| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/04983/И |
| Дугаар | 191/ШШ2026/01040 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2026/01040
2026 01 16 191/ШШ2026/01040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: тоот хаягт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
Гэрээний үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой учирсан хохирол болох 241,575,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Батзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч О.******* болон ******* *******" ХХК-ийг төлөөлж хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал нарын хооронд 2022 оны 06 сарын 15-ны өдөр дугаартай "Амины орон сууц захиалгаар бариулах" гэрээ байгуулж гэрээний үүрэг хангагдах хугацааг 2024 оны 1 улиралыг сүүлийн хугацаа хэмээн үзэж амины орон сууцыг хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан. Гэвч дугаартай гэрээний гүйцэтгэгч тал үүргийн биелэлтийг хугацаандаа хангаагүй бөгөөд амины орон сууц ашиглалтад орж амжаагүй тул тухайн үеийн нөхцөл байдлыг ******* *******" ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал захиалагч нартай уулзаж ярилцсаны үндсэн дээр харилцан тохиролцож гэрээг 2024 оны 3 дугаар улирал хүртэл сунгаж амины орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэвч тохирсон хугацаандаа дахин гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж ашиглалтад ороогүй өнөөдрийг хүрч байна. Үүнээс үүдэн өөрийн захиалсан амины орон сууцыг хүлээн түрээсийн байранд 2 дахь жилдээ амьдарч байна. О.*******гийн анхны төлөвлөж байснаар түрээсийн гэрээ 2024 оны 06 сарын 15-ны өдөр дуусч манай гэр бүл өөрсдийн амины орон сууцанд шилжин орох ёстой байсан боловч ******* *******" ХХК-ийн дугаартай "Захиалгын амины орон сууцын гэрээ"-ний үүрэг хангагдаагүйгээс болж орон сууц түрээсийн гэрээг дахин 1 жилээр хугацааг сунгасан бөгөөд түрээсийн 1 жилийн нийт төлбөр 18,000,000 төгрөгийн хохирол учираад байна. Мөн цаашид дахин шинэ орон сууц эсвэл амины орон сууц судалж захиалж бариулах хугацаа, төлсөн төлбөрөө буцааж авах хүртэл хугацаа гээд сэтгэл санаа болон эд хөрөнгөөр хохирох болоод байна. Гэрээний 7.4.1 гүйцэтгэгч тал энэхүү гэрээний 5.1-т заасан амины орон сууц барьж дуусгах үндсэн хугацааг зөрчсөн, захиалагчийн зүгээс ямар нэгэн үндсэн үүргийн болон захиалагчийн өөрчлөлтийн саналын хугацааны зөрчилгүй байхад хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үлдсэн үүргээс хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно гэж заасны дагуу 2024 оны 3 дугаар улирал буюу 09 сарыг дуусгаад 10 сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 182 хоног буюу нийт 34,425,300 төгрөгний алданги төлөх үүрэгтэй байна. Иймд гэрээний 7.2.1 гүйцэтгэгч тал энэхүү гэрээний 6.3-т заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн нэмэлт хугацаа тогтоогоод үр дүнд хүрээгүй тохиолдолд захиалагч тал гэрээг цуцлан төлсөн төлбөрөө буцаан авна гэж заасныг болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг нь эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу захиалгын гэрээний дагуу төлсөн 189,150,000 төгрөг, алданги 34,425,300 төгрөг хугацаа сунгасан боловч хугацаандаа орж чадаагүй хугацааны орон сууц түрээсийн зардал болох 18,000,000 төгрөг нийт 241,575,300 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3. Хэрэг бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2022.06.15-ны KH4-462 дугаартай Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Их цуурайтын аманд баригдах Хадат вилла IV хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх-4-10/, 2023.09.07-ны KH4-213 дугаартай Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Их цуурайтын аманд баригдах Хадат вилла IV хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-11-12/, 2023.06.15-ны бүртгэлийн 1955 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ /хх-13-14/, 2024.06.07-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ сунгалт /хх-15-16/, Хас банкны дугаартай дансны хуулга /хх-17-18/, Голомт банкны дугаартай дансны хуулга /хх-19-27/, 2025.03.14-ний өдрийн итгэмжлэл /хх-29/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-38-39/, ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 2022 оны 06 сарын 15-ны өдрийн KH4-462 дугаартай Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Их цуурайтын аманд баригдах Хадат вилла IV хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу төлсөн 189,150,000 төгрөг, алданги 34,425,300 төгрөг, орон сууц түрээсийн зардал 18,000,000 төгрөг, нийт 241,575,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
3. Хариуцагч ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь 2025 оны 06 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан байх ба шүүхээс хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
4. ******* ******* ХХК болон иргэн О.******* нарын хооронд 2022 оны 06 сарын 15-ны өдөр KH4-462 дугаартай Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Их цуурайтын аманд баригдах Хадат вилла IV хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, захиалагч О.******* нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Хадат вилла IV хотхонд SO2 загварын 462 тоот, дотор засалгүй, 80 м.кв таун хаусыг 195,000,000 төгрөгөөр худалдан авах үнийн дүнгээс 3 хувийн хөнгөлөлт 5,850,000 төгрөг хасаж, 189,150,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 15-ны өдрөөс 2023 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 14,550,000 төгрөгөөр төлөлт хийж худалдан авах, гүйцэтгэгч ******* ******* ХХК нь таун хаусыг 2024 оны 1 дүгээр улиралд дуусгаж захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-10/
Талууд 2023 оны 09 сарын 07-ны өдөр KH4-213 дугаартай Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Их цуурайтын аманд баригдах Хадат вилла IV хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээний нэмэлт өөрчлөлт-ийг байгуулж, гэрээний хугацааг 2024 оны 3 дугаар улирал болгон өөрчилсөн байна. /хх-11-12/
5. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний агуулга, тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.
