Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар   2026/ДШМ/144

 

 

     2026            01           29                                         2026/ДШМ/144

 

 

Н.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Ууганзаяа,

яллагдагч Н.Б-ийн өмгөөлөгч Х.Наранзул, Ц.Өлзийбаяр,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч Х.Гантулга /цахимаар/,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/7220 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-н гаргасан гомдлоор Н.Б-д холбогдох 2508 000000 552 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Н.Б, ......... оны ....... дугаар сарын ............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ......., ............ хамт ............... дүүргийн ......... дугаар хороо, ........ тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:............../.

Яллагдагч Н.Б нь .......оны ....... дүгээр сарын ...........-ны өдөр ............дүүргийн ........дугаар хороо, ................ гудамжны ...........тоотод байрлах өөрийн гэртээ хүүхэд харахаар ирсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай тусдаа амьдардаг 13 нас, 8 сар, 15 хоногтой дагавар охин болох бага насны хохирогч Ц.О-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан орон дээр хэвтэж байх үед нь хажуугаар нь хэвтэж хөхийг нь барьж, дотоож руу гараа хийж, бэлэг эрхтнийг нь гараараа илж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, тухайн үед ээж Э.Ц нь гаднаас гэртээ ирэх үед “ээждээ хэлвэл ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, хүчиндэхийг завдсан гэмт хэрэг,

мөн үргэлжилсэн үйлдлээр ...... оны ....... дүгээр сарын ........-ны өдрөөс ........ оны ..... дүгээр сарын .......-нд шилжих шөнө ........ дүүргийн .........дугаар хороо .............тоотод байрлах өөрийн гэртээ хүүхэд харахаар ирсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай тусдаа амьдардаг 13 нас 8 сар 28 хоногтой дагавар охин болох бага насны хохирогч Ц.О-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан унтаж байсан ор руу орж хувцсыг нь хүчээр тайлж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хөхийг нь барьж, нүүр, хүзүү, хацар хэсгийг нь үнсэж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн мөн хохирогч унтаж байсан ээж Э.Ц-г дуудах гэхэд нь “чимээгүй бай” гэж гараараа амыг нь дарсан тухайн үед ээж Э.Ц нь сэрж яллагдагч хохирогчийн дээрээс босч хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй байна. Насанд хүрээгүй хохирогч Ц.О 2025.04.19-ний өдөр өгсөн...” гэх мэдүүлэг (1 хх 30), 2025.05.06-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 хх 108), 2025.09.29-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (2 хх 29), яллагдагч Н.Б 2025.10.30-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 хх, 97), гэрч Ч.Э-н мэдүүлэг (1 хх 118) зэргээр 2025 оны 04 дүгээр сарын 06-ны үйлдэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа, тухайлбал яллагдагч Н.Б нь тухайн өдөр “.........” ХХК-д ажиллаж байсан эсэх, ажиллаж байсан бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулсан тэмдэглэл, гарын үсэг, ажлын цагийн (эхэлсэн, тарсан) бүртгэл, цалин олгосон баримт зэргийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг явуулж гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд яллагдагч Н.Б ажилтай байсан эсэхийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Мөн дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягтлах, шалгах тогтоох зорилгоор гэрч Ч.Э, Б.Д, Э.Цр, “..........” ХХК-ийн инженер н.Н нараас мэдүүлэг авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл яллагдагчийн өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийн 1,2,3 дахь хэсгийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Н.Б-г гэмт хэрэг үйлдэгдсэн гэх өдөр ажилтай байсан эсэхийг тогтоолгох талаар тодорхой ажиллагаа хийлгэх буюу хүсэлтийн 4,5 дахь хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Прокуророос яллагдагч Н.Б-г .........оны ...... дүгээр сарын ......-ны өдөр, мөн ......оны ....... дүгээр сарын ...........-нд шилжих шөнө хүчиндэхийг завдсан гэх үйлдэлд буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Насанд хүрээгүй хохирогч Ц.О-н .......-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 хх 30), 2025.05.06-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 хх 108), 2025.09.09-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (2 хх 29) хэрэгт авагджээ. Хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх буюу бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үйлдсэн байдаг ба хурьцал үйлдэж эхэлснээр хүчиндэх үйлдлийг төгссөн гэж үздэг. Дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосны дараа яллагдагч Н.Б-н үйлдсэн үйлдлийг хууль зүйн хувьд төгссөн гэмт хэрэг эсэх, завдсан гэмт хэрэг эсэхэд онцгой анхаарах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх зорилтод нийцүүлэн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна...” гэж яллагдагч Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 2508 000000 552 дугаартай хэрэгт Н.Б-д холбогдох хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Н.Б нь дагавар охин болох Ц.О-г 2 удаа хүчиндэхийг завдсан нөхцөл байдал тогтоогддог. Мөн хамгийн сүүлийн өдөр буюу ............-нд шилжих шөнө яллагдагч Н.Б нь өөрийн гэртээ эхнэрээ унтсаны дараа бага насны хохирогчийн нүүрэн дээгүүр хөнжилөөр хучиж түүний дээр гарч хэвтэж бэлгийн харьцаанд орох гэж байх үед нь охин ээжээ туслаарай гэж орилж улмаар дээрх харилцаа төгссөн байдаг. Ээж Э.Ц нь тухайн үйл явдлыг зогсоож тухайн өдрийн маргааш буюу ........-нд түр хамгаалах байранд очсон. Хохирогч Ц.О хувьд тухайн үйл явдлаас хойш ээжтэйгээ юм ярихгүй, дуугаа хураасан бүрэг болсон ба сэтгэл зүйн хувьд их гэмтсэн. Бидний зүгээс хохирогчийн сэтгэл зүйг засах үйлчилгээг удаа дараа авсан болно. Насанд хүрээгүй хохирогч Ц.О нь өөрийн төрсөн эх Э.Ц хамт амьдардаггүй, эмээ Ч.Э-н хамт амьдардаг ээж Э.Ц нь охиноо гэртээ дуудан ирүүлж бага насны дүү 3 настай Б.О харуулдаг байсан ба дээрх өдрүүдэд мөн дүүгээ харах зорилгоор яллагдагч Н.Б гэрт очсон байдаг. Шүүгчийн захирамжид хойд эцэг болох Б-г ..........нд гэртээ байсан эсэхийг шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн байна. Гэвч хэрэгт хохирогч болон түүний ээж Э.Ц, гэрч эмээ Ч.Э-н мэдүүлэгт ..........ны өдөр хүүхэд харуулахаар дуудсан гэж мэдүүлсэн байхад огт тийм асуудал болоогүй мэтээр дүгнэлт хийсэн хэрэв дээрх гэрчүүдийг худал мэдүүлсэн гэж үзэж байгаа бол шүүх хуралдааны явцад гэрчүүдийг оролцуулан дахин асуух боломж байсаар байхад хэргийг удаашруулж байгаад гомдолтой байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлж өгнө үү. ... Анхан шатны шүүх .........-ны өдөр Н.Б гэртээ байсан эсэхийг шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн. Гэвч тухайн хэрэгт насанд хүрээгүй хохирогч болон түүний эх Э.Ц болон эмээ Ч.Э нарын мэдүүлэгт ........-ны өдөр яллагдагч Н.Б гэрт насанд хүрээгүй хохирогч Ц.О дүүгээ харахаар очсон нь тодорхой байдаг. Гэрчүүдийг худал мэдүүлсэн гэж үзэж байгаа бол шүүх хуралдааны явцад гэрчүүдийг хуралдаанд оролцуулан дахин асуух боломж байсаар байхад хэргийг удаашруулж байгаад гомдолтой байна.” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М өмгөөлөгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “....хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхгүй, удаашруулж байна...” гэсэн агуулга бүхий гомдлыг дэмжиж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/......шүүгчийн захирамжид 2 үндэслэлийг зааж, хэргийг буцаасан. Үүнд, нэгдүгээрт, 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр болсон үйл баримтыг насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгээс өөр бусад эх сурвалжаар тогтоох, хоёрдугаарт, 04 дүгээр сарын 06,18,19-ний өдрүүдэд үйлдэгдэж буй 2 удаагийн хүчиндэхийг завдсан гэх үйлдлийг тогтоох гэсэн үндэслэлүүдийг дурдсан. Эдгээр ажиллагааг хийж хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь зүйтэй гэж үзсэн тул гомдол гаргаагүй.” гэв.

Шүүгдэгч Н.Б өмгөөлөгч Ц.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гомдолтой танилцсан. Гомдолд тусгагдсан нэг агуулга нь Э.Ц, гэрч Ч.Э-н мэдүүлэгт .............-ны өдөр хүүхэд харуулахаар дуудсан гэж мэдүүлсэн байхад огт тийм асуудал болоогүй мэтээр дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, дээрх 2 хүнийг худал мэдүүлсэн гэж үзэж байгаа тохиолдолд шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулах боломжтой гэх байдлаар гомдлыг бичсэн. 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагч М.Б нь “...тухайн үед би ажилтай байсан гэдэг. Энэ талаар байгууллагын даргын албан бичиг, цагийн бүртгэлийн дэвтэр, цалинг өдөртөө өгдөг тул цалин орсон хуулгаар тухайн өдөр намайг ажиллаж байсан нь тогтоогдоно. ............-ны өдөр ийм зүйл болоогүй...” гэх зүйлийг ярьсан учраас өмгөөлөгч нарын зүгээс хэргийг дахин шалгаж, мухарлах зайлшгүй шаардлага байна гэж үзэж хүсэлт гаргасан. Хүнийг яллаж, түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоох, эргэлзээгүй тогтоох гэх зарчмыг хангана гэж үзсэн. Н.Б яриад байгаа зүйлүүдийг нотлох зорилгоор ажиллаж байсан байгууллагаас материал авах хүсэлт явуулсан боловч шүүхээс нотлох баримтыг гаргаж өгөх захирамж гарсан тохиолдолд гаргаж өгнө гэсэн байсан. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох зайлшгүй нөхцөл байдал гэж үзэн, хүсэлт гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр тухайн хүсэлтийг хангасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан зарчмыг хангасан үзэж байна. Тухайн өдөр хүүхэд харахаар ирсэн гэдэг дээр маргаагүй. Гагцхүү тухайн өдөр М.Б ажилтай байсан. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хохирогч “...өдөр намайг оролдоод, ээжийг ажлаас ирэх үеэр хаалга дуугарах үед больсон..” гэж мэдүүлдэг. Тэгэхээр тухайн хэрэг өдрийн цагаар үйлдэгдсэн гэж үзэхээр байгаа. Намайг ажилтай байсан байхад ийм хэрэг хийсэн гэж гүтгээд байна гэх үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан. Хэргийн бодит байдлыг тогтооход дээрх ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн гэж үзэж байна гэв.” гэв.

Шүүгдэгч Н.Б өмгөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц.Ө өмгөөлөгчтэй санал нэг байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлууд хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, улсын яллагчаас М.Б үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэдэг байдлаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Бидний хувьд яагаад тухайн нотлох баримтыг гаргах боломж байхгүй байсан бэ гэхээр нэг удаа хүсэлт явуулсан. Гэтэл уг компани албан ёсны хаяг дээр үйл ажиллагааг явуулдаггүй гэх Засаг даргын тодорхойлолт ирсэн. Тухайн компанийг хайж олох гэхээс илүү шүүхийн журмаар нотлох баримт гаргуулбал нотлох баримтын шаардлага хангасан баримт байна гэж үзсэн. Өдрийн цалин хөлс Н.Б данс руу биш, шууд эхнэр Э.Ц данс руу нь ордог байсан учраас Э.Ц дансны хуулгыг бидэнд өгөх боломж байхгүй. Тийм учраас шүүхээр гаргуулах хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна” гэв.

Прокурор Э.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Прокурорын зүгээс шүүгчийн захирамжид заасан 1 дэх хэсэг дээр хавтаст хэрэгт авагдсан яллагдагч Н.Б сэжигтнээр өгсөн мэдүүлэгт хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу яг хаана ажилладаг гэдгийг тодорхой дурдаагүй. Үүний дараа гэрч буюу хамтран амьдрагч Э.Ц “...манай нөхөр Н.Б...........ээр сараас эхлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Ааш авир нь муудсан. ... Хэрэг гарахын 2 өдрийн өмнө найзтайгаа уулзаад ирье гэж хэлээд 14 цагийн үед гэрээс гарсан..” гэж мэдүүлдэг. Хохирогчийн өгсөн мэдүүлгээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу ...............ны өдөр, .............-ний шилжих шөнө гэдэг” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд, “... Н.Б нь тухайн өдөр “........” ХХК-д ажиллаж байсан эсэх, ажиллаж байсан бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулсан тэмдэглэл, гарын үсэг, ажлын цагийн (эхэлсэн, тарсан) бүртгэл, цалин олгосон баримт зэргийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг явуулж гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд яллагдагч Н.Б ажилтай байсан эсэхийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай. Мөн яллагдагч Н.Б үйлдсэн үйлдлийг хууль зүйн хувьд зөв дүгнэж үнэлэлт өгөхийн зэрэгцээ төгссөн гэмт хэрэг эсэх, завдсан гэмт хэрэг эсэхэд онцгой анхаарах нь зүйтэй... ” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М “... Н.Б нь ...........-нд шилжих шөнө өөрийн гэртээ эхнэрээ унтсаны дараа, бага насны хохирогчийн нүүрэн дээгүүр хөнжилөөр хучиж түүний дээр гарч хэвтэж бэлгийн харьцаанд орох гэж байх үед нь охин ээжээ туслаарай гэж орилсноор дээрх харилцаа төгссөн. Гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах боломж байсаар байхад хэргийг удаашруулж байгаад гомдолтой байна...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Н.Б гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ гэж дүгнээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М давж заалдах гомдлыг хүлээн авахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/7220 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Яллагдагч Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ

                       ШҮҮГЧ                                                                  Д.ОЧМАНДАХ

 

 

                      ШҮҮГЧ                                                                   Н.БАТСАЙХАН

 

      ШҮҮГЧ                                                                  П.ГАНДОЛГОР