| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/03676/И |
| Дугаар | 191/ШШ2026/01761 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2026/01761
2026 01 29 191/ШШ2026/01761
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ::..... дүүрэг, ... дүгээр хороо, ...дүгээр байр, ..... тоотод оршин суух,.....-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, .... дугаар хороо,..... гудамж, :::.....байр,..тоотод байрлах, ... майнинг ХХК /РД:.../
Хариуцагч: Улаанбаатар хот, ....... тоотод оршин суух, .........нарт холбогдох
3,534,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.На,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жа,
Хариуцагч ....-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ор,
Хариуцагч ... майнинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тү, өмгөөлөгч Б.Сү
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.На нь хариуцагч ... майнинг ХХК, ....-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г.На миний бие ... майнинг ХХК-тай 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 24-08/20 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний дагуу, мөн өдрөө Г-20240820 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж, өөрийн дангаар эзэмшдэг байсан .... ХХК-ийн 100 хувийн хувьцааг ... майнинг ХХК-д шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл тус компани нь Хамтран ажиллах гэрээ-ний 2.2-р зүйлийн b. Компанийн өөрчлөлтийг хийж дууссаны дараа гэж заасны дагуу 1,000,000 ам.долларын төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлагыг цаасаар болон цахим хэлбэрээр хүргүүлсэн боловч төлбөр төлөх тухай гэрээний 2.2.b, 4.3.1-д заасныг огт биелүүлэхгүй байгаа юм. Хайгуулын ажлын үр дүнгээр 10 тонноос дээш нөөц тогтоогдсон тохиолдолд 1,000,000 ам.доллар авах нөхцлийг тохиролцсон. .... ХХК-ийн хөндлөнгийн мэргэжлийн геологичдийн багаар хийлгээд, 15.6 тонн нөөц байна гэдгийг тогтоосон. Тухайн тогтоогдсон нөөцийг мэргэжлийн зөвлөлөөр хамгаалах шатанд захиалагч буюу хариуцагчийн зүгээс удаа дараа саатал гаргасны улмаас гэрээний хугацаа нь дууссан. Тогтоогдсон нөөцтэй хариуцагчийн төлөөллүүд 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр очиж танилцсан. Тухайн үед нөөцийг хүлээн зөвшөөрсөн албан бичиг нь хэрэгт авагдсан. .... ХХК-ийн захирлын гарын үсэг, компанийн тамга дарагдсан 3 удаагийн албан бичгээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандсан. Нөөцийг зөвшөөрсөн учраас зохих байгууллагад нь хандсан. Иймд үлдэгдэл төлбөр болох 1,000,000 ам.долларыг хариуцагчаас нэхэмжилсэн. Нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй арга, аргачлалаар нарийн мэргэжлийн хүмүүс тогтоодог. Энэ нь байгалийн шинжлэх ухаан болон үндсэн суурь шинжлэх ухааны нарийн мэдлэг, мэргэжил шаардсан ажил учраас нөөцийг олон талаас нь газар дээр нь буюу хайгуулын талбай дээр судлахаас гадна лабораторийн нарийн шинжилгээний үр дүнгүүдийг тооцдог математикийн хамгийн сүүлийн үеийн аргаар урьдчилан бодсон модель гэж ойлгож болно. Программаар тооцож, гар аргаар шалгаж баталгаажуулдаг. Энэ аргаар тогтоогдсон нөөцийг хэн нэгэн хуульч, эсвэл өөр мэргэжилтэй хүн мэргэжлийн байгууллагаас гаргасан нөөцийг байна, байхгүй гэж ярих боломжгүй. Гэрээнд заасны дагуу нөөц тогтоогдсон гэж үзэж байна. Хариуцагч компани нөөцийг хүлээн зөвшөөрч, нотолж байгаа хэрнээ төлбөрөө төлөх болохоор нөөц байхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Ер нь асуудал тодорхой болсон гэж бодож байгаа. Шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн нөөцийн асуудал хөндөгдөөгүй, Баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулах боломжгүй гэсэн дүгнэлт тусгагдсан. Учир нь тухайн үед хариуцагч компани өрмийн компанитай байгуулсан гэрээнд асуудлаа тодорхой тусгаагүй. Г.На надад огт хамааралгүй гэрээ бие дааж байгуулаад, мэргэжлийн хяналт тавиагүй учраас өрмийн кемпээ зүсээгүй нэг ажил дутуу хийсэн байсан. Шинжээчид үүнийг аргачлалын алдаа гэдэг талаас нь дүгнэсний улмаас энэ ажлыг дахин нэмэлтээр хийе гэх саналыг хариуцагчийн зүгээс надад гаргасныг хүлээн зөвшөөрөөд ажлыг хийж байтал гэнэт зогсоосон. Асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх гэж олон удаа уулзсан боловч тухайн уулзалт дээр яригдсан зүйлийг шүүхэд миний эсрэг ашиглаад байсан учраас дахиж уулзаагүй. Хариуцагч тал 300,000 ам.долларыг нь өгье гэж ярьж байсан. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байвал шинжээчийг сольж болдог, эсвэл шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцэж Эрдэс баялгийн зөвлөлөөр шийдэж болох асуудлыг бид энд урьдчилан хэлэлцэж байгаа нь дараалал зөрчсөн. Энэ нь цэвэр мэргэжлийн асуудал учраас өөр мэргэжлийн хүмүүс шууд дүгнэлт гаргаж ярих боломжгүй.
Улаанбаата гуотай майнинг ХХК-ийн хуулийн асуудлыг хариуцаж байгаа хүн нь .... юм. .... нь 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний оролцогч тал учраас хамтран хариуцагчаар тодорхойлж байна.
Иймд 3,534,480,000 төгрөгийг /гэрээний 2.1-д зааснаар 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн төгрөгтэй тэнцэх ханш/ хариуцагч ... майнинг ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Г.Над олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч ... майнинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Майнинг ХХК, ...., Монгол улсын иргэн Г.На нар нь 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3 талт Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Г.Нагийн .... ХХК болон уг компанийн нэр дээр бүртгэлтэй XV-020222 тоот Хайгуулын тусгай зөвшөөрлийг ... майнинг ХХК худалдан авах, түүний дараа талууд гэрээнд заасан чиглэлээр хамтран ажиллах талаар зохицуулсан. ... майнинг ХХК нь Хамтран ажиллах гэрээний хүрээнд .... ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон XV-020222 Хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ээр шилжүүлж авсан ба гэрээний үнэ 1,400,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх Монгол төгрөгийг Г.Над хугацаанд нь төлсөн. Хамтран ажиллах гэрээ-ний 2.2.b-д Компани өөрчлөлтийг хийж дууссаны дараа цаашдын хайгуулын ажлын үр дүнд тогтоосон алтны нөөц 10 тонноос дээш бол хариуцагч нь нэхэмжлэгчид 1,000,000 ам.доллар нэмж төлнө. Хэрэв үгүй бол гэрээний эцсийн үнэ нь 2.2.а-д заасан үнэ болно гэж заасан. Энэхүү нөөц тогтоох ажлыг Г.На нь зохион байгуулж, хайгуулын ажил хийж гүйцэтгэхээр болсон ба үүний үр дүнд ...Нөөцийг баталгаажуулах тайланг бэлтгэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж, батлуулах.... үүргийг хүлээсэн. Мөн Г.Нагийн санал болгосноор өрөмдлөг, хайгуул хийх компанийг тохиролцсон. Ийнхүү хоёр тал тохиролцоонд хүрч 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн .... тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Тус хайгуулын ажил гүйцэтгэх гэрээгээр Гүйцэтгэгч тал буюу Г.Нагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь томилогдсон .... ХХК нь хайгуул судалгааны зорилгоор тус гэрээний 1.2-д заасан ажлуудыг гүйцэтгэж төрийн захиргааны байгууллагаар батлуулах ажлыг чанартай гүйцэтгэх, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл энэхүү хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч талаас шаардаж буй хөлсийг хайгуулын ажлын баталгаажсан үр дүнд тулгуурлан төлөхөөр тохиролцсон. Гэтэл хамтран ажиллах гэрээ, хайгуулын ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу Г.На нь нөөцийн тайланг холбогдох төрийн байгууллагаар батлуулаагүй, баталгаатай бус тайланд үндэслэн нэмэлт хөлс нэхэмжил байгаа нь үндэслэлгүй юм. Хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ-ний 7.4-д нэхэмжлэгч нь энэ удаагийн хайгуулаар ЭБМЗ-өөр Монгол улсын стандартаас дээш нөөцийг батлуулж, Ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч өгнө гэж тохиролцсон. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гаргаж авах ба тус өргөдөлд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг зайлшгүй хавсаргахаар зохицуулсан. Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 203 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар"- ын 2.5 дугаар зүйлд Хайгуулын ажлын дүнд тогтоосон ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг шинжээчээр дүгнэлт гаргуулсны үндсэн дээр геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох нэгж хяналт тавьж зөвшөөрсөн хариу өгсөн тохиолдолд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн холбогдох дүгнэлтийг гаргуулна гэж заасан. Гэтэл гэрээнд заасан Нөөцийн тайлан-г гүйцэтгэгч тал боловсруулсны дараагаар Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөл /ЭБМЗ/-өөс 2 мэргэжлийн шинжээч томилсон ба холбогдох тайланд хийсэн шинжээчийн дүгнэлтээр ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтийг нягталж үзэхэд, гүйцэтгэгчийн хийсэн ажлын гүйцэтгэл асар доголдолтой, Монгол Улсын стандарт нормод нийцээгүй, дутуу дулимаг ажилласан нь тогтоогдсон. Жишээлбэл: Сувгийн хэмжээ Суваг бүлэг дэх ажлын хэмжээ зөрүүтэй, Сорьцлолт бүлэг дэх керний сорьцын тоо зөрүүтэй, Цахилгаан хайгуулын PD аргачлалаар хийсэн зүсэлтүүдээс мэдээлэл авах боломж тун тааруу, Цооногийн дээжлэлтийн тасралтгүй үргэлжлэх байдал алдаж хүдрийн хэсэгт буюу алтны агуулга 0.1-2.9г/т агуулгатай хэсгүүдэд дээжлэлт хийгдээгүй, Чөмгөн дээж бүрэн зүсэгдэж дээжлэгдээгүй, чөмгөн дээжийг зориулалтын багажаар зүсээгүй, Дээжлэлтийн хяналтуудыг хэрэглээгүй, Баяжуулах туршилтыг хийхдээ кварц-сульфид-алт болон кварц-алт буюу чөлөөт алттай хүдрийг тусад нь авч туршилт хийгээгүй, Өрөмдлөг дутуу хийгдсэн ба хүдрийн биеийн хил хязгаарыг гүнд бүрэн тодорхойлоогүй, Лабораторид дотоод хяналт хийгдээгүйгээс гадна хяналтын дээжүүдийг огт ашиглаагүй гэх мэт маш олон алдаа илэрсэн. Цаашлаад уг дүгнэлтэд баялагийг тооцохдоо нэг л дээжийн агуулгаар тооцсон нь баялагийн хэмжээг их харагдуулж байна. Үнэмшил багатай мөн сорьцолж шинжилгээнд хамруулсан гэж тэмдэглэгдсэн керн дээжүүд хайрцагтаа бүтнээрээ дээжлэгдээгүй, хөрөөдөгдөөгүй гэж тусгасан байна. Эдгээрээс үзэхэд .... ХХК буюу нэхэмжлэгч Г.На нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нөөцийн тайланг зориудаар алдаатай хийж алтны баялгийн хэмжээг их харагдуулах зорилготой байсан гэж үзэхээр байна. Иймд өдийг хүртэл хийсэн ажил нь стандартын шаардлага хангаагүй дахин хийгдэх шаардлагатай төдийгүй, эхний шатанд ЭБМЗ-өөр хэлэлцүүлэх ч боломжгүй тайлан болсон. Хамтран ажиллах гэрээний 2.2.6-д зааснаар цаашдын хайгуулын ажлын үр дунд тогтоосон алтны нөөц 10 тонноос дээш... гэж заасан байх боловч Г.На хайгуулын ажлын үр дүнд хүрч чадаагүй, гаргасан нөөцийн тайлан нь алдаатай, ЭБМЗ-өөс уг тайлан нь үнэн зөв гэж батлах боломжгүй, XV-020222 хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар хэдий хэмжээний нөөц байгаа нь тодорхойгүй байхад биднээс төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Уул уурхайн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 203 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, зааврын 3.2 болон 3.3-д Хатуу ашигт малтмалын баялагийг (Р), ордын геологийн нөөцийг (С) гэж ангилсан. Уг хуульд зааснаар Баялаг гэдэг нь геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа, эрэл, хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн, эдийн засгийн ач холбогдол нь нарийвчлан үнэлэгдээгүй эрдсийн хуримтлалын хэсгийг, Нөөц гэдэг нь хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн нь нарийвчлан тогтоогдсон, үйлдвэрийн аргаар олборлох боломжтой, эдийн засгийн ур ашигтай, баяжуулах технологи, олборлолтын уул техникийн нөхцөл нь тодорхойлогдсон ашигт малтмалын баялгийн хэсгийг ойлгоно хэмээсэн. Гэтэл Хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, нөөцийн тооцооллыг хийсэн .... ХХК-аас 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр манайд хүргүүлсэн Нөөцийн тайлангийн тухай тайлбарт алтны хүдрийн ордод боломжит нөөц (С) зэрэглэлээр 3,222 кг алтны нөөц, таамаг нөөц (Р) зэрэглэлээр 12,394 тн нийт 15.617 кг (ордын дундаж агуулга Аи 0.71 г/т) тус тус тооцоологдсон болно. гэж тусгасан. Хамтран ажиллах гэрээнд нөөц гэж заасан байтал нэхэмжлэгч нь уг хоёрын хэмжээг нэгтгэн гарсан дүнг үндэслэн төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Дээр дурдсаны дагуу хариуцагчийн нэхэмжилж буй 1,000,000 ам.долларыг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч ....-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Асухэг хамтран хариуцагчаар татан оролцуулсан атлаа ямар үндэслэлээр, юу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 4.2-т ......ямар үүрэгтэй оролцож байгаа талаар тусгасан. Тухайн гэрээний төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй тул ..... холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Г.Нагийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, ... майнингХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-5-9/, Хамтран ажиллах гэрээ /хх-10-19/, Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ /хх-20-26/, 2024.08.20-ны өдрийн Компани эрх шилжүүлэх гэрээ /хх-27-28/, ... майнингХХК-ийн хөрөнгө оруулагчийн тогтоол /хх-29-30/, .... ХХК-ийн Хөрөнгө оруулагчийн тогтоол /хх-31/, .... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-32-36/, Авад ресрурс ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлийн гэрчилгээ, хавсралт /хх-37-40/, нэхэмжлэх /хх-41/, Гэрээний үүргийн дагуу төлбөр төлөхийг шаардах тухай албан бичиг, хавсралт /хх-42-55/, 2025.03.30-ны өдрийн хариуцагч нарт хүргүүлсэн мэдэглэл /хх-56/, 2025.04.29-ний өдөр ....-д хүргүүлсэн албан бичиг, хавсралт/хх-60-69/, 2025.07.09-ний өдрийн 3509 дугаартай Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол /хх-105-106/, 2025.03.22-ны өдрийн 25/08 дугаартай .... ХХК-иас ... майнингХХК-ийн хөрөнгө оруулагч, Г.На нарт хүргүүлсэн албан бичиг /хх-107/, 2025.06.05-ны өдрийн 191/ШШ/05078 дугаартай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-153-154/, Төлбөрийн баримт /хх-155-156/, 2025.01.17-ны өдрийн 25/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хх2-29-320/, 2025.07.20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож дүгнэсэн акт /хх2-33-34/, Геологич Т.Говьдэлгэрийн шинжээч нарын дүгнэлтэд өгөх тайлан зохиогчийн хариу тайлбар /хх2-35-40/, .... ХХК-ийн итгэмжлэл, албан бичиг, хүсэлт, акт /хх2-41-47/, Хэнтий аймгийн Цэнхэр сумын нутагт орших Их зүүн нэртэй алтны үндсэн ордод 2023-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан /хх-71-73/, мемориалын баримт /хх2-81-84/, Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ /хх2-85-92/
5. Хариуцагч ... майнинг ХХК-иас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2023.09.11-ний өдрийн 20240910 дугаартай Хэнтий аймгийн ...... тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ /хх-130-136/, Протокол /хх-137-139/, 2025.02.18-ны өдрийн .... ХХК-д Баталгаа гаргах тухай албан бичиг /хх-140/, Хэнтий аймгийн Цэнхэр сумын нутагт орших Их зүүн нэртэй алтны үндсэн ордод 2023-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-141-150/, төлбөрийн баримт /хх-151-152/,
5. Шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд: .... ХХК-иас хайгуулын ажлын үр дүнгийн тайлан /хх-183-250, хх2-25/, Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол Улсын мэргэшсэн геологич ..... нарыг шинжээчээр томилсон шийдвэр /хх2-66-69/, .... ХХК-аас Хэнтий аймгийн .... сумын нутагт орших .... ХХК-ийн Их зүүн алтны хүдрийн ордны хэсэгт гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, нөөцийн тооцоолол /хх2-94-109/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.На нь хариуцагч ... майнинг ХХК, .... нарт холбогдуулан гаргасан 3,534,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Г.На нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ талуудын хооронд байгуулсан 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн боловч хариуцагч нь гэрээний 2.2.b.д заасан компани өөрчлөлтийг хийж дууссаны дараа цаашдын хайгуулын ажлын үр дүнд тогтоосон алтны нөөц 10 тонноос дээш бол (анхны хэмжээг оруулаад) А тал В талд 1,000,000 ам.доллар (нэг сая ам.доллар) нэмж төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын тайлангаар 15,5 тонн нөөц тогтоогдсон нөөцийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд эрх бүхий байгууллагаар баталгаажуулахаар албан бичиг үйлдэж байсан атлаа одоо нөөц тогтоогдоогүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч ... майнинг ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, нөөцийг тогтоох ажлыг нэхэмжлэгч өөрөө хариуцаж байсан боловч зохих ёсоор ажиллагааг гүйцэтгээгүй, холбогдох хууль, журам, зааврын дагуу эрх бүхий байгууллага баталгаажуулснаар нөөцийн хэмжээ тодорхой болдог, 10 тонноос дээш нөөц тогтоогдсон болохыг эрх бүхий байгууллага баталгаажуулаагүй гэж татгалзжээ.
4. Хариуцагч .... зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атлаа ямар үндэслэлээр, юу шаардаж байгаагаа тодорхой тайлбарлаагүй, тухайн гэрээний 4.2-д тодорхойлсон хэмжээнд үүрэг хүлээсэн, аливаа төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй гэжээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 24-08/20 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г нэг талаас А тал болох ... майнинг ХХК, нөгөө талаас Б тал ...., В тал Монгол Улсын иргэн Г.На нар байгуулж, уг гэрээгээр А талын шилжүүлэн авсан Монгол Улсын .... ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ....тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдан авах, компанийн нэр шилжүүлэх, түүний дараа хамтран ажиллах нөхцөлийг харилцан тохиролцсон байна.
Тодруулбал, А тал ... майнинг ХХК болон В тал Монгол Улсын иргэн Г.Нагийн хооронд .... ХХК-ийг, тус компанийн нэр дээр бүртгэлтэй XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хамт 1,400,000 ам.доллароор худалдах, худалдан авах тохиролцоо бүхий үүрэг, Б тал .... нь компани болон хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх ажлыг хариуцах үүрэг, В тал нь хайгуулын ажлыг гүйцэтгэх, нөөцийг баталгаажуулах үүрэг хүлээж, үүнтэй холбоотой гарах зардлыг А тал хариуцах үүргийг тус тус хүлээж, Б, В тал нь компанийн 5, 5 хувийн хувьцааг шилжүүлэн авах агуулга бүхий хамтран ажиллах нөхцөлийг харилцан тохиролцжээ. Энэхүү гэрээг хүлээсэн талуудын үүрэг, зохицуулж буй зүйл, тохиролцсон нөхцөл зэргээс үзвэл, тухайн гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээний шинжийг агуулсан байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний холимог гэрээ гэж үзлээ.
5.2. Мөн дээрх гэрээний талууд 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 24-09/02 дугаартай Хамтран ажиллах гэрээний нөхвөр гэрээ-г байгуулж, тус гэрээгээр 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний 3.2 болон 3.3-р заалтыг хүчингүй болгох, үүнтэй холбогдуулан гэрээний 4.2 болон 4.3-ийн эрх, үүргийн заалт болон холбогдох хариуцлагын заалтууд хүчингүй болгохоор шийдвэрлэж, эдгээр заалт хүчингүй болсонтой холбогдуулан 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-г үндэслэн А тал нь Б талд 40,000 /дөчин мянган/ ам.доллар нэмж төлөхөөр тохиролцож, гэрээний нийт үнийг 1,440,000 ам.доллар болгосон байна. 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний 3.2.-т талууд энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж зорилтот компани хувьцааг 100 хувь шилжүүлсний дараа А тал нь Б талд зорилтот компанийн 5 хувийн хувьцааг тодорхой үүрэг хүлээлгэн үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж, 3.3.-т талууд энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж зорилтот компани хувьцааг 100 хувь шилжүүлсний дараа А тал нь В талд зорилтот компанийн 5 хувийн хувьцааг тодорхой үүрэг хүлээлгэн үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж, гэрээний 4.2.-т Б талын эрх, үүрэг, 4.3.-т В талын эрх, үүргийг тус тус тодорхойлсон байжээ.
Ийнхүү 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 24-08/20 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний талууд харилцан хүлээсэн хамтран ажиллах тухай нөхцөлүүдийг хүчингүй болгосон байна.
5.3 Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү тохирсон төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хэм хэмжээг анхаарна гэж зохицуулсан.
Зохигч талуудын хооронд үүссэн маргаан нь гэрээний 2.2.b-д заасан хайгуулын ажлын үр дүнд тогтоосон алтны нөөцийн хэмжээнээс хамаарч нэмэлт төлбөр төлөх эсэхтэй холбоотой байх тул энэ маргааныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний зохицуулах зүйлд хамааруулж дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
6. Нэхэмжлэгч Г.На болон хариуцагч ... майнинг ХХК-ийн хэн аль нь гэрээгээр В тал нь А талд .... ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон тус компанийн нэр дээр бүртгэлтэй XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, А тал нь В талд гэрээний үнэ 1,400,000 ам.долларыг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэгт авагдсан 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Г-20240820 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компани эрх шилжүүлэх гэрээ, Голомт банк ХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 22, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Мемориалын баримтууд, талуудын маргаагүй үйл баримтаар ... майнинг ХХК нь талд .... ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж, тус компанийн нэр дээр бүртгэлтэй XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан, үүний хариуд хамтран ажиллах гэрээний төлбөр утгаар 4,626,200,000 төгрөгийг Г.Над, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн утгаар Монголын татварын албанд 24,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
7. Харин гэрээний 2.2.b.д заасны дагуу алтны нөөц 10 тонноос дээш тогтоогдсон эсэх, нэхэмжлэгч нь хариуцагч ... майнинг ХХК болон .... нараас 1,000,000 ам.доллар шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
8. Гэрээний 2.2.b-д Компани өөрчлөлтийг хийж дууссаны дараа цаашдын хайгуулын ажлын үр дүнд тогтоосон алтны нөөц 10 тонноос дээш бол /анхны хэмжээг оруулаад/ А тал В талд 1,000,000 ам.доллар /нэг сая ам.доллар/ нэмж төлнө. Хэрвээ үгүй бол гэрээний эцсийн үнэ нь 2.2.а-д заасан үнэ болно гэж талууд харилцан тохиролцсон байна.
9. XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Их зүүн нэртэй газарт байрлах 300.45 га хэмжээ бүхий уурхайд 10 тонноос дээш алтны нөөц тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээний 2.2.b-д заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Г.Над шаардах эрх үүсээгүй гэж дүгнэлээ.
9.1 Нэхэмжлэгчийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний дагуу хүлээсэн хайгуулын ажил хийх, нөөцийг баталгаажуулах тайлан бэлтгэх, нөөцийг тогтоох эрх бүхий байгууллагад хандах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэх, ашиглалтын тусгай зөвшөөрөл гарсны дараа бусад талбайд үргэлжлүүлэн хайгуул хийж нөөцийг нэмэгдүүлэх үүрэг, өрмийн компани болон хайгуулын компани санал болгох эрхийг тус тус 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний нөхвөр гэрээ-ээр хүчингүй болгосон.
9.2 Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн .... сумын нутагт орших Их зүүн нэртэй алтны үндсэн ордод 2023-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан боть I баримтаар ордын нөөц 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Их зүүн алтны хүрдийн ордод С зэрэглэлээр 2,004,725 тн, Р зэрэглэлээр 13,250,663 тн, нийт 15,255,388 тн алтны хүдрийн нөөц, алт металлаар (ордын дундаж агуулга Au 0.71 г/т) С зэргээр 1,326.8 кг, Р зэргээр 9,548.5 кг нийт 10,875.36 кг нөөц, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар С зэрэглэлээр 3,222.24 тн, Р зэрэглэлээр 12,394.39 тн, нийт 15,616.64 тн алтны хүдрийн нөөц, алт металлаар (ордын дундаж агуулга Au 0.71 г/т) С зэргээр 1,326.8 кг, Р зэргээр 9,548.5 кг нийт 10,875.36 кг нөөц тус тус тогтоогдсон, Монгол Улсын зөвлөх инженер .....2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр алтны нөөц 10 тонноос дээш болох нь тогтоогдсон гэж тайлбарлаж байна.
Гэвч .... ХХК-аас хийж гүйцэтгэсэн Хэнтий аймгийн ......тны үндсэн ордод 2023-2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс томилогдсон шинжээч .....нар хянаад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй, МУ-д мөрдөгддөг хайгуул судалгааны стандарт, нормативыг хангах хэмжээнд хүргэж, шаардлагатай тохиолдолд нэмэлт хайгуулын ажлыг хийж нөөцийг дахин тооцоолох шаардлагатай гэж дүгнэсэн байна. /1хх184-2хх13, 95-109, /
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг нотолж буй хайгуулын ажлын үр дүнгийн тайланг нь Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс томилогдсон шинжээч нар танилцаж, цооногуудын керн дээжийг стандартын дагуу хөрөөдөж бэлтгээгүй, баримтжуулалт хангалтгүй хийгдсэн, керн дээжийг стандартын бус аргаар дээжилсэн. Эрдэсжилтэй хэсэг болон эрдэсжилт хувиралгүй хэсгийг ялгаж дээжийн интервалийг сонгоогүй, керн дээжийн жин шаардлага хангахгүй, 2500 орчим дээж керн дээж 1 м.-ийн интервалд хүрээгүй /10-80 гр, 300 гр жинтэй дээжүүдийг лабораторид илгээсэн/, Сорьцолж шинжилгээнд хамруулсан гэж тэмдэглэгдсэн керн дээжүүд хайрцагтаа бүтнээрээ дээжлэгдээгүй, хөрөөдөгдөөгүй, хүдрийн биет захын хэсэг рүү хаагдаагүй /өрөмдлөг дутуу хийгдсэн ба хүдрийн биеийн хил хязгаарыг гүнд бүрэн тодорхойлоогүй/, лабораторид дотоод хяналт хийгдээгүйгээс гадна хяналтын дээжүүдийг огт ашиглаагүй /стандарт, бланк дупликат дээжүүд нь тус бүр нийт сорьцын 5%-аас багагүй байх/, Минерографийн болон хүдрийн хэсгийн дээжийн ICP шинжилгээ судалгаа бүрэн хийгдээгүй буюу хүдрийн эрдсийн найрлага, хоорондын холбоо хамаарлыг бүрэн гүйцэд судлаагүй, тус талбайд өрөмдсөн цооногийн анхдагч датаг аль болох сэргээж дахин бүрдүүлэх буюу цооног бүрээр чөмгөн дээжийн бичиглэлийг дахих хийх, дээжлэх, зохих журмын дагуу баримтжуулалт дээжлэлт хийгдэж, шаардлага хангаж байгаа дээжийг лабораторийн судалгааг дахин хамруулах, баяжигдах чанарын судалгааг дутуу хийсэн /хүдрийн биеийн исэлдлийн түвшинг тодорхойлж, исэлдсэн хүдрийн баяжуулах технологийн туршилт хийгдээгүй, баяжуулах арга, аргачлал дутуу хийгдсэн, нэмэлт хайгуулын ажлын хийхдээ Олон улсын болон Монгол Улсад мөрдөгдөж буй хайгуул судалгааны стандарт шаардлагын дагуу анхдагч дата бүрдүүлэлт хийхийг зөвлөсөн байна.
9.3 Нэхэмжлэгч талаас хайгуулын ажлын тайланг Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах шаардлагагүй, гэрээний 2.2.b -д энэ талаар тохиролцоогүй гэж тайлбарлах боловч хайгуулын ажлын тайлан нь дээрх байдлаар Монгол Улсад мөрдөгддөг хайгуул судалгааны стандарт, нормативыг хангах хэмжээнд хүрээгүй, шаардлагатай тохиолдолд нэмэлт хайгуулын ажлыг хийж нөөцийг дахин тооцоолох шаардлага үүссэн байхад хайгуулын ажлын үр дүнд тогтоосон алтны нөөц 10 тонноос дээш болсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.
9.4 Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25-т ашигт малтмалын ордын нөөц гэж хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн нь нарийвчлан тогтоогдсон, үйлдвэрийн аргаар олборлох боломжтой, эдийн засгийн үр ашигтай, баяжуулах технологи, олборлолтын уул техникийн нөхцөл нь тодорхойлогдсон ашигт малтмалын баялгийн хэсгийг гэж зохицуулжээ.
Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмын 1.5-д Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны үр дүнгийн мэдээллийг Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.15 дах заалтад заасан журмын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ, 1.6. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэгдэж дүгнэлт гаргуулсан ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг Монгол Улсын Ашигт малтмалын нэгдсэн санд бүртгэж, түүний хөдөлгөөнийг холбогдох заавар, стандартын дагуу жил бүр геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтөлнө, 2.5. Хайгуулын ажлын дүнд тогтоосон ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг шинжээчээр дүгнэлт гаргуулсны үндсэн дээр геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох нэгж хяналт тавьж зөвшөөрсөн хариу өгсөн тохиолдолд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн холбогдох дүгнэлтийг гаргуулна гэж тус тус заасан байна.
Хариуцагч талын гэрээний 2.2.b-д заагаагүй хэдий боловч Ашигт малтмалын тухай хууль, холбогдох дүрэм, журмын дагуу хайгуулын ажлын дүнд тогтоосон ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг шинжээчээр дүгнэлт гаргуулж тогтоолгох, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн холбогдох дүгнэлтийг гаргуулснаар алтны нөөц 10 тонноос дээш болсон эсэхийг тогтооно гэх татгалзал үндэслэлтэй байна.
10. Дээрх бүгдээс үзвэл, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 2.2.b-д заасны дагуу алтны нөөц 10 тонноос дээш тогтоогдсон гэж үзэн, хариуцагч ... майнинг ХХК-аас 1,000,000 ам.долларыг гаргуулах үндэслэлгүй буюу нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй байна.
11. Хариуцагч .... нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний нэг тал боловч гэрээний 2.2.b-д зааснаар үүрэг хүлээгээгүй, тухайн заалтын хүрээнд хамаарах этгээд биш байна.
Иймд хариуцагч ... майнинг ХХК, .... нараас 1,000,000 ам.доллар буюу 3,534,480,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Нагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
12. Нэхэмжлэгч Г.Нагээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,830,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... майнинг ХХК болон .... нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Г.Нагийн 1,000,000 ам.доллар буюу 3,534,480,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Нагээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,830,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