6. Нэхэмжлэгч О.******* нь 2022.06.22-ны өдөр 14,550,000 төгрөг, 2022.07.15-ны өдөр 14,550,000 төгрөг, 2022.08.19-ний өдөр 14,550,000 төгрөг, 14,550,000 төгрөг, 2022.10.31-ний өдөр 14,550,000 төгрөг, 2022.11.15-ны өдөр 14,550,000 төгрөг, 2022.12.15-ны өдөр 14,550,000 төгрөг, 2023.01.15-ны өдөр 14,550,000 төгрөг, 2023.02.15-ны өдөр 14,550,000 төгрөг, 2023.03.15-ны өдөр 14,550,000 төгрөг, 2023.04.21-ний өдөр 14,550,000 төгрөг, 2023.05.15-ны өдөр 14,550,000 төгрөг, 2023.06.16-ны өдөр 14,550,000 төгрөг, нийт 189,150,000 төгрөгийг хариуцагч талд төлсөн нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-17-27/
7. Зохигчийн хооронд 2022 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан KH4-462 дугаартай Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Их цуурайтын аманд баригдах Хадат вилла IV хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 7.2.1-д Гүйцэтгэгч тал энэхүү гэрээний 6.3-т заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн нэмэлт хугацаа тогтоогоод үр дүнд хүрээгүй тохиолдолд захиалагч тал гэрээг цуцлан төлсөн төлбөрөө буцаан авна гэж заасан байх ба хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний дагуу 80 м.кв таун хаусыг барьж дуусган 2024 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулж захиалагч тал болох нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч нь хариуцагч тал гэрээгээр тохиролцсон хугацаанд таун хаусыг барьж хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт таун хаусны төлбөрт шилжүүлсэн 189,150,000 төгрөг буцаан гаргуулахаар шаарджээ.
9. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болох ба хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээх тул гэрээт ажлын доголдолтой холбогдуулан гэрээг цуцалсан тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу гэрээнээс татгалзах үр дагавар үүсэх тул нэхэмжлэгч нь хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр төлбөрт шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хууль зөрчөөгүй, гэрээний дагуу таун хаусны төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх тул хариуцагчаас 189,150,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
10. Нэхэмжлэгч нь хариуцагч тал гэрээгээр тохирсон хугацаанд таун хаусыг барьж хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 182 хоногийн алданги 34,425,300 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 7.4.1-д Гүйцэтгэгч тал энэхүү гэрээний 5.1-т заасан амины орон сууц барьж дуусгах үндсэн хугацааг зөрчсөн, захиалагчийн зүгээс ямар нэгэн үндсэн үүргийн болон захиалагчийн өөрчлөлтийн саналын хугацааны зөрчилгүй байхад хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үлдсэн үүргээс хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно гэж зааж, зохигч анз тохирсон гэрээг бичгээр байгуулсан байх боловч нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах зохицуулалтын дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн тул хариуцагчаас алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
11. Нэхэмжлэгч нь хариуцагч тал гэрээгээр тохирсон хугацаанд таун хаусыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас орон сууц түрээсийн гэрээг хугацааг 1 жилээр сунгаж хохирсон үндэслэлээр 18,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ба мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон.
Зохигчийн хооронд 2022 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан KH4-462 дугаартай гэрээнд гүйцэтгэгч ******* ******* ХХК таун хаусыг 2024 оны 1 дүгээр улиралд дуусгаж захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсонтой холбогдуулан нэхэмжлэгч нь 2023 оны 06 сарын 15-ны өдөр , нартай орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, сарын төлбөрт 1,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, хариуцагч тал гэрээгээр тохирсон хугацаанд таун хаусыг барьж хүлээлгэн өгөөгүйтэй холбогдуулан 2024 оны 06 сарын 07-ны өдөр орон сууц хөлслөх гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунгаж гэрээ байгуулсан нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 13-16/
Зохигчийн хооронд 2022 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан KH4-462 дугаартай гэрээнд гүйцэтгэгч ******* ******* ХХК нь таун хаусыг 2024 оны 1 дүгээр улиралд дуусгаж захиалагчид хүлээлгэн өгөхөөр үүрэг хүлээсэн боловч тохиролцсон хугацаанд үүргээ биелүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар гэрээний үүрэг болох таун хаусыг барьж нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан орон сууцны түрээсийн 1 жилийн төлбөр 18,000,000 төгрөг /1,500,000 төгрөг х 12 сар/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч ******* ******* ХХК-аас 2022 оны 06 сарын 15-ны өдрийн KH4-462 дугаартай Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Их цуурайтын аманд баригдах Хадат вилла IV хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу таун хаусны төлбөрт төлсөн 189,150,000 төгрөг, орон сууц түрээсийн зардал 18,000,000 төгрөг, нийт 207,150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 34,425,300 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
13. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,365,827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 1,193,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-аас 207,150,000 /хоёр зуун долоон сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34,425,300 /гучин дөрвөн сая дөрвөн зуун хорин таван мянга гурван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,365,827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,193,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР