилан буюу шууд гэрээний үнийг төлөх нөхцөл дээр аль аль татгалзаагүй гэрээнд үнийг төлөх талаар дурьдсан аль алиных нь хүсэл зориг илэрхийлэгдсэн тул хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй юм. Мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн хэд хэдэн хэлбэр байдаг энэхүү хэлбэрийн шинжийг анхнаасаа агуулаагүй хэлцэл байгуулагдсан. Тухайн орон сууц нь төрийн банкны зээлэнд, барьцаалбарт байсан, бусдад шилжүүлэх эрхгүй байсныг одоо мэдэж байгаа мэтээр бичжээ. Учир нь энгийн логикоор барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө барьцааны гэрээнээс чөлөөлж бусдын өмчлөлд шилжүүлэх үүрэг нь Б.Т гэгч этгээдэд үүсэх үүрэгтэй. Үлдэгдэл төлбөрийн тухайд байрны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байсан тул төлөхгүй байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг өнөөдөр ч гэсэн төлөх бүрэн боломжтой. Иймд Б.Тгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эрх зүйн болон хууль зүйн үндэслэл гарч ирэх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээд Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Төрийн банк болон Б.Т хоёрын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 4.1.5-д барьцааны зүйлийг бусдын эзэмшил өмчлөлд шилжүүлэхэд болон давхар барьцаалах бол зөвшөөрөл өгөх эрхтэй гэж Төрийн банкны эрхийг тодорхой заасан. Гэвч манай банкнаас огт зөвшөөрөл аваагүй хэлцэл хийсэн байна гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 14,000,000 төгрөгийг хариуцагч Б.Тд төлмөгц улсын бүртгэлийн Ү-2206039584 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр туул гол гудамж, 54д байрны 72 тоот хаягт байрлалтай, 28.62 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг Б.Нт шилжүүлэхийг хариуцагч Б.Тд даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Н, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2018.09.03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, 15,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453,283 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,122 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тгаас 453,283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нт олгож шийдвэрлэсэн байна.

8. Хариуцагч Б.Тгийн давж заалдах гомдлын агуулга: ... Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч бусдын байрыг худалдаж авахдаа мөнгөө бүрэн төлөх ёстой байсан бөгөөд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь зөв байсан. Гэтэл шүүх гэрээний гэрээний дагуу хугацаанд нь мөнгөө шилжүүлээгүй байрны төлбөрийг бүрэн төлөөгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэгчийн өмч байна гэж үзэн хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүх мөнгөө төлөөгүй хүнд бусдын байрыг хүчээр авч өгч байна гэж миний бие ойлгож гомдолтой байна. Шүүх нотлох баримтын үнэлэн авч үзээгүй. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь гэрээний 3.1 заалтаас харагддаг ба тус заалтад Төрийн банкны барьцаанд байгаа ипотекийн байрыг барьцаалаагүй эрхийн зөрчилгүй гэж дурдаж гэрээ хийсэн нь үндэслэлгүй бөгөөд Төрийн банк болон Б.Т нарын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар №25/04 тоот гэрээний 5.2.10 хэсэгт заасан банкны зөвшөөрөлгүйгээр эрх шилжүүлж хийсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн нэхэмжлэгч миний байранд мөнгөө төлөлгүй 3 жил амьдарчихаад байхад хөлслүүлээд болтугай олох байсан орлогыг минь шүүх хангаж шийдээгүй нь үндэслэлгүй бөгөөд би түрээсийн үнийг 3 жилийн өмнөх үнээр бодож нэхэмжилсэн, өнөөдөр миний байрны түрээс 1 сая болтлоо өссөн байгаа. Энэхүү нотлох баримтууд нь хэрэгт авагдсан байтал шүүх үнэлж үзэлгүй шийдвэрээ гаргасанд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгч өмгөөлөгч Б.Батсүхын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:... Нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ашиг зөрчигдсөн болохоор зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс бүрэн гүйцэд төлбөрийг төлөөгүй байхад шүүх хангаж шийдвэрлэсэн гэж гомдолдоо дурдсан байна. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн үл хөдлөх худалдах-худалдан авах гэрээнд тухайн орон сууцын үнийг тодорхойлсон. Гэрээний 3.6-д тухайн орон сууцын төлбөрийг ямар хэлбэрээр төлөх талаар тодорхой зааж өгсөн. Хариуцагч Б.Тгийн хүсэлтээр төлбөр төлөх хугацааг 2 удаа хойшлуулсан. Үлдэгдэл 14,000,000 төгрөгийг төлөөгүйд нэхэмжлэгч буруугүй. Нэхэмжлэгчээс орон сууцын үлдэгдэл төлбөрийг төлье, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авъя гэх асуудал ярьсан боловч Б.Т уг асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Хариуцагч гомдолдоо гэрээний 3.6-д А тал орон сууцыг бусдад худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх банкны зээлтэй холбоотой асуудлыг бүрэн хариуцан гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

10. Гуравдагч этгээд Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Б.Тд холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 54д байрны 72 тоот хаягт байрлалтай, 28.62 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээнээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг даалгуулахаар үндсэн нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 15,600,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнэд 44,000,000 төгрөг төлсөн, худалдагчийн хүсэлтээр үлдэх 14,000,000 төгрөгийг төлөхийг хоёр удаа хойшлуулсан, миний өмчлөх эрхэд халдаж байна гэсэн үндэслэл заасан байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц.Н, Б.Т нар нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 54д байрны 72 тоот хаягт байрлалтай, 28.62 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч 58,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх.4/ Дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14,000,000 төгрөг төлснийг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

6. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

7. Зохигчид 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний хугацаа сунгах гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 6 сараар, мөн 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-ээр төлбөр төлөх эцсийн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 5 сараар тус тус сунгасан үйл баримт тогтоогдсон байна. /хх.6-7/

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул зохигчдын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний дагуу худалдан авагч буюу нэхэмжлэгч Ц.Н худалдан авсан эд хөрөнгийнхөө үнийг төлөх, худалдагч буюу хариуцагч Б.Т худалдсан хөрөнгө болох орон сууц, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч талын хүсэлтээр гэрээний хугацааг сунгасан байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу гэрээний хугацааг хэтрүүлэхэд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй болно. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

10. Анхан шатны шүүх худалдагч биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж дүгнэж, худалдах худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгч орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 14,000,000 төгрөгийг хариуцагчид төлмөгц хариуцагч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр туул гол гудамж, 54д байрны 72 тоот хаягт байрлалтай, 28.62 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

11. Хариуцагч Б.Т 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 15,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, нэхэмжлэгч орон сууцыг үндэслэлгүйгээр ашигласан түрээсийн төлбөрт дүйцүүлэн 1 сарын 400,000 төгрөгөөр тооцно гэсэн үндэслэл заажээ.

12. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байх тул анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

13. Мөн хариуцагчийн орон сууцаа хөлслүүлснээр олох байсан орлого 15,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхийг олгосон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

14. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн ...шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангуулах-аар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00524 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО